| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 101/2024/10198/И |
| Дугаар | 191/ШШ2025/09354 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/09354
| 2025 10 31 | 191/ШШ2025/09354 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, сайн дураар чөлөөлөөгүйн улмаас учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Б.*******өд холбогдуулан Орон сууц, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, сайн дураар чөлөөлөөгүйн улмаас учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 185,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн Б тоотод 90,62 м.кв 4 өрөө орон сууц, мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын тоот, 17,25 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалсан бөгөөд барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд түүний хүсэлтээр дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үл маргах журмаар зээлдэгч ******* ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Холбогдох гэрээ, ******* ББСБ ХХК болон хүсэлтийг тус тус үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд өмчлөх эрхийг гэрээний дагуу шударгаар олж авсан болно.
Гэтэл дээрх орон сууц болон авто зогсоолыг хариуцагч Б.******* нь өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөөр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Б тоотод 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын тоот, 17,25 м.кв авто зогсоолыг Б.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч байсан хэдий ч өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлдэгч ы зээлийн төлбөр болох 207,850,000 төгрөгт тооцон дээрх хөрөнгийг шилжүүлж авсан бөгөөд хариуцагч Б.*******ийн хууль бус эзэмшлийн улмаас өөрийн өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болж, компанийн үндсэн үйл ажиллагаанд хохирол учрах болсон. ******* ББСБ ХХК нь тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Б.*******ийн хууль бус эзэмшлийн улмаас зээлийн төлбөрт тооцон авсан орон сууц, авто зогсоолыг захиран зарцуулах боломжгүйн улмаас 70,304,006 төгрөгийн бодит хүүгийн хохирол учраад байна. Нэхэмжлэгч өөрийн зээлийн хүүгээр тооцоолол хийж, 2023 оны 12 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тооцоход 70,304,006 төгрөгийн хохирол гарсан.
Иймд бусдын өмчлөх эрхийг зөрчиж байгаа хариуцагч Б.*******ийн хууль бус эзэмшлээс Б тоотод 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын тоот, 17,25 м.кв авто зогсоолыг албадан чөлөөлж, хохирол 70,304,006 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Хэрэгт авагдсан өмчлөх гэрчилгээнээс гадна, өмнө нь давж заалдах шатны шүүхээс буцсанаас хойш ч гэсэн 9 дүгээр сард авсан лавлагаагаар тухайн хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаагаар нотлогдож байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.4-т зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр шинэ өмчлөгчийн эрх үүсдэг.
Цагдаагийн байгууллагад хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг хохирогч гэж тогтоосон байгаа. Тиймээс хариуцагч нар үнэхээр Арвин гэх хүнд залилан мэхлүүлсэн бол холбогдох хохирол, төлбөрөө тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад гаргуулах бүрэн боломжтой. Гэтэл энэ хугацаанд байрыг би авах ёстой байсан гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эргэлтэд оруулаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон, хариуцагчийн хууль бус үйлдлээс үүдэлтэй бодит хохирол гэж бид үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. ******* банк бус санхүүгийн байгууллагатай хариуцагч Б.******* нь ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй. Тухайн орон сууц, авто зогсоолыг 2020.01.20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг төлж дууссаны дараа өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахаар тохиролцож худалдаж авсан. Худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Арвин болон Баянмөнх нь удаа дараа худал хэлж ажилтай байна, өвчтэй байна, эхнэр өвдсөн, эмнэлэгт хэвтсэн гэх мэт шалтгаанаар удаа дараа хойшлуулж байсан.
Энэ нь эрүүгийн хэргээс авагдсан нотлох баримт дотор байгаа мессежнүүдээр нотлогдох бөгөөд Б.*******ийн буруутай үйл ажиллагаанаас бус, Арвин өөрөө шилжүүлж өгөхөөс зайлсхийж байсныг нотолж болно.
Мөн банк бус санхүүгийн байгууллага нь Арвинтай зээлийн гэрээ байгуулж, орон сууцыг шилжүүлэн авсан. Гэвч орон сууцыг шилжүүлж авснаараа тус банк бус санхүүгийн байгууллагын өмч шууд болохгүй. Яагаад гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ орон сууц нь үнэхээрийн өөрийн өмч мөн эсэхийг тогтоолгоогүй, ямар нэгэн шийдвэр байхгүй. Зөвхөн зээлийн өрөнд авсан гэдэг үндэслэлээр л өөрсдийгөө эзэмшигч гэж үзэж байгаа.
Ийм учраас нэхэмжлэгч нь Б.*******ийн эзэмшиж, төлбөрөө төлөөд өөрийн болгосон энэхүү орон сууц, автомашины зогсоолыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч өмчлөлөө шүүхийн шийдвэрээр тогтоолгосныхоо дараа нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ талаар ч мөн магадлал дээр заасан байгаа. Нэгэнт Эрүүгийн хэргээс авагдсан нотлох баримтад Арвинд холбогдох эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байгаа нотлох баримтыг ******* өөрийн биеэр авч, иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн магадлал дээр заагдсанчлан өмчлөл нь баталгаажаагүй байгаа учраас энэ хэргийг буцаах бас нэгэн үндэслэл болж байна гэж үзэж байна. Тийм учраас ******* нь ******* банк бус санхүүгийн байгууллагад ямар нэгэн мөнгө төлөх, орон сууцаа шилжүүлэх шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг буцаах эсвэл эрүүгийн хэрэг маргаан хянагдаж дуусах хүртэл хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/
3.2. Итгэмжлэл /хх 5, 207/
3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/
3.4. 2021.12.07-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /хх 7-9/,
3.5. 2021.12.21-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээний хуулбар /хх 10-11/,
3.6. 2023.04.03-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх 12/,
3.7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 13-14/,
3.8. Хохирлын тооцоолол /хх 15/,
3.9. Мэдэгдэл /хх 16-17/,
3.10. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 136-139/.
4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
4.1. Хариу тайлбар /хх 26/,
4.2. 2020.01.20-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх 30-32/,
4.3. Итгэмжлэл /хх 123/,
4.4. Эрүүгийн хэргийн материалаас хуулбарлан авсан гэх баримтууд /хх 160-205/.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд Манай байгууллагын өмчлөлийн Б тоотод 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын тоот, 17,25 м.кв авто зогсоолыг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байх тул албадан чөлөөлүүлэх эрхтэй, бизнесийн байгууллага болохын хувьд хариуцагчийн хууль бус эзэмшлийн улмаас дээрх өмчлөлийн хөрөнгөө зах зээлд эргэлтэд оруулж чадаагүй тул олох байсан орлогоо өөрийн байгууллагын хүүгийн хэмжээгээр тодорхойлж 70,304,006 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг байгуулсан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан, орон сууц, авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн учир албадан чөлөөлөх үндэслэлгүй. д залилан мэхлүүлсэн талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учир нэхэмжлэлийг буцаах, эсхүл хэргийг түдгэлзүүлэх үндэслэл бий болсон гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээнээс улбаалж, ы зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцон авахаар тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ гэрээний үндсэн дээр олж авсан гэх үйл баримтыг тайлбарласныг хариуцагч нь няцаан үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
4.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,
тус хаягт байрлах зоорийн давхрын тоот, улсын бүртгэлийн дугаартай, 17.25 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгчөөр:
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Арвин бүртгэгдсэн,
2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 150,000,000 төгрөгийн хэмжээнд барьцаалуулж, тус барьцааны үүрэг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон,
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 185,000,000 төгрөгийн хэмжээнд ******* ББСБ ХХК-д барьцаалуулж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны үүрэг дуусгавар болсон,
2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ББСБ ХХК нь 177,850,000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /хх 13-14, 136-139/
4.3. Арвин болон Б.******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 216, 217 дугаар гэрээнүүд байгуулагдаж, маргаан бүхий орон сууцыг 230,000,000 төгрөгөөр, авто зогсоолыг 28,000,000 төгрөгөөр Б.******* нь худалдан авахаар тохиролцсон байна. /хх 160-168/
Ийнхүү гэрээ байгуулагдсанаар буюу 2020.01.20-ны өдрөөс хойш хариуцагч Б.******* нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг эзэмшиж байна.
5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,
114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан.
Хэдийгээр Б.******* нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх ******* ББСБ ХХК-д шилжихээс өмнө гэрээний харилцаанд орсон байх боловч тус гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, нэхэмжлэгч нь ыг өмчлөгч биш болохыг мэдэх боломжгүй байсан байх тул түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шударгаар олж авсан гэж үзнэ.
6. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрх үүссэн байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ******* ББСБ ХХК нь Б.*******ийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй тул орон сууц, авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь орон сууц, авто зогсоолыг бодитоор эзэмшилдээ авсан бол эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлж, 70,304,006 төгрөгийн орлого олох байсан гэж хариуцагчаас шаардсан.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан.
Хэдийгээр хариуцагч Б.*******ийн эзэмшил нэхэмжлэгчийн хувьд хууль бус боловч ийнхүү хууль бус болох нөхцөлийг хариуцагч үүсгээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд биш байх тул олох байсан орлого 70,304,006 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Б.*******өөс цагдаагийн байгууллагад гаргасан Б тоот 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын тоот авто зогсоолыг худалдан авах зорилгоор 2020.01.20-ны өдөр бусадтай гэрээ хийж 258,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч үл хөдлөхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлж өгөөгүй залилсан гэх өргөдөлд Хэрэг бүртгэлтийн хэрэг дугаар хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Гэвч энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх нөхцөлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг буцаах, эсхүл хэргийг түдгэлзүүлэх талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгчээс тус шаардлагад төлсөн 1,197,200 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,127,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 70,304,006 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж 509,471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,тус хаягт байрлах зоорийн давхрын тоот улсын бүртгэлийн дугаартай 17.25 м.кв талбайтай, авто зогсоолыг хариуцагч Б.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 70,304,006 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,706,671 төгрөгөөс 1,127,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА