Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/02019

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/02019

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01641 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан 80 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 онд иргэн Х.Мандахбаярт бетон зуурмаг нийлүүлсэн боловч бетон зуурмагийн төлбөрөө төлөлгүй явсаар түүний эзэмшлийн компани болох Ж ХХК нь 2017 оны 05 сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар болсон. Энэ төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа Ж ХХК-д хандсан боловч Ж ХХК нь дээрх төлбөрт ямар ч төлөлт хийгээгүй. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу төлөх 80 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Жамух Интернэйшнл ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г ХХК болон Ж ХХК-ийн хооронд 2017 оны 05 сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээний нийтлэг үндэслэлд иргэн Х.Мандахбаярын Г ХХК-аас 2013 оны 06 сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 сарын 14-ний өдрийн хооронд авсан 64 562 000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмагийн төлбөр болон реклам сурталчилгааны урамшуулал болох 15 348 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөгийг Ж ХХК хариуцан төлөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ. Гэхдээ гэрээний үйл явдал нь 2013 оны 06 сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 сарын 14-ний өдрийн хооронд буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 7 жил гаруйн өмнөх үйл явдал байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жамух Интернэйшнл ХХК-аас 64 562 000 /жаран дөрвөн сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 348 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г ХХК-ийн урьдчилан төлсөн 161 213 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жамух Интернэйшнл ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 113 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэргийн материалд 2013 онд Г ХХК нь Х.Мандахбаярт бетон зуурмаг нийлүүлсэн болон хүлээлгэж өгсөн акт, баримт байхгүй. Уг бетон зуурмагийг яг хэн гэдэг хүн эсхүл ямар хуулийн этгээд хүлээж авсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани бетон зуурмагийг хэнд өгсөн нь тодорхойгүй. Г ХХК-д 2013 оны 06 сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 сарын 14-ний хооронд 444 м.куб бетон зуурмаг, помпны шахалтын үйлчилгээг нийлүүлсэн нийт 65 126 000 төгрөгийг төлөөгүй болох нь 2015 оны 05 сарын 05-ны өдрийн Х.Мандахбаярын гаргаж өгсөн төлбөрийн баталгаагаар тогтоогдсон. Тиймээс зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн. Гэтэл Х.Мандахбаярын гаргаж өгсөн төлбөрийн баталгаа гэх зүйлд Цэнхэр од гариг ХХК-ийн авсан бетон зуурмагийн тухай тодорхой дурдсан байдаг. Мөн Х.Мандахбаяр нь Цэнхэр од гариг ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байсан бөгөөд нэхэмжлэгч Г ХХК нь маргааны зүйл болж буй бетон зуурмагийг Цэнхэр од гариг ХХК-д өгсөн талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж төлбөрийн баталгаа гэх зүйлийг Х.Мандахбаяраас гаргуулж авсан тухай дурдаж уг баримтыг шүүх хуралдаанд өгсөн. Шүүх төлбөрийн баталгаа гэх зүйлийг гаргаж өгсөн учраас бетон зуурмагийн төлбөрийг хариуцагч компани төлөх ёстой гэсэн байна. Төлбөрийн баталгаанд энэ маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж буй Цэнхэр од гариг ХХК-ийг оролцуулах ёстой байсан. Нэхэмжлэгч нь 2013 онд Х.Мандахбаярт биш Цэнхэр од гариг ХХК-д бетон зуурмагийг өгөхдөө гэрээ байгуулаагүй амаар байгуулсан гэж ярьдаг. Иргэн Х.Мандахбаярын гаргаж өгсөн баталгаанаас үзсэн ч уг бетон зуурмагийг Цэнхэр од гариг ХХК авсан болох нь тодорхой харагддаг. Энэ нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, мөн гуравдагч этгээдээр Х.Мандахбаяр, Цэнхэр од гариг ХХК-ийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна. Тодруулбал, хариуцагчийн тайлбар шийдвэрт тусгагдаагүй байна. Шийдвэрийн үндэслэлд Жамух интернэйшнл ХХК нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүргийг өөртөө шилжүүлсэн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзээд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 124.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Х.Мандахбаярын гаргаж өгсөн баталгаа нь Цэнхэр од гариг ХХК-ийн эзэмшигчтэй тохиролцоогүй буюу Цэнхэр од гариг ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нартай тохиролцсон зүйлийг нэг ч дурдаагүй байдаг. Хэрэв шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрийн үндэслэлээ болгосон бол энэ тухай үйл баримтыг Цэнхэр од гариг ХХК-аас заавал тодруулж нотлох баримтаар нотолсон тохиолдолд хэрэглэх ёстой байсан. Нотлогдоогүй үйл баримтад тулгуурлаж, мөн Жамух интернэйшнл ХХК-ийн гэрчилгээ, дүрэм хуулийн шаардлага хангаагүй байхад нотлох баримтаар үнэлсэн, мөн шүүхийн шийдвэрт бетон зуурмагын үнийг хоёр янзаар бичсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрт дурдсанаар . . . нэхэмжлэгч нь бетон зуурмагийн төлбөр болох 64 562 000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа Х.Мандахбаяр нь төлөөгүй тул 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд 64 562 000 төгрөгийн алдангийг Х.Мандахбаярын хүссэнээр реклам сурталчилгааны урамшуулал гэж 15 348 000 төгрөг төлөхөөр гэрээнд оруулсан гэж тайлбарласан. Хуулийн шаардлагыг хангаж алданги тооцож гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна... гэж үзэн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15 348 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 05 сарын 05-ны өдрийн төлбөрийн баталгаанд "... Хэрвээ төлбөрийн график зөрчвөл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1%-ийн алданги тооцно..." гэсэн. Энэхүү алдангийг 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд тусгахдаа хэлбэрийн хувьд урамшуулал байдлаар олгохоор болсон бөгөөд агуулгаараа алдангийг дээрх байдлаар төлж барагдуулахаар талууд тохиролцсон тул энэхүү 15 348 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуулийн буруу хэрэглэж, хууль бус шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 15 348 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Жамух Интернэйшнл ХХК-д холбогдуулан бетон зуурмагийн төлбөр 64 562 000 төгрөг, алданги 15 348 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 39 дүгээр талд авагдсан Төлбөрийн баталгаа гэх баримтаас үзэхэд иргэн Х.Мандахбаяр нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ... 2013 онд Цэнхэр Од гараг ХХК-ийн Г ХХК-аас авсан 444 м.куб бетон, 158 м.куб помпны шахалтын үйлчилгээний төлбөр болох 65 126 000 төгрөгийг өөрөө хариуцан төлж барагдуулах... талаар баталгаа гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр хариуцагч Жамух Интернэйшнл ХХК нь Х.Мандахбаярын Г ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд авсан 64 562 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн төлбөр болон реклам сурталчилгааны урамшууллын 15 348 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 123.8 дах хэсэгт заасан журам үйлчилнэ. Цэнхэр од гараг ХХК-аас нэхэмжлэгч Г ХХК-д төлөх мөнгөн төлбөрийн үүрэг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Мандахбаярт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Х.Мандахбаяраас хариуцагч Жамух Интернэйшнл ХХК-д тус тус шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа ... 2013 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр бетон зуурмаг нийлүүлсний үнэ 64 562 000 төгрөгийг төлөөгүй боловч уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээдийн зүгээс баталгаа гаргасан зэргээр шаардлагаа хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Иргэн Х.Мандахбаяр нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, хариуцагч Жамух интернэйшнл ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэгч Г ХХК-д бетон зуурмагийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулгаар төлбөрийн баталгаа, хамтран ажиллах гэрээ зэргийг үйлдэн хүсэл зоригоо илэрхийлж байснаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь ... иргэн Х.Мандахбаярын гаргасан төлбөрийн баталгаанд бетон зуурмагийн төлбөр 64 562 000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 0.1 хувийн алданги төлөхөөр заасан тул алданги 15 348 000 төгрөгийг реклам сурталчилгааны урамшуулалд тооцож авахаар хамтран ажиллах гэрээнд заасан тул алдангид 15 348 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагчийн бетон зуурмагийн үнэд төлөх 64 562 000 төгрөгөөс анз тооцох үндэслэлгүй. Мөн Жамух интернэшнл ХХК алданги төлөх үүргийг шилжүүлэн аваагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас реклам зар сурталчилгааны урамшуулал 15 348 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ