Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 04

 

“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн

Ногооннуур сумын Засаг даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн хавсралтын “Ф” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2019/0049 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2019/0499 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Х.Д нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн өмгөөлөгч С.Н-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2019/0049 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 53 дугаар зүйлийн 53.2, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-иас Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2019/0499 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2019/0049 дүгээр  шийдвэрийн ТОГТООХ хэсгийн нэг дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч  байгууллага шинэ акт гаргаагүй бол Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 3 дахь заалт нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн өмгөөлөгч С.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн байна.

4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн нэг талыг баримталж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6, 106 дугаар зүйлийн 106.3.11, Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2. 53.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэргийн талаарх үйл баримт, нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэрлэсэн байна. Тухайлбал,

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж ашиг сонирхолтой иргэдийн бичгээр гаргасан тодорхойлолтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс иргэн А.А, Б.О, Д.С, С.А, Х.К, Ш.М нарын гарын үсэг бүхий нотлох баримт бүхий тодорхойлолтуудыг үндэслэн 2010 онд Х.Х, Х.Р, Р.Ж болон нэр бүхий “К б” хоршоон гишүүд Харатахарын даршан гэх газраас 10 га хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын шийдвэрээр хуваарилуулан авсан нь нотлогдсон гэж хийсвэр дүгнэлт хийсэн байна. Дээрх иргэдийн бичгээр гаргасан тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд хэргийн үйл баримтыг тогтоохдоо ач холбогдолгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд хэрэв дээрх тодорхойлолт гаргасан хэсэг хүмүүсийг хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзэж тэдний мэдүүлгийг үндэслэн шүүх шийдвэр гаргах бол холбогдох хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч нотлох баримтаар бэхжүүлэх ёстой. Давж заалдах шатны шүүхийн нотлох баримт болгож байгаа иргэдийн тодорхойлолтыг гэрчийн мэдүүлэг гэж үзэх, тэднийг нотлох баримтаар тооцох ямар ч боломжгүйгээс гадна хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй нотлох баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүх хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

6. Мөн давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, “Көкбалхаш” хоршоог малчид нэгдэж байгуулсан байх бөгөөд хоршооны гишүүн 2010 онд хадлангийн талбар хуваарилах үед ашиглах эрх авч, дахин нэг жил сунгуулж байсан болох нь хэрэгт авагдсан 2010 оны “Хадлангийн зориулалтаар газар хуваарилах” зөвшөөрлийн гэрчилгээ, 2010 оноос хойш тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт нутаглаж, хадлан хураан ургац авдаг гэсэн гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж буруу дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буюу “К б” хоршооны гишүүд нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн биеийн байцаалтад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6, 9 дүгээр багт оршин суудаг гэдгээ хэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт нутаглаж, хадлан ургац хураадаг гэж илт буруу дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон. 2010 оноос хойш жил бүр ашиглах эрхийг сунгуулсан гэх талаар нотлох баримт байхгүй байхад шүүх таамаг дэвшүүлж, хийсвэр дүгнэлт хийсэн байна.

7. Хадлангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэсний дагуу 5 жилийн хугацаатайгаар “Ф” ХХК-д Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар эзэмшүүлсэн байсан.    

8. Нэхэмжлэгчиин төлөөлөгч нь уг газрыг усалж, арчилж сайжруулалт хийж, ургацыг тогтвортой дээшлүүлж байсан талаар нотлох баримт байсан бөгөөд үүнийг хэн ч үгүйсгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс хийсвэр дүгнэлт хийж “тухайн талбайн ургацыг тогтвортой дээшлүүлсэн гэх баримт байхгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан байна. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үндэслэлийг шалгаж тогтоох ёстой нэхэмжлэгч нэхэмжлэлдээ усалгаа бий болгож, чулууг нь түүж ургацыг нь сайжруулан эзэмшин ашиглаж байсан гэж бичсэн байсан бөгөөд шүүхэд хэргийн газарт үзлэг хийж энэ байдлыг тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тухайн талбайн ургацыг тогтвортой дээшлүүлсэн гэх баримт байхгүй гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талын эрх ашгийг баримтлан хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

9. Хэрэв шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан усалгаа бий болгож, чулууг нь түүж ургацыг нь сайжруулсан гэсэнд эргэлзэж байсан бол мөрдөн шалгах журмын дагуу шинжээч томилох зэргээр нэхэмжлэгчийн үндэслэлийг шалгах ёстой байсан. Үүнд нэхэмжлэгчийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Газрын тухай хуулийн 53.1-д “сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана”, 53.2-т “сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч газар эзэмшээгүй бөгөөд мөн зүйлийн 53.5-д заасны дагуу газар эзэмшсэн юм. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д заасны дагуу Засаг даргаас газрыг эзэмшүүлэхдээ заавал мөн зүйлийн 53.2-т заасан хугацааг баримтлах ёсгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хадлангийн газрыг нэхэмжлэгчид 5 жилийн хугацаагаар эзэмшүүлснийг үндэслэлгүйгээр буруутгажээ.

10. Харин гуравдагч этгээд “К б” хоршоог малчид нэгдэж байгуулсан байх бөгөөд тухайн хоршооны гишүүн малчид 2010 онд хадлангийн талбай хуваарилах үед ашиглах эрх авч, дахин нэг жил сунгуулж байсан гэх боловч энэ нь 2018 оны “Көкбалхаш” хоршоонд газар эзэмшүүлэхтэй огт холбоогүй. Тэдгээр иргэд зөвхөн 2010 онд 1 жилээр хадланг ашиглаж байсан болохоос бусад онуудад ашиглах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Тэгээд ч энэхүү 2010 оны иргэдийн хурлын гэх баримт эргэлзээтэй байсан. Энэ нотлох баримтыг шүүх хуралдааны үед гуравдагч этгээдээс гаргаж өгсөн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д гаргаж өгсөн нь нотлох баримтыг нотлох чанарыг алдагдуулж байгаа юм. Учир нь Х.Д нь тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалаар ажилладаг бөгөөд уг баримтуудыг нөхөж үйлдсэн байх магадлалтай байсан.

11. Нөгөө талаар гуравдагч этгээдийн дээрх захиргааны актууд нь хүчинтэй байх, үйлчлэх хугацаа нь тухайн жилдээ дууссан, тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2010 оны 55 дугаар захирамжийн дагуу олгогдсон “Хадлангийн талбайн зөвшөөрлийн бичиг”-т тусгасан зөвшөөрлийн хугацааг нь 1 жил гэж заасан, мөн жил бүр сунгалт хийсэн тэмдэглэлээр хадлангийн талбайг ашиглах хугацаа нь дууссан байх тул дээрх захиргааны актуудыг үндэслэж “Көкбалхаш” хоршоог маргаан бүхий хадлангийн талбайн хууль ёсны ашиглагч гэж үзэх боломжгүй байна. Тэгээд ч эдгээр актууд “Көкбалхаш” хоршоонд хамааралгүй байна. Тэдгээр иргэдийг Хоршооны гишүүд байсан, иргэд нийлж хоршоо байгуулсан гэх нь тогтоогдоогүй. Хоршоог 2010 онд биш 2017 оны 10 дугаар сард байгуулж байсан бөгөөд 2010 оны газар ашиглахтай холбоотой иргэдийн актууд энэ хоршоонд хамааралгүй.

12. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж, шинээр акт гаргахыг даалгаж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасан.

13. Гэтэл шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нөхцөлд шүүхээс ийм шийдвэр гаргах ёстой байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны агуулгаас хальж хууль бус шийдвэр гаргасан.

14. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2019/0499 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

16. Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас “Баян-Өлгий аймгийн  Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг  тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, маргаан бүхий 83 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ф” ХХК-нд 10 га газрыг “хадлан бэлтгэх” зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 115 дугаар захирамжийг хүчингүй болгосон, 62 дугаар захирамжаар мөн 10 га газрыг  “К б” хоршоонд  30 жилийн (сүүлд 5 жил болгож өөрчилсөн гэх) хугацаатай, “хадлангийн талбайн зориулалтаар” ашиглуулахаар шийдвэрлэжээ.

17. Газрын тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулахдаа газрын нэгдмэл санг зориулалтаар нь хэд хэд ангилсан, зарим ангилалын газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар тусгайлсан зохицуулалт хуульчилсан, үүний нэг нь “хадлангийн талбай” байна.

            18. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд ийн 53.1-д “сум .../-ын/ Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангах”-аар, 53.2-т “сум.../-ын/ Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулах”-аар, 53.5-д “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болох”-оор тус тус заасан, энэ нь тухайн “хадлангийн талбай”-н зориулалтаар газар эзэмшүүлэхэд баримтлах тусгайлсан, нарийвчилсан зохицуулалт юм.

            19. Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн өмгөөлөгчөөс “... Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 ...-д заасны дагуу 5 жилийн хугацаатайгаар “Ф” ХХК-д эзэмшүүлсэн, ... уг газрыг усалж, арчилж сайжруулалт хийж, ургацыг тогтвортой дээшлүүлж байсан” гэх боловч, Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргах”-аар заасныг баримтлан “Ф” ХХК-д “хадлан бэлтгэх” зориулалтаар 10 га газар эзэмшүүлсэн, уг захирамж гарахаас өмнө  “Ф” ХХК нь уг хадлангийн талбайг “усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн” талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч “Ф” ХХК болон гуравдагч этгээд “К б” хоршоо аль аль нь маргаан бүхий хадлангийн талбайг эзэмшихийн тулд “өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн” гэх үндэслэлээр маргаагүй байна.  

            20. Иймд, хариуцагч Баян-Өлгий аймгийн  Ногооннуур сумын Засаг дарга нэхэмжлэгч “Ф” ХХК, гуравдагч этгээд “Көкбалхаш” хоршоонд тус тус 5 жилийн хугацаагаар хадлангийн талбай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулиар тогтоосон “хадлангийн талбайг жил бүр хуваарилах” зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ, энэ үндэслэлээр нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн  Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            21. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн  53 дугаар зүйлд ийн 53.2 дахь заалтыг хэрэглэхдээ тус заалтын “жил бүр” гэх онцгой хязгаарлалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаагүй нь буруу, хариуцагч сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хадлан авах бололцоотой талбайг талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад жил бүр хуваарилах үүрэгтэй, аливаа иргэн, хуулийн этгээдэд дангаар нь, олон жилээр эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй гэж үзэхээр байхад нэхэмжлэгч “Ф” ХХК нь хадлангийн талбайг 5 жилээр эзэмших эрхтэй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь буруу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... /анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн байхад/ давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хадлангийн газрыг нэхэмжлэгчид 5 жилийн хугацаагаар эзэмшүүлснийг үндэслэлгүйгээр буруутгасан” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

            22. Гуравдагч этгээд “К б” хоршооны хувьд, мөн Газрын тухай хуулийн  53 дугаар зүйлд ийн 53.2-т заасан зохицуулалт мөн адил үйлчлэх учиртай, хариуцагч сумын Засаг дарга тус хоршоонд хадлангийн талбайн зохиулалтаар 10 га газрыг 5 жил (анх 30 жилийн хугацаагаар олгосон)-ийн хугацаагаар эзэмшүүлсэн нь уг хуулийн заалтад нийцээгүй, гэхдээ нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн хувьд уг захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагаар “К б” хоршоонд газар эзэмшүүлсэн Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжийг шууд хүчингүй болгохгүй, газар эзэмшүүлэхэд баримтлах “тэгш эрхийн зарчим”-ыг хэрэгжүүлэх үүднээс маргаан бүхий 62 дугаар захирамжийг хуульд нийцүүлэх боломжийг хариуцагчид олгож, уг актын үйлчлэлийг “дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч  шинэ акт гаргаагүй бол захирамж хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв гэж үзлээ. 

            23. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны агуулгаас хальж хууль бус шийдвэр гаргасан /тул/ магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2019/0499 дүгээр магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн өмгөөлөгч С.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Ф” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА