Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00709

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00709

Увс аймаг

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Ө сумын*** дугаар баг, цэцэрлэгт байрлах, Ө сум дахь сум дундын о а д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Увс аймгийн Ө сум дахь сум дундын о а йн дарга А.Т, гэрч О.Э, Н.Э, Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргаса нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Увс аймгийн Ө сус дахь сум дундын о а тай "Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ №7"-г 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, уг гэрээний 4.1 дэх хэсэгт “хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно. Гэрээ хийх үед 1 м.кв дулааны үнэ 1496 төгрөг, энэ үнэд НӨАТ орсон дүн болно” гэж заасан.

Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /УАЭХЗЗ/-ийн 2023.05.24-ний өдрийн №07 тогтоолоор Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, 2018.07.31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023.09.15-ны өдрөөс эхлэн дээрх тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тариф (1м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөг)-ыг мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан. Тус тогтоол нь Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280-т бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны 20 дугаарт нийтлэгдсэн болно.

Хариуцагч нь ийнхүү 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг шинэчлэгдсэн тарифаар төлөх үүрэгтэй байсан боловч 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд өмнөх тарифаар буюу 1 м.кв нь НӨАТ-тай 1496 төгрөгөөр төлсөн, төлбөл зохих төлбөрөөс үлдэх 479,366.58 төгрөгийг төлөөгүй байна.

Түүнчлэн, Эрчим хүчний тухай хуулийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5 дахь хэсэгт заасан алданги тооцох нөхцөл бүрдсэн байх тул алданги шаардах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан хэрэглэгчээс хугацаа хоцорсны алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн***0 хувь болох нийт 239,683.29 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Ө сум дахь сум дундын о а йн дарга А.Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

Харуицагч Увс аймгийн Ө сум дахь сум дундын о а  нь нэхэмжлэгч Э ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай 7 дугаартай гэрээ байгуулсан. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн 07 тоот тогтоолоор үнэ тариф шинэчлэн баталж, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөхөөр заасан байдаг. Дээрх тогтоол нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг хангахгүй байна. Иймээс манай байгууллага энэхүү хуулийн заалтыг мөрдөж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 тоот гэрээний үүргээ биелүүлж сар бүр хуваарийн дагуу төлбөрөө тогтмол төлсөн болно.

Мөн манай байгууллага дулааны эрчим хүчний тариф шинэчлэгдсэн талаар мэдээгүй, 2025 оны 7 дугаар сард шүүхээс нэхэмжлэл гардаж аваад мэдсэн. Өнгөрсөн хугацаанд Э ХХК нь дулааны эрчим хүчний тариф шинэчлэгдсэн талаар болон өр төлбөр байгаа талаар огт мэдэгдээгүй. Хэрэв нэхэмжлэгч талаас цаг тухайд нь шинэчлэгдсэн тарифийн талаар мэдэгдэж, шинэ тарифаар төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн бол бид тухайн үед нь төлөх боломжтой байсан. Эсвэл байгууллагын нэр дээр өр үүсгээд ч гэсэн төлөх байсан.

Түүнчлэн, манай сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.С нь Ө сумын төсвийн байгууллагуудыг төлөөлж нэхэмжлэгч Э ХХК-тай 2023 онд дулааны эрчим хүчний төлбөрийн талаар тооцоо нийлж, өр төлбөргүй талаар баримт үйлдсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Увс аймгийн Ө сум дахь сум дундын о а йн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 7 дугаартай “дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын 163,40 м.куб талбай бүхий ажлын байрыг 1 м.куб тутамд 1,496 /НӨАТ-тай/ төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүчээр хангах, хариуцагч нь гэрээнд заасны дагуу үнийг төлөх, гэрээнд заасан хугацаанд үнийг төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,5 хүртэл хувийн алданги оногдуулахаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагыг дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг шинэчилсэн тарифаар төлөх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа бол хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтад зааснаар аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь “Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх” эрхтэй бөгөөд Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны*** дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор Э ХХК-ийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг шинэчлэн баталж, энэхүү тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг Э ХХК даалгажээ.

Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны*** дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын бүртгэлийн 6280 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч талаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Увс аймгийн Ө сум дахь сум дундын о а д 222,220 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэхийг цахимаар үүсгэж, хүргүүлсэн, хариуцагч байгууллага уг нэхэмжлэхийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 120,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 102,220 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №POR2023092911260630XYFJNMKR5ES дугаартай төлбөрийн хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № дугаартай төлбөрийн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч талаас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 144,450 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэх, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 244,446 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэх, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 244,446 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэхийг тус тус хариуцагч байгууллагад цахимаар үүсгэн хүргүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн цахим нэхэмжлэхэд заасан үнийн дүнгээр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №POR202310251350140KNQBOB4H1M7V дугаартай төлбөрийн хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №POR202311231041020JBIPXQ7TIQ6N дугаартай төлбөрийн хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №POR20231219144526QJJFV4FRJ9SSM дугаартай төлбөрийн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч байгууллагаас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан тарифийн дагуу буюу хуучин тарифаар нэхэмжилж байжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд шинэчлэгдсэн тарифаар төлбөл зохих дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийн үлдэгдэл гэх 479,367.18 төгрөгийг хариуцагч байгууллагаас цахим төлбөрийн системээр нэхэмжилсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагад борлуулах дулааны тариф шинэчлэгдсэн талаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагч хуулийн этгээдэд мэдэгдэх үүрэг хүлээхгүй, хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актыг төсвийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй, түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн нягтлан бодогч нь хариуцагч байгууллагын нягтлан бодогчтой удаа дараа утсаар ярьж, тариф шинэчлэгдсэн талаар мэдэгдэж, шаардаж байсан, хариуцагч талаас тухайн төсвийн жилд өртэй гарах боломжгүй, төрийн сангаас чиглэл ирээгүй байна, дараагийн төсвийн жилд тохиролцоод төлнө гэх агуулгатай тайлбар гаргаж үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж, төлбөр төлөх хугацааг хойшлуулсан гэж маргаж байгаа боловч дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдсонгүй.

Тодруулбал, гэрч Э ХХК-ийн нягтлан бодогч О.Э нь “...Миний зүгээс сар бүрийн 20-25-ны өдрийн хооронд нэхэмжлэхээ үүсгэдэг. Тухайн үед хариуцагч байгууллагуудын нягтлан бодогч нартай холбогдож, шинэчлэгдсэн тарифаар нэхэмжлэхээ үүсгэлээ гэхэд манай байгууллагын төсөвт суугдаагүй байна. Увс аймгийн Төрийн сангаас хуучин тарифаар төлж бай гэж хэлсэн гэхээр нь би хуучин тарифаар нэхэмжлэх хүргүүлсэн байдаг. Учир нь манай байгууллага ажилчдын хувцас, өвөлжилтийн бэлтгэл, цалин хөлсний асуудлаа шийдэхийн тулд тухайн байгаа мөнгийг нь авдаг байсан. Би тухайн үед Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хариуцагч нягтлан бодогч нарын асуудлыг тодруулахад Увс аймгийн Төрийн сан, сумдын төрийн сан бүрд албан тоотоор тогтоолоо хүргүүлсэн гэж хариулсан. Тиймээс бүх байгууллагын нягтлан бодогч нар энэ талаар мэдэж байсан. Аймгийн төрийн сангаас бид нарыг өргүй гарга гэх хүсэлт ирж байна. Хуучин тарифаараа нэхэмжлээд авч байгаач гэх хүсэлтийг Ө сум, Зүүнхангай сумын нягтлан бодогч нар хэлж байсан. Би 2023 оны 9 дүгээр сард 2-3 удаа холбогдож ярьсан. Төрийн байгууллагууд ихэнх нь энэ сар битгий өртэй гаргаач ээ, дараа сард цувуулаад өгье гээд зарим нь төлдөг. Заримыг нь аваагүй ч тохиолдол байгаа. Дараа нь цувуулаад өгөх юм байна гэж би ойлгосон. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг би үйлдээгүй. 2-3 хоногийн өмнө хэргийн материалаас анх мэдсэн. Гэрч Ч.С өөр онтой андуурч байж магадгүй. Би тооцоо нийлсэн бол заавал санхүүгийн тамга дарна. Өөртөө 1 хувийг авч үлдэнэ. Надад 2023 оны Ө сум, Зүүнхангай сумын тооцоо нийлсэн баримт байхгүй. Манай байгууллагын санхүүгийн тайланд байхгүй. Би тооцоо нийлээгүй. Би өөрөө үйлдсэн бол миний гарын үсэг, миний тамга байх ёстой. Захирал байхгүй нөхцөлд өмнөх болон дараагийн онуудад ч би өөрөө гарын үсэг зурж, тамгаа дардаг. Тухайн баримтууд дээр байгууллагуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байна лээ. Миний гарын үсэг огт байхгүй. Би үйлдсэн бол сайн санах ёстой. Өөр онтой андуурсан байх. Би өөрөө байсан бол яагаад захирлыг дуудаж гарын үсэг зуруулах гэж. Миний бичиг, миний гарын үсэг, миний тамга биш. Хэрвээ миний оффис дээр ирээд тооцоо нийлсэн бол би өөрөө бичээд, өөрөө гарын үсгээ зураад тамга дарах байсан. Миний ширээн дээр байсан баримт яагаад дутах гэж? Канондсон бол би өөрийн тамгаа дарах ёстой...” гэж мэдүүлсэн бол

Гэрч Ч.С “...2022 онд Э ХХК нь манай байгууллагатай дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ хийсэн. Манай сумын төсөвт байгууллагууд гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж байсан. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 9 дүгээр сард үнэ тарифт өөрчлөлт орсон талаар шийдвэр гарсан юм байна лээ. Энэ талаар ямар нэгэн албан тоот манай байгууллагад ирээгүй. Тарифт өөрчлөлт орсон талаар мэдээлэл авсан. Гэхдээ албан тоотоор аваагүй. Миний зүгээс байгууллагын нягтлан бодогч нараас тооцооллоо аваад Э ХХК-ийн тооцоо нийлсэн акт гэх тамгатай, даргынх нь гарын үсэгтэй баримт байсан. Төсөвт байгууллагууд хүрэхгүй байсан учраас нэг баримтыг нь надад сканердаад баталгаажуулж өсгөн. Бүх төсөвт байгууллагуудын тооцоог би нийлсэн. Тооцоо нийлсэн актыг би баталгаажуулах боломжгүй. 2023 онд байгуулсан гэрээний дагуу тухайн байгууллагын нягтлан бодогч нар төлбөр төлсөн тооцооллоо надад өгсөн. Миний хувьд ерөнхий нягтлан бодогчийн хувьд бүх байгууллагуудыг төлөөлж тооцоо нийлсэн. Бүх байгууллагуудтай тооцоо нийлсэн. Ө сумын сум дундын о а йн тооцоонд баримт дутсан учраас баталгаажуулж хэвлэсэн гэж ойлгосон. Бусад нь бүгд эх хувиараа байгаа. Тооцоо нийлсэн актыг би бөглөөд биш, танай байгууллагын нягтлан бодогч манай тооцооллыг өөрөө гэрээний дагуу тооцоолсон. Э ХХК-с хэн ярьсан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан очиж тооцоо нийлсэн. Тухайн үед тариф шинэчлэгдсэн талаар утсаар мэдэгдэж байгаагүй байх. Бид байнга уулзаад байдаггүй.  Манай төсөвт байгууллагууд гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй бол нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч танай тэр байгууллага энэ сарын төлбөрөө төлөөгүй байна гэж л утсаар ярьдаг байсан. Тарифт өөрчлөлт өөрчлөлт орсон, танай байгууллага яах гэж байна гэдэг байдлаар ярьж байгаагүй. Тооцоо нийлсэн актыг Увс аймгийн Улаангом сумд 09:00-10:00 цагийн үед Э ХХК-ийн ажлын байранд очиход би ажилтай байна үдээс хойш хүрээл ир гэхээр нь 13:00-14:00 цагийн үед үйлдсэн санагдаж байна. Тухайн үед үнэ тарифт өөрчлөлт орсон. Угаасаа бүх сумд хуучин тарифаараа төлбөрөө төлж байгаа гэж ярьж байсан санагдаж байна, тодорхой яриагүй. Байгууллагуудын нягтлан бодогч нарын өгсөн тооцооллын дагуу тооцоо нийлсэн актаа үйлдээд гарсан. Би захиралтай тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Би О.Этэй уулзахад би ч бас яаруу ажилтай явж байсан. О.Э үдээс хойш ирээрэй гэхээр нь үдээс хойш 13:00 цагт ирээрэй гэхээр нь танай өрөөнд очиж байсан. Би танай өрөөнд очсон. Намайг гарах гэж байхад надад шоколад өгсөн. Тэрийгээ санаж байгаа байлгүй. Би шоколадаар яахын яахын гэж хэлээд аваагүй. Би худлаа хэлээгүй. 1 удаа уулзсан нь тооцоо нийлэхээр л уулзсан. Өөр байдлаар уулзаагүй” гэж мэдүүлсэн бол

Гэрч Н.Э  “...Гэрээг тухайн үед шинэчлэгдээгүй. Тарифын үнэд өөрчлөлт орсон талаар гэрээ шинэчлэгдээгүй. Гэрээнийхээ дагуу нэхэмжлэл нь ч хуучин тарифаар нэхэмжлэх ирүүлсний  дагуу л манайх төлөлтөө хийж байсан. Санхүүжилтэд ямар нэгэн байдлаар нэмэгдэж орж ирээгүй учраас. Би О.Этэй дээрх байдлаар ярьснаа санахгүй байна. О.Э та над руу залгаж байгаагүй. Хэрвээ тарифт өөрчлөлт орсон талаар хэлсэн бол би захиралдаа мэдэгдэнэ. Би хэзээ ч захирлаасаа нууж, хуучин тарифаар нэхэмжлэхээ үүсгээд өгөөч гэж хэлж байгаагүй. Хэзээ, яаж над руу ярьсныг би санахгүй байна. Үүнийг нуух шалтгаан надад байхгүй. Урьд мөнгөний зөрүү үүсэхэд л ярьдаг байсан. Тарифт орсон өөрчлөлтийн талаар надтай О.Э ярьж байгаагүй. Би санахгүй байна. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээнд шинэчлэгдсэний дагуу бид гэрээнд зааснаар төлбөрөө төлсөн. Хэрвээ бид тариф шинэчлэгдсэн талаар мэдсэн бол өр үүсгээд сумын Төрийн санд мэдэгдэж, сумын төрийн санд аймгийн Төрийн санд мэдэгдээд ямар нэгэн шийдэлд хүрэх байсан байх...” гэж мэдүүлсэн.

Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзвэл, гэрч нар нь хэрэгт ач холбогдол бүхий байдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн байх бөгөөд гэрч О.Эийн мэдүүлэг нь гэрч Н.Э, Ч.С нарын мэдүүлгээс зөрүүтэй, гэрч Н.Э, Ч.С нар хэрэгт ач холбогдол бүхий байдлын талаар хангалттай тодорхой дүрсэлж, тогтвортой мэдүүлсэн байна. Харин гэрч А.Э нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн нягтлан бодогчоор ажилладаг ба түүний мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч талын эрх бүхий албан тушаалтан болон хариуцагч байгууллага нь  2023 оны 12 дугаар сард дулааны эрчим хүчний хэрэглэсний төлбөрийн талаар харилцан тооцоо нийлж, өр төлбөргүй болохыг баталсан болох нь гэрч Ч.Сийн мэдүүлэг, хэрэгт авагдсан Увс аймгийн Ө сум дахь сум дундын о а йн 2023 оны санхүүгийн үр дүнгийн тайлан, санхүүгийн байдлын тайлан, өглөг зэрэг санхүүгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу талуудын хооронд үүрэг дуусгавар болно гэж заажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч Э ХХК нь талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 07 дугаартай гэрээ, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч байгууллагад дулааны эрчим хүч нийлүүлсний төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шинэчилсэн тарифаар шаардах эрхтэй боловч хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн***6 дугаар зүйлийн***6., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн, хариуцагч Увс аймгийн Ө сум дахь сум дундын о а д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн***6 дугаар зүйлийн***6., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА