Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01697

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01697

 

 

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01690 дүгээр шийдвэртэй, Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Дулаанбогд хайрхан ХХК, Д.Найдан, Н.Тогоомаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 79 908 639.25 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Найдан түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: : Дулаанбогд хайрхан ХХК болон иргэн Д.Найдан, Н.Тогоомаа нар нь Хаан банк ХХК-ийн Чингэлтэй тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/216 тоот зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр БГ/216 тоот барьцааны гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар бизнесийн зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралт дахь Зээл олголт, эргэн төлөлтийг хуваарь хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/216-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж хугацааг сунган, хуваарийг өөрчилсөн. Зээлдэгч нар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/216 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 20 359 859 56 төгрөг, хүүгийн төлбөрт 10 005 333 85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 295 539 59 төгрөг, нийт 30 660 733 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/216 барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.    2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/216 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу

үндсэн зээлийн төлбөр 49 640 140.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 25 552 540.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 703 458.74 төгрөг, нотариатын төлбөр 12 500 төгрөг, нийт 79 908 639.25 төгрөгийг гаргуулах.

2.    Зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү 2014 оны 12

дугаар сарын 09-ний өдрийн БГ/216 тоот барьцааны гэрээнд дурдсан Ү-2205043034 үл хөдлөхийн дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөөний 103 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай, 46 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2205044409 үл хөдлөхийн дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөөний 105 дугаар байрны 171 тоот хаягт байршилтай 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 0674 ОРО улсын дугаартай, NЕ11004974 арлын дугаартай Ниссан нөт /Nissan note/ маркийн ногоон өнгөтэй суудлын автомашин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Найдан шүүхэд гаргасан тайлбартаа: Дулаанбогд хайрхан ХХК-ийг төлөөлж Д.Найдан би Хаан банк ХХК-ийн Чингэлтэй салбараас 70 000 000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 216 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 20 359 859.56 төгрөг, хүү 10 005 333.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 295 539.59 төгрөг, нийт 30 660 733 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 100 айлын төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг өгсөн боловч хуурамч гэрээ байсан тул бид хохирсон. Тиймээс үндсэн зээлийн төлбөр 49 640 140 44 төгрөгийг төлж чадахгүй болоод байна. 49 640 140.44 төгрөгийг төлөхөөс хүүг нэмж төлөх чадваргүй байна. Энэ байдлыг харгалзан үзэж 49 640 140.44 төгрөгийг барьцаа хөрөнгөөр төлөхөд орон сууцгүй болох асуудал тулгарч байна. Иймд залилан хийсэн этгээдээс мөнгөө авч байж төлөх боломжтой гэжээ.

Хариуцагч Дулаанбогд хайрхан ХХК-ийн төлөөлөгч Д.Найдан шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банк ХХК-аас зээлийн гэрээгээр авсан 70 000 000 төгрөгөөс 49 640 140.44 төгрөгийг 100 айлын төслийн ажил гүйцэтгэх гэрээний баталгаа болгон байршуулсан. Гэвч уг төслийн ажил нэрээр Г.Должинсүрэн гэгч этгээд 2016 онд 86 000 000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч одоо хүртэл Дулаанбогд хайрхан ХХК-д төлөөгүй нь улмаас тус компани дампуурсан байдалд орж ямарч мөнгө төлөх чадваргүй болсон тул 49 640 140.44 төгрөгийг зээлийн үлдэгдлийг хугацаагаар төлж, хүүгээс хөнгөлж өгөхийг хүсч байна. н.Должинсүрэнгээс мөнгөө аваагүй цагт барьцааны байраа өгөх боломжгүй болно. Иймд барьцааны байр хураалгах асуудал н.Должинсүрэнтэй холбоотой юм гэжээ.

Хариуцагч Н.Тогоомаа шүүхэд гаргасан тайлбартаа: Дулаанбогд хайрхан ХХК-ийг төлөөлж Н.Тогоомаа би Хаан банк ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 216 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 20 359 859.56 төгрөг, хүү 10 005 333.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 295 539.59 төгрөг, нийт 30 660 733 төгрөгийг тус тус төлөөд 100 айл төслийн ажил гүйцэтгэх гэрээ хийж үлдэгдэл төгрөгийг түргэн хугацаанд найдвартай төлнө гэж үзэж 50 000 000 төгрөг өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл төслийн ажил хийгдээгүй бид хохирч үндсэн зээлийн төлбөр 49 640 140.44 төгрөгийг төлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд төслийн ажлын гэрээ хийсэн Өндөр заяа ХХК-ийн захирал Г.Должинсүрэнтэй шүүхээр явж эвлэрлийн гэрээгээр 86 000 000 төгрөгийг Дулаанбогд хайрхан ХХК, Д.Найданд өгөх шүүхийн шийдвэр гарсан. Иймд үндсэн зээл 49 640 140.44 төгрөгийн зээлийн үлдэгдлийг барьцаагаар төлж, хүүгээс хөнгөлж өгөхийг хүсч байна. Энэ барьцаа хөрөнгийг суллаж өгөхдөө дээрх Г.Должинсүрэнгээс шүүхийн шийдвэрээр гарсан 86 000 000 төгрөгийг бидэнд олгогдсон тохиолдолд Хаан банк ХХК-д төлөх төлбөрийг барагдуулах бололцоог олгож өгөхийг туйлын их хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Найдан, Н.Тогоомаа, Дулаанбогд хайрхан ХХК-иудаас 79 896 139.25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103-03 тоот хаягт байршилтай, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105-171 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 06-74 ОРО улсын дугаартай, NЕ11004974 арлын дугаартай Ниссан нөт /Nissan note/ маркийн ногоон өнгөтэй суудлын автомашиныг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 627 631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557 431 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Найдан давж заалдах гомдолдоо: Дулаанбогд хайрхан ХХК нь Хаан банкХХК-тай эдийн засаг, эрх зүйн харилцаанд орж зээл авч зохих хугацаанд төлж ирсэн найдвартай зээлдэгч юм. 2014 оны 12 дугаар сарын 09-нд "Барьцааны гэрээ" байгуулан 70 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд уг зээлийн эхний төлөлт болох 20 359 859 төгрөгийг мөн хүүнд 10 005 3331 төгрөгийг нийтдээ 30 660 7337 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх боломж бүрдээд байтал 100 айлын төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил болох хуучин барилгуудыг 2 сарын хугацааны дотор буулгуулах ажлыг манай компани хийж гүйцэтгэхээр болж Өндөр Заяа ХХК-ийн захирал Г.Должинсүрэнтэй гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг гүйцэтгэх ажлын баталгаа болгон тушаасан. Гэвч Өндөр Заяа ХХК-ийн захирал Г.Должинсүрэн гэгчид залилуулсан, эрсдэлд орж хохирон өнөөдрийг хүрээд байна. Дээрх байдлыг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгөхөөр бэлдсэн байсныгаа анхан шатны шүүхэд гаргаж өгч чадаагүй юм. Анхан шатны шүүх Үндсэн хуулийи 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд заасан эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг минь хайхрамжгүй зөрчиж шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Миний бие шүүх хуралдаан болохын өмнөхөн биеийн байдал муудаж түргэнээр /103/-аар эмнэлэгт хүргэгдэж хэвтэн эмчлүүлж байхад тус шүүх хуралдаан болж хариуцагчийг эзгүйд шийдвэр гаргасан байсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаан өгч хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Дулаанбогд хайрхан ХХК болон Д.Найдан, Н.Тогоомаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79 908 639.25 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Дулаанбогд хайрхан ХХК болон иргэн Д.Найдан, Н.Тогоомаа нар нь Хаан банк ХХК-ийн Чингэлтэй тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/216 тоот зээлийн гэрээ, БГ/216 тоот барьцааны гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх эориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нэрлэн зааж барьцаалсан. Зээлдэгч хүсэлт гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/216-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж хугацааг 3 сараар сунган, хуваарийг өөрчилсөн. Зээлдэгч нар үндсэн зээлээс 20 359 859 56 төгрөг, хүүгийн төлбөрт 10 005 333 85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 295 539 59 төгрөг, нийт 30 660 733 төгрөгийг тус тус төлсөн зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон./хх-ийн 10-12,13-16,17, 31-32 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээний 2.4.3.-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 79 896 139.25 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд хариуцагч нар зээлийн төлбөрийн тооцооллын талаар маргаагүй. Талууд зээлийн хүүг тодорхой нэрлэн заасан, зээлийн төлбөрийг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөөгүй тохиолдолд баримтлах журмыг зээлийн гэрээний 2.4.2-т заасан нөхцөлөөр тодорхой тохиролцсон байна. /хх-ийн 10, 12, 17, 58 дугаар тал/

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, нэхэмжлэгч төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээний 2.4.1-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний 4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч банк зээлийн гэрээний үүргийг Д.Найдан, Н.Тогоомаа нараас шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд анхан шатны шүүх хариуцагч, хамтран хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

Хэргийн 13-15 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс дүгнэхэд хариуцагч Дулаанбогд хайрхан ХХК олон Д.Найдан, Н.Тогоомаа нар нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг нэр заан дурдаж БГ-216 дугаар гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь бичгээр байгуулагдсан, бүртгэлийн газар бүртгүүлсэн, хуулийн шаардлага хангасан, зохигчид барьцааны энэхүү гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээсэн байх ба Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2, 165 дугаар зүйлийн 165.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн тул хариуцагчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй тухай тайлбар үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Найдан Г.Должинсүрэн гэгчид буюу өөр хүнд залилуулсан, хүү төлөх боломжгүй гэх тайлбарыг удаа дараа гаргах боловч энэ нь зээлийн хүүг багасгах, хүү болон зээлээр авсан мөнгөө төлөхгүй байх, хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхээс хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй, тэдэнд эрх, үүрэг тайлбарлан танилцуулсан байна. /хх-ийн 44 дүгээр тал/

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн, хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй болохоо баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 60, 66 дугаар тал/

Мөн шүүх хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох болон эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэж байсан байх бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. /хх-ийн 59 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 431 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Б.НАРМАНДАХ