| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2407000660147 |
| Дугаар | 2025/ДШМ/199 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/199
2025 02 05 2025/ДШМ/199
Б.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Очбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2407000660147 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б.У, 1994 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;
Шүүгдэгч Б.У нь Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Ю Б М” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компанийн эзэмшлийн 7 боодол, 13 тонн арматурыг тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 дугаар тогтоолоор битүүмжилснийг “Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Уыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Шүүгдэгчийг “Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компанийн эзэмшлийн 7 боодол, 13 тонн арматурыг тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах, зайлсхийх гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тус гэмт хэрэгт бүлгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэг буюу хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хамаардаг. Тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч хөрөнгийн мэдүүлэгт заасан эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг нуух, өөр газар шилжүүлэх, хуурамч гэрээ, хэлцэл байгуулж, бусдын нэр дээр шилжүүлэх, бэлэглэх зохиомлоор өр, төлбөр үүсгэх зэрэг үйлдлийг ойлгодог. Доорх үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдээр Б.Уыг тус гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн 7 боодол, 13 тонн арматурыг төлбөр төлөгчийн хохирлыг барагдуулах зорилгоор ашиглах гэж байсан. Шүүгдэгч Б.У арматурыг битүүмжлээд худалдан борлуулж хохирлыг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн арматур дээр ажиллагаа хийхгүй байгаад байсан арматур нь гадаа ил байхаар зэвэрч муудах ашиглах боломжгүй болдог учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зорилгыг биелүүлэх төлбөр авагч Байгальмаагийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор утсаар шийдвэр гүйцэтгэгч Зээс зөвшөөрөл авч хурдан борлуулагдах автомашинаар сольж, тус тээврийн хэрэгслийг төлбөр авагчид санал болгосон байдаг.
2. Мөрдөн байцаалтын шатанд “Ю Б М” ХХК-д холбогдох Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ажиллагаа хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалыг татуулах тухай хүсэлт гаргахад хүсэлтийг шийдвэрлээгүй. “Ю Б М” ХХК-ийн хувьд олон гүйцэтгэх хуудасны материалтай зөвхөн 7 боодол 13 тонн арматур битүүмжлэгдээгүй компанийн хөрөнгө бүхэлдээ битүүмжлэгдсэн байсан. Хэрвээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, хөрөнгөө нуун дарагдуулах зорилготой байсан бол бусад хөрөнгүүдийг ч бусдад шилжүүлэх худалдан борлуулж болохоор байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн арматур дээр ажиллагаа хийхгүй, чанарыг муутгаж байсан.
3. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хэргийг тал бүрээс нь шалгаж нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй. Гэтэл ажиллагааг тал бүрээс нь хийлгүйгээр зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан байдаг. “Ю Б М” ХХК олон хувьцаа эзэмшигчтэй, шийдвэр гүйцэтгэгч З арматурыг хөдөлгөх, худалдан борлуулах талаар зөвшөөрлийг утсаар өгч байхад Сүхээ, Батдорж нар цуг байсан, зөвшөөрөл өгсөн тухай сонссон байхад тэд нараас мэдүүлэг авч хэрэгт бэхжүүлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Монголын Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, ... гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх оршино”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн заалтын 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасныг баримтлалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Дээрх хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудаас үзэхэд Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШШТ/204 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Л.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ут холбогдох хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, битүүмжилсэн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн гэж буруутгадаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан бол” гэж заасны дагуу шийдвэр хууль ёсны гарсан эсэх ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээдэд хадгалж, хамгаалуулахаар шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн 221 дүгээр талд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд дурдсанаар тухайн битүүмжлэх ажиллагаанд ямар албан тушаалтныг оролцуулсан талаар тодорхой дурдсан. БНХАУ-ын иргэн Хан гэх хүнийг оролцуулсан. ”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын тогтоолоор гэрээ байгуулсан бусад этгээд гэж дурдсан боловч төлбөр төлөгч байхгүй, түүний гэр бүлийн хүн байхгүй, хариуцсан албан тушаалтан оролцуулахгүйгээр хадгалах, хамгаалах хариуцлагын гэрээ байгуулсан. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын тогтоол хууль бус гарсан. “Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь хувьцаа эзэмшигч н.Батдорж нарыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-аас битүүмжлэлийн үйл ажиллагаанд оролцуулаагүй. Хадгалах, хамгаалах, шилжүүлэх тогтоол танилцуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэдэхгүй, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол орчуулагч, хэлмэрчийг оролцуулна” гэж тодорхой заасан байхад БНХАУ-ын иргэн Ханд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.7 дахь хэсэгт “Санаатайгаар буруу орчуулсан, эсхүл хэлмэрчилсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг орчуулагч, хэлмэрчид урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэж заасныг хэрэгжүүлээгүй. БНХАУ-ын иргэн Хан, “Ю Б М” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд биш, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-тай гэрээ байгуулж, хадгалах, хамгаалах эрх үүрэг хүлээсэн эрх бүхий этгээд биш байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан” гэж, Зөрчлийн тухай хуулийн 15.27 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх” гэж заасныг тус тус зүйлчилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тэмдэглэл хөтөлсөн. Хадгалалт хамгаалалт, шилжүүлэлтийг Ханд даалгасан талаар тэмдэглэлд үйлдсэн гэх боловч төрийн байгууллагын дүрэмт хувцастай хүмүүс ирээд, ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, бичиг баримт бүрдүүлсэн байдаг. Эрх бүхий байгууллагын албан тушаалтан хууль, журам зөрчсөн. Гэрчүүдэд хууль тайлбарлаж, худал мэдүүлэг өгсөн нөхцөлд, эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын тогтоол мөн нэгэн адил явагдах ёстой. Гэтэл Б.У “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолтой танилцаж гарын үсэг зураагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй. Дээрх хуулийн заалтад заасан хариуцлага Ханд тогтоолоор даалгасан. Б.Уыг хууль зөрчсөн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтад “Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор хөрөнгийг ашиглах зайлшгүй шаардлагатай тохиолдолд түүнийг зохих ёсоор ашиглахад шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардахгүй” гэж заасан. Гэрчүүдийн мэдүүлгээр “Б.У шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Зд машинаар бартер хийгээд ирсэн. Та машин авах уу гэхэд, З авахгүй гэсэн” гэж тодорхой мэдүүлдэг. Гэмт хэргийн субьектив шинж хангагдахгүй байгаа нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор цагаатгах талын баримт олж тогтоогоогүй. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалд танилцахдаа тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийг хэргийг бүхэлд нь татаж өгөх хүсэлт гаргасан. Ганц арматур байгаагүй, олон төрлийн машин, техник байсан. Энэ байдлыг тодруулах ёстой. Эдгээр ойлгомжгүй байдлын талаар хүсэлт гаргасан боловч тодорхой хариу тайлбар өгөөгүй. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хууль ёсны гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгогүйгээр хохирлыг барагдуулсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Ю Б М” ХХК-д шүүхийн шийдвэр хүргүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй учраас “Ю Б М” ХХК-д очиход арматур үйлдвэрлэж байсан. Уг 7 тонн арматурыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор битүүмжилж, хадгалалт, хамгаалалтын гэрээ байгуулсан. БНХАУ-ын иргэн Хан тухайн үед байсан учраас түүнд хариуцуулсан. Дараа нь гүйцэтгэх захирал Б.Ут мэдэгдсэн. Энэ тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч хууль бус талаар гомдолдоо дурдаж байна. Хэрэв хууль бус тогтоол гэж үзсэн нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргаагүй учир хууль бус тогтоол гэж үзэх үндэслэлгүй. Битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулсан талаар цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ю Б М” ХХК-ийн холбогдох төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. ...” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд талуудаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй хасуулах баримтын талаар санал, хүсэлт гаргаагүй. Тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нотлох баримт үндэслэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд Налайх дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.У нь Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Ю Б М” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компанийн эзэмшлийн 7 боодол, 13 тонн арматурыг тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 дугаар тогтоолоор битүүмжилснийг “Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж зайлсхийсэн болох нь:
хохирогчийн төлөөлөгч Э.Оийн: “...Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 104/ШШ2022/00441 дугаартай гүйцэтгэлийн хуудсаар Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Ю Б М” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компанийн 7 боодол 13 тонн арматурыг тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Гэвч уг битүүмжилсэн 7 боодол 13 тонн арматурыг уг “Ю Б М” ХХК нь дур мэдэн захиран зарцуулсан байдал тогтоогдсон. ...ямар нэгэн зөвшөөрөл, хүсэлт гаргаагүй. Хэрэв захиран зарцуулах хүсэлт гаргасан тохиолдолд манай хэлтсээс хянаж үзээд захиран зарцуулж болох тухай тогтоол гарна. Тийм хүсэлт гаргаагүй тул зөвшөөрөл олгосон тогтоол гараагүй. ...”Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь тухайн 7 боодол 13 тонн арматурыг Mersedens Benz Class Е300 маркийн тээврийн хэрэгслээр сольсон гэх талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлсэн...” /хх 35-36/,
гэрч Х.А-ийн “...шалгалтын ажиллагааны үеэр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн A болон Б нарт танилцуулсан боловч танилцуулснаас хойш тухайн этгээдүүд нь оршин суух хаягаа өөрчлөх, утасны дугаарыг өөрчлөх, байгууллагын оффисыг мэдэгдэлгүйгээр шалгалтын ажиллагаанд саад учруулан хэд хэдэн удаа сольж хүндрэл учруулж байна. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23310017/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 7 боодол 13 тонн арматур төмрийг битүүмжилж иргэн Байгалмаагийн хохирлыг барагдуулах гэсэн боловч иргэн Б.У нь 2023 оны 05 дугаар сард уг битүүмжилсэн эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл болгон бусдад худалдан 7,500,000 төгрөгийг иргэн Байгальмаад хүлээлгэн өгсөн. Уг 13 тонн арматур төмрийн зах зээлийн ханшийг тухайн үед 2,400 төгрөгөөр бодоход 31,200,000 төгрөг болж байсан. Иймд иргэн Б.У нь иргэн Байгальмаад олгогдох ёстой 23,700,000 төгрөгийг нөхөн төлөөгүй болно... “ /хх 39/,
гэрч Д.Б-ийн “ ... Миний хүү Х.Б 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю Б М” ХХК-д үйлдвэрлэлийн осолд ороод нас барсан юм. Тухайн аж ахуйн нэгжээс хүүгийн маань оршуулгын зардал гэж 3,000,000 төгрөг өгсөн юм. “ Ю Б М” ХХК -аас гэм хорын хохирлын мөнгө , оршуулгын зардал ороод 82.919.778 төгрөгийн хохирлын мөнгийг надад төлөх ёстой байсан юм. Тэгээд дээрх аж ахуйн нэгжээс надад 25,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 54,919,778 төгрөгийг хоёр хуваагаад надад төлөхөөр тохиролцож тохиролцооны гэрээ хийсэн юм. Энэ аж ахуйн нэгжээс надад заасан гэрээний дагуу мөнгө өгөхгүй байхаар нь би иргэний шүүхэд хандаад гүйцэтгэх захирал Б.У надад 2 хувааж мөнгө өгнө гэчхээд өгөхгүй яваад байхаар нь би Налайх дүүргийн шүүхийн шийдвэрт хандаад тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд нь үйлдвэрлэж байсан 13 тонн 7 боодол арматурын төмрийг битүүмжилсэн. Тэгсэн чинь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээ хийлгээд уг төмрийн үйлдвэрт очсон чинь Шүүхийн шийдвэрийн битүүмжилсэн 7 боодол 13 тонн арматурын төмрийг “ Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь бусдад зарж үрээд Benz Е300 маркийн тээврийн хэрэгсэл болгоод унасан байсан. Шүүхийн шийдвэрийн З байцаагч та энэ машиныг сонирхож үзэхгүй юм уу гэж надаас асууж байсан. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахлах Цэцэгээ нь надад хэлэхдээ “ Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У битүүмжилсэн 7 боодол, 13 тонн төмрийг зарж борлуулах талаараа бид нарт мэдэгдээгүй, хэрэв мэдэгдсэн бол манайх албан бичиг гаргаж өгөөд зарагдсан төмрийнх мөнгийг заавал танд буцааж өгөх ёстой байсан гэж хэлж байсан.” /хх 52/,
гэрч Б.Ц-гийн “...Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 тоот тогтоолоор иргэн Байгальмаад төлөх төлбөрт 13,675 грамм /13 тонн 675 кг, 200 грамм/ хэмжээтэй 7 боодол арматурын төмрийг битүүмжилж 2023 оны 04 дүгээр сарын 24-ний дотор тухайн төлбөрийг биелүүлэхийг мэдэгдэж хугацаа тогтоож өгсөн, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэхийг мэдэгдсэн юм. ...Манай байгууллагаас тухайн битүүмжилсэн арматур төмрийг тухайн аж ахуйн нэгжийн байрлалд нь хадгалалт, хамгаалалт хариуцуулан үлдээсэн. Арматурыг төмөр нь амархан муудаж, шинж чанараа алдах эд зүйлд орохгүй юм. Надад Б.Ут тухайн арматур төмрийг зарж борлуулах зөвшөөрөл өгөөгүй. Би өөрөө тогтоолоор эд зүйлийг битүүмжилсэн баримт үлдээчхээд тухайн эд зүйлийг зарж борлуулах зөвшөөрлийг би яасан ч өгөөгүй учир битүүмжилсэн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөхөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэлээс чөлөөлсөн тогтоол үйлдэж битүүмжлэлээс чөлөөлдөг эрх зүйн зохицуулалттай Б.Ут ийм чөлөөлсөн тогтоол үйлдэж гаргаж өгөөгүй байхад өөрөө дур мэдэн битүүмжилсэн эд зүйлийг худалдан борлуулсан. Зээс Б.У арматурын төмрийг чөлөөлөх олгосон тогтоол гаргаж өгсөн зүйл шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй байна. Тэгэхээр ямар нэг худалдан борлуулах зөвшөөрөл олгоогүй гэж үзэж байна. Надтай битүүмжилсэн зүйлийн талаар холбогдсон зүйл байхгүй.” /хх 55-56/,
гэрч Г.Зийн “ ... Тухайн битүүмжилсэн 7 боодол, 13 тонн арматурын төмрийг битүүмжлэхээс өмнө тухайн “Ю Б М” ХХК нь өөр нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн барьцаа эд хөрөнгө байхгүй, төлбөр гаргаж өгөх боломжгүй гэсэн мэдээлэл өгч байсан ч төлбөр авагч Урнаа гэх хүнээс “ Ю Б М” ХХК нь шөнө орой төмөр ачаад байна гэх мэдээллийн дагуу очиход тодорхой хүнд хүлээлгэн өгч байсан. Мөн Б.Уыг дуудахад дуудсан хугацаанд ирэхгүй 2-3 хоногийн дараа ирдэг, өмгөөлөгчтэй очно гээд ирдэггүй, шалтаг шалтгаан гаргаж ярьж ажиллагааг санаатайгаар удаашруулдаг байсан. Б.У гэх хүн ерөөсөө холбогдож ямар нэгэн зүйл ярьж байгаагүй “ /хх 62/ гэсэн мэдүүлгүүд,
гэрч Д.Б, шүүгдэгч Б.Уын гэрчээр асуугдсан үед гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 67/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/900 дугаартай Бусдад төлбөртэй хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай албан бичиг /хх 06-07/,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээс сарын 28-ны өдрийн 104/ГХ2022/00441 дугаартай “...”Ю Б М” ХХК-аас 54,919,778 төгрөгийг гаргуулж төлбөр төлөгч Д.Б-д олгох...” гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж /хх 09-12/,
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23310017 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх 13-14/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгчид эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл /хх 15-16/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 17-18/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23310017/15, 23310017/16, дугаартай зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 19-20/,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22310383/11 дугаартай “...№12 диаметртэй 10 метр урттай арматурын төмөр гэх нарийн урт боодолтой 100 ширхэг...ф12 9 метрийн урттай арматурын төмөр гэх нарийн урт Метал багцалж боосон...ф12 8 метр урттай арматурын төмөр гэх нарийн урт Метал 1 боодол ф12, 12 метр урт арматурын төмөр гэх 3 боодол Метал...” Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт /хх 25-26, 79-80/, Шийдвэр гүйцэтгэгч Г.Зийн төлбөр төлөгч Б.Уаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тайлбар авсан тэмдэглэл /хх 93/, “Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гаргасан хүсэлт /хх 94/, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/347 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Б.Уын битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Уыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Уаас “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр төлбөр төлөгч “Ю Б М” ХХК-аас 54,3919,778 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Д.Б-д олгох тухай шийдвэрийг үндэслэн жагсаалтад дурдсан арматурыг битүүмжилжээ. /1хх 79/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсэгт “Битүүмжилсэн, барьцаалсан хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба “Ю Б М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн 13 тонн арматур төмрийг шийдвэр гүйцэтгэгчид зохих ёсоор саналаа хүргүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгч нь худалдан борлуулахтай холбоотой эрхийн акт гаргаагүй байхад зэврэлт үүсгэхээс өмнө худалдан борлуулах зайлшгүй шаардлагатай гэж дур мэдэн захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Уын шийдвэр гүйцэтгэгч н.Зд арматур зарах гэж буйгаа хэлж зөвшөөрөл авсан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар эрхийн акт гараагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны хөрөнгийг худалдан борлуулахыг зөвшөөрсөн гэж үзэж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах боломжгүй юм.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шүүгдэгч Б.Ут оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэл муутай болсон байна гэж үзлээ.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан ба давж заалдах шатны шүүхээс Б.Ут оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногийн дотор төлөх гэсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ...” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ