Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/234

 

 

 

 

 

 

   2025            02           13                                        2025/ДШМ/234

 

Б.А, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1906012421354 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн   Б.А, 1992 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хувиараа орчуулагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................. тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 cap 10 хоногийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2.1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД: ............./;

2. Ш овгийн  Э, 1966 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, материал техникч мэргэжилтэй, хувиараа автомашины худалдааны ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ...................../;

Шүүгдэгч Д.Э, Б.А нар нь бүлэглэн шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 03-34 УБХ улсын дугаартай "Mercedes Benz G550" загварын тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Нар сарны технологи” Банк бус санхүүгийн байгууллагад 28,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан” бодит байдлыг нуух замаар иргэн Г.Б төөрөгдөлд оруулж, хохирогчийн эзэмшлийн 07-07 УНР улсын дугаартай "Mersedes Benz S550" загварын тээврийн хэрэгсэл, 30-50 УБИ улсын дугаартай "Toyota Harrier" загварын тээврийн хэрэгслийг тус тус " Mercedes Benz G550" загварын 03-34 УБХ дугаартай тээврийн хэрэгслээр солино хэмээн үгээр итгүүлж төөрөгдүүлэн хуурч, итгэлийг эвдэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт "Toyota Harrier" загварын тээврийн хэрэгслийг Д.Э нь өөрийн эзэмшилд шилжүүлэн хууль бусаар авч бусдад захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн, 21-20 УББ улсын дугаартай "Mercedes Benz S550" загварын тээврийн хэрэгслийг Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлж улмаар бусдад зарж борлуулан хохирогч Г.Бд 50,286,336 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.А, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А, Д.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгон ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.А, Д.Э нарыг “хуурч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийг хасаж, түүний эдлэх торгох ялыг 4,550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,550,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Д.Э нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э, Б.Ш /Б.А/ нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Д.Э, Б.Ш /Б.А/ нарыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэж тооцсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж хөнгөрүүлсэн. Залилагч нарт торгуулийн ял оноосон. Хохирогч Г.Б надад, шүүгдэгч Б.Ааас 40,829,000 төгрөгийг, Д.Эгаас 6,474,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн. Шүүгч хохирлын хэмжээг гаргахдаа хэт нэг талыг барьж хохирогч миний эрхийг давхар хохироосон гэж үзэж гомдолтой байна. Миний 5 жил хохирсон хохирлыг шүүгдэгч нарын авсан эд хөрөнгөөр тооцож, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ шүүгдэгч Б.Ааас хохирогчийн эзэмшиж байсан “Mercedes Benz S” маркын автомашины үнэ болох 28,829,000 төгрөг дээр 30-50 УБИ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг зарсан үнэ 12,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Эгаас шүүгдэгч Б.Ат өгсөн байх тул нэмж нийт 40,829,000 төгрөгийг шүүгдэгч Эгаас “Toyota Harrier” машины үнэ болох 16,474,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг хасаж, дугаарын үнэ болох 2,000,000 төгрөгийг нэмж нийт 6,474,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Бд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй. Хохирогч миний хувьд гомдолтой байна. Учир нь, би найз Нид Gclass авмаар байна, өөрийн S class машинаа томруулчихмаар байна гэж ярьж байсан бөгөөд үүнээс хойш 2-3 хоногийн дараа Н залгаад манай нэг дүү G class зарна гэнэ, чи сонирхвол асуухгүй юу гээд утасны дугаар өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өөрийгөө Ананд эрүүгийн цагдаагийн албанд ажилдаг гэх одоогийн Б.Ш буюу Б.А гэдэг 03-34УБХ улсын дугаартай Gclass машин унасан залуу ирж анх танилцаж байсан. Тэрнээс хойш 2-3 удаа манай гадаа ирж уулзаад машинаа 60,000,000 төгрөгт өгнө гэсэн. Банк бусын нэр дээр байдаг юм байна гэхэд цөөхөн хэдэн төгрөгт тавьсан байгаа удахгүй чөлөөлөөд өгнө асуудалгүй итгэ гэсэн. Ингээд бид миний 07-07УНР дугаартай “Mercedes Benz S” машиныг 40,000,000 төгрөг, мөн 30-50УБИ дугаартай  “Toyota Harrier” машинаа 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгт тооцож бартерлахаар харилцан тохиролцсон. Гэтэл “Нар сарны технологи” ББСБ-ын үнэлгээний хорооны ажилтан Д.Э нь Шгийн G class-ыг ББСБ-аас чөлөөлж өгнө гэж Г.Б миний “Toyota Harrier” машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад хэдхэн хоногийн дараа бусдад шилжүүлсэн байсан. G class машиныг ББСБ-ын өр төлөгдөхөөр нэр лүү минь шилжүүлж өгнө гэсэн тул би унаад явж байтал бүх учрыг мэдэж миний машинуудыг зарсан мөнгөөр G class машины барьцааг суллана гэсэн Э нь 2019 оны 10 сард G class машиныг маань хурааж авсан. Миний 2 машины мөнгийг ч өгөлгүй, G class машиныг ч өгөлгүй хоёулаа хуйвалдан намайг залилан 5 жилийн хугацаанд хохироосон. Энэ хооронд Ананд гээд байсан Б.Ш нь нэрээ сольж алга болсон. Харин Д.Э нь миний машины 07-07УНР улсын дугаарыг өөрийнхөө “Land Cruiser” машиндаа шилжүүлэн тавиад ашиглаж явсан. Шүүх машинуудыг 60,000,000 төгрөгөөр тооцож харилцан өгч авалцахаар тохиролцсон гэдгээ Д.Э, Б.Ш /Б.А/, Г.Б бид ярьж хэлсээр байтал гэм буруутайд тооцсон мөртөө хохирлын хэмжээг 47,303,000 гэж тооцож гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Тухайн үед дээрх машинуудын зах зээлийн ханш тийм л байсан тул бид хэн аль нь харилцан тохиролцоод авч өгөлцөхөөр болж байсан юмаа. Хэрэг шалгаж байх үед удаа дараа шинжээчийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь 2018 оны 09 сарын байдлаар G 550 машиныг 56,867,000 төгрөг, “Mercedes Benz S” машиныг 32,650,000 төгрөг, “Toyota Harrier” машиныг 17,576,000 төгрөг гэж үнэлсэн байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Монголын хөрөнгө хохирлын үнэлгээчдийн холбоо ГҮТББ-ын дүгнэлтээр 2023 онд Монгол Улсад орж ирсэн “Toyota Harrier” машиныг 16,479,000 төгрөг, 2008 оны “Mercedes Benz S550” машиныг 28,829,000 төгрөгөөр, 07-07УНР улсын дугаарыг 2018 оны 09 сарын байдлаар 2,000,000 төгрөгөөр үнэлсэн хамгийн бага гэсэн үнэлгээг барьж шийдсэнд байгаа нь ойлгомжгүй байна. Хамгийн сүүлд томилогдсон 2024 оны 04 сарын 03-ны өдрийн Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институтээс гаргасан №342Ш/24 дугаартай дүгнэлт нь хамгийн үндэслэлтэй байхад намайг бүхэл бүтэн 5 жил хохироосон хүмүүст ашигтай шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Ер нь бол үнэлгээг шүүх заавал барих ёстой гэж бодохгүй байна. Д.Э, Б.А, Ш /Б.А/ нар нь надаас миний 2 машиныг тухайн зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр тооцож авснаа үнэнээр нь шүүхэд хэлж мэдүүлээд байгаа тэр бодит хохирол мөн гэж үзэж гомдолтой байна. Харин энэ хоёр хүн надаас авсан машинаа цаашаа хэнд хэдэн төгрөгөөр зарсан нь надад ерөөсөө ямар ч хамаагүй, шүүхэд ч хамаагүй тэр бол өөрсдийнх нь асуудал шүү дээ. Тухайн үед наймаагаа буцаахгүй яасан юм бээ гэж харамсаж байна. Шүүгч үнэн зөв шийдэж чадаагүй, нэрээ хүртэл худлаа үнэн ярьж намайг байтугай цагдаагийн байгууллагыг хүртэл төөрөгдүүлж, оргон зайлж маш их чирэгдүүлсэнд гомдолтой байна. Иймд миний хохирлын 60,000,000 төгрөгийг бүрэн гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.

 Хохирогч Г.Б-н өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд хэрэг гарсан бүх шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар гарсан гэж өмгөөлөгч нар мэтгэлцэж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан. Хохирогч, шүүгдэгч нар 60,000,000 төгрөгөөр тохиролцож, бартераар автомашинуудаа шилжүүлсэн. Гэтэл хохирогчийн хувьд автомашины үнэлгээг нь 47,000,000 төгрөгөөр буюу  хамгийн бага хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн гомдолтой гэдэг. Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1.1-д “115.1-д заасан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон бол учирсан гэм хорыг ойлгоно.”, “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална.” гэж заасан. Тийм учраас тохиролцсон хэмжээгээр буюу 60,000,000 төгрөгөөр хохирлыг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь, хэрэгт зайлшгүй шаардлагатай гэж шинжээч томилсон зүйл байхгүй ба үүнийг тогтоох боломжгүй асуудал ч байхгүй. Тухайлбал, автомашины эд анги эвдрэлтэй, гэмтэлтэй байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. зөвхөн зах зээлийн ханш тухайн үед ямар байсныг тогтоосон. Тэгэхээр талууд тухайн зах зээлийн ханшаар тохиролцсон тул миний үйлчлүүлэгч хохирлыг дутуу тооцож гаргуулсан гэж гомдолтой байгаа. Хохирлын хэмжээ буюу бодит хохирол тодорхой байхад шинжээчийн гаргасан хууль бус дүгнэлтүүдийг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосон нь хууль зөрчсөн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх учир гэсэн үүднээс хэд хэдэн зүйлээр анхан шатны шүүхэд өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Нэгдүгээрт, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон бууруулсан хэрнээ энэ хэрэг 2018 онд гарсан байхад 2022 онд яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дээрх зүйлчлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар яллагдагчаар татагдаж, шүүхэд ирсний дараа шүүх зүйлчлэл бууруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан “яллагдагчаар  татах үндэслэл болохгүй” гэдэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасантай нийцээгүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж үзсэн бол анхнаасаа ийм гэмт хэрэг үйлдэгдсэн гээд, яллагдагчаар татах ёсгүй байсан гэж дүгнэх ёстой байсан. Тиймээс давж заалдах шатны шүүх үүнийг хянаж магадалж өгнө үү. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч Д.Э 08 дугаар сарын 31-ний өдөр “Toyota Harrier” загварын автомашин шилжүүлж авах яриа хийгдсэний дараа Б.Аыг дуудаж ирээд “Танд заръя” гэсэн үйл баримт хэргийн материал дахь баримтаар хангалттай нотлогддог. Тэгээд 12,000,000  төгрөгийг Б.Аын найз охин руу шилжүүлсэн. Аль болох хямд авч, цааш нь үнэтэй зарах нь машины ченж хүний ажил. Гэхдээ 2005 оны “Toyota Harrier” загварын автомашиныг 2018 онд 12,000,000 төгрөгөөр авах нь ченжид ашиг гарах хэмжээний боловч халхавчилсан юм уу, хэт бага үнэлгээ гэж үзэхгүй. Би 12,000,000 төгрөгөөр авсныг шинжлэн судлуулж, баримтыг нь гаргаж өгсөн байтал шүүх энэ талаар ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Гэсэн хэрнээ 12,000,000 төгрөгөөр худалдаж авсан, үнэлгээ хоёрын зөрүү мөнгийг Д.Эгаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Эг зөрүү мөнгийг залилсан гэж үзсэн юм уу, энэ нь тодорхойгүй. “Mersedes Benz S550” загварын автомашины асуудал “Toyota Harrier” загварын автомашинаас 7 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 07, 08-ны өдрийн хавьцаа Г.Б, Б.А нарын хооронд хийгдсэн ба үүнд Д.Э байгаагүй. Г.Бас Б.А шилжүүлж авангуутаа Д.Эд хандаж “Үүнийг зараад өгөөч” гэсэн. Д.Э нэр дээрээ шилжүүлж аваад цааш хүнд зарах гэсэн боловч “Энэ автомашин чинь болохгүй байна” гэхэд Б.А цааш Батзориг гэдэг хүний нэр дээр шилжүүлнэ гээд авч явсан. Энэ талаар хүсэлт гаргасан боловч прокурор шалгаагүй, Батзоригоос тодруулж асуусан бол тухайн асуудал ойлгомжтой болох байсан. Д.Э тухайн автомашинаас нэг ч төгрөгийн ашиг аваагүй, нэр дээр нь шилжүүлж аваад, Б.Аын дагуулж ирсэн хүний нэр дээр шилжүүлсэн. Тиймээс энэ хэрэг Б.Аын үйлдэл бөгөөд Д.Эгийн хувьд залилах гэмт хэргийн шинж харагддаггүй. “Mercedes Benz G550” загварын автомашиныг Д.Э хурааж авсан тухайд, Д.Э нь банк бус санхүүгийн байгууллагад үнэлгээчнээр ажилладаг тул тухайн автомашиныг барьцаанд авлаа гэхэд зах зээлийн ханш ямар байгааг мэдэж үнэлдэг. Ш буюу Б.А “Mercedes Benz G550” загварын автомашиныг Г.Бтай 2 автомашинаар бартер хийж шилжүүлсэн ч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.А нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа “Mercedes Benz G550” загварын автомашины зээлийн төлбөрийг төлж дуусгаад Г.Бд шилжүүлж өгөх ёстой байсан. Гэтэл Б.А үүнийгээ төлөөгүй тул үнэлгээчин Д.Э “Mercedes Benz G550” загварын автомашинтай таараад “Наадах чинь манай барьцаанд байгаа, төлбөрөө төлөөгүй удсан машин байна” гэж хэлж зогсооход тухайн автомашиныг жолоодож явсан залуу ярилцаж зөвшөөрөөд банк бус санхүүгийн байгууллага руу явсан. Тэнд очоод хурааж авах ажиллагааг банк бус санхүүгийн байгууллагын албан тушаалтнууд хийсэн. Компаниас цалин авч байгаа хүний хайж байсан автомашин  явж байхаар нь очиж уулзаад, дагуулж явсан үйл баримт тогтоогддог тул Д.Эгийн үйлдэлд гэмт хэргийн шинж харагдахгүй байгааг магадалж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй. Нөгөө талаар хохирогчоос гаргасан 60,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ, шүүх хохирлыг буруу тооцсон гэж давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд хохирлыг тооцохдоо яагаад доод хэмжээгээр тооцсон болох, яагаад энэ дүгнэлтийг үнэлсэн талаараа тодорхой тусгасан. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хохиролтой холбоотой хохирлыг бодитой тогтоох ёстой гэж үзэж шинжээч томилон тээврийн хэрэгслүүдэд 4 удаагийн үнэлгээ хийлгэсэн. Хамгийн анх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч А-ын хохиролд өгсөн гэх “Toyota Harrier” загварын автомашиныг 17,576,000 төгрөгөөр, “Mersedes Benz S550” загварын автомашиныг 32,650,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ингэхдээ талуудын амаар хэлцэл хийсэн үе буюу 2018 оны ханшаар үнэлж гаргасан. зүйлийг “Mercedes Benz G550” загварын автомашиныг 56,867,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээгээр 2022 оны 07 дугаар сард прокуророос тухайн 2 тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ 50,286,000 төгрөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хохирлын их хэмжээнд хүрсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсан. Шүүх хохирлын тооцоог үнэлэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Монголын хөрөнгө орлого, үнэлгээчдийн холбооны “Toyota Harrier” загварын автомашиныг 16,479,000 төгрөг, “Mersedes Benz S550” загварын автомашиныг 28,829,000 төгрөг, нийт 47,303,000 төгрөг болсон гэх дүгнэлтийг үндэслэж, хэргийн нотлох баримтаар тооцсон. Үүний дагуу их хэмжээнд хүрээгүй тул зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.А, Д.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.А, Д.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал;

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос шүүгдэгч Б.А, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар буюу залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж зүйлчилж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон шийдвэрлэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой, ойлгомжтой, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж тайлбарлаагүй нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь, хэргийн материалыг судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэгт шинжилгээ хийлгэхийг “Дамно” ХХК-д даалгасан, улмаар “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан, хохирогчид танилцуулсан /1хх 170-181/,  

“Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэгт шинжээчийн тусгай мэдлэг бүхий “Ашид билгүүн” ХХК-иар шинжилгээ хийлгэхээр даалгасны дагуу “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгслүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсан, оролцогч нарт танилцуулсан /2хх 32-42/,

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 28Л-2б/8167 дугаар албан бичгээр Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоогоор тус хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар даалгасны дагуу “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ-аас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан, оролцогч нарт танилцуулсан /3хх 23-55/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаярын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор тус хэрэгт “Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Иститут” НЭЗХЭ-ээр шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гарсан, оролцогч нарт танилцуулсан /4хх 117-134/ зэрэг шүүгдэгч Б.А, Д.Э нарт холбогдох хэрэгт нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. 

Анхан шатны шүүх “Дамно” ХХК, “Ашид билгүүн” ХХК, “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ээс гаргасан үнэлгээ нь шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт зэргийг оролцогч нар танилцуулж, эрхийг нь эдлүүлээгүй, шинжээч томилсон тогтоол нь хэнийг шинжээчээр томилж байгаа нь тодорхойгүй, дүгнэлт гаргасан этгээд нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй зэргээр хууль зөрчсөн, харин “Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбоо” ГҮТББ-ээс гаргасан дүгнэлт хуульд заасан журмын дагуу гаргасан бөгөөд оролцогчдын эрхийг зөрчөөгүй, хууль ёсны үндэслэлтэй гаргасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх “Дамно” ХХК, “Ашид билгүүн” ХХК, “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ээс гаргасан үнэлгээ буюу хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тайлбарлахгүйгээр, “Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбоо” ГҮТББ-ээс гаргасан дүгнэлт хуульд заасан журмын дагуу гарсан гэж дүгнэсэн нь хэт ерөнхийлсөн, үндэслэл муутай дүгнэлт болжээ.

Тус хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдийг зөв үнэлж, дүгнэх нь шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл хэрхэн өөрчлөгдөхөд чухал нөлөөтэй төдийгүй, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад мөн онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Г.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.А, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ