| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0149/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1834001310123 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаантын 33-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд байрлах Цагдаагийн хэлтсийн түр саатуулах өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн Ч.Мөнхбаатартай маргалдан зодолдож улмаар Ч.Мөнхбаатарын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, баруун зовхи, доод уруул, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Тэр ахаас болсон. Эхэлж орж ирээд томроод охидуудаа бос гээд намайг цохихоор нь зөрүүлээд цохьсон. Ингээд зодоон болсон” гэв.
Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Мөнхбаатарын: “....2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр миний бие Төв аймгийн Жаргалант сумаас Заамар сумын Хайлааст 3 дугаар багт хадам ах Дамдинсүрэн гэх хүний гэрт гэр бүлийн хамт өдөр 17 цагийн үед очсон санагдаж байна. Тэгээд золголт болоод бид нар Дамдинсүрэн ахын гэрт даалуу тоглоод хоол унд идсэн тэгэх хоорондоо би вискинээс жижиг хундагаар 2-3 удаа татсан ба нэг шинэ архи задлахаар нь 1 хундагыг уусан.Тэгж сууж байгаад би согтоод хашгираад агсам тавьсан байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд цагдаа ирээд намайг аваад явсан. Тэгээд би цагдаа нартай цагдаагийн хэлтэс дээр очиход намайг эрүүлжүүлэх рүү камерт оруулна гэхээр нь би бөх хүн дээрээс нь цагаан сар болж байна тиймээс би орохгүй гэж хэлсэн. Тэрнээс болоод тэнд байсан 2 цагдаа намайг эрүүлжүүлэх рүү оруулна гэж хэлээд гавлах гээд тэрнээс болоод маргалдаж сүүлдээ намайг хүчээр тулгаж оруулсан. Тэгэхээр нь би уурлаад нэлээд бачимдсан болохоор камерт орсондоо тэнд байсан 3 залуутай маргалдаад өндөр шөвгөр залуу нь намайг камерт гавтай байхад 2 шанаа руу ээлжилж 17 удаа цохьсон. Нөгөө 2 залуу нь надад гар хүрээгүй. Одоогоор бол миний эрүүл мэнд хэвийн байна. Хааяа чих хатуураад сонсгол муу болсон юм шиг байна лээ. Бас 2 гар шуугаараа бадраадаг сэтгэл санааны хувьд бачуурч уурладаг болсон. Би цаашид өөрт эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна. Одоогоор эмчилгээний зардал болон түүнтэй гарсан зардал гэж 500000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Б.Б гэх залуугаас эмчилгээний зардлаа гаргуулаад авчихвал надад гомдол алга байна. Тухайн үед би анхнаасаа Б.Б гэх залуутай зодолдох гэж эрүүлжүүлэгдсэн биш дээ. Би ер нь архи уудаггүй болохоор жоохон юм уугаад гэнэт зүрхэнд ороод санамсаргүй байдлаар агсам тавьсан байна лээ. Би Б.Б гэх хүнд гомдолтой гэхээсээ илүү тэр үед ажиллаж байсан 2 цагдаад гомдож байна. Учир нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд эрүүлжүүлэгдэж байгаа хүнтэй аятайхан харьцаад эрүүлжүүлэхийн оронд хүнтэй маргалдаж басамжилаад согтуу хүнийг бүр л дэврэгээд байсан. Тэрнээс болж би камерт байсан хүмүүстэй маргалдаж дээрх хэрэг болсон ” гэх мэдүүлэг /хх-63 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Ж.Дамдинсүрэнгийн: “Тухайн үед цагаан сар болж байсан ба Төв аймгийн Жаргалант сумаас миний төрсөн дүү Ж.Отгонжаргал нөхөр Ч.Мөнхбаатарын хамт ирж бид нартай золголт хийсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой санагдаж байна манай гэрт бид нар хоорондоо тоглонгоо ойрд уулзаагүй дээрээс баяр болж байгаа гээд ганц шил архи задлаад даалуу тоглонгоо тойруулж ууцгаасан. Тэр архинаас Ч.Мөнхбаатар 3 хундага л уусан байх тэгээд сууж байсанаа гэнэтхэн орилж босож ирээд ширээн дээр байсан тавагтай идээ, ууц, боорцогыг авч шидээд гэрээр нэг болгосон. Би очоод болиоч гэсэн чинь намайг бол ойртуулахгүй нэг гараараа түлхээд явуулчихсан. Тэнд байсан хүмүүс барьж аваад дараад унтуулчий, аргалчий гэж бодсон боловч дийлэхгүй юм байна лээ. Өөрөө ч барилддаг том биетэй дээрээс нь архи уусан болохоор ямар ч дийлэх шинжгүй болохоор нь би цагдаад дуудлага өгчихсөн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд гэрээс аваад явсан. Ч.Мөнхбаатар нь манайд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирсэн санагдаж байна. Манайд байхдаа биед нь ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. Харин маргааш нь ямар байсныг нь мэдэхгүй байна. Учир нь би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 04 цагт Сэлэнгэ, Орхон аймаг руу золголт бэр гуйлтаар явсан. Би маргааш нь уулзаагүй утсаар ярихад эрүүлжүүлэхэд хүнд зодуулсан байна гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-65-66 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Ч.Эрдэнбаярын: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны орой байна манай гэрт бид нар хоорондоо тоглонгоо ойрд уулзаагүй дээрээс баяр болж байгаа гээд ганц шил архи задлаад даалуу тоглонгоо тойруулж ууцгаасан. Тэгээд сууж байснаа гэнэтхэн ухасхийж орилж босож ирээд ширээн дээр байсан тавагтай идээ, ууц, боорцогийг авч шидээд гэрээр нэг болгосон. Манай нөхөр Дамдинсүрэн ойртоод очсон боловч гарынх нь үзүүрт хөдлөөд дийлэхгүй байсан. Тэгээд аргаа бараад цагдаа дуудаад өглөө эрт архи нь гарахаар авчихъя гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь цагдаад эрүүлжүүлэгдэж байх хугацаандаа бусдад зодуулсан гэж утсаар ярьж байсан. 18-ныхаа өглөө Орхон, Сэлэнгэ аймаг руу золголт болон бэр гуйх ажлаар явсан. Тэд нар араас утсаар яриад тийм юм ярьж байсан. Ч.Мөнхбаатар нь манайд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирсэн санагдаж байна. Манайд байхдаа биед нь ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. Яг үнэндээ бол би яг тийм зан араншинтай хүн гэж хэлж чадахгүй байна. Би ойрхон байгаагүй болохоор мэдэхгүй байна. Жилдээ цагаан сараар л золгох гэж ирдэг. Эхнэр нь хэлэхдээ зүрх муутай юм. Архи ерөөсөө уудаггүй тэрнээсээ болоод гэнэт ийм болчихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-67-68 тал/,
мөрдөн байцаалтад гэрч В.Отгонжаргалын: “Манай нөхөр Ч.Мөнхбаатар нь дөлгөөхөн даруу зан ааштай, аливаад буурь суурьтай хааяа цочруу огцом дүрсхийсэн ууртай. Бид хоёр гэр бүл болоод 32 жил амьдарч байна. Газар тариалангийн ажил эрхэлдэг мөн одоо сумын төвд хувиараа караоке болон үйлчилгээний төв ажиллуулдаг. Үндсэн мэргэжил нь автын механикч мэргэжилтэй. Спортоор хичээллэдэг болохоор архи, тамхи хэрэглэдэггүй. Бөхийн спортоор аймгийн начин цолтой, бодбилдингээр хичээллэдэг” гэх мэдүүлэг /хх-70 тал/,
мөрдөн байцаалтад гэрч С.Нямсүрэнгийн: “ Б.Б бид хоёр нэлээд олон жилийн өмнөөс эхэлж нэгнийгээ таньж мэддэг болсон. Бусадтай харьцахдаа хэвийн харилцаатай хэрнээ архи уухаараа жоохон ааш нь эвдэрчихдэг юм шиг байна лээ. Бусад үедээ бол хэвийн бусдад тусархуу, өөрийнхөө, цайлган цагаан зан ааштай. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаад одоогоор тусдаа амьдарч байгаа болно. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор хааяа хувиараа алтанд явдаг. Саяхан хөлөө гэмтээгээд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт түнхний үе солиулах хагалгаанд орсон. Одоо таягтай л явж байна” гэх мэдүүлэг /хх-70 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Жаргалангийн: “..Тэгээд 03 цагийн орчим х/ч Намбар, а/а Батбаяр нар Мөнхбаатар гэх хүнийг дагуулж авчирсан. Мөнхбаатар гэх хүн цээж нүцгэн архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн орилж хашгирч хараасан агсан тавьсан байдалтай ирсэнийг журмын дагуу хүлээж аваад түр саатуулах өрөөнд оруулсан. Тэгсэн түр саатуулах өрөөнд байсан. Зоригтбаатар, Гэрэлсайхан нарт Мөнхбаатар гэх хүн агсан тавиад хараагаад орилж хашгираад байсан. Зоригбаатар, Гэрэлсайхан нар 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой эрт ирсэн архи нь гарч гайгүй болсон байсан тул өөдөөс нь маргалдаж зодолдохгүй зүгээр байсан ба өрөөний камераар нь хяналт тавьж байсан. Тэгсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гээд Б.Б гэх залууг эргүүлийн цагдаа нар авч ирснийг хүлээж аваад түр саатуулах өрөөнд оруулсан тэгсэн Мөнхбаатар гэх хүн мөн камер дотор орилж хашгираад хамт байгаа хүмүүстэй томроод хараагаад байсан ба камерын дэлгэцийг харж байхад Мөнхбаатар гэх хүн Б.Б гэх залууг харааж орилж хашгирч байснаа Б.Б гэх залуугийн нүүр лүү нь гараараа цохиж авахад Б.Б нь зөрүүлээд Мөнхбаатарын нүүр лүү нь цохиод авахаар нь а/а Нямрагчаа бид хоёр салгахаар саатуулах өрөөнд ороход хамт байсан Зоригтбаатар,Гэрэлсайхан нар дундуур орсон салгаж байсан тэгэхлээр нь Мөнхбаатарыг нь 2 гараар нь турба төмөртэй гавлаж суулгасан. ...Би Мөнхбаатарыг түр саатуулах өрөөнд оруулаад камерын дэлгэцийг харж байхад Мөнхбаатар ороод орилж хашгираад хараагаад байсан тэгээд түр саатуулах өрөөнд доошоо тонгойгоод гараа дэрлээд унтаад сууж байсан Зоригтбаатар, Гэрэлсайхан, Б.Б нарын толгой руу Мөнхбаатар гараараа цохиж аваад явахад Б.Б нь босож ирээд Мөнхбаатарын нүүр хамар луу нь гараара нэг удаа цохиж авахад нь түр саатуулах өрөөнд ороод Мөнхбаатарыг салгахад хамраас нь цус гарсан байсан ба Мөнхбаатарыг гаргаж жижүүрийн өрөөнд оруулаад хамраас нь гарч байсан цусыг нь арчиж цэвэрлүүлсэн тэгээд гарыг нь гавлаж түр саатуулах өрөөнд оруулах гэхэд гараа гавлуулахгүй гээд шаардлага эсэргүүцсэн ба а/а Нямрагчаа бид хоёр гарыг нь гавлах гэсэн боловч өөдөөс эсэргүүцэл үзүүлээд ноцолдоод дийлэхгүй байсан ба а/а Нямрагчаа бид 2 гарыг нь гавлах гэж гартай нь ноцолдож байгаад 1 гарыг нь гавлаад түр саатуулах өрөөнд ороод турба төмөртэй гавласан тэгээд камер дэлгэцээр хяналт тавьж байсан юм. .. Мөнхбаатар өөрөө түр саатуулах өрөөнд орж тэнд байсан Гэрэлсайхан, Зоригтбаатар болон араас нь орсон Б.Б нарыг хэл амаар доромжилж харааж томорч байсан ба Б.Б гэх залууг өөрөө түрүүлж нүүр лүү нь цохиж салгахын завдалгүй Б.Б нь зөрүүлээд Мөнхбаатарын нь цохиж авсан мөн дараа нь Мөнхбаатар мөн Б.Бын толгой руу гараараа цохиж Б.Б нь өрөөнд орж салгахын завдалгүй Мөнхбаатарын хамар луу нь цохиж хамраас нь цус гаргасан Мөнхбаатарыг 2 гарыг нь гавласан байхад миний мэдэх бол цохиж зодсон хүн байхгүй. Түр саатуулах өрөөнд байхад миний харснаар Б.Б гэх залуу л Мөнхбаатарыг зодож цохисон өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,
мөрдөн байцаалтад гэрч М.Нямрагчаагийн: “Мөнхбаатар түр саатуулах өрөөнд ороод тэнд байсан Гэрэлсайхан, Зоригтбаатар нартай маргалдаад зодох гээд байхад нь тэр 2 эрт ирсэн архи нь гарч гайгүй болсон байсан тул тайвшруулаад байгаад байсан тэгсэн араас нь орсон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Б гэх залууг өдөөн хоргоож маргаан хийж байгаад хоорондоо зодолдсон байсан түр саатуулах өрөөнд байхад Б.Б, Мөнхбаатар нар л хоорондоо маргалдаж зодолдсон тухай бүрт нь орж салгаж байсан ба Мөнхбаатар гэх хүн л маргаан хийгээд тэнд байсан хүмүүстэй зодоон цохион хийх гээд байсан тул Мөнхбаатар гэх хүний гарыг нь гавалж суулгасан юм” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаярын: “.. Тэгээд Мөнхбаатарыг Цагдаагийн хэлтэст түр саатуулахаар авч явах гэхэд дээгүүрх хувцасаа өмсөхгүй шаардлага эсэргүүцэж байсан ба х/ч Намбар бид хоёрыг өөрийгөө зодоод аваад яв гэх зэргээр хэлээд шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр очиж учраа олъё гэж аргадаж байгаад дагуулаад явсан тэгэхэд би хувцас өмсөхгүй гээд цээж нүцгэн хамт явсан ба Мөнхбаатар гэх хүнийг дагуулаад Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд ерөнхий жижүүр д/ч Жаргалан, мэдээлэл хүлээн авагч цагдаа а/а Нямрагчаа нарт хүлээлгэж өгөөд х/ч Намбар бид хоёр буцаж яваад Дамдинсүрэн гэх айлд очоод Мөнхбаатар гэх хүний хувцасыг авахад Дамдинсүрэн гэх хүн гэрээ цэвэрлээд байж байсан тэгээд хувцасыг нь аваад Цагдаагийн хэлтэс дээр авч ирж өгсөн юм. ... Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд Мөнхбаатар гэх хүн хамт байсан хүнийгээ зодож цохиж өөрөө цохиж зодуулсан гэж сонссон.” гэх мэдүүлэг/хх-31 тал/,
мөрдөн байцаалтад гэрч А.Гэрэлсайханы: “ Тухайн өдөр Зоригтбаатар бид хоёр саатуулах байранд байж байхад Мөнхбаатар гэх залуу орж ирэхдээ духны баруун талын шанаан дээр цохиулаад бондойсон байдалтай орж ирээд Зоригтбаатар бид хоёр луу дайраад онгироод доромжлоод байсан тэгээд овоо гайгүй болоод байж байсан чинь Б.Б орж иртэл Мөнхбаатар гэх залуу Б.Быг хэл амаар доромжлоод дайрч давшилж байснаа Мөнхбаатар, Б.Бын нүүр лүү 2 удаа цохитол цагдаа нар орж ирээд салгаад Мөнхбаатарыг паарнаас гавалсан тэгээд нөгөө хоёр чинь 20 орчим минут хэрэлдсэн тэгээд Мөнхбаатар орилж хашгираад гаваа тайлуулсан тэгээд бид нар хэвтэж байтал Мөнхбаатар 2-3 удаа Б.Бын толгой руу гараараа цохитол Б.Б уурлаж босч ирээд Мөнхбаатарын нүүр лүү 1 удаа алгадсан чинь хамарнаас нь цус гарсан тэгээд цагдаа нар орж ирээд Мөнхбаатарын аваад гарсан тэгээд нүүрээ угаачихаад буцаад орж ирээд цагдаа нар луу дайрч үг хэлээр доромжлоод байхаар нь цагдаа нар орж ирээд дахиад гавалсан” гэх мэдүүлэг /хх-50 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Зоригтбаатарын: “..Тэгтэл нөгөө хөгшин ах сүүлд орж ирсэн Бүрнээ рүү “10 жил шоронд явлаа, банди минь” энээ тэрээ гээд л дахиад томроод эхлэсэн. Тэгээд байж байтал нөгөө ах хүү сүүлд орж ирсэн Бүрнээг цохисоноор тэр 2 барьцалдаад авсан. Ингэхээр нь бид хоёр салгах гээд байж байтал жижүүр дээр гарч байсан Жаргалан, Нямрагчаа нар орж ирээд хөгшин ах хүүг камер дотор босоо турбанаас гавласан. Тэгээд би унтаад өгсөн. Унтаж байтал миний утас хаана байна гээд нөгөө ах хүү халаас ухаад байхаар нь сэрсэн. Тэгтэл тэр ах хүү сүүлд орж ирсэн Б.Бын толгой руу цохисон юм шиг байна лээ. Тэгээд тэр Бүрнээ тэр ах хүүг цохисон юм уу яасан юм нил цус болчихсон жижүүрийн өрөөнд сууж байсан. Тэгээд тэндээсээ нөгөө ах хүү гараад жижүүрийн өрөөнд бас элдэв янзын юм яриад орилж чарлаад л томроод байсан. Тэгээд жижүүрт гарч байсан 2 цагдаа камер луу оруулах гэтэл эсэргүүцээд хүчээр оруулж ирж камерт гавласан. Тэгээд өглөө болтол орилж хашгичсан. Тэгж байгаад 07 цаг өнгөрч байхад цагдаагийн дарга эхнэр 2 нь ирчихсэн нөгөө ах хүүг гаргаад эмнэлэг оруулсан. Тэгээд эргэж камерт орж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-17 тал/,
-Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-06 тал/,
-Заамар сум дахь СДЦХ-ийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Б.Батбаярын илтгэх хуудас /хх-07-08 тал/,
-Хошууч Ц.Намбарын илтгэх хуудас /хх-09 тал/,
-Заамар сум дахь СДЦХ-ийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, ахлах ахлагч М.Нямрагчаагийн илтгэх хуудас /хх-10 тал/,
-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-22 тал/,
-Жижүүрийн өрөө, түр саатуулах өрөөний хяналтын камерт үзлэг хийх ажиллагааны гэрэл зураг /хх-23-24 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2658 тоот шинжээчийн дүгнэлтэд
1.Ч.Мөнхбаатарын биед хамар ясны хугарал, баруун зовхи, доод уруул, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-34 тал/,
-эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар /хх-37-38 тал/,
-2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн илтгэх хуудас, хавсралт /хх-39-46 тал/,
-Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-78 тал/,
-“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-73 тал/,
-Шүүгдэгч Б.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд байрлах Цагдаагийн хэлтсийн түр саатуулах өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн Ч.Мөнхбаатартай маргалдан зодолдож улмаар Ч.Мөнхбаатарын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, баруун зовхи, доод уруул, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Мөнхбаатарын мэдүүлсэн: “........камерт орсондоо тэнд байсан 3 залуутай маргалдаад өндөр шөвгөр залуу нь намайг камерт гавтай байхад 2 шанаа руу ээлжилж 17 удаа цохьсон. Нөгөө 2 залуу нь надад гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-63 тал/, гэрч Ж.Дамдинсүрэнгийн мэдүүлсэн: “..Өөрөө ч барилддаг том биетэй дээрээс нь архи уусан болохоор ямар ч дийлэх шинжгүй болохоор нь би цагдаад дуудлага өгчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-65-66 тал/, гэрч Ч.Эрдэнбаярын мэдүүлсэн: “...Манай нөхөр Дамдинсүрэн ойртоод очсон боловч гарынх нь үзүүрт хөдлөөд дийлэхгүй байсан. Тэгээд аргаа бараад цагдаа дуудаад өглөө эрт архи нь гарахаар авчихъя гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь цагдаад эрүүлжүүлэгдэж байх хугацаандаа бусдад зодуулсан гэж утсаар ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-67-68 тал/, гэрч Б.Жаргаланы мэдүүлсэн: “...Мөнхбаатар өөрөө түр саатуулах өрөөнд орж тэнд байсан Гэрэлсайхан, Зоригтбаатар болон араас нь орсон Б.Б нарыг хэл амаар доромжилж харааж томорч байсан ба Б.Б гэх залууг өөрөө түрүүлж нүүр лүү нь цохиж салгахын завдалгүй Б.Б нь зөрүүлээд Мөнхбаатарын нь цохиж авсан мөн дараа нь Мөнхбаатар мөн Б.Бын толгой руу гараараа цохиж Б.Б нь өрөөнд орж салгахын завдалгүй Мөнхбаатарын хамар луу нь цохиж хамраас нь цус гаргасан Мөнхбаатарыг 2 гарыг нь гавласан байхад миний мэдэх бол цохиж зодсон хүн байхгүй. Түр саатуулах өрөөнд байхад миний харснаар Б.Б гэх залуу л Мөнхбаатарыг зодож цохисон өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/, гэрч М.Нямрагчаагийн мэдүүлсэн: “Мөнхбаатар түр саатуулах өрөөнд ороод тэнд байсан Гэрэлсайхан, Зоригтбаатар нартай маргалдаад зодох гээд байхад нь тэр 2 эрт ирсэн архи нь гарч гайгүй болсон байсан тул тайвшруулаад байгаад байсан тэгсэн араас нь орсон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Б гэх залууг өдөөн хоргоож маргаан хийж байгаад хоорондоо зодолдсон байсан түр саатуулах өрөөнд байхад Б.Б, Мөнхбаатар нар л хоорондоо маргалдаж зодолдсон” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/, гэрч Б.Батбаярын мэдүүлсэн: “..Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд Мөнхбаатар гэх хүн хамт байсан хүнийгээ зодож цохиж өөрөө цохиж зодуулсан гэж сонссон” гэх мэдүүлэг/хх-31 тал/, гэрч А.Гэрэлсайханы мэдүүлсэн: “...Б.Б орж иртэл Мөнхбаатар гэх залуу Б.Быг хэл амаар доромжлоод дайрч давшилж байснаа Мөнхбаатар, Б.Бын нүүр лүү 2 удаа цохитол цагдаа нар орж ирээд салгаад Мөнхбаатарыг паарнаас гавалсан тэгээд нөгөө хоёр чинь 20 орчим минут хэрэлдсэн тэгээд Мөнхбаатар орилж хашгираад гаваа тайлуулсан тэгээд бид нар хэвтэж байтал Мөнхбаатар 2-3 удаа Б.Бын толгой руу гараараа цохитол Б.Б уурлаж босч ирээд Мөнхбаатарын нүүр лүү 1 удаа алгадсан чинь хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хх-50 тал/, гэрч Б.Зоригтбаатарын мэдүүлсэн: “..Тэгтэл тэр ах хүү сүүлд орж ирсэн Б.Бын толгой руу цохисон юм шиг байна лээ. Тэгээд тэр Бүрнээ тэр ах хүүг цохисон юм уу яасан юм нил цус болчихсон жижүүрийн өрөөнд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/, Заамар сум дахь СДЦХ-ийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Б.Батбаярын илтгэх хуудас /хх-07-08 тал/, Хошууч Ц.Намбарын илтгэх хуудас /хх-09 тал/, Заамар сум дахь СДЦХ-ийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, ахлах ахлагч М.Нямрагчаагийн илтгэх хуудас /хх-10 тал/, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-22 тал/, Жижүүрийн өрөө, түр саатуулах өрөөний хяналтын камерт үзлэн хийх ажиллагааны гэрэл зураг /хх-23-24 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2658 тоот шинжээчийн дүгнэлт /хх-34 тал/ зэргээр нотлогдсон байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон байна.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ч.Мөнхбаатарын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, баруун зовхи, доод уруул, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул Б.Бд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,
Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн ялын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн завшөөрсөн байна
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлт, прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Б.Бын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ .
Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг 2018 оны 09 сарын 04-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тав: Бусад зүйлийн талаар:
Хохирогч Ч.Мөнхбаатар нь эмчилгээний зардалд 500000 төгрөг нэхэмжилж байна гэсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм хорын төлбөрт 200000 төгрөгийг хохирогч Ч.Мөнхбаатарт өгсөн байна.
Хэрэгт хохирогчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийн үлдэгдэл 300000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон хохирлын баримт авагдаагүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Ч.Мөнхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1834001310123 тоот хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.Мөнхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ