Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01299

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01299

 

 

 

Г.Ганбаганын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11ий өдрийн 181/ШШ2017/01042 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ганбаганын нэхэмжлэлтэй

Хариуцагч Тэлмэн констракшн ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний алдангид 7 571 609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Ганбагана

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэлмэн констракшн ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 48.36 метр квадрат талбай орон сууцыг 50 785 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 30 хувийг төлж, үнийн дүнгийн 70 хувийг банкны зээлээр төлнө гэж гэрээнд заасан. Банкны зээлээр төлөхдөө Тэлмэн констракшн ХХК барилгыг ашиглалтад оруулж, орон сууцны гэрчилгээ гарсан тохиолдолд төлнө гэж заасан боловч Тэлсэн констракшн ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, 2-3 жил хугацаа хожимдуулсан. Иймд Тэлмэн констракшн ХХК-иас өдрийн 15 023 төгрөгөөр бодож нийт 403 хоногийн алдангид 7 571 609 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний талууд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг дүгнэж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нь хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд нэхэмжлэгч шүүхэд ажиллаж байсан талаар баримт байгаа. Тухайн үед манайх гэрээ байгуулахдаа 5 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Учир нь Г.Ганбагана Багахангай, Налайх дүүргийн шүүхэд нарийн бичгийн даргаар ажилладаг байсан тул бид хөнгөлөлт үзүүлсэн. Ёс зүйн талаас ийм байж болохгүй гэдгийг нотлохын тулд бид үүнийг ярьж байгаа юм. Бид зөрүү алданги нэхэмжлээд, сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой. Г.Ганбаганын төлбөр төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бид Г.Ганбаганыг төлбөр төлсөн гэдэгтээ маргахгүй. Ипотекийн зээл буюу банкны зээлээр төлөх байсан гэж тайлбарлаж байна. Банкны зээлээр төлнө гэдгийг зөвшөөрч байна. Банкны зээл гэдгийг ипотекийн зээл гэж ойлгохгүй, цалингийн зээл зэрэг ямар ч зээлээр төлөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Тэлмэн констракшн ХХК-иас 7.511.571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганбаганад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.092 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганбаганын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136.096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэлмэн констракшн ХХК-иас 135.135 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганбаганад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шинэ налайх хороолол 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад орсон болох нь талуудын тайлбар, 0103 тоот гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна гэх үүрэг дуусгавар болсон үндэслэлийг хийсэн боловч үүрэг дуусгавар болоогүй мэтээр тайлбарлаж, шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болохоор заасан байхад тус заалтыг зөрчиж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн шүүх ...нэхэмжлэгч нь төлбөр төлөх хуваарь зөрчөөгүй ба хариуцагч алданги, үнийн зөрүү тооцсон нь хуульд нийцэхгүй байна гэж нэхэмжлэгч гэрээний 2.2-т заасан үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлсөн болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй ба хэргийн 6-11 хуудсанд авагдсан баримтаар 2016 оны 01 дүгээр сарын 25-нд төлсөн. Түүнчлэн хуульд нийцэхгүй байна гэж ямар хуульд нийцэхгүй байгаа талаар тодорхой бус байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ганбагана нь хариуцагч Тэлмэн констракшн ХХК-д холбогдуулан алданги 7 571 609 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0103 тоот орон сууц захиалан бариулах гэрээгээр Г.Ганбагана нь Шинэ налайх хорооллын 6-А байрны 10 тоот, 48.36 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 50 076 780 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг гэрээ байгуулагдсан өдөр 15 023 034 төгрөгийг, орон сууцны барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрч, дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан өдрөөс 1 сарын хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр, Тэлмэн констракшн ХХК нь орон сууцны барилгыг 2014 оны 1-2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцжээ. /Хх 12-16/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ганбагана нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцны барилгыг гэрээний 1.5-д заасан хугацаанд ашиглалтад өгөөгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 15 023 034 төгрөгөөс алданги тооцсон гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ талууд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг дүгнэж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж мэтгэлцжээ.

Хариуцагч Тэлмэн констракшн ХХК нь нэхэмжлэгч Г.Ганбаганад орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд буюу 2014 оны 06 дугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч гэрээний 6.4-т зааснаар алданги шаардах эрхтэй.

Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээрх 0103 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээг дүгнэж акт үйлдсэн /хх-56/ үйл баримт тогтоогдсон ба уг актад талуудын хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, харилцан гарын үсэг зурж актыг баталгаажуулсанаас үзэхэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцлийн шинжийг агуулсан байна.

Стандарт нөхцөл бүхий гэрээ буюу талууд гэрээний заалт бүрийг нэг бүрчлэн тохиролцоогүй гэрээ, хэлцлийн хувьд нөгөө тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд тухайн этгээдийн үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нөхцөлийг гэрээнд тусгасан тохиолдолд уг нөхцөлүүд хүчин төгөлдөр бус байх талаар Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заажээ.

 

Талууд гэрээ дүгнэж, акт үйлдсэн боловч уг актаар Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгтэй холбогдуулан захиалагч талын шаардлага гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Тэлмэн констракшн ХХК нь нэхэмжлэгч Г.Ганбаганатай байгуулсан дээрх гэрээний 1.5-д заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогджээ. Иймд анхан шатны шүүх хариуцагч Тэлмэн констракшн ХХК нь гэрээний 6.4-т зааснаар алданги төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11ий өдрийн 181/ШШ2017/01042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тэлмэн констракшн ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ