| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/03239/И |
| Дугаар | 191/ШШ2025/05074 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05074
2025 06 05 191/ШШ2025/05074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот,... дүүрэг, ....дүгээр хороо, Б.... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б.....-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Г.Эр
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Эр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Миний бие 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл .....үйлдвэрт шилчин мэргэжлээр орж ажилласан.
Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдсэн. Мөн тухайн байгууллагын мэргэжлийн үнэмлэх эх хувиараа байна.
Үндэсний төв архиваас ажиллаж байсан талаар шүүлгэхэд холбогдох материал олдоогүй тул архивын лавлагаа гаргуулсан. Тэтгэвэрт гарах ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна.
Иймд 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл У..... үйлдвэрт шилчин мэргэжлээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-3/
2.2 Г.Эрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/
2.3 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-5-8/
2.4 Гэрч Т.Алтантавьт, Ч.Баттулга нарын тодорхойлолт, шийдвэр /хх-9-13/
2.5 Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/
2.6 Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17/
3. Шүүх гэрч Т.А, Ч.Ба нараас 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Эр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдоогүйн улмаас ажилласан жилийг шүүхийн журмаар тогтоолгох болсон гэж тайлбарлав.
2. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зохицуулсан.
3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
3.1 Гутлын үйлдвэрээс 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г.Эрт хөдөлмөрийн дэвтрийг нээн олгожээ.
Уг дэвтэрт ........ний үйлдвэрийн даргын тушаалаар 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс Дагалдан шилчнээр авч ажиллуулав, 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс Дагалдангийн хугацаа дууссан тул шилчнээр авч ажиллуулав, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон тооны цомхотголд орсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичигдсэн байна.
3.2 Эрүүл мэндийн яамнаас ......ний үйлдвэрийн газраас Г.Эрт 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилчний мэргэшлийн 3 дугаар зэрэг олгож, үнэмлэх олгожээ.
Хүсэлт гаргагч нь Нүдний шилний үйлдвэрийн газарт анх ажилд орж байгаа хүмүүсийг мастеруудыг дагалдуулан ажиллуулж байгаад амжилттай ажиллаж, шалгалтаа сайн өгвөл мэргэшлийн зэрэг олгож үндсэн ажилтан болгож байсан гэж тайлбарлав.
3.3 Энэ талаар гэрч Ч.Б нь ...Би ээлжийн ахлах мастер хийж байсан. Олон эмэгтэйчүүд ажилд орж байсан, тэр дунд Г.Эр байсан. Би 1990 оны 9 дүгээр сард ажлаасаа гарахад Г.Эр ажлаа хийгээд үлдсэн. Шилчин хийхээс гадна захиалга хүлээн авагч хийж байсан. Ер нь бүх ажилчин захиалга хүлээн авагч хийж байсан... гэж,
гэрч Т.Ал нь ...У...... үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сард ажилд орсон. Г.Эр нь 1989 оны 02 дугаар сард ажилд орсон. Бид шилчин хийдэг байсан. Биднийг ажилд анх орох үед Ч.Баттулга сургаж авч байсан. 1993 онд ажлаасаа гарахад Г.Эр сургуульд сурах гээд мөн адил ажлаасаа гарсан ... гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр, шүүхийн шийдвэрийн хуулбар хэрэгт цугларсан.
4. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хүсэлт гаргагч Г.Эрийг 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улсын эм хангамж, үйлдвэрлэлийн газрын харъяа Нүдний шилний үйлдвэрт шилчнээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч Г.Эрийн тэтгэвэр тогтоолгох эрхийг үүсгэх, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын байгууллагуудын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Г.Эрийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
6. Хүсэлт гаргагч Г.Эрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.....-ыг 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ....... шилчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ