| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2403006550793 |
| Дугаар | 2025/ДШМ/200 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/200
2025 02 05 2025/ДШМ/200
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогч Б.Б,
хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.З,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Ш,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403006550793 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Б.Б, 1997 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Олимпын гудамж, номын сангийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед “Toyota Prius” маркийн 35-78 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан байнга оршин суух Сүхбаатар дүүргийн дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бгаас эмчилгээний зардалд 1,408,745 төгрөг, сэтгэл санааны хохиролд 11,880,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Б.Бд, 1,104,750 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Даваасүрэнд, 67,640 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Бгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа боловч анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэтэрхий нэг талыг баримталж, хохирол төлбөрийн болон ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс миний хувийн байдал /бага насны буюу 2-4 насны хоёр хүүхэдтэй, ээж маань бөөрний дутагдалтай/-ыг болон гэмт хэрэг гарахад аль аль талынх нь хууль, дүрэм зөрчсөн шалтгаан нөхцөл тогтоогдсон байхад үүнийг харгалзан үзээгүй. Миний хувьд тодорхой хэмжээний хохирол, төлбөрийг төлсөн бөгөөд цаашид ажил хөдөлмөр эрхэлж, хуулийн дагуу төлбөл зохих, бодит хохирол төлбөрийг төлж барагдуулах болно. Анхан шатны шүүхээс надад нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь миний ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг хязгаарласан шийдвэр болсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд прокуророос надад торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх анхаарч үзээгүй. Миний хувьд одоо ажил, хөдөлмөр эрхэлж байгаа тул орлого олох боломж, миний хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Э.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн агуулгаар гаргасан үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Тухайн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээний хохирол төлбөр төлсөн. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад зам тээврийн осол нь хохирогч болон шүүгдэгч нарын хэн алиных нь буруутай үйлдлийн үйлдлээс шалтгаалсан гэж харсан. Тухайлбал, зам тээврийн осол гарах үед хохирогч Б.Б 0.161 хувийн согтолттой байсан бөгөөд мотоцикл жолоодох эрхийн А ангиллын үнэмлэх авсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Мөн тухайн мотоцикл техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Шүүгдэгч нь 2-4 насны 2 хүүхэдтэй, эх нь ходоодны хорт хавдар, бөөрний дутагдалтай гэсэн оноштой. Өнөөдөр аппаратад ороод гарсан гэж байсан. Б.Бгийн хувьд эхийгээ асарч хажуугаар нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл амьдрал ахуйгаа зэрэг авч явж байгаа залуу юм. Б.Б бараа түгээлтийн ажил хийдэг учраас дүүрэг, дүүрэг рүү явах шаардлага үүсдэг. Мөн зарим үед Бөмбөгөр худалдааны төв болон Барс зах дээр ачилтын ажил хийж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш орлого олсон байдалтай холбогдуулан дансны хуулга гаргаж өгч байгаа. Шүүгдэгчийн цалин орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны өмнө нь мотоциклийн хохиролд 1.755.000 төгрөг төлсөн. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн зүгээс одоогийн нөхцөл байдлаа тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б эрхэлсэн тодорхой ажилгүй “надад мөнгө байхгүй” гэдэг бөгөөд хохирлыг хэзээ, яаж барагдуулах талаар тодорхой тайлбар өгдөггүй. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулаагүй буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэн алийнх нь буруутай үйлдлийн улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байна. Хохирогчийн жолоодож явсан мотоцикл техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангасан гэрэл нь асаалттай замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь камерын бичлэгээр тогтоогдоно. Харин ослын дараа техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр хохирогчийн хувьд ямар нэгэн байдлаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй. Б.Б нь анхан шатны шүүх хуралдаан дууссанаас хойш огт холбоогүй байж байгаад 02 дугаар сарын 04-ний өдөр гэнэт холбогдож хохиролд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдааны өмнөх өдөр нь мотоциклийн хохиролд 1.755.000 төгрөг шилжүүлсэн. Бидний зүгээс хохирлыг бүрэн барагдуулж авах байр суурьтай байна. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Олимпын гудамж, номын сангийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед “Toyota Prius” маркийн 35-78 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Б.Б биед баруун дунд чөмгийн далд хугарал, баруун завжинд шарх, баруун шуу, шилбэ, тавхайд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-н “...Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 01 цаг 15 минутын үед Ub mart дэлгүүрийн уулзвараас туслах гэрэл асаад хойшоо эргэсэн. Хойшоо эргээд явган хүн гэрлэн дохио өнгөрөөд би 2 дугаар эгнээнд орсон. Тэгтэл автобусны буудлын харалдаа нэгдүгээр эгнээнээс гэрэл өгөхгүйгээр шууд дараад ороод ирсэн. Би тоормос дараад зогсож чадалгүй урд дугуйг нь мөргөөд бид хоёр унасан. Хойд талынх нь бүх гэрэл ажиллах байсан гэж санаж байна. ...” /хх 15/,
иргэний нэхэмжлэгч Н.Д-ийн “...Хүүхдийн Ордноор баруун эргээд 2-р эгнээгээр хойшоо ойролцоогоор 20-30 км/ц-ийн хурдтай явж байхад автобусны буудал дээр зогсож байсан машин гэнэт ямар ч гэрэл дохио өгөлгүйгээр давхар цагаан зураас даваад эргэх оролдлого хийх замдаа бид хоёрыг мөргөсөн. Машин буцаж эргэх гээд байхаар нь зүүн гар тал руугаа дараад мөргүүлээд унасан. Унахдаа зулайгаараа түрүүлээд газарт унаад, нуруугаараа нөхөр дээрээ унаад цаашаа өнхөрсөн. Бид хоёр хоёулаа хамгаалах малгай зүүсэн байсан. ...” /хх 18/,
иргэний нэхэмжлэгч С.Сийн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Олимпын гудамж, Төв номын сангийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Toyota Prius маркийн 35-78 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Twin air маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөний улмаас мотоциклын жолооч Б.Б, зорчигч Н.Д гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь нийт 1,432,640 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,432,640 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлын яллагдагч Б.Бгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 21/,
Б.Бн яллагдагчаар өгсөн “...Тухайн осол болсон өдөр би ...1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжиж орсон юм. Тэгтэл нэг мотоцикл миний машины зүүн талыг мөргөөд тухайн мотоциклтой хүмүүс газарт унасан. Би машинаа зогсоогоод буугаад очиход эрэгтэй, эмэгтэй хүн газарт хэвтэж байсан ба хойноос нь тэр мотоциклтой хүмүүсийн найзууд нь ирээд над руу орилоод байсан. Тэгээд муудалцаад байж байтал цагдаа ирээд хэмжилт хийх гэж байхад түргэн ирээд тэр 2 хүнийг аваад явсан. Би хэмжилт хийлгэчхээд ГССҮТ рүү тэр 2 хүний араас очсон. Тухайн үед мотоциклтой хүмүүсийн найзууд нь ирчхээд намайг цохиж, зодсон. ...” /хх 90/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11043 дугаартай “... Б.Б-н биед баруун дунд чөмгийн далд хугарал, баруун завжинд шарх, баруун шуу, шилбэ, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 37-38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11045 дугаартай “... Н.Д-йн баруун, зүүн өвдөг, баруун шуу, зүүн шагайнд зулгаралт, баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн гуя, тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 37-38/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Техникийн хяналтын төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаартай “...Toyota маркийн Prius 30 загварын 3578 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд зүүн талын крило урд талдаа их хэмжээний хонхойсон, урд буфер зүүн талдаа хагарсан, зүүн талын буферын нэмэлт гэрэл хагарсан, зүүн талын их гэрэл хагарсан, урд талын баруун ба зүүн талын дохионы гэрэл ажилладаггүй, зүүн талын ойрын гэрэл асахгүй, холын гэрэл тусгалын тохиргоо алдагдсан зэрэг гэмтэл зөрчилтэй стандартын шаардлага хангахгүй байна. Энэхүү тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдлийн зүүн талын крило урд талдаа их хэмжээний хонхойсон, урд буфер зүүн талдаа хагарсан, зүүн талын буферын нэмэлт гэрэл хагарсан, зүүн талын их гэрэл хагарсан, урд талын баруун ба зүүн талын дохионы гэрэл ажилладаггүй, зүүн талын ойрын гэрэл асахгүй, холын гэрэл тусгалын тохиргоо алдагдсан зэрэг гэмтэл зөрчил нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. Энэхүү тээврийн хэрэгсэл нь цахилгаан буюу шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба урд, хойд ажлын тоормос болон зогсоолын тоормос бүрэн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем нь хийн, хий шингэн дамжуулгатай, ABS бол дээрх системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд авто машины хурд, замын нөхцөл байдлаас шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. Тухайн тээврийн хэрэгсэл нь суудлын В ангиллын тээврийн хэрэгсэлд хамаарна. ...” /хх 48-51/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 312 дугаартай “...Husqvarna маркийн 77-79 УРА улсын дугаартай мотоцикл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Урд их гэрэл хол ойр дээрээ асахгүй, эргэх дохионы гэрэл, тоормосны гэрэл, подфарын гэрэл, дуут дохио /сигнал/ тус тус ажиллахгүй байна. Уг мотоциклийн дээрх эвдрэл гэмтэл нь шинэ хуучны аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Уг мотоцикл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба инженерийн ур чадварт тулгуурлан үзлэг хийхэд: Урд дугуй болон хойд дугуйн тоормос битүүмж алдагдаагүй хэвийн ажиллагаатай байна. Уг мотоцикл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба тээврийн хэрэгслийн хурд зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Уг мотоцикл нь тээврийн хэрэгслийн А ангилалд багтана. ...” /хх 58-61/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаартай: “...Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана". 10.4. ‘Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа тээврийн хэрэгсэлд байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй...” /хх 79/ гэсэн дүгнэлтүүд,
“Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 67-69/, Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа болон жолоочийн хувийн байдлыг тогтоосон тодорхойлолтууд /хх 97-105/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр Б.Б-н сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлийг тогтоов" гэх хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх 108/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Бг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Бгаас “... зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бд хохирлоос 3,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бд хохирлоос 3,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ