2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08961

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 21 191/ШШ2025/08961

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ий ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, 118,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* /Ү№*******/,

Хариуцагч Ц.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* /Ү№/,

Гэрч М., Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ц.******* миний бие эхнэр болон охин Ц.*******, Ц. хоёр охины хамт амьдардаг байсан. 1998 онд би эхнэрийн хамт авто машинтай осолдож, миний эхнэр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, би өөрөө хүнд бэртэл авч удаан хугацаанд эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Үүнээс хойш би бусдын л адил хоёр охиноо гадаадад сургууль, соёлд сургаж, хайр халамж, мөнгө төгрөгөөр дутаахгүй гэж хичээж, эцгийн үүргээ гүйцэтгэж ирсэн.

Тэд маань ажил, мэргэжил амьдралтай болж тусдаа гарч, хүний эхнэр, хүүхдийн эх болж, одоо сайхан амьдарцгааж байгаа билээ. Ц.******* миний бие насаараа боловсролын салбарт ажилласан, энэ хичээл зүтгэлийг минь үнэлж, өөрөөр хэлбэл, ажлын үр дүн, ажилласан жил зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж, манай албан газраас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 5 дугаар байрны 14 тоот хуучны 2 өрөө, 35 м.кв орон сууц өгсөн.

2016 онд миний бага охин Ц.******* нь  тоот хуучны 2 өрөө, 35 м.кв орон сууцны өөрт ногдох хэсгээ бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн.

Түүний хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэлийн гэрээгээр охин Ц.*******д өгсөн, үүний дараа миний бие сүүлд ханилан суусан хүнтэйгээ хамтдаа амьдрахаар болсон. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сард шар усны үер болж Баянхошууны байшин маань тэр чигтээ усанд автсан, тэнд хүн амьдрах боломжгүй болж, амьдрах газаргүй болсон.

Тэгээд би охин Ц.*******д: "байшин үерт автсан, бид дахин байр сууцтай болтлоо тоот буюу бэлэглэсэн байрандаа хэсэг амьдаръя, тэгээд нэг орон байртай болоод нүүнэ" гэдгээ хэлсэн. Тэр байрыг би авна гэж хэлээгүй юм.

Гэтэл охин Ц.******* миний энэ хүнд нөхцөл байдалд байгааг ойлгоогүй, тэнд амьдрахыг зөвшөөрөөгүй, би аргагүй гэр оронгүй болсон учраас түүнд хандахад тэрээр зөвшөөрөөгүйд нь гомдсон. Уг нь эхнэр М.ийн 2 хүүхэд, өөрийн 2 хүүхэд тус бүрээс 10,000,000 төгрөг буюу нийт 40,000,000 төгрөгөөр байрны урьдчилгаа төлбөрийг төлөөд орон сууцанд орох санал гаргахад Ц., Ц.******* нар татгалзсан.

Одоо эхнэр М.ийн охиных нь түрээсийн байранд амьдарч байна, намайг гэртээ оруулаагүй, үр хүүхдээсээ ийм үг сонсоно гэж огт бодоогүй бөгөөд олон сарын турш би кресло, сандал дээр, хөгшин маань газраар унтаж байгаа, гялгар уутанд юм хумаа хийгээд энд тэнд явж байна. Би олон жил улсад багшилсан, шинжлэх ухааны доктор, олонд нэр хүндтэй хүн байтал олон нийтэд миний нэр хүндийг, түмний нүдэн дээр унагааж, гэр оронгүй, гудамжинд тэнүүчлэн явахад хүргэж, нохойноос дорд үзэж байгаад гомдолтой байна.

Түрээсийн байрны төлбөр 1,500,000 төгрөг, түүнийг төлж чадахгүй байгаа бөгөөд Баянхошууны байшингаа засах эдийн засгийн боломжгүй, хэцүү байдалтай байна. М.ийн Солонгос улсад амьдардаг охин нь орон сууц худалдаж авах гэж байсан мөнгөнөөсөө явуулсан, түүнийг нь түрээсийн төлбөрт төлсөн.

Бэлэглэлийн гэрээгээр охиндоо өгсөн байр өнөөдөр зах зээлийн үнэлгээгээр 170-195 сая төгрөг болж байна, уг нь байраа би нэг ч төгрөг авахгүйгээр бэлэглэсэн байтал орон гэргүй болсон үедээ 10 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлээч гэхэд зөвшөөрөөгүйн зэрэгцээ төрсөн үр хүүхэд битгий хэл хамааралгүй хүнээс ч гарахгүй сэтгэл эмзэглэм муухайгаар хэлж, давшилж байгаад гомдолтой байна.

Миний бие боловсролын салбарт насаараа ажилласан, шинжлэх ухааны доктор зэрэгтэй байж өдий насандаа орох оронгүй, хөгшинтэйгөө айл айлын хаяа бараадаж, тортой хувцсаа барьж явах ийм нөхцөл байдал 2024 оны 03 сард байшин маань үерт автсан цаг үеэс хойш үргэлжилж байна. Ийм нөхцөлд орчихоогүй байсан бол би өнөөдөр үр хүүхдээ шүүхэд дуудаад сууж байх шаардлага огт байхгүй юм.

Байшин шар усанд автсан, амьдрах боломжгүй болсон гэх үйл баримтын талаар маргахгүй байгааг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Ийм байдалтай орох оронгүй болсон болохоор Ц.******* өөрийн орон сууцанд амьдрах санал гаргатал эхнэр М.ээс сал гэсэн асуудал яригдсан.

М. шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэр төр түүний хамаатан садан, ах дүү нарын дунд унаж байгаа талаар мэдүүлж хэлсэн. Гэтэл М.ийн хүүхдийнх нь түрээслүүлдэг орон сууцанд амьдарч байгаа тул түрээс төлдөггүй гэж байгааг зөвшөөрөхгүй, өрх гэрийн тэргүүн хүний хувьд Ц.******* түрээсийн төлбөрийг төлдөг, төлөхөөс өөр аргагүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ц.*******, түүний эхнэр, охин Ц.******* нарын нэр дээр байсан, түүний эхнэр нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Ц.*******, охин Ц.*******, Ц. нар хууль ёсны өвлөгч байх ба Ц. өвөөс татгалзсанаар түүний хэсэг нэхэмжлэгч, хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хуваагдаж очих учиртай.

Бэлэглэлийн гэрээг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгох шаардах эрхийн үндэслэл 2024 оны 03 сард буюу шар усны үер болж байшиндаа амьдрах боломжгүй нөхцөл байдалд орсноор үүссэн, ийнхүү шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор шаардсан нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй нь тогтоогдоно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашидбилүүн ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны зах зээлийн үнийг 237,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2016 оны 10 сарын 24-ний өдөр Ц.*******тай байгуулсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 5 дугаар байрны 14 тоот хуучны 2 өрөө, 35 м.кв орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээний зүйл болох орон сууцнаас ногдох хэсэг 118,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ц.******* нь нэхэмжлэгч Ц.*******ий бага охин. Тэрээр ээж, аав, эгчийн хамт  тоотод амьдардаг байсан. 2001 онд ээж, аав 2 нь Булган аймаг руу явж байхдаа осолдож ээж нь газар дээрээ бурхан болж тэр цагаас эхлэн аав, зээ дүү гийн хамт амьдарч байгаад 2007 онд хүнтэй сууж, зээ дүү маань гадаадад суралцахаар явж, аав гэртээ ганцаараа үлдсэн.

Миний бие 2007 онд гэр бүлтэй болох хүртлээ аавтайгаа хамт амьдарч, аавдаа бүх талаар дэмжиж тусалж дэмжиж ирсэн. Энэ үеэс аав Ц.******* маань М. гэдэг хүнтэй гэр бүл болж энэ хүнийхээ 2 хүүхэд ач, зээ нартай хамт энэ байранд амьдарч байсан.

2016 онд аав Ц.******* маргааны зүйл болох орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр надад шилжүүлсэн, гэхдээ 2023 он хүртэл тэр байрандаа аав маань сүүлд суусан эхнэр, тэдний хүүхдүүдтэй хамт амьдардаг байсан, амьдрахгүй үедээ бусдад түрээслүүлдэг байсан.

Би байнга аав дээрээ очиж гэрийг нь цэвэрлэж, хоолыг нь хийж өгдөг байсан, гэтэл нэг өдөр очиход манай гэрийн хаалганы код солигдсон, орох боломжгүй болгосон байсан. 2023 оны 8 сард миний зээ дүү орон сууцандаа амьдрахаар болоход аавын эхнэр М.ийн хүүхдүүд байрыг суллаж өгсөн. Тэгэхэд байрыг маань хүн амьдарч байсан гэмээргүй байдалтай болгож орхисон байсан. М.ийн хүүхдүүд байранд 2023 оны 8 сар хүртэл амьдарч байсан, тэд өөрсдийнхөө орон сууцыг бусдад түрээслүүлээд манай орон сууцанд амьдарч байсан, энэ талаар бид маргаан үүсгэж байгаагүй.

2024 оны зун аавын амьдарч байсан Зүүн салаан дахь байшин усанд автаж, бид нарыг очиход М., аав 2 согтуу байсан бөгөөд байр авах тухай яриа гарч эгч бид 2-ыг 10,10 сая төгрөг өгөхийг шаардахад нь тийм их мөнгө бэлэн байхгүй гэхэд М. маргаашийн дотор гаргаж өг гээд биднийг загнаж, орилж хашхираад байсан. Тэгснээ байраа шүүхээр хөөцөлдөж авна гэсэн.

2008 онд аав над руу залгаад орон сууцыг өөрийнхөө нэр дээр болгож ав гэсэн, байрнаас болж маргаан гарч байна гэсэн. Тэгээд орон сууцыг зээ дүүгийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтэй байсан боловч дүү маань гадаад улсад сурч байсан, эгч Ц. болон аав 2 өөрсдийнхөө нэрээ оруулахаас татгалзаж, миний нэр дээр бүртгэлтэй болсон. Уг орон сууцны гэрчилгээнд ээж болон эгч Ц., аав болон миний нэр бүртгэлтэй байсан. Ингээд тухайн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр хуулийн дагуу гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлөөр миний нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Эгч бид хоёр аавдаа 10,000,000 төгрөгийг боломжоороо цуглуулж өгнө, бид нарт бэлэн байхгүй байна гэж тайлбарлаж хэлсэн бөгөөд бага багаар цуглуулж өгч байсан. Түүнээс гадна аавыг тэр байранд очоод зээ охин н.гийн хамт амьдарч бай гэхэд М. айлын хүүхэдтэй хамт байхгүй гэж хэлсэн. Эгч бид 2 аавдаа бүхий л боломжоороо тусалдаг, эрүүл мэндэд нь анхаарч тусалж дэмжлэг үзүүлж байсан.

Хүний нэр төрд халдсан, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан зэрэг үйлдэл гаргасан бол ноцтой гомдоосон гэж үзэх байтал ийм зүйл байдаггүй. Өнгөрсөн хугацаанд төрсөн охины үүргээ биелүүлж аавдаа тусалж дэмжлэг үзүүлдэг байсан. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуульд маш тодорхой заасан, хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зохицуулсан байдаг. Талуудын хооронд 2016.10.24-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь энэ өдрөөс эхлэн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ гэж үзэж байна. Харин энэ хугацааг 2024 оны 3 сард буюу байшин шар усны үерт автсан үеэс тоологдоно гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Ноцтой гомдоосон гэсэн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 118,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Гэрч М. нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... Ц.******* бид хоёр 2003 онд танилцсан, 2005 оны 5 сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. ******* 2 охин, 1 зээтэй гэдгийг мэднэ, түүний 2 охиныг таньдаггүй, харин зээ охиныг нь таньдаг байсан. Түүний охидтой 5, 6 жилийн дараа танилцаж байсан, тэд аав дээрээ огт ирдэггүй, утсаар ярьдаггүй, жилд 2-3 удаа утсаар ярьдаг, цагаан сараар хааяа мөнгө өгдөг байсан. Ц.******* хүнд хагалгаанд ороход Ц.******* ирсэн, намайг ажилдаа явахад тэр сахиж үлдэж байсан...

*******ийг согтуу байх үед нь ******* дуудаж аваачаад нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн, юун дээр гарын үсэг зуруулж байгаагаа хэлээгүй гэсэн, тэгсэн сүүлд бодоход энэ гэрээ юм байна гэж байсан.

2023 оны 8 сард Тэнгисийн орон сууцанд манай хүүхдүүд амьдарч байсан, ******* бид хоёр хагас бүтэн сайнд тэдэн дээр очдог байсан.

...Хүний эцэг эх үр хүүхдэдээ гомдох нь бага байдаг, миний хүүхдүүд түүнийг ааваа гэж дууддаг, ах дүү нар маань түүнийг хүндэлж харьцдаг байтал төрүүлсэн охид нь аавыгаа асран хамгаалдаггүй, тоодоггүй, утсаар ярьдаггүй байсан зэрэгт аав нь гомдсон байх гэж бодож байна. ...Зуслангийн байшингийн газрыг манай охин 35,000,000 төгрөгийн зээлээр авсан, тэгээд ******* бид хоёр өөрсдийн байшинтай болох гээд тэнд байшин барьсан. 2019 онд байшин усанд автахад байшиндаа засвар хийх гээд Тэнгисийн байранд 6 сарын хугацаанд амьдарч байсан.

2024 оны 03 сард байшинд ус ороод *******, хоёр ирсэн, тэгэхэд ******* тэдэнд Тэнгисийн байрандаа амьдрах талаараа хэлэхэд хариу хэлээгүй тул бид хоёр манай хүргэний түрээсэлж байсан орон сууцанд очсон. Манай хүүхдүүд 2 талаас 4 хүүхэд тус бүр 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг гаргаад орон сууцны урьдчилгаа бүрдүүлж өгье гэснийг хэлсэн. Гэтэл үүний дараа ******* нь аав руугаа наад авгайгаасаа сал, салаад Тэнгисийн байранд ирээд зээ охинтойгоо хамт амьдар гэсэн мессэж бичсэн байсан. Үүнд нь ******* их гомдсон байх, бид хоёр гэр бүл болоод 20 гаруй жил хамт амьдарч байна ... гэв.

 

4. Гэрч Ц. нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ...2001 онд ээж маань нас барахад дүү бид 2 насанд хүрцгээсэн, сургуулиас төгссөн, миний бие гэр бүл болж тусдаа гарсан, дүү ******* аавтай хамт амьдардаг байснаа 2006 онд тусдаа гарсан. Энэ хугацаанд энэ орон сууцтай холбоотой маргаан их гарч байсан, М.ийг явуулах гэж аав гэртээ бензин асгаж шатаах гэж хүртэл оролдож байсан. Тухайн үед ******* бид 2 аавыгаа буруутгаж, М.ийг өмөөрч байсан. Тэгээд сүүлд нь аав маань *******д орон сууцнаас болж миний амь нас яригдах юм шиг байна, та нар ав гэж утсаар ярьсан байсан. Бид түүнтэй орон сууцны талаар огт ярьдаггүй байсан, аавыгаа жаргалтай амьдарч байвал боллоо гэж бодоод түүнээс тусламж авдаггүй, харин ч түүнд тусалж дэмжиж байсан.

Байшин усанд автсаны дараа гэр бүлийн хурал хийгээд авга ах рүү ярьцгаасан. Тэгэхэд авга ах маань амьдрах орон сууц байна, тэнд очиж амьдрах уу гэж ааваас асуухад үгүй, харин өөрийнхөө орон сууцанд амьдарна гэж хэлсэн. Тухайн орон сууцанд миний том охин засвар хийгээд амьдарч байсан болохоор тэй хамт амьдрах юм байна гэж бодсон. Гэтэл өөрөө очиж амьдраагүй мөртлөө орох оронгүй байхад оруулаагүй гэж байгааг зөвшөөрөхгүй, авга ах ийн зүгээс аавд 10,000,000 төгрөг өгсөн, тэгээд үр хүүхдийнхээ эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж аваарай, 1 жилийн дараа орон сууц авч өгнө гэж хэлсэн байсан.

Миний хувьд та тэй хамт байх уу гэж утсаар асуухад би хүний хүнтэй хамт байхгүй гэж хэлсэн. Энэ бол аавын маань үг биш, харин ийн үгийг аав надад дамжуулж хэлсэн гэж бодож байна. Үүний дараа аав та хоёр 10,000,000 төгрөг яаралтай өг, хэрэв өгөхгүй бол би хэцүү байдалд ороод байна гэж хэлсэн. Тэр үед би аав та хэцүү байгаа бол хүрээд ир, бид нар таныг асарна гэж хэлсэн... гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 2016.10.24-ний өдрийн Ц.*******ээс Ц.*******д бэлэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр Засаг даргын тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, Үнэгүй.мн сайтаас гаргасан орон сууцны зах зээлийн үнэлгээний баримт, Ц.*******ий оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.*******тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хурааж төлсөн баримт, Ц.*******, М. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2016.10.24-ний өдрийн Өвлөгч Ц.*******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2016.10.24-ний өдрийн Ц.ын Өв хүлээн авахаас татгалзах тухай баримтын хуулбар, ажил хүлээлгэж өгсөн байдал гэх гэрэл зургийн үзүүлэлт, 2025.01.24-ний УБ Сонгдо эмнэлгийн үзлэгийн захиалгын хуудас, 2025.01.29-ний өдрийн төлбөрийн баримт, 2025.01.31-ний өдрийн Голомт банкны 121,000 төгрөгийн худалдан авалтын баримт, 2025.01.31-ний өдрийн төлбөрийн баримт, 2025.01.31-ний УБ Сонгдо эмнэлгийн үзлэгийн захиалгын хуудас, 2025.02.01-ний өдрийн УБ Сонгдо эмнэлгийн үзлэгийн захиалгын хуудас, 2025.01.24-ний өдрийн 95,800 төгрөг, 2025.02.03-ний 36,740 төгрөгийн төлбөрийн баримтууд, М.ийн гадаад паспортын хуулбар, М.ийн ХААН банкны 5031355134 тоот дансны 2024.03.01-ний өдрөөс 2025.07.18-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г. гэх хүн рүү хүргүүлсэн шуудан, 2023.11.18-ны өдрийн Э.Баттамиртай байгуулсан Түрээсийн гэрээ, хуулбар, Э., О.нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, байр түрээсний төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн гэх Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2025.08.06-ны өдрийн №18/386 дугаартай Монгол шуудан ХК Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улсын боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн 2025.08.14-ний өдрийн №1/98 дугаартай *******ийн *******ий улсад гүйцэтгэж ирсэн ажлын үндсэн чиглэлүүд гэх албан тоот, Ц.*******ий №дугаартай Дэд профессорын, № дугаартай Профессорын, № дугаартай Шинжлэх ухааны докторын дипломын, № дугаартай Дэд эрдэмтний дипломын үнэмлэхийн хуулбар, М.ийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх 1-19, 82-83, 86-97, 112-154, 1 хх 247-250, 2 хх 1-28/,

5б.Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, Ц.*******аас Б.*******өд олгосон 2 жилийн хугацаатай итгэмжлэл, Б.*******ийг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газарт төлсөн төлбөрийн баримт, 2017.01.30-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Улаанбаатар хотын банкны 2017.01.30-ний өдрийн төлбөрийн баримт, 2016.10.24-ний өдрийн №223 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №10532 дугаартай Ц.гийн Нас баралтын бүртгэлийн лавлагаа, 2016.10.24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээний хуулбар, Ц.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.*******ий орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ц.*******д шилжүүлсэн төлбөр болон эмчилгээний зардлын тайлан, *******ий ын 2025.07.19-ний өдрийн эмнэлгийн магадлагаа, УБ Сонгдо эмнэлэгт Ц.*******ийн хэвтэн эмчлүүлсэн магадалгаа, Голомт банкны мемориалын баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Голомт банкны тоот, тоот дансны хуулга болон гүйлгээний мэдэгдэл, /1 хх 32-33, 85, 112-121, 155-215/,

5в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний нэхэмжлэх, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний компанийн Шинжээчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.09.22-ны өдрийн 10-7/910 тоот дугаартай Нотлох баримтын хуулбар хүргүүлэх тухай албан бичиг, түүнд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдсэнтэй холбоотой баримт /1 хх 48-66, 224-235 / зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан,

талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 118,500,000 төгрөг болгож ихэсгэсэн.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашидбилгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон, 2025 оны 5 сарын байдлаар орон сууцны зах зээлийн 237,000,000 төгрөг гэж үнэлсэн, нэхэмжлэгч уг үнэлгээгээр тооцож, өөрт ногдох хэсгийг 118,500,000 төгрөг гэж тодорхойлсон. /1 хх 43-66/

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 5 дугаар байр 14 тоот орон сууцыг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон 851045 тоот орон сууц эзэмших эрхийн бичигтэй Ц.*******ий 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, мэдүүлэг зэргийг үндэслэн, Эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэн, тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон байх ба хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Ц., Ц.******* нарыг бүртгэсэн.

 

4б. Орон сууцны хамтран өмчлөгч Ц. 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, түүний төрсөн охин болох Ц.*******д өвлүүлэгчийн өмчлөлд байсан дээрх орон сууцыг өвлөх 223 тоот эрхийн гэрчилгээг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгожээ.

 

4в.2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.******* болон Ц.******* нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ байгуулагдаж, бэлэглэгч тал Ц.******* нь тоот хаягт байрлах, 35 мкв талбайтай, хоёр орон сууцны өөрт ногдох хэсгийг бэлэг хүлээн авагч тал Ц.*******д хариу төлбөргүйгээр шилжүүлэх, бэлэг хүлээн авагч нь гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцахаар тохиролцжээ.

 

Энэхүү гэрээний 2.1-т Үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 60,000,000, 2.2-т Ногдох хэсгийн үнэлгээ 30,000,000 гэж тусгажээ.

 

4г. Дээр дурдсан өвлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү- бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн  тоот хаягт байршилтай, 35 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хуувь ёсны өмчлөгчөөр Ц.*******ыг бүртгэсэн, тот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон болох нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх 156-166, 224-235/

 

5. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-т  эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр  гэрээ байгуулсанд тооцохоор, Иргэний хуулийн  276 дугаар зүйлийн 276.1-т бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-т эд хөрөнгө шилжүүлснээр  гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

      

5а. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, тодруулбал бэлэглэгчийн хүсэл зоригийг бэлэг хүлээн авагч зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог хиймэгц биелэх онцлогтой нэг талын гэрээ байхыг шаардана.

 

Үүнээс үзэхэд бэлэглэгч Ц.******* нь орон сууцны өөрт ногдох хэсгийг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, ийнхүү шилжүүлснийг бэлэг хүлээн авагч Ц.******* ямар нэг байдлаар татгалзаагүй хүлээн авсныг зөвшөөрсөн гэж үзэх тул талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ... 2024 оны 3 сард өөрийн амьдарч байсан байшин шар усны үерт автсан, ингэснээр дээрх орон сууцанд түр амьдрах гэхэд татгалзсан, мөн байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгөөгүй зэрэг нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл тул гэрээг хүчингүй болгож, орон сууцнаас өөрт ногдох хэсэг 118,500,000 төгрөгийг, хуульд заасан хугацааны дотор шаардсан гэж тодорхойлсон.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...дээрх байранд зээ охины хамт амьдрахгүй гэж өөрөө татгалзсан, шаардсан мөнгийг боломжит хугацаанд бус нэн даруй өгөхийг шаардсан тул түүнийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэж үзэхгүй, уг шаардлагыг гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

 

7. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т .Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй, 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол гэж тус тус заасны дагуу бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй байна.

 

        7а. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй боловч бэлэг хүлээн авагчийн гаргасан ёс зүйгүй, хууль бус үйлдэл, эсвэл гэрээний анхны зорилго, нөхцөл биелэгдээгүй тохиолдолд хуулийн дагуу хүчингүй болох боломжтой, өөрөөр хэлбэл бэлэглэгч бэлэг  хүлээн авагчид гомдсон байх, бэлэг хүлээн авагч  бэлэглэгчийг  гомдоосон ноцтой  үйлдэл хийсэн байх нөхцлийг шаардана.

 

7б.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд Ц.******* нь дээрх орон сууцны өөрт ногдох хэсгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.*******д бэлэглэсэн, уг гэрээний үндсэн дээр өмчлөх эрх Ц.*******д шилжсэн боловч 2023 оны 8 сар хүртэлх хугацаанд Ц.*******, түүний эхнэр М. болон түүний хүүхдүүдийн эзэмшил, ашиглалтад байсан, харин 2023 оны 8 сараас Ц.*******ын эзэмшил, ашиглалтад бодитойгоор шилжүүлэн өгсөн, мөн өдрөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд зээ охин н. орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

7в. Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн амьдарч байсан Баянхошуунд байрлалтай байшин шар усны үерт автсанаас амьдрах боломжгүй болсон учир амьдран суух орон гэргүй болсноос бэлэглэлийн гэрээний дагуу өөрт ногдох хэсгээ шилжүүлсэн дээрх орон сууцыг дангаараа өөрийн эзэмшил, ашиглалтад байлгахаар шаардах эрхтэйг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Харин хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч буюу өмчлөгч нь түүнийг өөрийн зээ охин н.гийн хамт тухайн байранд амьдрахыг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй, татгалзсан болох нь тогтоогдож байгаагаас үзэхэд бэлэг хүлээн авагч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд түүнийг бусадтай хамтран эзэмших, ашиглах эрхийг олгосон байгааг бэлэглэгчийг  гомдоосон ноцтой  үйлдэл хийсэн гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн 10,000,000 төгрөгийг шаардсан даруйд хариуцагч нь нэн даруй өгөх үүрэгтэй болохыг баримтаар нотлоогүй байгааг бэлэглэгч бэлэг  хүлээн авагчид гомдсон байх нөхцлийг хангасан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй гэж үзэв.     

 

7г. Мөн талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд тусгай зориулалтын талаар тусгагдаагүй учир гэрээг Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-т заасны дагуу ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд хүчин төгөлдөр болохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

8. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 3 сард амьдарч байсан байшин шар усны үерт автсан хугацааг ноцтой гомдоосон үйл баримт гэж тодорхойлсон, тэрээр энэхүү үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг дээрх хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй. /1 хх 2 хуудас ар тал/

 

9. Иймд хариуцагч Ц.*******д холбогдох, талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны оногдох хэсэгт 118,500,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Ц.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 978,600 төгрөгийг /378,150 +600,450=/ улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ. /хх 3, 82/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан, хариуцагч Ц.*******д холбогдох, талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны оногдох хэсэгт 118,500,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Ц.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 978,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн 2 дах заалтаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ