Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

                                     О.*******т холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Хишигсувд /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,  шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/272 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр О.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 208/2025/0006 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт *******, Монгол улсын иргэн, Дархан-уул аймгийн Дархан суманд **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-***** хамт, Улаанбаатар хот **** дүүргийн***** дугаар хороо **** дугаар хороолол ***** байрны *****тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл (РД: *********)

Яллагдагч О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийи орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, Баян-Уул зоогийн газарт Улаанбаатар- Хөвсгөл чиглэлд явдаг 63-38ХӨН улсын дугаартай автобусны жолоочй Б.*******тай пиво аваад автобусанд суучихъя гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн хөлийн дотор гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: О.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Яллагдагч О.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №01 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй байх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж, шийдвэртээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг, хэрхэн зөрчсөн эсэхийг огт дурдахгүйгээр, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй” гэсэн шалтгааныг дурдсан байгаа нь ойлгомжгүй байна. Ямар мэдүүлгийн зөрүүнээс үүдэлтэйгээр шүүхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал мэдүүлээд байгааг захирамжид тусгаагүй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгч санаачилгаараа шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах санаачилга гаргасныг улсын яллагчийн зүгээс дэмжих байр суурьтай оролцсон. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян-Уул” зоогийн газрын хяналтын камерын бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судлах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна гэж үзэж байна.

2.Шүүгчийн захирамжид “хохирогч Б.*******ийг ээлжийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байхдаа гэмт халдлагад өртсөн тул иргэний хариуцагчийг татаж оролцуулаагүй” гэсэн үндэслэлээр хэргийн буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан ба хэргийн үйл баримтын тухайд “******* *******” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хохирол учраагүй тул шалтгаант холбоогүй байна. Иймд “******* *******” ХХК-г иргэний хариуцагчаар татан оролцуулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Ажил олгогч “******* *******” ХХК болон жолооч Б.******* нарын дунд байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №22 дугаартай хөдөлмөрийн гэрээнд “ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт халдлагад өртсөн тохиолдолд ажил олгогч, ажилтан нарын хоорондын харилцааг гэрээний эрх, үүргээр зохицуулаагүй” байна.

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт халдлагад өртсөн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан “ажилтны үндсэн эрх, үүрэг”, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан “ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг”-т хуульчлан тодорхойлж, зохицуулах хэм хэмжээг хуульчлаагүй байна.

Шүүгчийн захирамжид дурдагдсанаар “******* *******” ХХК-г иргэний хариуцагчаар татан оролцуулах хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад хуулиар зохицуулагдаагүй харилцааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох дүгнэлтийг гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

3.Анхан шатны шүүх шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлон заасан, энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ байна.

Хяналтын прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******г 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Уул” зоогийн газрын хяналтын камерын бичлэгт тусгагдсанаар уг зоогийн газар нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулж, иргэд үйлчлүүлж байсан, тухайн үед хохирогч Б.******* нь үйлчлүүлж, ширээнд сууж байх үед яллагдагч О.******* нь гаднаас орж ирсэн, улмаар “дэлгүүрээс архи авахад саад боллоо” гэсэн шалтгаанаар хохирогч Б.*******ийн шилэн хүзүүнд цохисон үйлдэл гаргасан нь хувь хүн рүү чиглэсэн идэвхтэй үйлдэл бөгөөд хохирогч Б.******* нь яллагдагч О.*******ийг хавсарч унагаагаад зодоон эхлэх үед Б.*******, Н.******* болон ойр орчимд байсан бусад хүмүүс бөөгнөрч тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор салгах оролдлого хийхээр тал бүрээс зулгаах, зууралдах үйлдэл гаргасан.

Тодруулбал, камерын бичлэгт “яллагдагч О.*******тэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа Б.******* тухайн зоогийн газрын хаалган талд зогсож байгаад О.*******ийн толгойн талаас нь тухайн зодоон дээр очдог, харин хохирогч Б.******* нь зоогийн газрын хоймор хэсгээс буюу О.*******тэй зууралдаад хөлөн талаас нь дээр нь гарсан байдалтай бичлэг харагддаг.”. Тэгэхээр хохирогч Б.******* “...хоолой боож араас татсан..” гэж мэдүүлдэг боловч камерын бичлэгээр Б.******* хохирогч Б.*******ийг боож араас нь татах боломж байхгүй, мөн салгах гэж олон хүн очсон бүлэглэн танхайрсан гэж хамт явсан хүнийг яллагдагчаар татах боломжгүй, хохирогч Б.*******ийн дээрх мэдүүлэг камерын бичлэгээр эрс үгүйсгэгдэж байна.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч Б.*******, яллагдагч О.******* нарын дунд зодоон эхлэх үед бусад этгээдүүд болох Б.*******, Н.******* нар нь хөндлөнгөөс зууралдах үйл явцад Б.*******д гэмт санаа бодол байсан эсэхийг шууд дүгнэх боломжгүй буюу “яллагдагчид ашигтай байдал” үүссэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангах бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь нэг гэмт санаа зорилгод хүрэхийн тулд хамтын хүчин чармайлтын дагуу нэг объектод халдаж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэх явцыг хэлдэг бөгөөд урьдчилан үгсэн тохиролцсон болон үйлдлээрээ санаатай нэгдэх хэлбэрээр илэрдэг.

Уг захирамжид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян-Уул” зоогийн газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж дүгнэж байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд “Баян-Уул” зоогийн газар нь үйлчилгээ үзүүлэх боломжоо хэрхэн, хэдий хэр хугацаагаар алдаж, үйл ажиллагаа тасарсан талаарх нотлох баримт авагдаагүй байхад “Аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал”-ыг алдагдуулсан гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Б.*******г олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон тул прокуророос бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “прокурор хэргийг хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд ... тухайн яллагдагчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох” зохицуулалтыг үндэслэн Б.*******гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн О.*******, Б.******* нар нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу 3883 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчих хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ зүй бусаар авч явсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр холбогдох материалыг хэргээс хуулбарлан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст албан бичгээр хүргүүлсэн. /Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр О.*******, Б.******* нарт Зөрчлийн тухай хуулийн 5.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн/

Иймд яллагдагч О.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг хянах хэлэлцэх бүрэн боломжтой юм.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хохирогч Б.*******, С.*******, Н.******* нарын мэдүүлэг, камерын бичлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч О.*******ийн үйлдлийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/272 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд   дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас О.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч О.*******т холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 272 тоот захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. 

Шүүх ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх заалт нь хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Тухайлбал: шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр  хэрэгт авагдсан хохирогч Б.*******ийн мэдүүлэг, гэрч Ё.*******ийн мэдүүлгийг тус тус үндэслэн тухайн гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах, тухайн гэмт хэрэгт Б.******* хамтран оролцсон эсэхийг шалгах, хэрэг бүртгэлтэд гэрчээр асуугдсан этгээдүүдийг дахин асуулгах, “******* *******” ХХК нь тус хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулахыг үүрэг болгосон зэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Гэтэл урьдчилан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруу болон хэрэгт авагдсан нотлох баримтыг талаар тодорхой дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/272 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн болно. 

Мөн шүүх яллагдагч О.*******ийн нэрийг эрх зүйн актдаа О.******* гэж өөрөөр бичсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/272 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Яллагдагч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                            

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                       ШҮҮГЧИД                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                  Г.ДАВААРЕНЧИН