Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

Бага насны хохирогч Х.Тийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Хт холбогдох 1805002810162 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй Х овогт Б. Х

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Яллагдагч Б.Х нь 2018 оны 01 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар байрны 29 тоот гэртээ өөрийн 6 настай хүү Х.Тийг “хоол асгалаа” гэсэн шалтгаанаар бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь баруун, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хүүхдэдээ гар хүрсэндээ харамсаж байна” гэв.

 

Бага насны хохирогч Х.Тийн төлөөлөгч Б.Ц мэдүүлэхдээ: “Тийн эцэг эх хүүхдэдээ хандах хандлага сайн. Олон удаагийн үйлдэл биш. Хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлсөн зүйл байхгүй байсан. Гомдол саналгүй” гэжээ. /хав 21/

 

Гэрч Б.Х  мэдүүлэхдээ: “...Намайг гэр рүү нь ороход хүүхдээ хараагаад загинаад, зодоод байх шиг чимээ гарч байсан. Би гал тогооны өрөөнд сууж байгаад Тийг уйлаад байхаар нь тэсэлгүй очтол пивор жижиг сандал өргүүлчихсэн загинаад сууж байсан. Би болиоч хүүхэд ингэж болохгүй гэтэл урдаас хэрэлдээд байхаар нь үг авахгүй байна гэж бодоод гарч 102 руу залгаад цагдаа дуудаад өөрийнхөө ажлыг хөөцөлдөхөөр гарсан. Жижиг өрөөнд Х Тийг ямар нэг юмаар цохиод байгаа чимээ гарч байсан. Би яг юугаар хаана нь цохисныг хараагүй. Орой хэсгийн байцаагч, нийгмийн ажилтантай хамт гэр рүү нь ороод Тээс асуухад аав тэлээгээр цохиж зодсон гэж хэлж байсан. ..цагдаа дээр ирээд харахад 2 бөгс нь хөхөрчихсөн байсан...” гэжээ. /хав 6-7, 22 хуу/

 

Гэрч Д.Ц мэдүүлэхдээ: “...нөхөр Х тухайн өдөр хоолоо орн завсараар нуусан гээд 1-2 удаа цохисон гэж надад хэлж байсан” гэжээ. /хх 8, 23 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1163 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Тийн биед баруун, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2 далны гол, хэвлийн зүүн хажуу, баруун өгзөг,баруун, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шууны цус хуралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл нь хэрэг учрал болохоос 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хав 28/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хав 10-11/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 33/

Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хав 38/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 40,57/

Нас тоолсон тэмдэглэл /хав 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар байрны 29 тоот гэртээ өөрийн 6 настай хүү Х.Тийг “хоол асгалаа” гэсэн шалтгаанаар бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь баруун, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд бага насны хохирогч Х.Т /хав 21/, гэрч Б.Х  /хав 6-7, 22/, Д.Ц /хх 8, 23/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хав 28/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хав 10-11/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 33/

Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хав 38/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 40,57/

Нас тоолсон тэмдэглэл /хав 48/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Х нь бага насны хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, бага насны хохирогч Х.Т нь гомдол саналгүй гэснийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааг өөрийнх нь хүсэлтээр тогтоосон болно.

 

            Шүүгдэгч Б.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Б Хыг бага насны хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн тэлээг усгах, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хын урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ