| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0161/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж,
улсын яллагч Г.Энхмаа,
Хохирогч: С.Пүрэвгарам
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох 1734001940083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамтаар Төв аймаг Бүрэн сум Монгол 3 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Д.М гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг Доргио гэх газарт 2017 оны 08 сарын дугаар сарын 09-ний өдөр С.Пүрэвгарамын 2 хөлийн хамж өргөн, газар шидсэнээс зүүн гарын шуу, богтос яс нь хугарч, С.Пүрэвгарамын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
1.Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “Миний буруу. Их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. Хохирогч С.Пүрэвгарам нь шүүхийн хэлэлцүүлэгт “ Д.М нь надад 551.000 төгрөгийг төлсөн..” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч С.Пүрэвгарам нь мөрдөн байцаалтын шатанд: “2017 оны 08 сарын 09-ний өглөө 09 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын нэг дүгээр багийн нутаг Доргио гэх газар Цогтбаяр гэдэг айлын гэрт байж байтал Д.М гэх залуу орж ирээд би өчигдөр орой хэнтэй муудалцаад хэн намайг чимээгүй болгосон юм гэхээр нь би юу ч болоогүй миний дүү би чамд ганц нэг үг хэлсэн байх гэтэл Д.М хоёулаа гараад уулзалдах уу гэхээр нь би гэрээс Д.Мг дагаад гарсан чинь баруун гараараа намайг цохих гэхээр нь би бултсан чинь доогуур хоёр гараараа хоёр хөлнөөс хамж аваад өргөөд газар толгойгоор унагах гэхээр нь би зүүн гараараа газар тулаад унатал миний зүүн гар шуун хэсгээрээ хугарчих шиг болохоор нь гар хугарчихлаа гэж хэлээд машинаа асаагаад Өндөрширээт сумын эмнэлэгт ирж үзүүлсэн...Тухайн үед айлын найран дээр байсан болохоор Д.М бид хоёр хоёулаа бага зэрэг согтуу байсан... Эмчилгээний зардал 500.000 төгрөг, унааны зардал 200.000 төгрөг, хөдөлмөрлөх чадвар алдсан 4 сарын цалин 2.300.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хх-07-08-р тал/,
Гэрч С.Цогтбаяр нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хурим болсон юм... 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өглөө Д.М, Пүрэвгарам нар гэрээс гараад явсан байсан. Тэр үе гэрт хадмын талаас Дамдингомдбо, Занданбал, Хишигсүрэн, Пүрэвдорж, манай эхнэр Мөнхцэцэг, манай талаас эгч Уранчимэг, Уранцэцэг, ах Улам-Өрнөх нарын хүмүүс байсан юм. Тэгээд гэрийн гадаа байсан эгч Бадамсүрэн хүүе болохоо байлаа. Зодолдоод уналаа гэхээр нь гэрт байсан хүмүүс юу болов гээд гарцгаасан тэгээд намайг гарахад Пүрэвгарам зүүн гараа бариад газраас босож байсан. Зүүн гар нь хугарсан бололтой харагдсан. Бүгд гэрийн зүүн урд зогсож байсан. ” гэх мэдүүлэг /хх-122-123-р тал/,
Гэрч Г.Хүрэлбаатар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ 2017 оны 08 дугаар сарын 09-ний өглөө би цагийг нь сайн санахгүй байна. Манай саахалт айл болох Цогтбаярынх найр хийсэн юм. Уг өглөө Цогтбаярынд очиход хүмүүс Цогтбаярын зүүн хойд талд гэрийн гадаа бөөгнөрсөн байдалтай байсан. Би хүмүүс байгаа газарт очиход манай сумын Д.М нь Пүрэвгарамтай муудалцсан байдалтай Д.Мг хүмүүс хорьсон байсан. Болд ах барьсан байсан. Пүрэвгарамын хадам ээж гарыг нь барьсан зогсож байсан. 08 сарын 08-ны шөнө би Пүрэвгарамтай нэг шил архи уусан нэг мэдэхэд Д.М нь том том дуугараад хүмүүстэй муудалцах гээд байх шиг санагдсан. Тэгэхээр нь би машинд Д.Мг суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал /
Гэрч Н.Заданбал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 08 сарын 09-ний өдөр өглөө байсан гэрт сууж байхад Д.М, Пүрэвгарам нар цувраад гэрээс гарч байгаа харагдсан. Тэгээд удалгүй гадаа хүүе болохоо байлаа гээд эмэгтэй хүн орилоод гэрээс гарахад гэрийн гадаа манай хадам ээж Бадамсүрэн айсан болохоо байлаа гээд зогсож байсан хажууд нь Пүрэвгарам зүүн гараа барьсан зүүн гар нь шуу хэсгээрээ эргэсэн байсан ба хажууд нь мөн Бүрэн сумын танихгүй залуу Д.М нэлээн согтуу зогсож байсан. Тэгээд салгаад цааш нь Өндөрширээтийн гөлөгнүүдийг ална гээд хашхичаад байсан ба шинэ гэрийн найр хийж байсан. Баз хүргэн Цогтбаяр Пүрэвгарамын зүүн гарыг нь мод барьж боогоод сумын эмнэлэг рүү аваад явсан юм...гэрт хүмүүс оруулж дайлж цайлж байхад Д.М гэх залуу орж ирсэн байсан. Мөн Пүрэвгарам байсан тэгээд хоорондоо маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Зүгээр сууж байгаад гараад явцгаасан”гэх мэдүүлэг /хх-19-20-р,121тал/
Гэрч Д.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Манай нөхөр Пүрэвгарам гараад араас нь Д.М гэх залууг дагаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь яахнав гээд гарах гэтэл Цогтбаярын хамаатны нэг эгч чи наад дарс уучихаад гараа гээд гаргаагүй. Тэгсэн удалгүй манай ээж Бадамсүрэн гэрийн гадаа болохоо байлаа гараарай гадаа зодолдоод уналаа гээд орилсон. Тэгээд би гэрээс гарахад гэрийн зүүн урд талд манай нөхөр Пүрэвгарам газар унаад босож байгаа бололтой гараа бариад байсан. Тэгсэн зүүн гар нь шуу хэсгээрээ хугарсан бололтой махийсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-р тал /
Гэрч Д.Хишигсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “.. Гэрт сууж байсан манай хүргэн ах Пүрэвгарам Бүрэн сумынх гэх Д.М гэх залуутай хамт гэрээс гараад явсан. Тэгээд гэрт байж байхад гэрийн гадаа манай ээж Бадамсүрэн хүүе болохоо байлаа зодолдоод байна гэхээр нь юу болсон юм бол гээд бусад гэрт байсан хүмүүстэй гарахад гэрийн үүдэн хэсэгт Пүрэвгарам зүүн гараа барьсан зогсож байсан. Хажууд нь Д.М гэх залуу зогсож байсан..”гэх мэдүүлэг /хх-ийн 112-р тал/
Гэрч Д.Дэжид мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би Бүрэн суманд байсан. Д.М хүн хүргэж өгөхөөр яваад айлын найран дээр очоод хүний гар гэмтээсэн гэж дараа нь мэдсэн. Д.М архи уусан байхыг нь харж байсан. Заримдаа жоохон уур уцаартай байдаг. Заримдаа даруу дөлгөөн байдаг. Тэрнээс биш агсан тавьж байгаагүй. Миний дүү Дагвадоржийн Д.М нь 1989 оны 10 сарын 25-ны өдөр Бүрэн суманд төрсөн. Бүрэн суманд 4 дүгээр анги хүртлээ сураад гарсан. Ажил төрөл хийж байгаагүй. Мал малладаг. Зан ааш харилцааны хувьд төлөв даруу, дөлгөөн, хүнд их тусархуу, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй..” /114-115 –р тал/
Гэрч Б.Бадамсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг Даргиан ам гэх газар манай охины шинэ гэрийн найр буюу хүргэн Цогтбаярынх шинэ гэр барьж тэгээд найрны гурав дахь өдөр болж байсан ба 2017 оны 08 сарын 09-ний өглөө 09 цагийн орчим байсан найран дээр сууж байхад тэр Д.М гэж залуу гаръя гэсэн бололтой толгой дохиж байгаа харагдсан. Би тухайн үед бэрийн талаас байсан найрын ахлагч байсан тул энэ залуу яах нь вэ гэж бодоод найрнаас түрүүлж гараад гэрийн гадаа ганцаараа байж байхад Д.М гэж залуу ирээд араас нь манай хүргэн Пүрэвгарам гараад ирсэн. Тэгснээ хоёулаа гэрийн гэрч ирэнгүүтээ Д.М гэж залуу нь Пүрэвгарамын нь орж тэвэрч дээш нь өргөөд газар шидэх гэхэд нь би айгаад нүдээ аниад ээжээ гэж хэлээд харахад Пүрэвгарамыг газар унагасан. Пүрэвгарам гар гээд гараа бариад босоод ирэхэд нь харахад үетэй юм шиг хугараад хойшоо эргэсэн.Тэгээд Цогтбаяр тэр хугарсан гарыг нь мод тавьж боогоод Өндөрширээт сумын эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р/ тал
Гэрч С.Уранбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт 2017 оны 08 сарын 07-ны өглөө байсан миний дүү Цогтбаяр нь шинэ гэр барьж найр хийсэн ба тэгээд найр хийгээд найрны 3 дахь өдөр тэгш тавина гээд бэрийн талынхан илүү барьсан байсан жижиг 4 ханатай гэртэй манай талынхныг оруулж дайлж цайлж сууцгаасан худ Бадамсүрэн Өндөрширээт сумын төвөөс юманд явна гээд явах гэж байсан. Тэгээд байж байхад гаднаас Д.М гэх манай сумын залуу орж ирээд гэрийн баруун талд суухаар нь би Д.Мг чи яагаад өчигдөр орой агсан тавиад байгаа юм гэхэд уучлаарай аниа би таны үгэнд орно гэж хэлээд сууж байсан. Тэгсэн гэрийн зүүн талд сууж байсан худын талын хүргэн гэсэн Пүрэвгарам гэх залуу Д.Мтай юм ярихаар уучлаарай хөгшөөн гээд дөхөж байсан. Тэгээд хоорондоо юм ярьсан уу яасан Д.Мг бол юм дуугараагүй санагдаж байна гэрээс хоёулаа гарах гэхээр нь би Д.Мг гадаа гараад маргаан зодоон хийх юм биш байгаа биздээ гэж бодоод өмссөн байсан подволкноос нь татахад миний үгэнд оролгүй гэрээс Пүрэвгарам, Д.М нар гараад явцгаасан. Тэгээд би гэрийн онгорхой байсан хаалгаар харахад гэрийн зүүн урд тал руу орсон тэгсэн удалгүй Пүрэвгарам нь газар унаж байгаа харагдсан би зодоо хийлээ гэж бодоод гарахаар гүйгээд гарахад Д.М зогсож байсан. Тэгэхлээр нь Пүрэвгарам нь Д.Мг цохих гээд хальт цохиод унасан юм байх гэж бодсон. Д.М Өндөрширээтийн шээснүүдийг ална гээд мөн тэр Пүрэвгарамтай зодолдоно гээд дайраад байсан. Пүрэвгарам нь тэгж унаж газар босож ирэхдээ зүүн гар нь хугарчихлаа гэмтчихлээ гээд бариад байсан. Миний араас гэрт байсан хүмүүс бүгд гарч ирсэн юм. Тэгээд Пүрэвгарам гэх залууг гарыг нь боогоод Өндөрширээт сумын эмнэлэг рүү явах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р тал /
Гэрч Ш.Отгончулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “.. 2018 оны 08 сарын 09-ний өглөө болоод найрын сүүлийн өдөр болсон ба Төв аймгийн Бүрэн сумаас очсон Цогтбаярын талын хамаатанууд нь буцлаа явлаа гэхэд Цогтбаярын хадам бэрийн талынхан шинэ гэрийн хажууд барьсан байсан гэртээ Цогтбаярын талын хамаатан буюу манай нөхөр Оюунхүүгийн талынхныг оруулсан. Тэгээд оруулаад нэг шил архи задлаад тойруулаад өгөхөөр нь би амсчихаад гарч явсан. Машиныхаа хажууд очоод зогсож байхад тэр оруулж байсан гэрийн гадаа хүмүүс бужигналдаад дайраад байсан. Маргалдаж зодолдсон бололтой Пүрэвгарам гэх залуу зүүн гар хугарчихлаа гээд Пүрэвгарамыг ногоон өнгийн микро машинаар Өндөрширээт сумын төв рүү аваад явсан...Тэр Д.М гэх залуу урьд орой нь уусан архи гараагүй байсан. Тэр гэрт ороод нэмээд архи уучихсан юм уу ямар ч байсан согтсон орилж хашхираад байсан. Пүрэвгарам гэх залуутай зодолдоно гээд дайраад байсан. Тэр Пүрэвгарам гэх залуу согтуу байсан эсэхийг нь мэдэхгүй байна гайгүй байх шиг байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 тал/
Гэрч С.Улам-Өрнөх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... 2017 оны 08 сарын 08-ны өдөр Бүрэн сумын гэх Д.М гэх залуу ирсэн найран дээр найрлаж байхад суусан орой 21 цагийн орчим байх цагийг нарийн санахгүй байна. Гэрийн гадаа Д.М гэх залуу согтуу орилж хашхираад агсан тавиад байсан ба тэгээд орилж хашхирч байгаад чимээгүй болчихсон ба 2017 оны 08 сарын 09-ний өглөө найрын сүүлийн өдөр тэгш тавина гээд Төв аймгийн Бүрэн сум, Улаанбаатар хотоос очсон бид нарыг Цогтбаярын хадам бэрийн талынхан шинэ гэрийн хажууд барьсан байсан илүү жижиг гэртээ бид нарыг оруулаад архи, дарс, айраг тойруулаад юм ярьж сууцгааж байхад гэрийн гадаа эмэгтэй хүн хүүе болохоо байлаа гэж хашхирах шиг болсон. Тэгээд гэрт байсан хүмүүс юу болов гээд гараад явцгаасан би аав, эхнэр нарын хамт сууж байгаад дараа нь гарахад худын талын Пүрэвгарам нь хоорондоо маргалдаад гараа гэмтээсэн гэж бодсон. Д.М, Пүрэвгарам нар тэр гэрт орсон хоёулаа сууж байсан хэзээ нь явсныг нь хараагүй юм ..” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р тал/
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,
-2017 оны 08 сарын 14-ний өдрийн Монгол Улсын Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №484 тоот дүгнэлт “ С.Пүрэвгарамын биед зүүн шуу, богтос ясны хугарал, зүүн шуу сарвуунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна ” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,
Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “ Би 2017 оны 08 сарын 08-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумаас Төв аймгийн Өндөрширээт сумын Даргиад гэх газар Хүрлээ гэж залууг хүргэж өгч мотоциклтой очсон. Тэр айлдаа хэвтэж байгаад саахалтын айл нь шинэ гэр барьж найр хийж байсан. Орой 22 цагийн орчим байх тэр шинэ гэр барьж байгаа айлд очиж найран дээр очсон. Найрлаж байхад би танихгүй Пүрэвгарам гэж залуу согтсон надаа агсан тавих гэж байгаа бололтой уурлаад байхаар нь гарч яваад машинд хоносон ба 08 сарын 09-ний өглөө босоод тэр шинэ гэр барьж байсан найран дээр орж суугаад архи ууцгаасан ууж байгаад гэрээс гарахад тэр Пүрэвгарам гэж залуу мөн гарч ирсэн байсан. Тэгсэн намайг цохиж авах гээд гараа далайхаар нь би зүүн талын мөр лүү нь гараараа цохиж авахад тэр залуу газар унасан тэгээд босоод ирэхдээ гар хугарсан гээд босоод ирсэн. Пүрэвгарам харин намайг өөрийг нь хоёр хөлийн хамж өргөн газар шидсэн байгаа юм би бол зүүн мөр лүү нь түлхсэн чинь өөрөө газар унасан юм би зодож цохиогүй өргөж шидээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 125-126-р тал /
- Хохирол төлсөн баримт Пүрэвгарам Сангабадрах данс эзэмшигчийн нэртэй 311600047752 тоот дансанд 2018 оны 06 сарын 05-ны өдөр 401.000 төгрөгний орлого, 2018 оны 06 сарын 18-ны өдөр 150.000 төгрөгний орлого Д.М нь хохирогч С.Пүрэвгарамийн данс руу шилжүүлсэн байна. /хх-ийн 156-р тал / зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг Доргио гэх газарт 2017 оны 08 сарын дугаар сарын 09-ний өдөр С.Пүрэвгарамын 2 хөлийн хамж өргөн, газар шидсэнээс зүүн гарын шуу, богтос яс нь хугарч, С.Пүрэвгарамын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Пүрэвгарам нь “Д.Мг дагаад гарсан чинь баруун гараараа намайг цохих гэхээр нь би бултсан чинь доогуур хоёр гараараа хоёр хөлнөөс хамж аваад өргөөд газар толгойгоор унагах гэхээр нь би зүүн гараараа газар тулаад унатал миний зүүн гар шуун хэсгээрээ хугарчих шиг болохоор нь гар хугарчихлаа гэж хэлээд машинаа асаагаад Өндөрширээт сумын эмнэлэгт ирж үзүүлсэн.” гэх мэдүүлэг / хх-06-07 тал/, Гэрч С.Цогтбаяр нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Тэгээд гэрийн гадаа байсан эгч Бадамсүрэн хүүе болохоо байлаа. Зодолдоод уналаа гэхээр нь гэрт байсан хүмүүс юу болов гээд гарцгаасан тэгээд намайг гарахад Пүрэвгарам зүүн гараа бариад газраас босож байсан. Зүүн гар нь хугарсан бололтой харагдсан. /хх-ийн 13-14-р тал /, Гэрч Б.Бадамсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Тэр Д.М гэж залуу гаръя гэсэн бололтой толгой дохиж байгаа харагдсан би тухайн үед бэрийн талаас байсан найрын ахлагч байсан тул энэ залуу яах нь вэ гэж бодоод найрнаас түрүүлж гараад гэрийн гадаа ганцаараа байж байхад Д.М гэж залуу ирээд араас нь манай хүргэн Пүрэвгарам гараад ирсэн тэгсэнээ хоёулаа гэрийн гэрч ирэнгүүтээ Д.М гэж залуу нь Пүрэвгарамын нь орж тэвэрч дээш нь өргөөд газар шидэх гэхэд нь би айгаад нүдээ аниад ээжээ гэж хэлээд харахад Пүрэвгарамыг газар унагасан тэгсэн. Пүрэвгарам гар гээд гараа бариад босоод ирэхэд нь харахад үетэй юм шиг хугараад хойшоо эргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р/ тал, Гэрч С.Уранбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...гэрээс Пүрэвгарам, Д.М нар гараад явцгаасан тэгээд би гэрийн онгорхой байсан хаалгаар харахад гэрийн зүүн урд тал руу орсон тэгсэн удалгүй Пүрэвгарам нь газар унаж байгаа харагдсан би зодоо хийлээ гэж бодоод гарахаар гүйгээд гарахад Д.М зогсож байсан тэгэхлээр нь Пүрэвгарам нь Д.Мг цохих гээд хальт цохиод унасан юм байх гэж бодсон. Д.М Өндөрширээтийн шээснүүдийг ална гээд мөн тэр Пүрэвгарамтай зодолдоно гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р тал /, Гэрч Ш.Отгончулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...Маргалдаж зодолдсон бололтой Пүрэвгарам гэх залуу зүүн гар хугарчихлаа гээд Пүрэвгарамыг ногоон өнгийн микро машинаар Өндөрширээт сумын төв рүү аваад явсан...Тэр Д.М гэх залуу урьд орой нь уусан архи гараагүй байсан. Тэр гэрт ороод нэмээд архи уучихсан юм уу ямарч байсан согтсон орилж хашхираад байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 тал/, Гэрч С.Улам-Өрнөх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...гэрийн гадаа эмэгтэй хүн хүүе болохоо байлаа гэж хашхирах шиг болсон. Тэгээд гэрт байсан хүмүүс юу болов гээд гараад явцгаасан би аав, эхнэр нарын хамт сууж байгаад дараа нь гарахад худын талын Пүрэвгарам нь хоорондоо маргалдаад гараа гэмтээсэн гэж бодсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р тал/, 2017 оны 08 сарын 14-ний өдрийн Монгол Улсын Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №484 тоот дүгнэлт “С.Пүрэвгарамын биед зүүн шуу, богтос ясны хугарал, зүүн шуу сарвуунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ”..Тэгсэн намайг цохиж авах гээд гараа далайхаар нь би зүүн талын мөр лүү нь гараараа цохиж авахад тэр залуу газар унасан тэгээд босоод ирэхдээ гар хугарсан гээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 125-126-р тал /, Хохирол төлсөн баримт Пүрэвгарам Сангабадрах данс эзэмшигчийн нэртэй 311600047752 тоот дансанд 2018 оны 06 сарын 05-ны өдөр 401.000 төгрөгний орлого, 2018 оны 06 сарын 18-ны өдөр 150.000 төгрөгний орлого Д.М нь хохирогч С.Пүрэвгарамийн данс руу шилжүүлсэн байна. /хх-ийн 156-р тал / болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.Д.Мг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг Доргио гэх газарт 2017 оны 08 сарын дугаар сарын 09-ны өдөр С.Пүрэвгарамын 2 хөлийн хамж өргөн, газар шидсэнээс зүүн гарын шуу, богтос яс нь хугарч, С.Пүрэвгарамд хүндэвтэр хохирол учруулсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус, зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч Д.Мд 800 нэгжээр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь шүүгдэгч Д.М нь хохирол төлбөрийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзнэ үү гэх санал гаргасан тул,
Шүүх шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Мгийн хохирол төлбөрөө төлсөн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид Д.М нь хохирогчид учирсан хохирлыг арилгасан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Тав: Бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.М нь 14 хоног цагдан хоригдсон, Д.М нь хохирогч С.Пүрэвгарамын баримтын хүрээнд нэхэмжилсэн хохирлын төлбөрт 551.000 төгрөгийг төлж барагдуулан бусдад төлөх төлбөргүй болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт шүүгдэгч Х овогт Д.М-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож /14x15000=210000/ түүнд оногдуулсан 460000 төгрөгийн торгох ялаас хасч, торгох ялыг 250000 төгрөгөөр тогтоосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь 14 хоног цагдан хоригдсон, хохирогч С.Пүрэвгарамд 551.000 төгрөгийг төлж, бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ