| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331000490195 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******
Шүүгдэгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0044/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.*******эс оршуулгын зардалд 8.100.000 /найман сая нэг зуун мянган/ төгрөг төлснийг дурьдаж, гэм хорын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,
Шүүгдэгч Д.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-р зүйлийн 1 зүйлийг удирдлага болгон эрүүгийн ******* дугаартай ******* овогтой *******-д холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолыг гардан авч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ял оногдууллаа. Д.******* хувьд зүйлчлэл, зүйл ангийн хувьд болон гэм буруугийн тал дээр маргаагүй хүлээн зөвшөөрч анхнаасаа явсан. Шүүх ******* хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийг хэрэглэх боломжтой байсан. Гэвч түүнийг хэрэглэсэнгүйд гомдолтой байна.
Д.******* ахуй амьдралын хувьд 3-н бага насны хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн 2025 оны 01 сард төрнө, хүн хүч үгүй маш хэцүү байдалд ар гэр нь үлдэж байна. Найзаа алдсаны хувьд маш их харамсаж байгаа, холбогдсон хэрэгтээ дүгнэлт хийж байгаа, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, ар гэрийн байдал хүнд зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялаас 01 жилийг нь хасаж ялыг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд маш их гомдолтой байдаг. Хүүг маань ийм байдалд хүргэсэнд гомдолтой байна. Мөн шүүгдэгчийн ах нь намайг дүүг минь шоронд хийсэн гээд “ална, чи хэзээ ийм байсан юм” гэх мэтээр дарамталж байгаад би эмзэглэж байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би тухайн үеийн болчимгүй байдлаасаа болж ийм байдалд орсондоо маш их харамсаж байна. Талийгаач бид 2 хар багийн найзууд би найзыгаа үхэлд хүргэх ямар нэгэн санаа огт байгаагүй. Үнэхээр их харамсаж өөрийгөө буруутгаж маш их харамсаж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.******* хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ гэм буруугийн тал дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийг хэрэглэх боломжтой байсан гэж тайлбарлажээ.
3.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.******* нь шүүхэд гэм буруугийн талаар маргаагүй ба хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө хохирогч Ш.*******ын хамт архи уусан бөгөөд түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдсээр байж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутагт орхиж явсан үйлдэл нь хохирогчийн осгож амь насаа алдсантай шууд холбоотой гэж үзнэ.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.******* үйлдлийг бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Г.ДАВААРЕНЧИН