| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2403002290370 |
| Дугаар | 2025/ДШМ/232 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/232
2025 02 13 2025/ДШМ/232
Д.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1392 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403002290370 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д.А, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/;
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХХК-ийн арын замд Toyota prius 30 маркийн 31-79 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт 'Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Бийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Аг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Агээс 13,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт олгож, хохирогч Л.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.А нь замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюулгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж, хохирогч Л.Бийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл хөтөлбөргүй тогтоогдсон байна гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээр маргаагүй Шүүгдэгчийн зүгээс хохирогч Л.Бт эмчилгээний зардалд нийт 4,556,970 төргөг, эрүүл мэндийн даатгалын санд 3,540,080 төгрөгийг нийт 8,097,050 төгрөгийг тус тус төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж , 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүгдэгч Д.А нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, энхэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа Амгалан зах дээр лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулдаг, эхнэр С.Одонтуяа нь тээврийн хэрэгсэл жолооддоггүй. Д.А нь машинаараа бараагаа татах болон түгээлт хийж өрхийн орлого бүрдүүлдэг юм. Дээрх нөхцөл байдлын харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирогчид өгөх сэтгэл санааны хохирлыг 8,580,000 төгрөг болгож шийдвэрлэж өнгө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй тул 60 хоногоор хойшлуулж шалгуулахаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, сэтгэл санааны хохиролд 13,200,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо нөхцөл байдлынхаа талаар дурдаж, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа зах дээр лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулдаг, эхнэр нь тээврийн хэрэгсэл жолооддоггүй, машинаараа бараагаа татах болон түгээлт хийж өрхийн орлого бүрдүүлдэг тул жолоодох эрх хассантай холбоотой гэр бүлийн амьдрал, цаашлаад бизнесийн орлогод нөлөөлнө гэсэн. Эрүүл мэндийн даатгал болон хохирогчид нийт 8,097,050 төгрөгийг төлөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, тодорхой хугацаанд хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн хохирогчид төлөх сэтгэл санааны хохирол 13,200,000 төгрөгийг 8,500,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Ингэснээр Д.Агийн ахуй амьдрал болон бизнесийн орлогод ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасахгүй, эрүүгийн хариуцлагыг тэнсэх, эсхүл ялаас чөлөөлж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын санкци байхгүй бөгөөд хорих ял байхгүй хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөр барагдуулсан эсэхийг харгалзаж үзээд тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулсан. Прокурорын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь хангай мебель” ХХК-ийн арын замд “Toyota prius 30” загварын 31-79УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Бийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Л.Бийн “ 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 56 минутын үед Баянзүрх дүүрэг Нарантуул захын авто замын уулзварын баруун хойд талаас урагш чиглэн авто замыг хөндлөн гараад авто замын урд талд байрлах Япон даавуу гэсэн дэлгүүр рүү орох гээд явж байгаад уг дэлгүүрийн гадна автомашины зогсоол бүхий хэсгийн туслах зам дээр Тоёота приус маркийн автомашинд мөргүүлээд нэлээн хол шидэгдээд газарт унасан. Миний гар утас, нүдний шил, цүнх гутал тал тал тийшээ шидэгдсэн. Ингээд би босох гээд босож чадахгүй, дээшээ харж чадахгүй тэнд байсан хүмүүсийн гутлыг л хараад байж байсан. Тэнд байсан хүн миний гар утас, нүдний шил, цүнх гурвыг надад авч ирж өгсөн. Мөн тэнд байсан эгч өөрийнхөө утсаар эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн.” /хх 30-31/,
иргэний нэхэмжлэгч С.О-ийн "...Миний “Toyota prius 30” загварын 31-79 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэн дүү Д.А надаас гуйгаад аваад явсан. Удалгүй над руу залгаад зам дээр хүн мөргөчихлөө гэхээр нь яваад очсон. Машинд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Бусдад учирсан хохирол гэм хорыг би хариуцан арилгахад татгалзах зүйлгүй.” /хх 36-37/,
иргэний нэхэмжлэгч Д.С-ийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,554,080 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх 99-100/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5135 дугаар “Л.Бийн биед баруун дунд чөмөг ясны ташуу эргэлттэй, холдож салсан далд хугарал, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, эрүүни зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх 45-46/ гэсэн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Toyota prius 30 маркийн 31-79 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол Улсын замын Хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Явган зорчигч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх мөрдөгчийн магадалгаа /хх 66-67/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв /хх 53-59/,
Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад 990096... дугаараас “31-79 УНИ дугаартай саарал өнгийн приус 30 машин хүн мөргөчихлөө” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх 2-3/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Д.Аг драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо" /хх 12/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Л.Бийг драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” /хх 13/ гэсэн тэмдэглэл,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... бараан өнгийн цүнх үүрсэн, бараан өнгийн хүрэм, өмд, гуталтай эмэгтэй хүн ганцаараа хяналтын камер байрлуулсан тал руу буюу нааш чиглэн гүйж авто зам явган хүний замыг хөндлөн гараад наад талын хоёр эгнээ авто замын цаад талд байрлуулсан автомашинууд буюу цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашины урдуур гүйгээд гарах үед тус автомашин зогссон чиглэлд дэлгэцийн баруунаас зүүн чиглэлд явж буй цайвар өнгийн тоёота приус 30 маркийн автомашин зүүн урд талаар тус эмэгтэй хүний биеийн баруун тал руу мөргөх үед газарт шидэгдэн унаад зам дээр биеийнхээ баруун талаар хэвтээд зүүн гар нь хөдлөөд босохгүй байх бөгөөд энэ үед уг эмэгтэй хүнийг мөргөсөн тоёота приус 30 маркийн автомашины жолооч нь автомашинаасаа буух гээд баруун урд хаалгаа онгойлгоход автомашин зогсохгүй урагш бага зэрэг хөдлөх дахин автомашинаасаа гарах үед машин нь зогсохгүй урагш явах үед буцаад автомашин дотроо орж суугаад машиныг зогсоогоод дотроос нь бууж байх бөгөөд энэ үед хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн машинд мөргүүлсэн эмэгтэй хүний дэргэд ойртон очоод бичлэг дуусаж байв.” гэх тэмдэглэл /хх 23-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Д.Агийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Аг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох”-оор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...торгох, ... ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, ... хугацааг тоолно.” гэж заасан байхад Д.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангахгүй байна.
Түүнчлэн шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахдаа нарийвчилсан хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй буюу эдийн бус гэм хорыг арилгах талаарх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг тогтоолынхоо тогтоох хэсэгт дурдалгүй орхигдуулсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1392 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1392 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтад “... шүүгдэгч Д.Ад оногдуулсан ...нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэснийг,
“... шүүгдэгч Д.Ад оногдуулсан ...нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн,
6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ...” гэснийг,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт ...” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ