| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2406035873616 |
| Дугаар | 2025/ДШМ/257 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/257
2025 02 20 2025/ДШМ/257
М.Цд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Оюунгэрэл,
шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Цд холбогдох эрүүгийн 2406035873616 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М.Ц, 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../,
Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 41-203 тоотод хохирогч Д.Нтэй “Г.Эыг нуулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж, биед нь бүсэлхийн 3 дугаар нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн бугалганы шарх, цээж, мөр, өвдөгт цус хуралт, зовхи, цээж, нуруу, мөр, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Цг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Цд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр сэрээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Ц болон түүний өмгөөлөгч нарын зүгээс тус зүйл ангиар гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэртэй маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа болно. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Цд тус зүйл ангид заасан ялын төрлүүдээс хүнд ялыг хамгийн дээд хэмжээгээр тогтоож оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, бага насны 2 хүүхэдтэй, хүүхдүүдээ өөрөө тэжээн тэтгэдэг өрх толгойлсон эмэгтэй, хохирол төлбөрт хохирогчийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Нийн зүгээс анхан шатны шүүхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүгдэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шат, болон шүүх хуралдаан дээр сайн дураараа өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн гаргасан торгох ялын саналыг хүлээн авах боломжгүй шалтгаанаа шүүгдэгч М.Цгийн сүүлийн 1 жилийн хугацаанд орлого олсон байдал нь их хэмжээний байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна ...” гэж заасан үзэл баримтлалыг зөрчиж олсон орлого нь өндөр болохоор оногдуулахгүй гэж үзэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Шүүгдэгч М.Цгийн хувьд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Турк Улсад байнгын ажиллаж амьдардаг, Монгол Улсад байнга оршин суух хаяггүй бөгөөд шийтгэл тогтоолд дурдагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил Стар хотхоны 59 дүгээр байрны 99 тоот хаягт байх байр нь Монгол Улсад богино хугацаанд буюу 1-7 хонохдоо түр байдаг хамаатны айлын хаяг болно. Энэ талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Анхан шатны шүүх М.Цгийн гаргасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн атлаа хамгийн хүнд ялыг дээд хэмжээгээр нь оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч М.Цгийн хувийн байдал, бусдад төлөх, төлбөргүй байдал, хохирогч н.Нийн зүгээс санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тухай бүр Турк Улсаас холбогдох зардал мөнгөө гаргаж хууль хяналтын байгууллагын дуудсан цагт чирэгдэл учруулахгүй ирж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж давж даалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд М.Цг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсвэл оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгох ялын доод хэмжээгээр тооцон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Монгол Улсад байнга оршин суудаггүй, Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдардаг гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч онлайн худалдаа эрхэлдэг болох нь тогтоогдсон. Заавал Монгол Улсад байхгүйгээр Бүгд Найрамдах Турк Улсад байж, ажлаа явуулах шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй ч, оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг дурдаж ял оногдуулсан. Прокуророос шүүгдэгчид оногдуулсан ялыг үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, хувийн байдалд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 41-203 тоотод хохирогч Д.Нтэй “Г.Эыг нуулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж, биед нь бүсэлхийн 3 дугаар нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн бугалганы шарх, цээж, мөр, өвдөгт цус хуралт, зовхи, цээж, нуруу, мөр, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Нийн “...М.Ц хутга бариад Г.Эын хувцсыг урах гээд байсан. Би боль гэж хэлээд ойртох үед намайг гартаа барьж байсан сэрээгээр миний зүүн мөрний бугалга хэсэгт нэг удаа зоосон. Дахиад хутга барьж аваад намайг ална гэж хэлээд дайрахаар нь би М.Цгийн хутгатай гарыг бариад энгэрээс нь зуураад хутгыг нь хаяулсан, тэр үед миний зүүн гарын эрхий хурууны дотор талын нугалаас урагдсан. Тэгээд миний нүүр лүү дайраад хоолойноос боох гэж дайраад, намайг татаж чангаагаад байсан. Намайг М.Ц дийлээд миний хоолойноос барьж аваад миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөөд барилдаж байгаа юм шиг намайг авч шидээд байсан. Тухайн үед Э-ыг З нь өшиглөж зодоод байх шиг байсан. Харин М.Ц нь миний үснээс зулгаагаад байхаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Намайг М.Цгийн үснээс нь зулгаах үед М.Ц үснээсээ тавиулах гээд миний цээж хэсэгт олон удаа өвдөглөсөн. Мөн миний нүүр хэсэгт олон удаа алгадсан...” /хх 18-19, 21/,
гэрч М.Зын “...Намайг ороход тухайн айлын хаалга онгорхой байсан. Мөн гэр нь эмх замбараагүй, ундуй сундуй болсон, манай эгч М.Ц газар унасан байдалтай дээрээс нь хадам ээж болох Д.Н нь эгчийн үснээс зулгаасан байдалтай, эгчийн хацар болон гар нь цус болчихсон хоорондоо зодолдсон бололтой хэвтэж байсан. Тэр үед би гүйж очоод зодооныг нь салгаж Н болон М.Ц нарыг бие биеэс нь холдуулсан. Би эгчийгээ салгаж аваад Нийн гэрээс гарсан. Тухайн үед би гарах гэж байхад эгчийн нөхөр Г.Э намайг гаргахгүй гээд хувцаснаас татаж чангаагаад байхаар нь би салаад эгч М.Цг аваад гарсан. Би Н болон Г.Э нарын биед халдаж зодсон зүйл байхгүй...” /хх 28/,
М.Цгийн яллагдагчаар өгсөн: “...ариун цэврийн өрөө ороод гаръя гэж бодоод ариун цэврийн өрөө рүү орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь би ээжээс ариун цэврийн өрөөний хаалга яаж онгойдог юм гэж асуухад ээж “за за Г.Эаа гар, гар” гэж хэлсэн. Тэгтэл ариун цэврийн өрөөний хаалгыг Г.Э дотроос нь онгойлгож өгсөн. Ингэж анх маргаан эхэлсэн, би Г.Этай маргалдаад байж байхад хадам ээж миний араас үснээс зулгаагаад татсан. Тэр үед би татагдаж хойшоо савж унахдаа хадам ээжийг дарж унасан. Тэгээд болиочээ гээд байж байхад манай дүү М.З гаднаас орж ирээд бид хоёрыг салгаад би хоёр хүүхдээ аваад дүү М.Зын хамт тэдний гэрээс гараад явсан. Хадам ээж миний үснээс зулгаагаад байхаар нь би тавиулах гээд ээжийг түлхсэн мөн миний үснээс зулгааж хойшоо татах үед би унахдаа дарж унаснаас болж хадам ээж Нийн биед гэмтэл учирсан байж болно. Тийм болохоор Нийн биед учирсан гэмтэлтэй маргах зүйл байхгүй. Ноцолдож байхдаа дарж унах зэргээр уг гэмтлийг би учруулсан байж болно. Би хадам ээжид 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сэтгэл санааны хохирол гэж 1.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Цаашид гарах хохирлыг боломжоороо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” /хх 84-86/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6863 дугаартай: “...Д.Нийн биед бүсэлхийн 3-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн бугалгын хатгагдсан шарх, цээж, мөр, өвдөгт цус хуралт, зовхи, цээж, нуруу, мөр, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 35-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч М.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Цд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнээс “... шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Цгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар гаргасан хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Цд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Цд 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх, уг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ