Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
Хэргийн индекс | 187/2017/0227/Э |
Дугаар | 227 |
Огноо | 2018-04-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Намдаг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,
Улсын яллагч А.Намдаг,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б.ын Нд холбогдох 1705016260296 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Х овогт Б.ын Н
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу караокед иргэн Б.Яыг хэрүүл маргаан үүсгэлээ гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Я мэдүүлэхдээ: “...Сүүлд бодоод байхад би найз Наранбаярыг хамгаалалтын албанд ажилладаг тоглоод пабын үүд хэсэгт бие биенийгээ ганц нэг цохиж байхад пабын заалнаас нэг эрэгтэй гарч ирэн чи соёлтой архи уугаач гэх мэтээр үгээр идэж доромжлоод байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн чинь намайг заамдаж авснаас болон бие биенийгээ цохиж авсан. Түүнээс болоод бид 2 бие биенийгээ түлхэлцэж байгаад би газар унасан. Тэр ах буюу Н миний дээр унаад нүүрэн тус газарлуу хэд хэдэн удаа цохих шиг болсон. Тэгтэл тал талаас 3 эмэгтэй ирээд салгах гэж ноцолдсон намайг Нээс өөр цохиж зодсон хүн байхгүй харин би буруугаар ойлгон эхнэр хүүхэдтэйгээ нийлээд намайг зодчихлоо гэж болсон ... ” гэжээ. /хав 13-14,15-16/
Гэрч Н.Мө мэдүүлэхдээ: “..Н очоод салгах гэсэн чинь нөгөө цэнхэр цамцтай Я шууд манай нөхөр лүү чи муу новш яагаад томроод байна гэж хэлэн дайраад нүүрэн тус газар луу нь цохиод авсан. Түүнээс болон манай нөхөр Нтэй харилцан заамдалцан бие биенийгээ цохихоор нь би охидуудынхаа хамт дундуур нь орсон чинь миний нүүрэн тус газар луу Я цохисон. Тэгтэл нөхөр Н намайг өмөөрөн Ятай дахин барьцалдан авсан. Яыг доош нь суулган дээрээс нь манай нөхөр дараад байсан. Би охин О Оюунномин хамт арай хийн салгасан чинь Я манай охин Оо үсдэж газар унгасан. Тэгэхээр нь дахин манай нөхөр охиноо өмөөрөн Яыг барьж аваад цохисон. Би 2 охиныхоо хамт зөвхөн салгасан болохоос биш бүлэглэн зодсон асуудал байхгүй. Зөвхөн манай нөхөр Нтэй зодолдсон...” гэжээ. /хав 17-19,20-21,22-23/
Гэрч Н.Оо мэдүүлэхдээ: “...ээж Мө, дүү О бид 3 тэкний ардаас харж байсан чинь аав Нийг боогоод авсан чинь ээж Мө дүү О 2 үүд хэсэг рүү салгах гээд очсон. Би араас нь очиход дүү, ээж 2 салгах гээд дийлэхгүй байсан бөгөөд би цэнхэр цамцтай залуугийн гарыг татаж байж арай хийн аавыг салган авсан. Тэгтэл цэнхэр цамцтай Я гэх залуу ээж Мөийг пизда минь гэж хэлэн шанаадсан. Аав Н ээжийг өмөөрөн Яыг барьж авсан бөгөөд бие биенийгээ заамдан авсан бөгөөд Я хана даган явган сууж аав Н дээрээс нь дарж суулгасан. Би тухайн үед 2 давхарын шатны нэгдүгээр шатан дээр зогсож байсан. Энэ үед аав Н чи зодооноо боль гэж тайлбарлаж байгаад боссон. Тэгтэл Я босож ирэн миний задгай тавьсан үснээс үсдэн чирч газар харуулдан унагаад миний дээрээс гарч хэвтсэн. Энэ үед аав Н Яыг болиулах гэсэн чинь эрээн хувцастай залуу нь аав Нийг барьчихаад салгахгүй байсан. Аав Н Яыг татаж босгон намайг өмөөрөн дахин Ятай зууралдан бие биенийгээ цохиод байсан чинь нэг мэдсэн чинь том заал руу орсон байсан. Аав Н цагдаа дууд гэж хэлсэн... ” гэжээ. /хав 25-26/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14617 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Яын биед тархи доргилт, дух, зүүн чамархай, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, уруул, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, хүзүү цээж хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 32/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 48/
Хохирогчийн гомдол саналгүй гэх баримтууд /хх 55, 57,73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу караокед иргэн Б.Яыг хэрүүл маргаан үүсгэлээ гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 55,57,73/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Б.Я нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Нтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 73/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 13-14,15-16 хуу/, шинжээчийн 14617 тоот дүгнэлт /хх 32 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.Нийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Нд 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.ын Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Нийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.