| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0167/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох 1834003320170 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Тэнхун” ХХК-д харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Замт 3-5 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан Б овогт Х.Б гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн нутаг “Наран толгой” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Тэнхун” ХХК-ийн алт олборлох 2 дугаар амны хамгаалалтын ажилчдын байранд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хохирогч М.Нямсүрэнтэй маргалдаж улмаар онц харгис хэрцгийгээр буюу биед нь 6 удаа хутгалж эрүүл мэндэд “биед толгой, эрүү, баруун, зүүн бугуй, баруун гуя, баруун өвдөгөнд шарх, зүүн сарвуунд зулгаралт” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Х.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б нь: “ ... 2018 оны 17-ны өдөр ажлын байран дээрээ байхад хохирогч авгайдаа мөнгө шилжүүлээд ирье гээд явсан. Тэгээд ирэхдээ 1 шил архитай ирсэн. Тэгээд хоёулаа энийг уучихаад унтая гэсэн. Тэгээд нөгөө архи ууж дуусахад 4 хуруу хэртэй үлдсэн байхад хохирогч одоо хоёулаа дахиад 1 шил архи ууя тэгээд унтая гэсэн. Тэгээд би 0.5 граммын архи аваад ирсэн чинь нөгөө үлдэгдэл архиа уусан байсан. Тэгээд намайг ирэхэд хохирогч утсаар ярьж байгаад дуусгаад миний авчирсан 0.5 граммын архиа ууж дуусахад хохирогч сейфээ онгойлгох гэж байснаа миний сейфний түлхүүр хаана байна. Чи авсан уу гэхээр нь би юу гэж авдаг юм бэ чи өөрөө надад 6500 төгрөг авч өгөөд архи аваад ир гээд буцаагаад цоожилсон биз дээ гэсэн. Заазуураар нөгөө сейфний цоожоо хөшиж онгойлгоод миний мөнгө алга болсон байна. 120.000 төгрөг байсан гээд тэрнээс болж бид хоёр маргалдсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа” гэв.
Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:
мөрдөн байцаалтад хохирогч М.Нямсүрэн мэдүүлсэн: “2018 оны 05 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед хамт хамгаалалтанд ажиллаж байсан Х.Б бид хоёр нэг шил 0,75 соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд хоорондоо ярьж сууж байгаад нэгнийхээ тоглоомыг даахгүй маргалдсан. Тэгээд Х.Б хутга заазуур хоёр бариад баруун хөлний өвдөгний хэсэгт, баруун, зүүн гарны бугалга, толгой зэрэг газруудад хутгаар сийчсэн. Мөн миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Х.Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Би Тэнхун уурхайд 2 сарын өмнө хамгаалалтын ахлахаар ирсэн цагаас Х.Быг таньдаг болсон бид хоёрын хооронд өшөө хонзон өр зээл байхгүй. Бид хоёр нэг шил архи хувааж угаад 2 дахь архиа ууж байхдаа муудалцсан. Бид хоёр согтолтын хувьд гайгүй. Х.Б хоол хийдэг шар иштэй хутга, цагаан иштэй заазуур хоёр барьж миний биед гэмтэл учруулсан. Х.Б өөр эд зүйл барьж намайг цохиогүй. Би Х.Быг цохиж зодоогүй. Миний хоёр гар, баруун хөл, толгой зэрэгт хутгаар зүссэн мөн нүүр хавдсан байна. Эмчилгээний зардлаа гаргуулах авмаар байна. Гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-19 тал/, ... Миний баруун хөлний өвдөгний дээд талын шарх бүрэн эдгээгүй. Гэхдээ биеийн байдал сайн байгаа. Х.Б намайг эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээний зардал гаргасан. Би хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэснийг мэдэхгүй эмнэлэгт төлсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
мөрдөн байцаалтад гэрч В.Отгонбаяр мэдүүлсэн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төв аймаг яваад орой 17 цаг 30 минутанд гэртээ ирээд өөрийн нөхөр Х.Бтай утсаар ярихад манай нөхөр архи уугаагүй зүгээр байсан. Тэгээд манай нөхөр төмс тарих түрээсийн талбай үзэхээр явж байна гэсэн бөгөөд надтай хамт ажиллаж байгаа хүн 6500 төгрөг өгөөд архи аваад ирээч гэсэн надад 11.500 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж байгаад утас нь тасарсан. Тэгэхээр нь би хамт ажиллаж байгаа ахлахтай нь утсаар ярьсан. Тэгтэл тэр ахлах нь авгай минь танай нөхрийг утсаар ярих яриулахгүйг би мэднэ танай нөхөр миний эрхэнд байгаа би уурхайн герман амны дарга нь байна танай урьдны ахлах Ууганаа чинь биш гэх мэтээр элдвээр хэлж Х.Бтай утсаар яриулаагүй. Тэгэхээр нь би одоо очлоо шүү гэж хэлэхэд чам шиг авгайг оруулахгүй олон хүүхэд гаргасан янхан, банзал гэх мэтээр хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь уурхайн хамгаалалтын төв байрны ахлах руу залгаад танай хойд хэд архи уугаад янз бүр болоод байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд байж байтал Х.Б өөрийнхөө утсаар над руу залгаад би зодчихлоо арай алчихсангүй эмч аваад хурдан хүрээд ир гэхээр нь би унаа хайж байгаад өөрийн ихрийн хүүхэд Батболдоор өөрийн уурхайн шалганы үүдэнд хүргүүлсэн. Уурхайн хойд ам руу явах замдаа урд амнаас хамгаалалтын ахлах Батдоржийг авч явсан. Уурхай явах замдаа би Батболдод зодоон болсон талаар янз бүрийн юм яриагүй бөгөөд Батболд намайг үүдэнд хүргэж өгөөд буцсан. Тэгээд намайг очих үед Х.Б гэрэл тусгаад гадуур явж байхаар нь яасан гэж асуухад нөгөөдөх чинь алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Батдорж, Х.Б бид гурав хайж байгаад Батдорж бид хоёр нөгөө хүнийг байрлаж байсан байшингаас нь урд зүгт замын хажуу талаас олсон. Тэгээд тэр хүн намайг хараад янз бүрээр хэлээд байхаар нь Батдоржийг наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд би Х.Быг янз бүр болчихож магадгүй гээд Х.Быг гадаа харж байхад цагдаагийн машин ирлээ гэхэд Батдорж та шалны цусыг жоохон гэхээр нь би орж шалны цусыг арчсан тэгээд цагдаа, эмч нар ирсэн. Би нөхрийнхөө биеийг үзээгүй учраас мэдэхгүй байна. Нямсүрэнгийн нүүр хавдсан хөл гар нь дээр нь хутгаар зүссэн байсан. Х.Б Нямсүрэн хоёроос өөр хүн байгаагүй. Х.Б, М.Нямсүрэн хоёр архи уусан байсан бөгөөд Х.Б гайгүй, Нямсүрэн нилээн согтуу байсан. Манай нөхөр даруухан зантай бөгөөд хааяа огцом уур гаргадаг. Гэхдээ гэр бүлийнхээ хүмүүст гар хүрч байгаагүй” гэх мэдүүлэг/хх-24-25 тал/,
мөрдөн байцаалтад гэрч С.Батдорж мэдүүлсэн: “2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 50 минутанд уурхайн 8 дугаар пост 2 дугаар аманд ажиллаж байсан Х.Б, М.Нямсүрэн нар төв байр луу тайваны мэдээ өгсөн. Тэгээд байж байгаад шөнийн 00 цагийн үед шалганы төв байр луу Х.Бын эхнэр ирсэн байсан. Тэгээд Х.Бын хамтаар уурхайн 2 дугаар аман дээр очиход Нямсүрэнгийн ор цус болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Нямсүрэн байрны доор байрлах эрэг шиг газраас гарч ирээд орондоо орсон тэгээд цагдаа ирсэн. Х.Б, М.Нямсүрэн хоёртой ямар нэгэн хүн хамт байгаагүй. Энэ хоёрын хооронд өш хонзон өр зээл байхгүй. Би Х.Бын эхнэрийн хамтаар очиход Х.Б өөдөөс ирсэн.Тэгээд байранд ороход Нямсүрэнгийн ор цус болчихсон Нямсүрэн байгаагүй бөгөөд шар иштэй хутга, цагаан иштэй заазуур хоёр үүдний түүмбүүшиг дээр ил, архины шил шалан дээр хагарсан байдалтай байсан. Х.Б биедээ гэмтэл авсан зүйл байгаагүй. Харин Нямсүрэнгийн баруун хөлний өвдөгний орчим 3 удаа хутгаар зүсэгдсэн шархтай, нүүр ам хавдсан байдалтай байсан. Тэр хоёр надад юу болсон талаар огт яриагүй. Х.Б, М.Нямсүрэн хоёр архи уусан бөгөөд цагдаа драгер үлээлгэхэд Х.Б 1.22, М.Нямсүрэн 1.84 хувийн согтолттой нилээд согтуу байсан. Уг нь 3 хүн үүрэг гүйцэтгэх ёстой байснаас нэг нь амралтаа авч явсан байсан. Энэ хоёр өмнө нь муудалцаж байгаагүй. Нийт 2 заазуур, 2 хутга байсан бөгөөд нэг заазуур, нэг хутга нь гал тогооны түмбүүчик дотор байсан. Харин нөгөө хутга заазуур хоёр нь ил байсан. Уг байр хөдөө байдаг байр учраас тэнд архи байхгүй хаанаас архи авч уусаныг мэдэхгүй. Х.Бтай хамт байсан залуу мөнгө алга болсон танай нөхөр мөнгө авчихлаа гээд байсан сая эмнэлэг дээр өөрөөс нь мөнгө нь гарч ирсэн байна” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонцэцэг мэдүүлсэн: “..2018 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Төв аймгийн Жаргалант сумын “Тэнхун” ХХК-ны 2 дугаар аманд хүн хутгалуулсан гэсэн дуудлага аван уг газарт очиход тухайн газарт хамгаалагчаар ажилладаг гэх М.Нямсүрэн орон дээр хэвтэж байсан. Уг эрэгтэйд үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд зэрэг, нүүр нүд хавдаж хөхөрсөн, арьсны энд тэнд цус болж хатсан, толгойн оройн хэсэгт иртэй зүйлээр зүсэгдсэн, баруун хөлний өвдөгний дээд хэсэг, өвдөг, шилбэ зэрэгт зүсэгдсэн шархнуудтай баруун өвдөгний дээд хэсгийн шархнаас цус гарсан байдалтай байсан. Мөн хөнжил, орны дэвсгэр, өмсөж байсан өмд зэрэг нь цус болсон байсан. Тэгээд уг эрэгтэйг сумын эрүүл мэндийн төвд авч ирж өвдөлтийг намдааж, шархнуудад нь оёдол тавьж цэвэр боолт хийж шингэн сэлбэх эмчилгээ хийсэн. Би Х.Бтай архи ууж байгаад муудалцаж Х.Б намайг хутгалсан гэж ярьсан. Тухайн хоёр хүнээс архи үнэртэж байсан, согтолтыг мэдэхгүй. Тухайн зодоон хийсэн гэх байшингийн шал энд тэнд цус болсон байдалтай мөн галын урд байсан тосгуур дээр хагарсан архины шилийг бөөгнүүлсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-06 тал/,
-Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэнхун” ХХК-ын 2 дугаар ам 8 дугаар постонд 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байсан М.Нямсүрэнг Х.Б нь зодсон материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /х-07-11 тал/,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-12-13тал/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-14 тал/,
“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-15 тал/,
-2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны №292 тоот шинжээчийн дүгнэлтэд /хх-30 тал/,
1.М.Нямсүрэнгийн биед толгой, эрүү, баруун зүүн бугуй, баруун гуя, баруун өвдөгөнд шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь өөрийн болон хурц ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-30 тал/,
-согтуурал хэмжсэн тэмдэглэл /хх-40 тал/,
-Шүүгдэгч Х.Б-ын ял шийтгэлийн тэмдэглэл, урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн нутаг “Наран толгой” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Тэнхун” ХХК-ийн алт олборлох 2 дугаар амны хамгаалалтын ажилчдын байранд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хохирогч М.Нямсүрэнтэй маргалдаж улмаар онц харгис хэрцгийгээр буюу биед нь 6 удаа хутгалж эрүүл мэндэд “ биед толгой, эрүү, баруун, зүүн бугуй, баруун гуя, баруун өвдөгөнд шарх, зүүн сарвуунд зулгаралт” хөнгөн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч М.Нямсүрэнгийн мэдүүлсэн: “..Х.Б хутга заазуур хоёр бариад баруун хөлний өвдөгний хэсэгт, баруун, зүүн гарны бугалга, толгой зэрэг газруудад хутгаар сийчсэн. Мөн миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Х.Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Х.Б хоол хийдэг шар иштэй хутга, цагаан иштэй заазуур хоёр барьж миний биед гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
мөрдөн байцаалтад гэрч В.Отгонбаярын мэдүүлсэн: “...Х.Быг янз бүр болчихож магадгүй гээд Х.Б-ыг гадаа харж байхад цагдаагийн машин ирлээ гэхэд Батдорж та шалны цусыг жоохон гэхээр нь би орж шалны цусыг арчсан тэгээд цагдаа, эмч нар ирсэн.Нямсүрэнгийн нүүр хавдсан хөл гар нь дээр нь хутгаар зүссэн байсан” гэх мэдүүлэг/хх-24-25 тал/,
мөрдөн байцаалтад гэрч С.Батдоржийн мэдүүлсэн: “..Нямсүрэнгийн ор цус болчихсон Нямсүрэн байгаагүй бөгөөд шар иштэй хутга, цагаан иштэй заазуур хоёр үүдний түүмбүүшиг дээр ил байсан. Нямсүрэнгийн баруун хөлний өвдөгний орчим 3 удаа хутгаар зүсэгдсэн шархтай, нүүр ам хавдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонцэцэгийн мэдүүлсэн: “..Уг эрэгтэйд үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд зэрэг, нүүр нүд хавдаж хөхөрсөн, арьсны энд тэнд цус болж хатсан, толгойн оройн хэсэгт иртэй зүйлээр зүсэгдсэн, баруун хөлний өвдөгний дээд хэсэг, өвдөг, шилбэ зэрэгт зүсэгдсэн шархнуудтай баруун өвдөгний дээд хэсгийн шархнаас цус гарсан байдалтай байсан. Мөн хөнжил, орны дэвсгэр, өмсөж байсан өмд зэрэг нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-28 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-06 тал/, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэнхун ХХК-ын 2 дугаар ам 8 дугаар постонд 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байсан М.Нямсүрэнг Х.Б нь зодсон материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /х-07-11 тал/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-12-13тал/, Яаралтай тусламжийн хуудас /хх-14 тал/, “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-15 тал/, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны №292 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-30 тал/ нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Быг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэстэй.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
шүүгдэгч Х.Б-ын онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулдсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Х.Б-ыг Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна.
Улсын яллагч шүүгдэгч Х.Бт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Х.Б зөвшөөрсөн байна
Шүүх Х.Б-т торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Х.Б-т оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг /2018 оны 09 сарын 11-ний өдөр дотор төлөхөөр тогтоолоо.
Тав: Бусад зүйлийн талаар:
Хохирогч М.Нямсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1834003320170 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Х.Б-ыг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 09 сарын 11-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногын тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг устгахийг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ