Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шинжээч эмч Э.А

Шүүгдэгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын  харъяат, эрэгтэй,  яс үндэс урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  3-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Х овогт Я.Э-д холбогдох эрүүгийн 1820.00086.0069 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Э нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт нутаглах малчин Б-н гэрт талийгаач Т.Б-г би сум руу явна гэж хэлсэний улмаас хоорондоо маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө нуруунд нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хэрэг дотор үйлдсэн хэргийн талаараа тодорхой мэдүүлсэн байгаа. Бид Б-н гэрт очсон. Тэнд очихоосоо өмнө архи уусан байсан, тэгээд Б-н очоод мөн архи уусан, ингээд хохирогч унтах гэхээр нь явъя гэхэд сум руу явна гээд босохгүй байхаар нь нүүр рүү нь гараа хагас атгаад 2-3 удаа цохиж, нуруу руу нь бас 2 удаа өшиглөсөн. Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг

Шинжээч эмч Э.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Амь хохирогч Т.Б-н цогцост үзлэг хийж дүгнэлт гаргасан. Т.Б нь архины шалтгаант тархины аалзан бүрхүүл доорх болон нугасны хатуу хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан, цогцосноос авсан цусанд 2,6 промилли  спиртийн агууламж илэрсэн, энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Энэ талаар дүгнэлт гаргасан. Тухайн нас барсан шалтгаан нь гадны ямар нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй юм. Мөн Б-н биед хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн ташааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд уг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн гомдол талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/

Хувцас, эд зүйлд үлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/

Шүүгдэгч Я.Э-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/

Хохирогч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Манай төрсөн дүү сүүлийн нэг жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Яг хэдий хэр хэмжээтэй хэрэглэдэг талаар сайн мэдэхгүй байна, тусдаа байдаг болохоор...шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, цус харвалт өгсөний улмаас нас барсан гэсэн байна, Б нь нүүрэндээ авсан гэмтлийн улмаас нас бараагүй учраас надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Я.Э-т ямар нэг гомдол санал байхгүй. Хэргийг хурдан шийдэж өгнө үү ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/

Гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б, Ш ахыг гадаа машин дотор байгаа архийг аваад ороод ир гэхэд Ш ах машин дотор байсан 0,75 гр-тай С нэртэй дээрээс нь бага зэрэг уусан нэг шил архи оруулж ирээд Ш ах аяганд хийгээд тойруулж байхад манай гэрт манай нөхөр баруун орны хамгийн доод талд, манай нөхрийн хажуу талд Э, Б хажуу талд, Ш гэрийн зуухны хойд талд, гэрийн зүүн талд хадам аав, би гэрийн зүүн талд сууж байж байхад манай хадам аавд дахин аягалж өгөх гэхэд манай нөхөр аавыг болье гэж хэлэхэд аав уугаагүй, тэгээд байж байхад Б гэрийн баруун хойд талд ор дэрлээд унтлаа гэж хэлэхэд Э чи унтаж бай гэж хэлж байсан. Тэгээд би сууж байсан газраа хэвтээд унтаж байхад Э чанга чанга дуугараад Б-г бос хоёулаа хамт явъя гээд дуудаж байгаад Б босож ирэхгүй болохоор Э машин дотор архи байгаа Ш ахыг оруулаад ир гэж хэлэхэд Ш ах гараад 0,75 гр-тай Е нэртэй 1 шил бүтэн архи оруулж ирээд Ш ах архийг тойруулж байхад Э Б-г сэрээх гээд нүүрэн хэсэг рүү хэд хэдэн удаа хоёр талаас нь алгадаж байгаад, цаашаа хараад хэвтэж байсан учир нуруу, бөөрөн хэсэг рүү хоёр удаа хүчтэй өшиглөх үед нь мөрөөрөө унтаж байгаа хүнийг зодож аллаа гэж хэлэхэд орон дээр суухаар нь нөхөр бид хоёр гэрээс гараад малаа ялгаж дуусаад манай нөхөр малаа хариулахаар малтайгаа хамт яваад өгөхөөр нь би гэрт орж ирэхэд Б гэрийн зүүн хойд тал газар цаашаа хараад хэвтэж байхад Э эргүүлээд харуулахад Б-н хамарнаас цус гарсан хэвтэж байхаар нь чи яагаад хүн зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд дахин Б-н нуруу бөгс хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь Б-г чи юунд зодуулаад хэвтээд байдаг юм бэ босоо ч гэж хэлэхэд би наад хүнтэй чинь явахгүй би сумын төв рүү явлаа гээд хэвтээд байхаар нь наад хүнээ манай үлдээгээд яв гэж хэлэхэд үгүй би заавал авч явнаа гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн ” Амь хохирогч Т.Б-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Баруун, зүүн нүдний дотор салстын цус харвалт. Баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод уруулын дотор салстын цус хуралт. Баруун нүдний дээд, доод зовхи, зүүн ташааны зулгаралт. Зүүн нүдний дээд Зовхи, хамрын нуруу, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба үхэлд нөлөөлөхгүй.

3.Амь хохирогч Т.Б нь архины шалтгаант тархины аалзан бүрхүүл доорх болон нугасны хатуу хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан байна.

4.Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр элэг өөхлөлт архаг өвчин тогтоогдлоо. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь О 1 бүлгийн харьяалалтай байна” гэсэн  дүгнэлт /хх-ийн 53-54/

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 24-ны өдрийн “1. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт дугаар No 21 тоот дүгнэлтэнд Т.Б-н биед хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн ташааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Т.Б-н биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт дугаар No 21 тоот дүгнэлтэнд тусгагдсанаар Т.Б-н биед учирсан гэмтлүүд нь шинэ Гэмтэл байх боломжтой ба үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн 04/063 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 66-67/

Шүүгдэгч Ч.Э нь урьд ял шийтгэлгүй гэсэн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Я.Э нь согтуурсан үедээ 2018 оны 04 сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Д.Б-н гэрт хохирогч Т.Б-г өөртөө нь хамт явахгүй, Улаанбадрах сум руу явна гэж хэлсэний улмаас маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж, нуруунд 2 удаа өшиглөсөний улмаас бие мах бодид нь хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн ташааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 24-ны өдрийн 04/063 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Э.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Я.Э-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Т.Г нь энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүхээс шүүгдэгч Я.Э-т ял оногдуулахдаа түүний хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Я.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Я.Э-г 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Я.Э нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Я.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ      А.Ц