| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2025/00179/И |
| Дугаар | 192/ШШ2025/07872 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/07872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух Г овогт Б Н /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, өөрийн байранд байрлах У Б Т Зд холбогдох,
Ажилтнаас 4,410,000 төгрөг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Д.Ю, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч У Б Т Зд холбогдуулан ажилтнаас 4,410,000 төгрөг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Миний бие нь 2013 онд Төмөр Замчдын Дуу бүжгийн чуулга-д дуучнаар ажилд орсон. Төмөр замчдын урлаг соёл, спорт, хурал зөвлөгөөн, байгууллагын тэмдэглэлт ой болон бусад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад туслан хувийн Лед дэлгэц, тайз, техник аппаратур, хөгжмийн зэмсэг зэргээр үнэ төлбөргүй үйлчилж, аливаа соёл олон нийтийн ажлуудад идэвх санаачилгатай оролцож ирсэн. Б.Н миний бие нь ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр-ийг тохиолдуулан үзэгчид сонсогчдодоо зориулан Соёлын төв өргөөнд 2024.03.07-ны өдөр Үнэн сэтгэл нэртэй уран бүтээлийн тоглолтоо өргөн барихаар төлөвлөж, бэлтгэл ажлаа эхэлсэн байсан билээ. Гэвч УБТЗ ХНН-ийн хэмжээнд нийгмийн хариуцлагыг дэмжих зорилгоор нийгэмлэгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран ажиллах санал солилцсон тул дэмжиж, энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төмөр замчдадаа уг тоглолтоо Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын УПР НР2066 цахилгааны дагуу Ганзам паласт чуулгынхаа тайз дээр толилуулах шийдвэр гарсан. Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын УПР НР2066 цахилгаанд Ган зам палас танхим, аппратураар хангахаар болж, би тайлан тоглолтоо толилуулсан. Гэтэл УБТЗ-ын Дотоод хяналт, шалгалтын албаны байцаагчийн Т-64/03/116 актад тусгагдсан Үнэн сэтгэл тоглолтын тайзны түрээс орлого 4,410,000 төгрөгийг төлүүлэхээр акт үйлдэж. УБТЗ-ын Төмөр замын чуулгын дарга Л.Биндэрьяа даргын 2024 оны 10 capын 18-ны өдрийн 51/105 дугаар албан бичгээр төлбөр төлүүлэхээр мэдэгдсэн. Ажил олгогчоос надад төлбөр төлүүлэхээр удаа дараа хандаж байгаад би гомдолтой байгаагаа илэрхийлж, УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс миний гомдлыг 2024 оны 12 сарын 03-ны өдөр хэлэлцээд талууд эвлэрэн хэлэлцээгүй тул 2024 оны 12 сарын 19-ний өдөр тэмдэглэлээ гардан авч энэхүү гомдлыг гаргаж байгаа юм. Би тус байгууллагад хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцдаа ямар нэгэн хохирол учруулаагүй, УБТЗ-ын Эмэгтэйчүүдийн хорооны хүсэлтээр, Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргын шийдвэрээр хамтран ажиллаж, тогтолтоо олны хүртээл болгосон. Надад тухайн үед тайзыг түрээслэх болон ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээж байгаа талаар ажил олгогч захиргаа мэдэгдээгүй бөгөөд холбогдох удирдлагын шийдвэр нь тус Төмөр замын чуулгыг хангаж ажиллахыг үүрэг болгосон атлаа өнөөдөр надаас төлбөр нэхэмжлэх болсон нь үндэслэлгүй юм.
Миний бие нь 2013 оноос эхлэн одоог хүртэл Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Хтай хамтарч уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд энэ хугацаанд бидний хамтарсан томоохон хэмжээний 4 тоглолт, Монгол улсыг тойрсон 200 гаруй тоглолт, түүнчлэн ая дууны 4 цомгийг үзэгчид, сонсогчдын хүртээл болгосон байдаг, ийнхүү бүх тоглолтоо Төмөр Замын Дуу бүжгийн чуулгаар овоглон зарлуулж, олон нийтэд төмөр замаа сурталчилж ирсэн төдийгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарсан тоглолтынхоо орлогоос Насны хишиг ахмадын асрамжийн газар хандивлаж, мөн УБТЗ-ын Булагтай сувиллын өргөтгөлийн байрны их засвараар 1 өрөөг засварлан тохижуулж, нэрэмжит өрөө болгон алдаршуулсан билээ.
Иймд уран бүтээлийн хамтрагч дуучин Б.Хг урьж оролцуулсан бөгөөд түүнчлэн тоглолтын тайз заслыг хувийнхаа техник аппаратур, гэрэлтүүлэг, лед дэлгэц ашиглаж шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан төдийгүй уг тоглолтод МУ-ын соёлын салбарт нэр хүндтэй уран бүтээлчдийг урьж, улмаар энэхүү тоглолтод шаардлагатай зардлыг хувиасаа бүрэн санхүүжүүлсэн болно. Анх төлөвлөснөөр Соёлын төв өргөөнд 1 удаа 1300 үзэгчдэд толилуулж, холбогдох зардал бага тооцогдох байсан, түүнчлэн "Ганзам палас-т үзэгчдийн суудлын тоо цөөн учир 3 удаа тоглосон нь гадны уран бүтээлчид болон арын албаны ажилчдын цалин зардал ихэссэн хэдий ч тоглолтын орлогынхоо 10%-ийг байгууллагадаа орлого оруулсан.
Тус чуулгын гоцлол дуучин ажилтай Б.Н миний ажлын байр болох Ганзам палас-ынхаа тайзан дээр өөрийн уран бүтээлийн дээжсээ өргөн барьж, мэргэжлийн ур чадвараа төмөр замчдаа харуулсан төдийгүй тоглолтын талаарх реклам сурталчилгаа контент зэргийг олон нийтийн ТВ радио, цахим сүлжээгээр түгээснээр ТЗ-ын ДБЧ-аар овоглосон дуучин төдийгүй салбараа бахархалтайгаар сурталчилсан. Гэтэл ХНН-ийн Дотоод хяналт, шалгалтын албаны байцаагчийн Т-64/03/116 актад тусгагдсан Үнэнч сэтгэл тоглолтын тайзны түрээс орлого 4,410,000 төгрөгийг төлүүлэхээр акт тавьж байгаа нь үндэслэлгүй болсон. Ажилтнаас гаргуулахаар тогтоосон 4,410,000 төгрөгийг үндэслэлгүй болгохыг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч У Б Т З хариу тайлбартаа: УБТЗ-ын Төмөр замын чуулгын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтаар Үнэнч сэтгэл хамтарсан тоглолтын тайзны түрээсийн орлогыг тооцож аваагүй зөрчил илэрсэн юм. УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний Т-64/03/116 дугаартай "Тайзны түрээсийн орлого нөхөн төлүүлэх тухай" акт бичигдсэнийг Б.Н одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.
МУСТА Б.Н, Б.Х нарын хамтарсан тоглолтын 3 удаагийн 6 цагийн тоглолтын тайз, дэлгэц түрээсийн төлбөрийг орлогоор тооцож нягтлан бодох бүртгэлд тусгаагүй тул 3 цаг х 570.000 төгрөг = 1,710,000 төгрөг /Б.Н чуулгын ажилтан тул төмөр замын тарифаар тооцсон/, 3 цаг х 900,000 төгрөг = 2,700,000 төгрөг /Б.Х гадны уран бүтээлч/ нийт 4,410,000 төгрөгийг уран бүтээлчдээр төлүүлэхээр акт бичигдсэн. Ингээд бичигдсэн актын дагуу Төмөр замын чуулгаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 51/105 дугаартай мэдэгдэл хүргүүлж актын хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа юм.
Төмөр замын захиргаанаас Б.Над дэмжлэг үзүүлж үзэгч бэлдэж, тоглолт зохион байгуулах нөхцөл бололцоогоор бүрэн хангаж өгсөн. Гэтэл тэрээр батлагдсан тарифын дагуу үйл ажиллагааны төлбөрөө төлөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа, У Б Т Зын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, Мэдэгдэл, Итгэмжлэл, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажилд авах тухай тушаал, Нэхэмжлэх зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын шалгалтын албаны аудиторын акт, Бүх алба хэлтэс төв, салбар нэгжид, Төмөр замын чуулгын үйлчилгээний тариф, Мэдэгдэл, Төмөр замын чуулга дансны дэлгэрэнгүй, Улаанбаатар төмөр замын чуулгын даргын тушаал, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Төмөр замын чуулгын дүрэм, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...УБТЗ ХНН-ийн хэмжээнд нийгмийн хариуцлагыг дэмжих зорилгоор нийгэмлэгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран ажиллах санал солилцсон тул дэмжиж, энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төмөр замчдадаа тоглолтоо нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын УПР НР2066 цахилгааны дагуу Ганзам паласт чуулгынхаа тайз дээр толилуулах шийдвэр гарч, би тайлан тоглолтоо толилуулсан. Гэтэл УБТЗ-ын Дотоод хяналт, шалгалтын албаны байцаагчийн Т-64/03/116 актад тусгагдсан Үнэн сэтгэл тоглолтын тайзны түрээс орлого 4,410,000 төгрөгийг төлүүлэхээр акт үйлдэж, УБТЗ-ын Төмөр замын чуулгын дарга Л.Биндэрьяа даргын 2024 оны 10 capын 18-ны өдрийн 51/105 дугаар албан бичгээр төлбөр төлүүлэхээр мэдэгдсэн. Надад тухайн үед тайзыг түрээслэх болон ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээж байгаа талаар ажил олгогч захиргаа мэдэгдээгүй бөгөөд холбогдох удирдлагын шийдвэр нь тус Төмөр замын чуулгыг хангаж ажиллахыг үүрэг болгосон атлаа өнөөдөр надаас төлбөр нэхэмжлэх болсон нь үндэслэлгүй юм. Иймд ажилтнаас гаргуулахаар тогтоосон 4,410,000 төгрөгийг үндэслэлгүй болгохыг тогтоож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч У Б Т З нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...УБТЗ-ын Төмөр замын чуулгын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтаар Үнэнч сэтгэл хамтарсан тоглолтын тайзны түрээсийн орлогыг тооцож аваагүй зөрчил илэрсэн. УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний Т-64/03/116 дугаартай "Тайзны түрээсийн орлого нөхөн төлүүлэх тухай" акт бичигдсэнийг Б.Н одоог хүртэл төлж барагдуулаагүй. Тэрээр батлагдсан тарифын дагуу үйл ажиллагааны төлбөрөө төлөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Б.Н нь Улаанбаатар Төмөр замын чуулгын гоцлол дуучнаар ажиллаж байсан болох нь Улаанбаатар Төмөр замын чуулгын даргын 2022.11.02-ны өдрийн Б/-13 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-90, 54-64/
4.2 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн УПРНР206Б170 дугаар Нийгмийн асуудал эрхэлсэн Замын орлогч дарга А.Бн цахилгаан /дотоод сүлжээ/-ыг Бүх алба, хэлтэс, төв, УЛБ салбар нэгж-д хүргүүлжээ. Үүнд: Нийгмийн хариуцлагыг дэмжих зорилгоор УБТЗ ХНН-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төмөр замын чуулгын гоцлол дуучин МУСТА Б.Н, Б.Х нарын хамтарсан Үнэн сэтгэл уран бүтээлийн тоглолтыг 2024.03.07-ны өдрийн 19:00, 2024.03.08-ны өдрийн 16:00, 19:00 цагуудад Ганзам плас-ын концертын их танхимд хуваарийн дагуу ажилтнуудад толилуулж, тасалбарын үнийн холбогдох тооцоог соёл урлагийн зардалд оруулан ТЗЧ-тай хоорондын тооцоогоор тооц. ...ТЗЧ тайз танхим, лед дэлгэц, техник аппаратур бэлдэж, тоглолт зохион байгуулах нөхцлөөр ханга. гэжээ. /хх-31/
4.3 Улаанбаатар Төмөр замын дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актад Шалгалтын тайлан зөрчлөөр Үнэн сэтгэл хамтарсан тоглолтын тайзны түрээсийн орлого 4,410,000 төгрөгийг чуулгын даргаар хариуцуулан барагдуулж, МЗХНН Улаанбаатар төмөр зам ...дансанд төвлөрүүлэх... гэсэн байна. /хх-30/
4.4 Улаанбаатар Төмөр замын чуулгын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 51/105 тоот мэдэгдлийг гоцлол дуучин Б.Над хүргүүлжээ. /хх-33/
4.5 Нэхэмжлэгч Б.Н нь Улаанбаатар Төмөр замын чуулгын даргын 2024.11.21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдож байна. /хх-89/
5. Талууд 2024.3.07, 2024.03.08-ны өдөр Үнэн сэтгэл уран бүтээлийн тоглолт болсон эсэх талаар маргаагүй, харин аудиторын актаар тогтоосон ажилтнаас тоглолтын тайзны түрээсийн орлого 4,410,000 төгрөгийг төлөх эсэх талаар талууд маргасан.
6. Нэхэмжлэгч Б.Нын Ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 1-т Төмөр замчдын урлаг соёл, гоо зүй, нийтийн боловсролыг дээшлүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Үндэсний соёл урлагийн өвийг нийтэд түгээн дэлгэрүүлэх..., Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд 1.4-т Батлагдсан хөтөлбөрийн дагуу урлагийн тоглолтыг цаг хугацаанд нь мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх гэж заасан байна. /хх60-64/
УБТЗ Төмөр замын чуулгын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.4-т Байгууллага хамт олны захиалгаар урлагийн тоглолт ...зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх, Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тухайн байгууллагын онцлогт нийцүүлэн, үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулах гэж батлагджээ. /хх40-43/
7. Дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт болон УБТЗ ХНН Төмөр замын чуулгын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, мөн Төмөр замын чуулгын дүрмийн 2.4.2-т Хэсэгчилсэн-Жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Замын дарга, Нийгмийн асуудал эрхэлсэн Замын орлогч дарга нарын үүрэг болгосны дагуу хийгдэж буй урлаг соёл, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн УПРНР206Б170 дугаар Нийгмийн асуудал эрхэлсэн Замын орлогч дарга А.Б ын цахилгаан /дотоод сүлжээ/-ыг Бүх алба, хэлтэс, төв, УЛБ салбар нэгж-д гэх баримтад ...нийтийн буяныг арвижуулахуй, соёл урлагийн үйл ажиллагааг дэмжин ажилла... гэж зааснаас үзэхэд ажилтан Б.Н нь Хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д заасан ашиг орлого нэмэгдүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх үүргээ гүйцэтгэсэн байх тул 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актаар тогтоогдсон тайзны түрээсийн 4,410,000 төгрөг нь ажилтнаас ажил олгогчид учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасантай нийцэхгүй байна.
8. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2024.3.07, 2024.03.08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Үнэн сэтгэл уран бүтээлийн тоглолтын орлогоос 2,620,000 төгрөгийг Улаанбаатар Төмөр замын чуулгад өгсөн нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх-39/ Улмаар тус 2,620,000 төгрөгийг Улаанбаатар Төмөр замын чуулга ...тоглолт орлого гэсэн гүйлгээний утгаар бүртгэн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-39/
9. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор Төмөр замын чуулгын үйлчилгээний тарифыг 2023.11.01-ний өдөр батлагдсан гэж баримтаар ирүүлсэн бөгөөд энэхүү тарифыг хэзээнээс дагаж мөрдөх, энэ талаар тушаал шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, ажилчдад танилцуулсан болон нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй мөн УБТЗ чуулгын 2023.12.28-ны өдрийн даргын тушаалаар дүрэм батлагдсан боловч уг дүрэмд үйлчилгээний тарифын талаар тусгагдаагүй болох нотлогдож байна. /хх-32,48-53/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь ...тоглолтын орлогоос 2,620,000 төгрөгийг татварт тайлагнасан... гэх, мөн Шалгалтын тайлан зөрчлөөр 3 цаг х 570.000 төгрөг = 1,710,000 төгрөг Б.Н чуулгын ажилтан тул төмөр замын тарифаар тооцсон, 3 цаг х 900,000 төгрөг = 2,700,000 төгрөг Б.Х гадны уран бүтээлч нийт 4,410,000 төгрөгийг уран бүтээлчдээр төлүүлэхээр актын хавсралтад тодорхой заасан... гэх агуулгаар тайлбарласан тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
10. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч У Б Т Зд холбогдуулан Улаанбаатар Төмөр замын дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актаар ажилтнаас 4,410,000 төгрөгийг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ