| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04324/И |
| Дугаар | 191/ШШ2025/08964 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/08964
2025 10 21 191/ШШ2025/08964
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 113,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Т-А-В-21-803 дугаар зээлээр худалдах, худалдан авах /лизинг/-ийн гэрээ байгуулан тоот 2 өрөө орон сууцыг 100,750,000 төгрөгөөр захиалгаар бариулахаар тохирсон.
Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасны дагуу 20 сая төгрөгийг гэрээ байгуулагдах үед, бусад төлбөрийг графикт зээлийн нөхцөлөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Дээрх нөхцөлийн дагуу гэрээ байгуулах үед 20,000,000 төгрөг, 2022.07.20-2025.02.20 хүртэл ******* ХХК-ийн дансанд нийт 32,000,000 төгрөг, Нийт 52,000,000 төгрөг төлж барагдуулсан.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-т захиалсан орон сууцыг захиалагчид 2023 оны 4 дүгээр улирал багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Гэвч гүйцэтгэгч талаас өнөөдрийн байдлаар барилгын ажил хийгдэж дуусаагүй байна. Захиалагч талаас гэрээгээр тохирсон хугацаанд байрыг ашиглалтад оруулах талаар удаа дараа мэдэгдэж, утсаар ярьсан боловч тодорхой хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд нэмэлт хугацаа тогтоож өгсөн ч үр дүн гарахгүй нь тодорхой байгаа тул захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөр, түүний алдангийг гүйцэтгэгч талаас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т гүйцэтгэгч тал захиалагчид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр зохицуулсан. Барилга ашиглалтад оруулах ёстой 2023 оны 12 дугаар сараас хойш 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 16 сар буюу 476 хоног хэтэрсэн байна. /1 өдрийн алданги 260,000 төгрөг/
Иймд ******* ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа хэтэрсэн алданги 61,880,000 төгрөг, захиалгын гэрээний дагуу төлсөн 52,000,000 төгрөг, нийт 113.880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогтой *******ид олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар эвлэрч байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь гэрээний үүрэгт 113,880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 61,880,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 52,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 52,000,000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд нэхэмжлэгч Ц.*******ид төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрч байгаа болно.
Дээрх төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан ажиллагаа хийхийг шүүгчийн захирамжид дурдахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн төлбөр 52,000,000 төгрөг, алданги 61,880,000 төгрөг, нийт 113,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нь гэрээний үүрэгт 113,880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 61,880,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 52,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК нь төлөхийг зөвшөөрч, уг 52,000,000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд нэхэмжлэгч Ц.*******ид төлөхөөр харилцан тохиролцож зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 52,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 417,950 төгрөгийн тал хувь болох 208,975 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас, тал хувь болох 208,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 727,350 төгрөгөөс үлдэх 518,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.*******оос 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Г.*******д 3 /гурав/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд, хариуцагч ******* ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2 жилийн хугацаатай Б.*******өд 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. /хх 4,47/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 113,880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 61,880,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 52,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 52,000,000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 208,975 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 208,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 727,350 төгрөгөөс үлдэх 518,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/29711 дүгээр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэлийг энэхүү захирамж хүчин төгөлдөр болсноор дуусгавар болгосугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ