Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01922

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01922

 

 

 

БК- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01643 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч БК- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ё.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 262 200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон мөнгөн дүнгээр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Ирээдүй

Хариуцагч Ё.А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр БК- ББСБ ХХК нь зээлдэгч Ё.А-тэй 6 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ болон 8593 УНИ улсын дугаартай, GRS1825029761 арлын дугаартай хөх өнгийн TOYOTA CROWN 0 маркийн суудлын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцын гэрээг тус тус байгуулсан юм. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дууссан боловч зээлдэгч Ё.А- нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэнэ, хугацаа олгооч гэх мэтээр манай байгууллагыг хохироож байна. Иймд Ё.А-тэй байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15177 дугаартай Зээлийн гэрээний үүрэг болох нэмэгдүүлсэн хүү 2 347 200 төгрөг, үндсэн зээлийн 6 000 000 төгрөг, түүний хүү болох 11 915 000 төгрөгийн хамт нийт 20 262 200 төгрөгийг зээлдэгч Ё.А-гээс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон мөнгөн дүнгээр нь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие БК- ББСБ ХХК-аас 6 000 000 төгрөг авсан нь үнэн. Миний зүгээс нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхийг хүсч байна. Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашин одоо миний ашиглалтанд байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг автомашиныг шилжүүлэн өгч зээлийг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.А-гээс 8593 УНИ улсын дугаартай, GRS1825029761 арлын дугаартай, хөх өнгийн TOYOTA CROWN 0 маркийн суудлын автомашиныг гаргуулж нэхэмжлэгч БК- ББСБ ХХК-д бодитойгоор шилжүүлэн өгч, нэхэмжлэлээс үлдэх нэхэмжлэгч БК- ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 20 262 200 төгрөгийг Ё.А-гээс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БК- ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 261 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ё.А-гээс 137 302 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БК- ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Ирээдүй давж заалдах гомдолдоо: Манайх хариуцагчаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр зээлдэгчээс Фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн TOYOTA CROWN 0 маркийн автомашиныг гаргуулж, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний сунгасан хугацаанд бодогдсон хүү болон гэрээний үүрэг зөрчсөний улмаас бодогдсон нэмэгдүүлсэн хүү нийт 12 615 000 төгрөгийг Фидуцийн гэрээний барьцаалбарын үнэ төлж хүрэлцэхгүй тул нэмж гаргуулахаар тус тус нэхэмжилсэн юм.

 

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж, үлдэх үндсэн гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн нэмэгдүүлсэн хүү, хугацаа сунгасны улмаас үүссэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 12 615 200 төгрөгийг хангалгүй орхисон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хангалгүй орхисныг үндэслэлтэйгээр тайлбарлаагүй нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацааг элдэв шалтаг хэлэн удаа дараа сунгаж, бүх хүүгийн өр төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлснээр манай компани зээлдэгчид боломж олгон итгэл хүлээлгэн өнөөдрийг хүрсэн юм. Гэтэл шүүхийн шийдвэрээр хариуцагч 4 жил манай компанийн мөнгийг үнэ төлбөргүй ашигласан үйлдлийг өөгшүүлсэн нь түүнийг бусдын хөрөнгийг гэрээний аргаар үнэ төлбөргүй завшин хэрэглэх боломжоор хангасан үйлдэл мөн гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хангагдаагүй үлдсэн 12 615 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч БК- ББСБ ХХК нь хариуцагч Ё.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 262 200 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон мөнгөн дүнгээр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 

Талууд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 177 дугаартай зээлийн гэрээ байгуулж, БК- ББСБ ХХК нь 6 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Ё.А- нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх7-8/ Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн, мөн гэрээний хугацааг 2 удаа сунгаж нэмэлт гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт цугларсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх13,15/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч Ё.А- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй, харин үүргийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулна гэж маргасан байна.

 

Ё.А- нь БК- ББСБ ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр фидуцийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 85-93 УНИ улсын дугаартай, Toyota Crown O /Тоёота кроун 0/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараар нотлогджээ. /хх17, 53-57/

 

Фидуцийн буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Зохигчид фидуцийн гэрээгээр хариуцагчийн үндсэн үүргийг 7 647 000 төгрөгөөр тодорхойлсон байна. /хх10-12/ Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийн ашиглалтаас фидуцийн гэрээний зүйлийг бодитоор шилжүүлэн зээлийн үүргийг дуусгавар болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 216 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД