| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2008028241632 |
| Дугаар | 2025/ДШМ/256 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/256
2025 02 20 2025/ДШМ/256
Т.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч В.Мөнхтөр,
шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Л.Амартогос,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч С.Сэржмядаг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогосын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Дд холбогдох эрүүгийн 2008028241632 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Т.Д, 1976 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл 1, ....................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../,
Шүүгдэгч Т.Д нь Ц.Отай бүлэглэн 2010 оны 07 дугаар сарын сүүл 08 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитрын 2 дугаар гудамжны 338 тоотын гадна хамтран амьдрагч Н.Эийг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Дыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 456 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Даас 3,543,710 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Дын эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Шийтгэх тогтоолын 11 дэх талын 2.2 гэсэн хэсгийн “...Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэл байхгүй гэж үзсэн, ..хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.” гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Т.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өмнө нь яллагдагчаар татагдаж байгаагүй. Шүүх тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх/, 1.8 дугаар зүйл /Хүний халдашгүй байх эрхийг хангах/ зарчмуудыг зөрчиж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг буруу тайлбарласан. Иймд гомдлыг шийдвэрлэж, Т.Дын үйлдлийг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Д “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гарсан гэж үзэж байна. Энэ хүн урьд нь баригдаж, оргон зайлж байсан. Хөөн хэлэлцэх хугацааны талаар мэддэг болоод оргон зайлж, олон жилийн дараа гарч ирсэнд гомдолтой байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оын өмгөөлөгч В.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хөнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж тайлбарлаж байна. Энэ хэрэг Эрүүгийн хоёр хуулийг дамжсан. 2002 оны хууль мөрдөгдөж байх үед уг хэрэг гарсан. Тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байхаар заасан байдаг бөгөөд уг хуулиар тооцох юм бол 7 сар хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Шинээр мөрдөгдөж байгаа 2015 оны хуулиар хөөн хэлэлцэх хугацаа, ямар тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг мөрдөхгүй байх талаар тодорхой хуульчилсан. Гэмт хэрэг гарч, өргөдөл гаргасан энэ хавтаст хэргээс гадна гүйцэтгэх ажиллагааны өөр хавтаст хэрэгт байгаа. Тухайн үед хамт амьдарч байсан ялтан Т.Дыг сэжиглэж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж ойлгосон. Хавтаст хэргийн эхэнд буюу 2002 онд мөрдөгчийн хугацаа сунгуулах хүсэлтэд Т.Д, н.Ц.О, н.Т нар уг хэрэгт холбогдсон. Үүнээс н.Ц.О, н.Т нар нь нас барсан учраас үргэлжлүүлэн шалгах боломжгүй болсон. Тус хэргийг гардаж үйлдсэн хүн нь Т.Д юм. Энэ хүнийг сэжиглэж, мөрдөх гэсэн боловч оргон зайлсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсан. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэж, 9 жилийн хорих ял оногдуулсан, энэ талаараа ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч сэжигтнээр шалгагдаж байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг зогсоох ёстой гэж тайлбарлаж байна. Ял шийтгэл оногдуулах нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийг тайлбарлаж, хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн” гэж заасан. Энэ талаар шүүх хуралдааны дараа шүүх бүрэлдэхүүнээс асуухад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Тухайн үед тус гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 15 жил байсан. Т.Дын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсоныг үндэслэж, яллагдагчид ашигтайгаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзсэн. Гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэл дээр шүүгдэгч маргадаггүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Т.Д нь 2010 оны 07 дугаар сарын сүүл 08 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитрын 2 дугаар гудамжны 338 тоотын гадна хамтран амьдрагч Н.Эийг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Э.Оын “...Ээж маань 2 дүүгийн ааваас салснаас хойш хүнтэй суухгүй явж байгаад 2010 оны хавьцаанаас Хархорин зах дээр хойш тэрэг түрдэг Д гэж дууддаг /бүтэн нэр нь Д/ хүнтэй амьдарч эхэлсэн бөгөөд би тэрэнд нь дургүй байсан болохоор хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлсэн чинь ээж тэр хүнийхээ гэр лүү хамт амьдрахаар явсан юм. Би ээжтэйгээ 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улсын баяр наадам гэж уулзалдахад ээж маань Дтай ирсэн бөгөөд бид нар бөөнөөрөө байж байгаад орой нь явсан. Хамгийн сүүлд би 2011 оны 07 дугаар сарын 13,14-ний өдрийн хавьцаа ээж манай гэрээс ажилдаа явахдаа би ажилдаа явлаа, 2 дүүгээ битгий загнаад байгаарай, намайг Д танайд ирсэн үү гэж асуух юм бол ирсэн гэж битгий хэлээрэй гэж захиас маягаар хэлчихээд гаргаад явсан. Ингэж явсныхаа өдөр нь ээж над руу 2 дүүгээ битгий загнаад байгаарай гэсэн мессеж ирүүлсэн байсан, үүнийг би гайхаад байгаа ээж маань мессеж бичиж чаддаггүй байсан хүн яаж мессеж явуулаад байгаа бол гээд гайхаад өнгөрч байсан, ээж маань тухайн үед Нокиа маркийн гар утастай байсан ба хэд гэсэн дугаартай байсныг нь санахгүй байна, ямар ч байсан юнителийн дугаар байсан санагдаж байна. Ингэж гарснаас нь хойш ээжтэйгээ уулзалдаж чадаагүй одоо болтол сураггүй байгаад байгаа. Ээж Дтай нийлснээс хойш үсчнийхээ ажлыг хийхээ болиод Хархорин захын гуанзнуудад тэргээр ус зөөж өгдөг ажил хийгээд байсан, мөн архи уух нь ихэссэн байдалтай болоод хувцас нь хунар нь халтайгаад өнгө зүс алдаад уруудаад эхэлсэн, би ч энэ талаар өөрт нь хэлэхэд за яах вэ гээд л байдаг байсан. Ээжийн хувьд бол нийлдэг найз нөхөд гээд байх нээх олон хүн байхгүй. Миний хувьд гомдолтой байна аа, ээжийг маань ямар учраас одоо болтол сураггүй болж олдохгүй байгаа асуудлыг тодорхой болгож ээжийг маань олж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. ...Хүн алсан хүн ямар ч хариуцлага хүлээхгүй яваад байгаад нь гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” /1хх 44-45/,
гэрч Б.А-гийн “...би Ноосойн Н.Эийн дунд хүүхэд нь байгаа юм. Би ээжтэйгээ хамгийн сүүлд 2009 оны зун уулзсан. Тэр үед би 10 жилийн 9 дүгээр ангийн сурагч байсан бөгөөд эгч дүү бид гурвыг үлдээсэн. Д гэдэг хүнтэй хамт амьдардаг байсан боловч архи уугаад байхаар нь эгч Дыг хөөсөн чинь ээж дагаж яваад Орбит гэдэг газар амьдарна гээд явсан тэрнээс хойш уулзаагүй, холбоо бариагүй. Манай эгч О ээжийг хайж цагдаад мэдэгдсэн боловч ямар нэгэн сураг гараагүй. Одоо Д гэдэг хүнийг хаана байгааг мэдэхгүй. Дыг архи уухаараа агсам тавиад байдаг гэж ээж ярьж байсан.” /1хх 49-50/,
гэрч Ц.Оын “...Би Н.Э, Д нарыг танина. Би Дтай хамт Хархорин зах дээр цайны газруудад ус зөөдөг ажил хийдэг байсан ба Дын эгчийн хашаанд нь хамт амьдарч байсан. Н.Э эхнэр нь байгаа юм. Би 2013 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Орбит гэх газар Д, Н.Э нартай хамт амьдардаг байсан бөгөөд 2013 оны зун 06 дугаар сарын үед /өдрийг нь санахгүй байна/ нар жаргаж байх үеэр 2013 Нарангийн голд Дын аавын хашаанд байсан ногоон өнгийн их хаалган дээрээ Нарангийн гол гэсэн бичигтэй микро автобусанд Д, Н.Э бид гурав архи уугаад сууж байтал Д Н.Э хоёр хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. Намайг салгах гэхэд Д чамд хамаагүй гадаа гараад байж бай гэхээр нь би гарсан. Тэгээд Д Н.Эийг зодоод Н.Э "Авраарай туслаарай" гээд орилоод байсан. Хэсэг хугацаанд чимээгүй болчихоор нь учир зүйгээ олчихсон байна гэж бодоод микро автобусанд орсон чинь Н.Э уйлчихсан хамар амнаас нь цус гоожчихсон Д хажууд нь сууж байсан. Бид нар дахиж 0,5 литрийн Хараа нэртэй архи уусан Д, Н.Э нар дахиад зодолдоод эхлэхээр нь би гадаа байж байтал Н.Э туслаарай, авраарай гэж орилж байгаад чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би дотогш ортол Д голын сандал дээр суучихсан Н.Э арын сандал дээр нүүр нь цус болчихсон хэвтэж байхаар нь очиж үзэхэд амьсгалахгүй байхаар нь Дд хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлээд машинаас гараад гэртээ ороод аавыгаа дуудаж гаргаж ирээд аав нь машин дотор орж ирээд Н.Эийг хараад үхчихсэн юм биш үү гэж хэлээд буцаж гэртээ ороод улаан өнгийн хивс авч гарч ирээд энэ хивсэнд ороо гэхээр нь Д бид хоёр хивсэнд ороогоод арын сандал дээр тавиад аав нь машин бариад яваад байсан. Тэгээд явсаар байгаад Их Нарангийн энгэрийн оршуулгын газар очоод машинаа жалганы цаана үлдээгээд Д бид хоёр Н.Эийг дамжлаад дээш явсан бөгөөд аав нь машиндаа үлдсэн. Тэгээд бид хоёр дээш 50-100 метр орчим яваад шарилын хажууд аваачиж тавиад хажуу талд нь байсан овоолсон шороогоор булсан. Бид хоёр буцаж машинд очиж суугаад аавынх нь гэрт очоод Д бид хоёр машинд унтаад аав нь гэртээ орж унтсан. Өглөө эрт ажилдаа яваад орой нь хоёр тийшээ салаад явсан. Д нь архи уусан үедээ Н.Эийг зодоод байдаг урьд нь олон удаа зодож байсан. Тухайн үед бид гурав 0.33 литрийн архи 2 шил, 0.5 литрийн архи 1 шилийг хувааж уусан болохоор нэлээд согтолттой байсан. Дын биед ямар нэгэн гэмтэл учраагүй гар нь цус болчихсон байсан. Би хамгийн сүүлд оршуулгын газар луу өгсөж байхдаа цаг харахад шөнийн 22 цагийн 30 минут болж байсан санагдаж байна.” /1хх 55-56/,
гэрч Т.А-ын “...Д тэр 2 архи их уудаг, архины хамааралтай болчихсон, мөн Ц.О гэх залуутай хамт гурвуулаа гэрт ихэнхдээ байдаг байсан. Өдөр тутам орлоготой байсан болохоор мөнгөөр тасардаггүй байх шиг байсан. Заримдаа их л эвтэй найртай дуулж хөөрөөд байж байдаг, заримдаа хоорондоо хэрүүл маргаан хийж Д Чимгээгээ зодоод байх шиг Чимгээ нь орилоод байдаг байсан, хэрхэн яаж зодож цохиж байгааг нь хараагүй, гэрээр нь орж гардаггүй байсан юм. ...2010 оны зун Чимгээгийн ах дүү хүүхдүүд нь гэх хүмүүс манайд ирээд Д, Ч 2-г надаас асуугаад Чимгээ огт холбоогүй болчихлоо гэж асууж сураглаж ирэхээр нь цэнхэр дэлгүүр лүү нүүгээд явсан.... Архи уучихаараа надад ямар нэгэн зүйл хэлээд байдаггүй ч агсан согтуу тавиад, ааш зан нь эвдрээд байдаг юм шиг анзаарагдсан. Манай хашаанд Чимгээ гээд эмэгтэйтэй хамт амьдарч байхдаа тэрийгээ зодож цохиод байдаг юм шиг байдаг. 1 удаа гэртээ хэрэлдэж маргалдаад Чимгээ орилж чарлаад, зодуулаад байсан юм шиг байсан ба би өөрөө ч айгаад гэр лүү нь орж чадаагүй. Дараа нь харахад Чимгээгийн нүүр нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Тэдний гэрт Ц.О ихэнхдээ л байж байдаг байсан ба тэр гурав хоорондоо их учиртай гурвалжин хайр гэдэг шиг л байдаг байсан. Би 1 орой санамсаргүй гэрээсээ гарч харахад Ц.О, Н.Э хоёр хоорондоо үнсэлцээд байж байсан. Тухайн үедээ ямар нэгэн зүйл хараагүй юм шиг өнгөрч байсан...” /1хх 191-194/
гэрч Б.Н.Эийн "...Дтай 2010 оны намар миний найз болох Ариунболдоор дамжуулан танилцаж байсан. Ариунболд Хархорин зах дээр усны тэрэг түрдэг ажил хийдэг юм. Дтай танилцаад Нарангийн голд Дгийн аавын гэрт нь хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Тухайн үед Дгийн аав нь эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Д бид 2 Их Наранд байх манай ээжийн хашаанд /ойролцоо/ айлын хашаанд амьдарсан. Би Дтай 2 жил гаран хугацаанд хамт амьдарч байгаад би хүүхэд гаргах боломжгүй шалтгааны улмаас салсан. Д ааш зангийн хувьд дуугүй дотогщоо хүн байгаа бөгөөд өөрт нь юу болсон талаараа хэлээд байдаггүй. Харин архи дарс нилээдгүй уудаг архи уусан ч агсраад элдэв ааш зан гаргаад байдаггүй. Д Ч гэх эмэгтэйтэй хамт амьдарч байсан салчихсан гэж хэлсэн. Надад эхнэрийнхээ талаар юу ч ярьж байгаагүй...” /1хх 189/,
гэрч Х.А-ын “...Д ах Ч гэх эмэгтэйтэй хамт амьдардаг, тэр 2 нэлээдгүй архи уучихаад байдаг, өөр бусад хүмүүстэй нэг их нийлээд задардаг хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаггүй хүмүүс байсан. ...Миний санаж байгаагаар би Д ахыг цэрэгт явахаасаа өмнөхөн Ука буюу Э гэдэг эмэгтэй найзтайгаа танилцуулж тэр 2 хамт амьдардаг болсон. Тухайн үед өмнөх эхнэр Чимгээг нь яасан талаар сонирхож асууж байгаагүй, надад хэлэхдээ салчихсан гэж хэлж байсан юм. Д нь эхнэр Н.Эийн амь насыг хохироосон талаар огт мэдээгүй, цагдаагаас ямар шалтгааны улмаас дуудсаныг ч ойлгоогүй юм...” /1хх 196/ гэсэн мэдүүлгүүд,
2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 225-231/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Т.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ц.Оын гэрчээр өгсөн, Т.Дын сэжигтнээр өгсөн мэдүүлгээр тэднийг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Ц.О нь 2022 оны 03 сарын 29-ний өдөр нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж, прокуророос Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Т.Дын өмгөөлөгч Л.Амартогос “... шүүгдэгчийн үйлдлийг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй байна.
Учир нь, шүүгдэгч Т.Д нь 2010 оны 7 дугаар сарын үед хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэгдэх хэдий ч түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, прокуророос түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж, шүүгдэгч Т.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацааг хөнгөрүүлсэн зүйл, хэсэгт зааснаар тоолох үндэслэл биш юм.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь арван хоёр жилээс хорих жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх ялын санкцитай бөгөөд уг гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Д нь 2010 оны 7 сард хүнийг алах гэмт хэрэгтээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй 15 жил болсон бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдэх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд буюу 2020 онд илэрч түүнд Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, шүүхээс түүнд холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Дын өмгөөлөгч Л.Амартогосын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Дын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Дын өмгөөлөгч Л.Амартогосын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дын цагдан хоригдсон 52 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ