Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Боргилд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Жанибек,

ялтан Л.Боргил, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболорын даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Боргилын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201626030605 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хурцбаатар овогт Лхагваагийн Боргил, 1989 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжны 125 тоотод оршин суух,

 

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, /РД:МЮ89010773/;

 

Л.Боргил нь ялтай байхдаа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжны 176 тоотод оршин суух иргэн Х.Отгонхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, хууль бусаар нэвтрэн “Монел” загварын LCD зурагт, “Samsung S2” загварын гар утас, флаш, мөнгөн ээмэг, бөгж, гинж, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 473.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Л.Боргилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Боргилыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Л.Боргилыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Боргилын эдлэх 2 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Л.Боргилд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Боргилд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Боргил гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр ажилгүй, 6 настай охин, 2 нас 7 сартай хүү, 1 нас 4 сартай хүү, 2 сартай охиныг надаас өөр тэжээн тэтгэх хүн байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба хохирлоо бүрэн барагдуулсан тул хохирол гомдлоо барагдуулсан болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх, бага охиныг 2 нас хүртэл ял хойшлуулж өгнө үү...” гэжээ.

 

            Ялтан Л.Боргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж тайлбарлах зүйлгүй...” гэв.

 

Ялтан Л.Боргилын өмгөөлөгч Б.Нарандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнд маргах зүйлгүй. Л.Боргилын хувьд бага настай 4 хүүхэдтэй, тэднийгээ тэжээн тэтгэж, гэр бүлээ авч явдаг хүн юм. Иймд Л.Боргилоос хувийн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Шийтгэх тогтоолд 3 хүүхдийн хамт амьдардаг гэж бичигдсэн байсан. 3 хүүхэд биш, 4 хүүхэдтэй гэж залруулж хэлье. Өмгөөлөгчийн зүгээс Л.Боргилыг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Л.Боргилыг гэм буруутайд тооцоод хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Айлын цонхоор орж хууль бусаар нэвтэрсэндээ маргахгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас энэ хүнд хорихооос өөр төрлийг ял оногдуулж өгнө үү. 2 сартай хүүхэдтэй учраас эхнэр нь ажил хийдэггүй. 4 бага насны хүүхдийг тэжээн тэтгэх хүн байхгүй. Дээрх байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзgж өгнө үү. Эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Жанибек тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Ялтан Л.Боргилын давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруу хэлбэр зэргийг харгалзан шийдвэрлэсэн байдаг. Мөн шүүхээс ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Өмнө нь тухайн төрлийн буюу хулгайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан учраас хорих ял оногдуулсан байна. Үүнээс Л.Боргилын засарч хүмүүжээгүй нь харагдаж байна. Л.Боргилын үйлдсэн хэргийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Иймд түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Прокуророос “Л.Боргил нь ялтай байхдаа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжны 176 тоотод оршин суух иргэн Х.Отгонхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, хууль бусаар нэвтрэн “Монел” загварын LCD зурагт, “Samsung S2” загварын гар утас, флаш, мөнгөн ээмэг, бөгж, гинж, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 473.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх Л.Боргилыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэж зааснаар өмнө өршөөлд хамрагдсан үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдалд өршөөлийн хуулийг дахин хэрэглэх боломжгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Л.Боргил нь 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1020 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 67-72/

 

          Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулалгдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйл, түүний танилцуулга, үзэл баримтлал, уг хуулийг хэлэлцсэн Монгол Улсын Их хурлын хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл гэм буруугийн асуудлаар маргавал шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст Өршөөлийн хуулийг хэрэглэхээр хуульчилсан байна. Уг хуульд нийцүүлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1020 дугаар шийтгэх тогтоолоор Л.Боргилыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

 

          Харин Өршөөл үзүүлэх тухай уг хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ял шийтгэл оногдуулсны дараа өршөөлд хамааруулах тухай заалт байхгүй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн агуулагаас үзвэл гэмт хэргийн ангилалаас хамаарч үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа ялтай байдлыг тоолж, ялгүй болох хугацаа, ялгүйд тооцох нөхцөл байдлын талаар тодорхой заажээ.

 

            Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилыг бусдын эд хөрөнгийг хулгайсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд “Шүүгдэгч Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилийг бусдын эд хөрөнгийг хулгайсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж зөрүүтэй бичигджээ.

 

            Мөн Л.Боргил нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдаж 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон /хх-ийн 47/ байхад анхан шатны шүүх “Л.Боргил нь цагдан хоригдсон хоноггүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

 

            Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт “Хуулийн бүх  шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн хуулийн шаардлага нийцэхгүй, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

    

            Үүнээс гадна Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэргийн индексийн журам батлах тухай” 2 дугаар тогтоолын хавсралтын 3.2-т “Үндсэн индексийг анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний цахим программаас хэрэг үүсгэх /яллагдагчийг шүүхэд шилжүүлэх/ үед олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл өөрчлөгдөхгүй” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх Л.Боргилд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн атлаа дээрх журамд заасан хэрэгт индексийн дугаар аваагүй нь ноцтой биш боловч цаашид анхаарвал зохих алдаа болохыг дурдах нь зүйтэй.

    

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Боргилд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

             Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялтан Л.Боргилын “ял шийтгэлийг хойшлуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий гомдлыг энэ удаа хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: