Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0279

 

“Ц-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Ц-О” ХХК-ийн захирал Х.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Ц-О” ХХК-ийн давж заалдах гомдлоор, “Ц-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч, газрын даамалд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-О” ХХК-ийн захирал Х.Э-ын, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч-газрын даамалд холбогдуулан гаргасан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, тус захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Ц-О” ХХК-д /захирал Х.Э/ 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ц-О” ХХК давж заалдах гомдолдоо: “... Нэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

1. Анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Тухайлбал, энэхүү хэргийн шүүхийн харьяалал нь Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх хянан шийдвэрлэгдсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу тус шүүх нь хэргийг дахин хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн байхгүй гэсэн үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн байдаг. Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд З.Ганзориг, Б.Мөнхзул гэсэн 2 шүүгч ажиллаж байсан байх бөгөөд энэхүү шүүх хуралдаанд тус шүүхийн шүүгч З.Ганзоригийг шүүх бүрэлдэхүүнд томилоогүй, томилоогүй үндэслэл, нотолгоогоо хавтаст хэрэгт хийгээгүй байгаа, Дорноговь аймгаас 2 шүүгч дуудан ирүүлж оролцуулсан нь хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх үндэслэл болж байна. Тус шүүхээс энэхүү хууль бус бүрэлдэхүүний талаар тайлбарлахдаа "хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд адил шатны өөр шүүхээс шүүгч оролцуулдаг, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх ёсгүй, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй" гэх мэтээр албан бичгээр тайлбарласан байна. Тус шүүх нь шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хэлэлцүүлгээр мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байхаар тогтоосон байдаг. Тус шүүх нь шүүх хуралдааныг товлосон өдөр 2 шүүгчтэй ажиллаж байгаа тул 3 дахь шүүгчийг өөр шүүхээс дуудан ирүүлж оролцуулах л үндэслэлтэй байсан. Нөгөө талаар тус шүүх нь сард ганц нэгхэн хэрэг шийдэж байгаа атлаа шүүгч З.Ганзоригийг 3 хоног томилолтоор ажиллах хооронд л шүүх хуралдааныг явуулахаар товлож байгаа нь эргэлзээтэй, ингэхдээ шүүгч Б.Мөнхзул нь шүүх хуралдааныг энэ өдөр заавал хийнэ гэх байдлаар нэхэмжлэгчид дарамталж, шахалт явуулж, сүрдүүлж байсан нь уг бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэх гэсэн санаа байсан гэдэг нь ойлгогдож байна. Ийнхүү шүүх хуралдааныг товлосон үед тус шүүхийн шүүгч З.Ганзориг нь албан үүргээ гүйцэтгэж байсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг явуулах өдөр ч ажиллаж байсан байжээ. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээс гаргасан тайлбартаа "нэхэмжлэгчийг шүүх бүрэлдэхүүнээс татгалзаагүй" гэжээ. Шүүх хуралдаан дээр хуралдаан даргалагч Б.Мөнхзул нь Дорноговь аймгаас 2 шүүгч бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байгаа талаар мэдүүлж, тайлбарлаагүй учраас бүрэлдэхүүний шүүгч нарыг хууль бус гэдгийг мэдээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байсан болно. Бусад тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргах болно

2. Хэргийн оролцогчид нэхэмжлэлийн хувь гардуулаагүй, хурлын тов мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа хариуцагчаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргыг тодорхойлсон билээ. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар тус сумын Байгаль орчны байцаагч-газрын даамлыг хамтран хариуцагчаар тогтоосон захирамж гарган, хэргийн оролцогч болгосон байдаг. Ийнхүү шүүх санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй албан тушаалтныг хамтран хариуцагчаар татан оруулчхаад, нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, бичгээр тайлбар гаргуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй зэргээр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлөө арилгахгүй хэргийг хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн.

З. Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр тайлбар гаргуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үүнийгээ бичгээр гаргасан болно. Шүүхээс хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан байгаа боловч, хариуцагчийг тайлбар гаргах хугацааг тогтоож өгөөгүй, бичгээр тайлбар гаргуулаагүй, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр "нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчаас бичгээр тайлбар гаргуулах шаардлагагүй" гэж шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмаар явуулахаар заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчихийн хамт мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 57 дугаар зүйлийн 57.2-д заасныг зөрчсөн. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд "мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжихээр, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцохоор, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл,   хууль   хэрэглээний   талаар   нотлох   болон    үгүйсгэх   байдлаар мэтгэлцэхээр хуульчилсан. Нэхэмжлэгч тал нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчаас ямар тайлбар, нотлох баримт гаргахыг мэдэхгүйгээр түүний тайлбарыг нотлох, няцаах боломж байхгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд энэ талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбарласаар байхад үл хэрэгссэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, үүний дотор шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмаар явуулах хуулийн заалтыг илтэд зөрчсөн. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2012 онд “З Б Э Д” ХХК нь газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэх баримт тус байгууллагын бичиг хэрэгт шинээр гарч ирсэн нь уг хүсэлтийг тус газрын алба, сумын Засаг дарга хуурамчаар үйлдэн, нөхөн хийсэн буюу хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн гэж үзэн шалгуулахаар Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу, тус байгууллагаас шалгалт явуулж байгаа талаар албан бичгийг шүүхэд ирүүлж, уг гомдлыг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл шүүх хуралдааныг "нотлох баримт цуглуулах шаардлагатай" гэсэн үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасан билээ. Гэтэл шүүхэд уг бичгийн нотлох баримтын үнэн зөв гэдэг нь тогтоогдоогүй байхад шүүх хуралдааныг явуулж, нотлох баримтыг үнэлж байгаа нь илтэд нэг талд үйлчилсэн гэж үзэхээр байна.

Хоёр.Нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлд 0,2 га газар бус З,5 га газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж үзэн уг хэмжээгээр газрыг эзэмших эрх олгосон шийдвэр гаргуулахаар маргаж байхад шүүх “нэхэмжлэгчийн 0,2 га газар нь гуравдагч этгээдийн газартай давхцаагүй" гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

2. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжид газрын байршлыг "Хадан хошуу" гэх газар гэж заасан байхад гэрчилгээнд газрын байршлыг санаатайгаар өөрчлөн "Эрүүл мэндийн төв" болгон өөрчилж, манай газартай давхцуулсан, орц гарцгүй болгон хууль зөрчсөн гэж маргаж байхад шүүх “З Б Э Д” ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээнд "Эрүүл мэндийн төв" гэж бичсэн тул хоёр аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар нэг байршилд байна гэж мөн л үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэв шүүх ингэж дүгнэж байгаа бол газар эзэмшүүлэх захирамж, гэрчилгээний аль нь анхдагч эрх зүйн баримт бичиг болох, аль нь илүү эрх зүйн хүчин чадалтай акт болоход дүгнэлт хийж байна энэхүү дүгнэлтээ хийх байсан. Гэтэл ийм дүгнэлт өгөөгүй дүгнэлт хийж байгаа нь "шүүхийн шийдвэр хууль болон нотлох баримтад үндэслэсэн байх" зарчимд огт нийцэхгүй байна.

З.Нэхэмжлэгч нь уг газар нь 1999 оноос Н ХХК-ийг /Г т ХХК 3,5 га газар эзэмшдэг байсан, уг газрыг нэр шилжүүлэн авах эрх үүссэн гэж маргаж байгаа билээ. Анхан шатны шүүх 1999 оны 08 дугаартай "Газар эзэмших гэрчилгээ", 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан "Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрээ"-ний хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх хувь нь хэнд, хаана байгаа нь тогтоогдоогүй гэжээ. Шүүхээс уг гэрчилгээг эх хувийг олох ажиллагаа огт явуулаагүй /үзлэг хийх зэрэг ажиллагаа явуулах боломжтой, ийм үүрэгтэй байсан атлаа, угаасаа эх хувь нь хадгалагдаж байх боломжгүй хариуцагчаас /гуравдагч этгээдтэй нэгдмэл сонирхолтой/ гэрээний эх хувийг асуусан болоод ийнхүү дүгнэж байгаа мөн л хууль бус байна. Шүүх уг баримтыг “Г т" ХХК-ийн архивд байхгүй байна гэжээ. Шүүх уг газарт үзлэг явуулаагүй, байхгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй мөртлөө ийнхүү дүгнэж байгаа нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй юм. Хариуцагч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасны хувьд гэрээний нэг хувь хадгалагдаж байх үүрэгтэй этгээд юм. Шүүх нь энэхүү үүрэг бүхий этгээдээс гэрээний хувийг шаардан гаргуулах, хэрэв байхгүй бол хэн, хэзээ, хэрхэн алга болгосныг шалгаж тогтоох, энэ талаар тайлбар гаргуулах, шаардлагатай бол цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг эрх хэмжээтэй атлаа энэ талаар огт ажиллагаа хийгээгүй, хариуцагч нь гуравдагч этгээдтэйгээ нэгдмэл сонирхолтой, нэг байр суурьтай байхад уг баримтыг асуух төдийгөөр дүгнэлт хийж байгаа нь үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

Шүүхээс нэгэнт маргаан бүхий газрын хил зааг, байршлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, хилийн заагийг тогтоосон баримт байхгүй гэж үзсэн атлаа "газрыг давхцалгүй" гэж шууд дүгнэж байгаа нь илтэд нэг талд үйлчилсэн дүгнэлт болно. Шүүх нь НИК ХХК-ийг 1597 метр квадрат газрыг эзэмшиж байсан болохыг тогтоосон. Тэгвэл тус компанийн 1597 метр квадрат газар нь “З Б Э Д” ХХК-ийн газартай давхцалтай эсэхийг шалгаагүй, шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй атлаа мөн л "газрын давхцалгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4. Шүүх "Ц-О" ХХК-ийг газар эзэмших эрхийг “Г т" ХХК-иас шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь зөв байна. Гэхдээ “Г т" ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхдээ хүсэлт гаргаагүй байгаа нь “З Б Э Д” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэж байгаа нь нэгдүгээрт, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл болоогүй, талууд маргаагүй асуудал бөгөөд маргааны үйл баримттай логик холбоогүй, уялдаагүй байдлаар дүгнэлт өгсөн байна.

5. Шүүх Х.Э газар эзэмших хүсэлтдээ газрын хэмжээг 0,2 га газар гэж бичсэнээ хүлээн зөвшөөрсөн, "тэрээр эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул сумын Засаг дарга түүнийг хууран мэхэлсэн гэж үзэхгүй" гэж дүгнэжээ. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл, дүгнэлт нь ердөө л энэ. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээд аливаа хууран мэхлэлтэд автдаггүй, автах ёсгүй гэсэн хуулийн шаардлага, нөхцөл, тодорхойлолт "дэлхийн хаана ч байхгүй" гэдгийг шүүх бүрэлдэхүүн мэдэхгүй байгаа нь нэн харамсалтай. Бид ийм л эрх зүйн мэдлэг бүхий шүүгчдээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлдэг болж эхлээд байна.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд газрыг давхцуулан олгосон, ингэж олгохдоо нэхэмжлэгчийн эзэмших газрын орц, гарцыг хааж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан гэж маргаж байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн эзэмшил газарт буюу жижиглэнгээр шатахуун түгээх ажиллагаа явуулдаг станц руу нь орон нутгийн чанартай төв авто замаас автомашин шууд явж очих замгүй, бууж орох гарцгүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг явуулсан 14,00 цагаас шөнийн 22,00 цаг өнгөртөл 8 цагийн турш шүүх бүрэлдэхүүнд хандан тайлбарласан байтал шүүх энэ асуудалд огт ач холбогдол өгөөгүй, анхаараагүй, эсхүл зориуд дүгнээгүй үлдээсэн байх тул илтэд нэг талд үйлчилсэн гэж үзэхээр болжээ. Шүүгч нь нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлд тайлбар, дүгнэлт огт өгөөгүй орхигдуулсан нь санаатай, хууль бус ажиллагаа гэж үзэж байна.

Дээрх байдлуудаар анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн энэ асуудлаар нь шүүгчийн ёс зүйн хороонд хандаж байгаа болно, нотлох баримтыг буруу үнэлэн /үүнийг шүүгчийн дотоод итгэл үнэмшил гэж үзэх боломжгүй гэж үзэж байна/ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй тул Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг бүрэн гүйцэд биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Ц-О” ХХК нь “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, тус захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Ц-О” ХХК-ийн захирал Х.Э-д 3,5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0321 дүгээр магадлалаар “хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг Хяналтын шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 286 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан:

1. Гуравдагч этгээдэд газар олгохдоо нэхэмжлэгчийн худалдаж авсан шатахуун түгээх станцыг “Г т” ХХК эзэмшиж байсан үед шатахуун түгээх станцын орц, гарц давхцаж байсан эсэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх эсэх талаар тодруулах,

2. Улсаас хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байсан тухайн үед шатахуун түгээх станцын талаарх Монгол улсын стандарт, Барилгын болон Авто зам барихтай холбоотой норм, дүрмээр шатахуун түгээх станц хоорондын болон улсын чанартай, орон нутгийн чанартай авто замын хоорондын зай хэмжээ, орц, гарц, холбогдох бусад шаардлага хангагдах эсэхийг эрх бүхий этгээдээс тодруулж, дүгнэлт хийх,

3. Гуравдагч этгээдийн маргаан бүхий газар, нэхэмжлэгчээс өмнө “Г т” ХХК-ийн шатахуун түгээх станц хоорондох зайн хэмжээ болон аюулгүй байдлын хувьд холбогдох норм дүрэм, стандартад нийцэх эсэх, шаардлагатай бол шинжээч томилох зэрэг ажиллагааг,

Хяналт шатны шүүхийн тогтоолд дурдсан:

1. Гуравдагч этгээдийн өмнө эзэмшиж байсан газар үерийн усанд өртөж, үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлсөн баримт, нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарц хаагуур байсан, энэ нь гуравдагч этгээд маргаан бүхий газарт байрласнаас шалтгаалан өөрчлөгдсөн эсэх, орц гарц хаасан эсэх,

2. Нэхэмжлэгч шатахуун түгээх станц ажиллуулах зөвшөөрөлтэй эсэх, гуравдагч этгээдийн шатахуун түгээх станц улсын чанартай авто замын хориглосон бүсэд байрласан эсэхийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаасан байхад анхан шатны шүүхээс холбогдох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, хэрэгт хамааралтай гэж үзсэн нотлох баримтуудыг цуглуулж, холбогдох дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.

Мөн анхан шатны шүүхээс Дэлгэрцогт сумын байгаль орчны байцаагч-газрын даамлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татан оролцуулсан атлаа байгаль орчны байцаагч-газрын даамлаар ажиллаж байсан Ц.Х нь ажлаас чөлөөлөгдсөн, орны хүн нь шүүх хуралдаан товлогдсон өдрийн урд өдөр нь томилогдсон байхад тухайн хариуцагч албан тушаалтанд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжийг олгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид уг хэргийг хянан шийдвэрлэж болохгүй хуульд заасан нөхцөл бүрдсэн байх тул хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Гэтэл тухайн үед Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг орлон гүйцэтгэгч З.Ганзориг нь тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр шүүх бүрэлдэхүүнд өөрийгөө оролцуулалгүй, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2 шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.6-д тус тус нийцээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                               

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

     ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН