Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга  Б.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Т-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 19.14  дүгээр зүйлийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 19.14  дүгээр зүйлийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.Х нарт холбогдох эрүүгийн 1820000760059 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Х.Г,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Х.Х,

Холбогдсон хэргийн талаар:         

Шүүгдэгч Х.Г нь Х.Х-тай бүлэглэн өөрийн зурагтай Х.Х-н нэр, биеийн байцаалт бүхий дугаартай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авч, уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хууль бусаар нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж Монгол Улсын Хилийг хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч Х.Х нь Г.Г-той бүлэглэн Х.Г-т өөрийн биеийн байцаалт бүхий Х.Х-н зурагтай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авч, Х.Г нь уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хууль бусаар нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б овогт Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 онд БНХАУ-ын Эрээн хотод цайны газарт ажил хийхээр явсан. Тэгээд Эрээнд ажил хийж байхад цалин бага байсан учир Хөх хотруу ажил хийхээр явсан. Тэнд өндөр цалинтай ажил байдаг гэж сонссон юм. Тэгээд Ордос хотод ажиллаж байгаад ажлын гэрээ байхгүй, цагдаагийн болон хорооны тодорхойлолт мөн виз байхгүй зорчсон гээд Хятадын цагдаад баригдаад 15 хоног хоригдоод 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-аас хар тамга даруулан Монгол Улсад Замын-Үүдийн боомтоор орж ирсэн. Монгол ирээд эрхэлсэн тодорхой ажил байхгүй байсан учраас өөрийн дүү дээрээ очиж эгчдээ тус болооч, өөрийнхөө нэртэй, миний зурагтай гадаад паспорт аваад өгөөч, эгч нь чихийг нь янзлуулж өгнө гэж гуйхад манай дүү Х үгүй гэж хэлсэн. Ингээд дахин гуйж байгаад 2018 оны 01 дүгээр сард дүүтэйгээ хамт Улсын бүртгэлийн газарт очиж өөрийнхөө цээж зурагтай, дүүгийнхээ нэр дээр гадаад паспорт захиалж авсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүдийн боомтоор урагшаа гарч Макаод ажил хийж байтал хүүхдийн бие муу байна гэхээр нь буцаж Монголд орж ирэх гэж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баригдсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би одоо жирэмсэн, мөн бага насны хүүхдүүдтэй тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би энэ хэрэгт дүүгээ татан оруулсандаа харамсаж байна гэв.

Шүүгдэгч Б овогт Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-23 хуудас/

Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн өглөө 11 цагийн үед БНХАУ-аас Монгол Улсад орох чиглэлд Х.Х гэх нэртэй гадаад паспорттой эмэгтэй над дээр ирж баримт бичгээ шалгуулсан. Түүний гадаад паспортыг авч шалгахад түүнээс хэзээ урагшаа хил нэвтэрсэн бэ, мөн хаана байж байгаад ирсэн бэ гэж асуусан. Яагаад гэвэл тэр эмэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсаас гараад эргэж орж ирэлгүй 3 сар болсон байсан учир уг асуултууд тавихад тэр эмэгтэй Хонг конгод байж байгаад ирсэн гэж хариулсан. Тэгээд паспортыг нь паспорт уншуулагчид хийгээд зургийг нь хартал өөр харагдсан. Тэгэхээр нь түүнээс таны гадаад паспорт мөн үү гэж асуухад тийм гэж хариулсан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад боомтын дарга Ц.Г-д мэдэгдэж ангируу шилжүүлсэн гэжээ. /хх-ийн 38 хуудас/

Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42 хуудас/

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2632 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 хуудас/

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2631 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн Х.Х-н гэрэл зурагтай тохирно. Харин регистрийн дугаартай Х.Г-н гэрэл зурагтай тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 53-57 хуудас /

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3507 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Х.Г-н гэрэл зурагтай тохирно. Харин регистрийн дугаартай Х.Х-н гэрэл зурагтай тохирохгүй байна  /хх-ийн 62-66 хуудас/

Шүүгдэгч Х.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуудас/

Шүүгдэгч Х.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88 хуудас/

Шүүгдэгч Х.Г-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 91-94 хуудас/

Шүүгдэгч Х.Х ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 хуудас/

Шүүгдэгч Х.Х иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96 хуудас/

Шүүгдэгч Х.Х хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 97-100 хуудас/

Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийн хуулбар /хх-ийн 114-115 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Г нь Х.Х-тай бүлэглэн өөрийн зурагтай Х.Х-н нэр, биеийн байцаалт бүхий хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авч, уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хууль бусаар нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж Монгол Улсын Хилийг хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч Х.Х нь Г.Г-той бүлэглэн Х.Г-т өөрийн биеийн байцаалт бүхий Х.Х-н зурагтай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авч, Х.Г нь уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хууль бусаар нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2631 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Х.Х-н гэрэл зурагтай тохирно. Харин регистрийн дугаартай Х.Г-н гэрэл зурагтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 53-57 хуудас / гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн өглөө 11 цагийн үед БНХАУ-аас Монгол Улсад орох чиглэлд Х.Х гэх нэртэй гадаад паспорттой эмэгтэй над дээр ирж баримт бичгээ шалгуулсан. Түүний гадаад паспортыг авч шалгахад түүнээс хэзээ урагшаа хил нэвтэрсэн бэ, мөн хаана байж байгаад ирсэн бэ гэж асуусан. Яагаад гэвэл тэр эмэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсаас гараад эргэж орж ирэлгүй 3 сар болсон байсан учир уг асуултууд тавихад тэр эмэгтэй Хонг конгод байж байгаад ирсэн гэж хариулсан. Тэгээд паспортыг нь паспорт уншуулагчид хийгээд зургийг нь хартал өөр харагдсан. Тэгэхээр нь түүнээс таны гадаад паспорт мөн үү гэж асуухад тийм гэж хариулсан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад боомтын дарга Ц.Г-д мэдэгдэж ангируу шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 38 хуудас/ Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийн хуулбар /хх-ийн 114-115 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Х.Г, Х.Х нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн  тусгай ангийн 19.14  дүгээр зүйлийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол гэж заасан тул улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар журамлаж ирүүлснийг татгалзсан бөгөөд хэргийн бусад  зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Г, Х.Х нарыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашиглах  гэмт хэргийг тус тус, үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Х гэх нэртэй Х.Г-н гадаад паспорт 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байх бөгөөд Х.Х гэх нэртэй Х.Г-н гадаад паспорт 1 ширхэгийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт устгуулахаар хүргүүлэх  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г, Х.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14  дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1,  шүүгдэгч Б овогт Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14  дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарын орлого олох боломжийг харгалзан  500.000 / таван зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Х.Г, Х.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Х гэх нэртэй Х.Г-н гадаад паспорт 1 ширхэгийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г, Х.Х нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ          Д.Ц