Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01738

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/01655 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Б хариуцагч Ж.Г холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Бг, түүний өмгөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ж.Гантулга нь Р.Батцэцэгт 2016 оны 06 сарын 24-ний өдөр хандан ...22 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлээч, энэ сонгуульд манай дүү өрсөлдөж байгаа. Сонгуулийн дараа алтны лицензээ аваад дараа жил буюу 2017 оны зунаас үйл ажиллагаа олборлолт ашиглалтаа хийнэ. Тэгээд чиний 22 000 000 төгрөгийг төлнө, бас ашиг өгнө... гэж гуйсан. Ингээд түүний Хаан банк ХХК дахь 5030080359 тоот дансанд 22 000 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай тал гарсан, мөнгийг чинь найдвартай өгнө гэж байгаад сураггүй болсон. Ж.Гантулга өмнө нь 5 000 000 төгрөг зээлээд тохирсон хугацаанд өгч байсан болохоор итгэж дахин мөнгө зээлсэн. Р.Б нөхөр Н.Наранбаатарт шилжүүлэх байсан бол түүний данс руу шилжүүлнэ. Н.Наранбаатарын найз Р.Раднаадорж, эгч Н.Сарантуяа нарт шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг хасаж Ж.Гантулгаас 18 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2016 оны 06 сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Н.Наранбаатар нь уул уурхайн ажилтай холбоотойгоор хариуцагч Ж.Гантулгыг Архангай аймаг руу дагуулж явсан. Н.Наранбаатар нь эхнэр над руу мөнгө шилжүүлнэ гэсэн миний утас унтарчихсан байна дансныхаа дугаарыг өгчих гэж хэлээд Ж.Гантулгын дансны дугаарыг авч Эрдэнэт хотоос мөнгө авсан. Тухайн үед 22 000 000 төгрөг орж ирнэ гэж мэдээгүй. Мөн нэхэмжлэгч Р.Батцэцэгтэй хариуцагч Ж.Гантулга нь мөнгөний талаар харилцан тохиролцож ярилцсан зүйл огт байхгүй бөгөөд энэ мөнгийг хариуцагч Ж.Гантулга хүлээн аваагүй болно. Н.Наранбаатар нь Эрдэнэт хот дахь Хаан банк ХХК-ийн салбараас 5 100 000 төгрөг 4 хүн рүү шилжүүлж, бэлэн 16 000 000 төгрөгийг өөрийн автомашины голын хайрцагт хийж бусдад төлөх төлбөр тооцоо, ажилтай холбоотойгоор энэхүү мөнгийг зарцуулсан. Үлдсэн 900 000 төгрөгийг Н.Наранбаатар, Ж.Гантулга нар замын зардалд зарцуулсан. Ж.Гантулгын дансанд үлдсэн 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Б хариуцагч Ж.Г холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Үүнийг шүүхээс тогтоож чадаагүй буюу хариуцагч болон гэрч Н.Наранбаатар нарын хооронд үүссэн харилцааг нэхэмжлэгчтэй хамтын ажиллагааны харилцаа үүссэн мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнээгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргаж, дансаар шилжүүлсэн баримт, гүйлгээний утга, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал гэрчээр Н.Наранбаатарыг оролцуулах хүсэлт гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хангаж, гэрчээр оролцсон. Гэрчийн мэдүүлэгт Ж.Гантулга өмнөх өдөр нь манайд ирж, эхнэрээс мөнгө зээлээч алтны газрын лицензээ аваад буцааж эргүүлэн өгнө гэж гуйгаад хоноод явсан гэх мэдүүлгийг өгдөг. Уг мэдүүлэг нь Ж.Гантулга ямар зорилгоор зээл авах сонирхолтой байсан, зээлийг ямар зориулалтаар зарцуулах гэж байсныг мэдүүлсэн нотолгоо болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Б нөхөр болох Н.Наранбаатар руу шилжүүлэх мөнгөө над руу шилжүүлсний дараа харахад зээлэв гэх утгатай байсан гэх тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч нь тухайн үед Н.Наранбаатартай гэр бүлийн харилцаатай байсан хүмүүс. Н.Наранбаатарын утас нь болохгүй байсан ч дансыг нь мэдэж байсан. Хариуцагчийг гуйсны үндсэн дээр түүний данс руу мөнгө шилжүүлсэн. Хариуцагч нь хариу тайлбартаа 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргадаг. Үүнд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Мөн гэрч Н.Наранбаатар нь хариуцагч Ж.Гантулгын дүү хагалгаанд орж хотод ирж үлдсэн 7 000 000 9 000 000 төгрөгөө дүүгийнхээ сонгуулийн ажилд зарцуулсан талаар мэдүүлэг өгдөг. Эдгээр мэдүүлгийг баримтаар авч хэлэлцээгүй талуудыг хамтран ажилласан мэтээр дүгнэж зээлсэн мөнгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан мөнгө мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Р.Батцэцэг зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.Гантулга зээл аваагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь бусдад мөнгөн хөрөнгө зээлдүүлж түүнийгээ буцаан гаргуулахаар шаардсан тохиолдолд үүнийгээ нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний зүйл бөгөөд мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох учиртай.

 

Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг үзэхэд, 2016 оны 06 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Р.Б 5046442076 тоот данснаас Ж.Гантулгын 5030080359 тоот данс руу 22 000 000 төгрөгийг Батцэцэгээс зээлэв гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх 3, 4, 47/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Гэрч Н.Наранбаатарын шүүх хуралдааны явцад өгсөн ...Ж.Гантулга манайд ирээд эхнэрээс мөнгө зээлээч гэж гуйгаад хоноод явсан, сонгуулийн сурталчилгаанд мөнгө тараах хэрэгтэй байна гэсэн, 7 000 000 9 000 000 төгрөг үлдсэнийг аваад буцсан, би тэр мөнгөнөөс 4 000 000 төгрөгийг л бусдад шилжүүлсэн... гэсэн мэдүүлгийг өмнө дурдсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгатай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Р.Батцэцэгээс хариуцагч Ж.Г 22 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, үүнээс нэхэмжлэгч Р.Б нөхөр Н.Наранбаатар 4 000 000 төгрөгийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 62-арын нүүр 65-арын нүүр/

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Батцэцэг нь хариуцагч Ж.Гантулгаас түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэв.

 

Н.Наранбаатар болон Ж.Гантулга нарын хоорондын тохиролцоо нь нэхэмжлэгч Р.Батцэцэг болон хариуцагч Ж.Гантулга нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй байхад шүүх тэдгээрийн хоорондох харилцааг энэ хэргийн буюу зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамааруулан дүгнэсэн нь буруу байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ж.Гантулгаас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Батцэцэгт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/01655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Гантулгаас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Батцэцэгт олгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Батцэцэгт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР