| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0062/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.М
Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт П.М-д холбогдох эрүүгийн 1720001140116 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хил хооронд хувиараа тээвэр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Сум дундын 9 дүгээр шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1152000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл А овогт П.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт орших Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31530 маркийн автомашинаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэг бүр нь 5 литрийн савалгаатай 68 ширхэг хуванцар савтай метанол-метилен хлорид /methanol methvlene chloride/ нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А овогт П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Эрээн гараад ачаа хайгаад зогсож байхад нэг хужаа ирээд ачаа өгнө гэхээр нь ачаад Монголд орж ирсэн. Гаальд ирээд хориотой бараа гээд хураан авсан.. Би үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Машин бол эхнэр бид хоёрын машин. Машины үнэ 2500000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Засгийн газрын 2014 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бодисоос бусад химийн бодис, химийн бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгож байхаар шийдвэрлэсэн байна. Иймд метанол-метилен хлорид /methanol-methylene chloride/ гэдэг бодисыг тусгай зөвшөөрлийн дагуу оруулж ирэхээр байна. ...Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Т-н 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт “...Гаалийн итгэмжлэгдсэн лабораторийн 0002384 тоот сорилын дүнгээр БТКУС /барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем/ “гарал үүслийн кодтой будаг шингэгч мөн болохыг тогтооосон, дүгнэлтийн хариулт гуравт: “...2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Шадар сайдын 60 дугаар тушаалыг үндэслэвэл их эрсдэлтэй химийн бодисын жагсаалтанд ордог бодис, дүгнэлтийн харилт тавд: ...будаг шингэлэгч нь шинж чанараараа химийн хортой бодисын ангилалд хамаарна гэж тус тус дүгнэлт гарсан байна. П.М нь метанол-метилен хлорид /methanol methvlene chloride/ гэх нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар хилээр оруулж ирсэн үйлдлийн улмаас материаллаг болон материаллаг бус учирсан хохирол байхгүй учир нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд тухайн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 50-51 хуудас/
Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр албаны даргын баталсан хуваарийн дагуу шалган нэвтрүүлэх боомтын импортын буюу орох талын суудлын тэрэгний хяналтын талбайд хяналт шалгалт хийх явцад 11 цагийн орчим УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, ардаас нь нээгээд харахад гэр ахуйн болон цахилгаан бараануудыг ачсан байсан. Багаажны хэсгийг нээлгэж 2 эгнээ цахилгаан барааг гаргаж буулгаж үзэхэд цаад талд нь Хятад хаяг, шошготой бор цаасан хайрцагтай харахад нэг төрлөөр өрсөн 34 бор хайрцаг буюу дотор талыг задалж үзэхэд хаяг шошго байхгүй хуванцар цагаан савтай 68 ширхэг шингэн бодис байсан. Албаны удирдлагад танилцуулан Замын-Үүд дэх Гаалийн лабораторид нэр төрлийг нь тодруулуулахаар албан бичиг хүргүүлүүлэхэд будаг шингэлэгч буюу химийн нэршилээр метанол-метилен хлорид бодис гэсэн шинжилгэний сорилтын дүн гарсан. Химийн хортой бодисын ангилалд багтана. Энэ бодисыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас импортлох тусгай зөвшөөрөл авч, стандарт техник аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг зөвшөөрдөг. Гэхдээ энэ нөхцөлд хувь хүн тээвэрлэсэн нь стандартын шаардлага хангахгүй, зохих зөвшөөрөлгүй байгаа нь хориглоно...” гэжээ. /хх-ийн 52-53 хуудас/
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...УАЗ-31530 загварын автомашиныг 2014 онд худалдаж авсан бөгөөд тухайн үед манай нөхөр байгаагүй учраас энэ автомашиныг би өөрийнхөө нэр дээр бүртгүүлж худалдаж авсан. ...Нөхөр бид хоёр гэр бүлээ батлуулсан, нэг гэр бүлийн гишүүд болохоор тухайн автомашиныг хэн ч эзэмшиж ахуйн хэрэгцээндээ ашиглаж болно гэж ойлгож байна...” гэжээ. /хх-ийн 56-57 хуудас/
Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...Би Замын-Үүд сумын хилийн боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Ц.Ц-с ирүүлсэн “будаг Шингэлэгч” гэх бодисын дээжинд 2017 оны 09 сарын 06-ны өдөр гаалийн лабораторын шинжилгээг No0002384 дугаартай сорилтын дүнгийн хуудсаар явуулсан ба тухайн шингэлэгч бодисын дээж нь Монгол Улсын шадар сайдын 2014 оны 07 сарын 30-ны өдрийн 60 тоот тушаал буюу “Их эрсдэлтэй импортын барааны жагсаалтын” 38140000 кодод хамаарагдах органик нийлмэл уусгагч бодис байсан...” гэжээ. /хх-ийн 65 хуудас/
Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Байгаль орчны хяналтын улсын байцаагч, шинжээч Ө.Т-н 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...Будаг шингэлэгч нь Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан бодисын ангилалд хамаарахгүй. Уг бодисыг импортолоход Байгаль Орчин Аялал Жуулчлал, Ногоон Хөгжлийн Яамны тусгай зөвшөөрөл шаардлагатай. 3814.00.00 гэсэн кодтой учир 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Шадар сайдын 60 дугаар тушаалыг үндэслэвэл уг бодис нь их эрсдэлтэй химийн бодисын жагсаалтанд ордог бодис юм. Будаг шингэлэгч нь шинж чанараараа химийн хортой бодисын ангилалд хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-79 хуудас/
Будаг шингээгч гэх бодист үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-37/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 38-39/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 42-43/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44 хуудас/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 149 хуудас/
Шүүгдэгч П.М-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155 хуудас/
Тод үнэлгээ ХХК-ийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 210 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А овогт П.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт орших Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31530 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэг бүр нь 5 литрийн савалгаатай 68 ширхэг хуванцар савтай метанол-метилен хлорид /methanol methvlene chloride/ нэршилтэй химийн хорт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ч.Ц-н “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр албаны даргын баталсан хуваарийн дагуу шалган нэвтрүүлэх боомтын импортын буюу орох талын суудлын тэрэгний хяналтын талбайд хяналт шалгалт хийх явцад 11 цагийн орчим УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд ардаас нь нээгээд харахад гэр ахуйн болон цахилгаан бараануудыг ачсан байсан. Багаажны хэсгийг нээлгэж 2 эгнээ цахилгаан барааг гаргаж буулгаж үзэхэд цаад талд нь Хятад хаяг, шошготой бор цаасан хайрцагтай харахад нэг төрлөөр өрсөн 34 бор хайрцаг буюу дотор талыг задлаж үзэхэд хаяг Шошго байхгүй хуванцар цагаан савтай 68 ширхэг шингэн бодис байсан. Албаны удирдлагад танилцуулан Замын-Үүд дэх Гаалийн лабораторит нэр төрлийг нь тодруулуулахаар албан бичиг хүргүүлүүлэхэд будаг шингэлэгч буюу химийн нэршилээр метанол-метилен хлорид бодис гэсэн шинжилгэний сорилтын дүн гарсан. Химийн хортой бодисын ангилалд багтана.” Гэх мэдүүлэг, гэрч Ч.О-н “...Би Замын-Үүд сумын хилийн боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Ц.Ц-с ирүүлсэн “будаг Шингэлэгч” гэх бодисын дээжинд 2017 оны 09 сарын 06-ны өдөр гаалийн лабораторын шинжилгээг No0002384 дугаартай сорилтын дүнгийн хуудсаар явуулсан ба тухайн шингэлэгч бодисын дээж нь Монгол Улсын шадар сайдын 2014 оны 07 сарын 30-ны өдрийн 60 тоот тушаал буюу “Их эрсдэлтэй импортын барааны жагсаалтын” 38140000 кодод хамаарагдах органик нийлмэл уусгагч бодис байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Ө.Т-н 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...“Будаг шингэлэгч” нь Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан бодисын ангилалд хамаарахгүй. Уг бодисыг импортолоход БОАЖНХЯамны тусгай зөвшөөрөл шаардлагатай. 3814.00.00 гэсэн кодтой учир 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Шадар сайдын 60 дугаар тушаалыг үндэслэвэл уг бодис нь их эрсдэлтэй химийн бодисын жагсаалтанд ордог бодис юм. ...Будаг шингэлэгч нь шинж чанараараа химийн хортой бодисын ангилалд хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч П.М нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусад бараан дунд нуух аргаар үйлдэж бусдад 1060800 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгчийг химийн хорт, аюултай бодисыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох УАЗ-31530 маркийн автомашин нь гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...УАЗ-31530 загварын автомашиныг 2014 онд худалдаж авсан бөгөөд тухайн үед манай нөхөр байгаагүй учраас энэ автомашиныг би өөрийнхөө нэр дээр бүртгүүлж худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Т.А-н эзэмшлийн автомашин мөн болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч М.А-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч П.М-с гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хөрөнгийн үнэлгээ тогтоох Т ХХК-иас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох УАЗ-31530 маркийн автомашиныг 2500000 төгрөгөөр үнэлжээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч П.М-н хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ “гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан” гэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон, эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба энэ зүйлд хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байхад Нийслэлийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэнд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгохоор шийдвэрлэсэн буруу байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах боломжгүй бол үнийг нь гаргуулахаар хуульд заасан тул шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг машины үнэ 2500000 төгрөгийг төлж улсын орлого болгохыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж байна.
Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгчид ял, албадлагын арга хэмжээ авахдаа прокуророос санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т заасан химийн хорт, аюултай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 6.7-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.М-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 литрийн савлагаатай, 68 ширхэг хуванцар савтай метанол-метилен хлорид нэршилтэй химийн хорт бодисыг хурааж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох УАЗ-31530 маркийн автомашиныг эзэмшигч М.А-д буцаан олгож,тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч П.М-с гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц