| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 240300000988 |
| Дугаар | 2025/ДШМ/233 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/233
2025 02 13 2025/ДШМ/233
С.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч С.М,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/911 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 240300000988 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн С.М, 1966 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 59 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Шүүгдэгч С.М нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд талын замд 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 18 цаг 15 минутын орчимд “Mitsubishi Lancer” маркийн 85-36 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах мөн дүрмийн 10.1. жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Үг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Мг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, шүүгдэгч С.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.2 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Мгаас 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нд олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн гэсэн тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хайлаастын Сод монгол ШТС-ийн уулзвар дээр хүүхэд мөргөж, хөлийг нь гэмтээж хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан. Би урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй учир сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Даралт ихсэж, зүрх өвдөж байнга эмнэлгээр явж байна. Тэтгэврээ бүтэн жилээр авч хохирол барагдуулсан тул одоогоор ажилгүй байгаа. Байрныхаа төлбөрийг төлж чадахгүй болж, сэтгэл санаа хүнд байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй байх болно. Миний энэ байдлыг харгалзан үзэж, 6 сарын зорчих эрх хязгаарласан ялыг цуцалж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг болон учруулсан хохирол, хор уршиг зэргийн харгалзан үзэж хамгийн боломжтой байдлаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч С.М нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18:15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд талын замд “Mitsubishi Lancer” загварын 85-36УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 10.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Үг мөргөж, түүний биед зүүн эрхий хурууны шивнүүр ясны сэлтэрсэн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нгийн “...би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин А.Үтай утсаар ярьж байтал манай охин орилоод явчихсан. Тэгээд би өөдөөс нь алхаад явж байсан болохоор гүйгээд очтол аав нь бас охиноо тосох гэж очсон тул охиноо тэвэрчихсэн газар сууж байсан. Ослын улмаас охин А.Үгийн зүүн хөлийн эрхий хурууны яс хугарсан.” /хх 20/,
иргэний нэхэмжлэгч Д.С-н “...С.Мгийн гэм буруугийн улмаас хохирогч А.Үгийн эрүүл мэндэд хохирол учирсан. Хохирогч А.Ү нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч гэмтэл согог үндэсний төвд хүргүүлэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас А.Ү нь 320,701 төгрөг гарсныг С.Мгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх 25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14008 дугаартай шинжээчийн “...А.Үгийн биед зүүн эрхий хурууны шивнүүр ясны сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх 39-40/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 45-50/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1781 дугаартай “Жолооч С.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах мөн дүрмийн 10.1. жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Явган зорчигч А.Ү нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн магадалгаа /хх 52/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.М нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Мгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Мг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Мөн шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч С.Мгаас “... миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, 6 сарын зорчих эрх хязгаарласан ялыг цуцалж өгнө үү.. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулж, хугацааг хамгийн багаар буюу 6 сараар, мөн эрх хасах нэмэгдэл ялыг 1 жилээр тус тус тогтоосон нь тохирсон байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд оногдуулсан ялыг цуцлах хуулийн боломжгүй юм.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/911 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/911 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ