2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05098

 

 

 

 

 

 

 

 

2025 06 05 191/ШШ2025/05098

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч О.Аззаяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ...... дугаар хороо, .......хотхон, ...... байр ..... тоот хаягт оршин суух, ........-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ...... дугаар хороо, ...... гудамж, . ......тоот хаягт оршин суух, .......д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 3,390,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.О

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

(Иргэдийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.О нь хариуцагч У.Эт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний хүү н.У нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 цаг 50 минутад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Гэмтлийн эмнэлгийн арын замд ..... УНЯ улсын дугаартай Тоёота пирус 20 маркийн машинаа зам дагуу тавьсан байхад ..... УБЗ улсын дугаартай гранд марк 2 маркийн машинаа унаж явсан У.Э нь хурд хэтрүүлэн ирж мөргөсөн.

Хариуцагчийн буруутай үйлдлээс машин маань эвдэрч явах боломжгүй болсныг ...... эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 8,140,500 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Уг машинаараа миний хүү н.Ууганбаяр нь таксинд явж таван дүү болон ээж намайг нийт 7 ам бүлээ тэжээдэг байсан.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас миний машинд их хэмжээний хохирол учирсан нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт хийсэн үзлэг, актаар тогтоогдсон. Хариуцагч нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар ярилцаж тохиролцсон боловч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт хохирол 8,140,500 төгрөгөөс 4,750,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 3,390,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч У.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү У.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 цаг 40 минут орчмын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу гэмтлийн эмнэлгийн арын замд Grand mark II ..... УБЗ улсын дугаартай А.Ариунбаяр эзэмшигчтэй машиныг жолоодож явсан. Зам мөстэй гулгахад нь сандраад хааз дээрээ гишгэснээр зам дагуу зогсоолын ард замын 1 дүгээр эгнээнд байршуулж орхисон ..... УНЯ улсын дугаартай Тоёота пирус 20 маркийн машиныг мөргөсөн.

Нийт дөрвөн машин мөргөж хохирол учруулсан төлбөр болох 13,630,000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч З.О нь өөрсдийн машинаа таньдаг үнэлгээний ажилтнаа дуудаж үнэлүүлсэн. Уг машин нь 2004 онд үйлдвэрлэгдсэн он удаан жил эдлэгдсэн хойд тал нь хагархай, хойд урд гупер эвдрэл ихтэй байсан.

Үнэлгээ нь зах зээлийн үнээс давсан 8,140,500 төгрөгийн төлбөр гарсан. Би 2004 онд явж байгаа машин авч өгье. Энэ мөргүүлсэн машинаа надад өг гэхэд өөрсдөө машинаа засуулж авна гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: З.Огийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-6-7/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх8-19/, Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх20-24/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх25,33/, Шийтгэлийн хуудас /хх26-29/, ...... эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, төлбөрийн баримт /хх-29-33/,

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Х.Уламбаярын Депозит дансны хуулга /хх-44-55/

 

5. Шүүхээс журмаар бүрдүүлсэн баримт. Үүнд: Шинжээч Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн дүгнэлт /хх-68-86/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.О нь хариуцагч У.Эт холбогдуулан гэм хорын хохиролд 3,390,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Хариуцагч нь ..... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явахдаа хурд хэтрүүлж, миний ..... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Тухайн үед ...... эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 8,140,500 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсоноос хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 4,750,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулан, үлдэх 3,390,500 төгрөгийг төлж барагдуулаагүй гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу гэмтлийн эмнэлгийн арын замд ..... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын гулгаанаас болж сандран хааз дээрээ гишгэж ..... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн.

Нэхэмжлэгч З.О нь өөрсдийн тээврийн хэрэгслийг таньдаг үнэлгээний ажилтнаа дуудаж үнэлүүлсэн. Уг машин нь 2004 онд үйлдвэрлэгдсэн он удаан жил эдлэгдсэн хойд тал нь хагархай, хойд урд гупер эвдрэл ихтэй байхад зах зээлийн үнээс давсан 8,140,500 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Би 2004 онд явж байгаа машин авч өгье. Энэ мөргүүлсэн машинаа надад өг гэхэд өөрсдөө машинаа засуулж авна гэсэн гэж татгалзжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хариуцагч У.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 01 цаг 00 минутын орчим ..... УБЗ улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс нэхэмжлэгч З.Огийн эзэмшлийн ..... УНЯ улсын дугаартай, Тоyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан болох нь талуудын тайлбар, Тээврийн Цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Шийтгэлийн хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

4.2 Зам тээврийн ослын дараа хариуцагч У.Э болон түүний эцэг, эх, эгчээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтэст ...драгон төвөөс Хасхүү овогтой Ариунбаяр буюу ээжийнхээ дүүгийн машиныг санаатайгаар авч явсан..., ...Гэмтлийн арын замд явж байгаад замын дагуу байсан 1 машин,эмнэлгийн буудлын зам дагуу хурд хэтрүүлэн явж хяналт алдан зам дагуух 5 автомашинд санамсаргүйгээр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргажээ.

 

4.3 Хариуцагч У.Э нь гаргасан зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжээр торгуулах шийтгэл хүлээсэн болох нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0304721 дугаартай шийтгэх хуудсаар тогтоогджээ.

 

Дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч З.О нь өөрийн эзэмшлийн ..... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг ...... Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн шаардаж байна.

 

5. Зохигч талууд хэн аль нь хариуцагч зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, харин ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ бодит эсэх талаар маргасан.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж зохицуулжээ.

Өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг хохирол учруулсан этгээд хариуцах боловч уг этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгоогүй, ийм боломж гарсан явдалд гэм буруугүй өмчлөгч буюу эзэмшигч этгээд л хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна.

..... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Х.Ариунбаяр нь хариуцагч У.Эт тээврийн хэрэгслээ ашиглах зөвшөөрлийг олгоогүй, У.Э нь тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй, санаатайгаар унаж ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч У.Э нь тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа нэхэмжлэгч З.Огийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруутай байх тул хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэв.

 

6. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ...... Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд ..... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 8,140,500 төгрөг гэж тодорхойлжээ.

Үнэлгээний тайлан гарсны дараа хариуцагч талаас 4,750,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаар талууд тайлбарлаж, холбогдох баримтыг ирүүлсэн.

 

7. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн таньдаг үнэлгээний компаниас гаргасан үнэлгээг зөвшөөрөхгүй, хэт өндөр, бодит байдалд нийцээгүй хохирлын үнэлгээ гарсан гэх үндэслэлээр татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-аас ..... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 6,976,000 төгрөгөөр тогтоосон.

 

7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг 6,976,000 төгрөг гэж тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд хохирлын хэмжээнээс хариуцагчийн хохиролд төлсөн 4,750,000 төгрөгийг хасаж тооцох тул хариуцагчаас гэм хорын хохиролд 2,226,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Од олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

8. Хариуцагчийн ...Би 2004 онд явж байгаа машин авч өгье. Энэ мөргүүлсэн машинаа надад өг гэхэд өөрсдөө машинаа засуулж авна гэсэн... гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хохирол учруулсан этгээдээс мөнгөн хэлбэрээр шаардсаныг буруутгахгүй.

 

9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.

Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгөөр хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан тул хариуцагчаас гэм хорын хохиролд 2,226,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

10. Нэхэмжлэгч З.Огаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 50,566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Од олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч З.Огаас шинжээчийн ажлын хөлсийг бүрэн төлсөн талаар тайлбарлаж, 350,000 төгрөг төлсөн талаарх баримт авагдсан байна.

Иймд шинжээчийн ажлын хөлс 350,000 төгрөгийг хариуцагч У.Эоос гаргуулж, нэхэмжлэгч З.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Б.А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж зааснаар нэхэмжлэгч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь зааснаар хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Эоос гэм хорын хохиролд 2,226,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Од олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,164,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Огаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 50,566 төгрөг болон шинжээчийн ажлын хөлсөд 350,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ

 

ШҮҮГЧИД О.АЗЗАЯА

 

Т.ЭНХЖАРГАЛ