Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

                       О.*******, Б.******* нарт холбогдох
                                   эрүүгийн хэргийн тухай


Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Б.*******, О.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Д.Ариунтуяа нарыг оролцуулан,  
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор Б.*******, О.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 175/2024/0090/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.


****** овогт ******* *******, Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ****эгтэй, *****боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-****** хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум **** баг **** хэсэг **** тоотод оршин суух хаягтай, (РД: *****) урьд 
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн.


овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ****настай, ***эгтэй, ****боловсролтой, *****мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл **** хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум **** дугаар баг *****дугаар хэсэг *****тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, (РД:******)


Шүүгдэгч О.******* Б.******* нар нь согтуугаар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд З.*******, Б.******* нартай маргалдан зодолдож улмаар З.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.


Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******, О.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 


Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч овогт *******ын *******, ****** овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ын *******, ******* ******* нарт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******г Дархан уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлан, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар О.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтаас ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******т оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцон 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 02 жил 06 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 
Шүүгдэгч О.*******, Б.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг-г энэ хэрэгт нь хавсарган хадгалж, 
Шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.


Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:  
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна. Б.*******т Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр зүйлийн 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн байдаг.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Б.*******ыг О.*******тай бүлэглэн согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 11-12нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд З.*******, Б.******* нартай маргалдан зодолдож улмаар З.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 02 жилээр тэнссэн хугацааг шууд хорих ял болгон сүүлд холбогдсон гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-д заасан журмаар ял оногдуулна гэж заасан ба 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэх хуулийн тодорхой заалтыг буруу хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээгүй, түүнчлэн хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэх эсэх асуудлыг анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул Б.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэлийг оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 


Шүүгдэгч О.*******гийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 02-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.******* Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, О.*******д 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг зс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс дээрх зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага болох торгох, зорчих эрх хязгаарлах болон хорих ял зэргээс сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэхийг тал бүрээс нь харгалзан үзэх шаардлагатай байсан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлд заагдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.5-р зүйлийн 1.1-д заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.4-т заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсоныг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Миний хувьд 2 сар гарангийн хугацаанд хоригдож байхдаа их зүйлийг ухаарлаа. Хүн хүнийг хайрлах ёстой юм байна. Бурууг бусдаас биш өөрөөсөө хайх ёстой гэдгийг ойлгож байна. Эхнэр хүүхэдтэйгээ байхын жаргал, эрх чөлөө гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг ойлгож байна. Би архи дарс ууж, зодоон хийж явдаг хүн биш. Тэр өдөр манай үсчдийн холбооны шинэ жил болоод намайг арга буюу хөтлөгч олдохгүй байна гээд 3, 4 үсчин эгч нар ирж гуйсаар байгаад  дуудаж авч явсан. Очоод хөтөлж өгсний улмаас 4, 5 хундага архи уусан. Өнөөдрийн байдлаар хүнтэй гар зөрүүлж, хүний биед гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна. 
Миний урьдны тэнсэн авсан хэрэг золгүй үйлдэл болсон. 5 дугаар багийн наашаа ирэх замд Сод монгол шатахуун түгээх станцын наад талд замын хойд талаараа ургасан байдаг модны голоос харуй бүрийгээр согтуу хүн гүйж орж ирсэн. Машины хажуугаар шүргээд уг гэмт хэрэг болсон байгаа. Хэргийн улмаас маш их сэтгэл санаагаар унаж олон сар явсан. Одоо дахин ийм гэмт хэрэгт холбогдчихоод байгаа нь миний болон гэр бүлийнхний маань хувьд хүндээр тусаж байна. Боломж олдвол хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Нэг ч гэсэн залуу гэр бүлийг элэг бүтэн үлдээгээсэй гэж хүсэж байна гэв. 


Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой асуудал дээр хууль зүйн дүгнэлтийг хийж өгнө үү гэв.


Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.


Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 
Шүүгдэгч Б.*******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байсан. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд 2 жил гэж хорих ял тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-д шүүх тусад нь эдлүүлэхээр эсхүл нэмж нэгтгэх аль аль эрх хэмжээ нь анхан шатны шүүхэд байсан. Үүний дагуу шийдсэн учраас шүүгдэгч Б.*******ын хувьд гаргасан тогтоол шийдвэр, ял хариуцлагын хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй байна. Шүүгдэгч О.*******гийн хувьд зорчих эрх хязгаарлах ял нь бүсийн хувьд нийцэхгүй байна гэж ярьж байна. Тэгэхээр бүсийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлт гаргаад нотлох баримтаа бүрдүүлснээр бүсийг өөрчлөх асуудал нь хуульд нээлттэй байгаа. Уг байдлаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******, О.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.


Прокурорын газраас шүүгдэгч О.******* Б.******* нар нь согтуугаар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд З.*******, Б.******* нартай маргалдан зодолдож улмаар 3.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 


2.Шүүгдэгч О.******* Б.******* нар нь согтуугаар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд З.*******, Б.******* нартай маргалдан зодолдож улмаар З.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 


-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.*******ын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед би *******, ******* нарын хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” нэртэй караокед суусан юм. Тухайн үед бид 3,  Экс нэртэй 2 шил архи, 6 лааз пиво уусан юм. 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнийн 02 цагийн Мишээлээс гараад ******* гэр рүү нь явуулаад ******* бид 2 “Хөх чулуутын урдаас таксинд суугаад явахаар болсон. Тэгээд таксин дээр очтол бэлэн мөнгө байгаагүй учраас Хөх Чулуут дэлгүүрийн буланд байрладаг АТМ-ээс мөнгө авах гээд чиглээд явж байтал бид 2-ын өөдөөс өмнө харж байгаагүй 2 залуу чиглээд ирж явсан бөгөөд, тухайн 2 залуу бид 2-т хандан хөөе пиздаануудаа гэж хэлэхээр нь би тухайн 2 залууд хандан та 2 ямар муухай харилцаатай залуучууд вэ? гэж хэлтэл яаж яриад байгаа юм бэ? гээд бид 2 дээр тулаад ирэхээр би тухайн 2 залуугийн нүүр хэсэг рүү нь тус тус нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд ******* бид 2, тухайн 2 залуутай зууралдаад барилцаж авч эхэлсэн. Хар бараан өнгийн урт куртиктай, энгэрээ задгай тавьсан залуутай ******* зууралдаад, шар малгайтай залуутай би зууралдаж барьцалдсан. Би тухайн шар малгайтай залуутай зууралдаад түүнийг газар унагаад, өвдөглөөд доош харсан байхад нь толгой нуруу хэсэг рүү нь олон удаа гараад атгаж байгаад цохисон. Тухайн үед ******* зууралдаж байсан залуугийнхаа доор нь орсон хэвтэж байсан. ...Миний доор орсон байсан шар малгайтай залуу миний доороос босоод бид 2 дахин зууралдаж явсаар байгаад сууж явах гэж байсан таксины оролцоо ирээд би дахиад тухайн залууг газар унагаад дээрээс дараад хэвтэж байтал *******тэй зууралдаж байсан дотуураа костюм өмссөн залуу над дээр ирээд намайг тухайн шар малгай өмссөн залуугийн дээрээс татаж босгоод цэцэрлэгийн хашааны булан дээр хэвтүүлсэн. /Шар малгайтай залуу надтай зууралдаж байхдаа гаднах хүрмээ тайлаад цээж нүцгэн болсон байсан./ Тухайн үйл явдал болж байхад ******* ирээд костюмтай залуутай одоо болиоч гээд юм яриад байсан. Тухайн үед анх шар малгай өмссөн байсан цээж нүцгэн залуу намайг цэцэрлэгийн хашааны булан дээр хэвтүүлээд өөрөө миний дээр гараад миний нүүр хэсэг 5-6 удаа цохиод намайг заамдаад орилж хашхираад байсан тухайн үед юу гэж хэлж байсан талаар би одоо санахгүй байна Тэгсэн үргэлжлүүлээд костюм өмссөн байсан залуу нь хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад дээрээс нэг удаа далайж цохиод, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Түүний дараа мөн миний дээр гараад суусан залуу нүүр хэсэг рүү цохисон бөгөөд яаг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна ямар ч л байсан олон удаа л цохисон. ... Хэсэг хугацааны дараа миний дээр гарсан байсан залуу дээрээс буухаар нь би босоод иртэл костюм өмссөн байсан залуу намайг татаж газар унагаад нүүр хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд бид босоод зугтаасан. Намайг зугтаах үед ******* газар ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь түүнийг босгоод зугтаасан. Тэгээд шууд л цагдаагийн байгууллагад хандсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал /


-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******гийн гэрчээр өгсөн: “…Би *******, ******* нарын хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй караокед 2023 оны 12 дугаар сарын 11-ний 21 цагаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны шилжих шөнийн 02 цагийн хүртэл дуулж сууж байгаад гарсан. Тухайн үед бид нар 2 шил X 0,5 литрийн архи хувааж уусан. ******* караокегийн гаднаас салаад би *******ыг таксинд суулгаж өгөх гээд Хөх Чулуут дэлгүүр рүү явсан. Хөх чулуутын урд таксинд суух гэтэл бэлэн мөнгө байгаагүй учир Хөх чулуут дэлгүүрийн баруун буланд байрлах АТМ-ээс мөнгө авах гээд чиглээд алхаж байтал өөдөөс зүс танихгүй 2 залуу ирээд ******* бид 2 руу хандан писда нар минь яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн бөгөөд түүний хариуд ******* тухайн 2 залууд хандан та нар чинь ямар муухай харилцаатай залуучууд вэ? гэж хэлтэл өөдөөс хэрүүл маргаан үүсгээд тухайн 2 залуу нүүрэн дээр тулж ирээд байсан бөгөөд тэгсэн ******* уурлаад тухай залуугийн нүүрэн тус газарт нь тус тус нэг нэг удаа цохисон. Тэгсэн хөх цэнхэр өнгийн урт куртиктэй, дотуураа костюм өмссөн залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохиод ороод ирсэн бөгөөд тэгээд бид 2 зууралдаад би тухайн залууг цэцэрлэгийн хашаанд шахаж байгаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон тэгсэн тэр залуу доороос тэмцээд намайг эргүүлээд доороо оруулаад дээрээс дараад байсан бөгөөд намайг тэгж байхад шар малгай өмссөн залуутай *******  зууралдаад ноцолдоод байсан. Тэгээд бүр ******* шар малгай өмссөн байсан залууг доороо оруулаад дээр нь гараад суусан байсан. Хөх цэнхэр өнгийн куртиктэй залуу үргэлжлүүлэн миний толгой доош дарсан бөгөөд тухайн үед миний хөл цэцэрлэгийн хашаанд ороод гацсан байсан. Миний толгойг доош дарж байгаад толгой руу гараа атгаж байгаад 3-4 удаа цохиод, 3-4 удаа өшиглөж байгаад яваад өгсөн. Би босоод хартал миний зодуулсан газраас 5-6 алхмын зайд шар малгай өмссөн байсан залуу болон хөх цэнхэр урт куртиктэй залуу нар *******тай зууралдаж, ноцолдсон байдалтай байсан. Тэгээд улмаар *******ыг цэцэрлэгийн хашааны булан хэсэг рүү дарж унагаад шар малгай өмссөн  цээж нүцгэн залуу түүний дээр гарж суугаад нүүр хэсэг рүү нь цохиод байхаар нь би болиулах гэтэл хөх цэнхэр өнгийн урт куртик өмссөн залуу намайг зуураад хөдөлгөхгүй байсан бөгөөд тэгээд нэг мэдэхэд би ухаан балартсан байсан гэхдээ ямар шалтгааны улмаас ухаан балартсан талаараа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би *******ын хамт тухайн 2 залуугаас зугтааж гүйж байсан. Энэ үед л би ухаан орсон гэсэн үг юм. Дараа нь бичлэгээс үзэхэд ******* гэх хөх цэнхэр өнгийн куртик өмссөн байсан залуу намайг мөргөж унагаад ухаан алдуулсан юм байна лээ…” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/
-Иргэний нэхэмжлэгч Ц.*******ээс “....З.******* нь гэмт хэргийн улмаас хохирч Эрүүл мэндийн даатгалын сангаас 325000 төгрөг зарцуулж үйлчилгээ авсан тул буруутай этгээдээр дээрх хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна..” гэх,
-Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай: “....З.*******ын биед хамар яс, зүүн хацрын ясанд хугарал, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17 дугаар хуудас/ 
-Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай: “...Б.*******гийн биед зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний ухархай, баруун, зүүн сарвууны ар талд цус хуралт, зүүн сарвууны ар талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар тал/
-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан, тайлбар мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 53-54,57-59,6162,63 дугаар  тал/
-Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар тал/,
-Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-131 дүгээр тал/
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /133-138 дугаар тал/
-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 


3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч нарын зүгээс маргаангүй байгаа ба шүүгдэгч нар нь “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймагт албан ёсоор оршин суух хаягтай боловч Дархан-Уул аймагт түр хугацаагаар ажиллаж байгаа эхнэр, хүүхэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумандаа оршин сууж байгаа байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэх, шүүгдэгч Б.*******ын миний болгоомжгүй гэмт хэрэгт оногдуулсан ялын хэмжээг багасгаж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү ” гэх агуулга бүхий гомдол гаргасан.


4.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.*******, О.******* нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд шүүгдэгч Б.*******, О.******* нарын гэм буруутай, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч З.*******т хүндэвтэр гэмтэл учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.


Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс 08 сарын хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч тус бүрт 06 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь дээрх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан байна. 


Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.


Шүүгдэгч О.*******, Б.******* нар нь өөрсдийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  торгох ял буюу 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ болох 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.


6.Шүүгдэгч Б.*******ын хувьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар ... тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулах талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 


Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас  ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* *******т  01 жилийн хорих ял оногдуулж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.


7.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй. 


Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/250  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2, 3, 4, 5, 6  дахь заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолын 
 

2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  *******ын *******, ******* ******* нарт 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулсугай” гэж, 

 

3 дахь заалтыг: 
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай” гэж, 

 

4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, 

 

5 дахь заалтыг: 
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас  ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  3-д зааснаар шүүгдэгч ******* *******т 01 жилийн хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс биелүүлэхийг мэдэгдсүгэй” гэж, 

 

6 дахь заалтыг: 
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын  өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.  
 

3.Шүүгдэгч Б.*******ын өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 
 

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                             
         ДАРГАЛАГЧ,
         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН 

                       ШҮҮГЧИД                                    З.ТӨМӨРХҮҮ 
                                   
                                                                            Б.ЭРДЭНЭХИШИГ