| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03436/И |
| Дугаар | 191/ШШ2025/09302 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/09302
2025 10 30 191/ШШ2025/09302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* / рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.******* /№*******/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Д.*******, өмгөөлөгч Х.******* нар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
-Д.******* миний бие 1965 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Ховд суманд ээж Г.*******гийн 2 дах хүүхэд болж төрсөн бөгөөд ээжээрээ овоглодог юм.
Миний бие Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгсөөд аймгийнхаа Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуульд элсэн орж 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдөр трактор комбайнч мэргэжилтэй төгссөн.
Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1985.06.30-ны өдөр нээж олгосон 126664 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1995.10.15-ны өдөр нээж олгосон 309273 тоот нийгмийн даатгалын дэвтэрт овгийг маань Мишиг гэж буруу бичжээ. Мишиг гэж миний хойд эцэг бөгөөд би ээж *******гээр овоглож төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, цэргийн батлах авсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т ".эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх;"-ийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж заажээ.
Иймд №126664 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №309273 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт овог ******* гэдгийг Мишиг гэж буруу бичигдсэн болохыг тогтоож, эдгээр дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.
- Миний бие Техник мэргэжлийн сургуулиа төгссөний дараа 1985.06.10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1988.06.10-ны өдөр халагдсан.
Цэргийн алба хааж ирээд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд замчнаар орж, улмаар 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан.
1992 оны 04 дүгээр сараас байгууллага маань "******* ХК болон өөрчлөгдөж, энэ компанидаа би үргэлжлүүлэн 1997 оныг дуустал замчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилд, орсон гарсан зарим тушаалууд байхгүй, дутуу, ажиллаж байсан компани одоо үйл ажиллагаа явуулахаа больсон, зарим тушаалд овог буруу бичигдсэн зэрэгтэй холбоотой ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна.
Иймд холбогдох баримтыг үндэслэн 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *******" ХХК-д тус тус замчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гэснээс татгалзаж байна гэв.
2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
2а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, №126664 дугаартай Мишигийн *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №309273 дугаартай Мишигийн *******ын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2024.06.11-ний өдрийн Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын №86 дугаар зөвлөмжийн хуудас, Архивын ерөнхий газрын 2024.09.16-ны өдрийн №03-06/5044 дугаартай тодорхойлолт, 2024.11.13-ны өдрийн Х.*******д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Авто замын ерөнхий газрын харьяа Увс аймгийн зам барилга ашиглалтын трестийн даргын 1988.09.17-ны өдрийн №269, 1989.05.26-ны өдрийн №169, 1990.05.24-ний өдрийн №151 дүгээр тушаалуудын хуулбар, Увс аймаг дахь Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2024.06.04-ний өдрийн №242 дугаар Мишиг овогтой *******ын цалингийн тодорхойлолт, Увс аймаг дахь Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2024.06.04-ний өдрийн №159 дугаартай архивын лавлагаа, хавсралт, цалин олгох, цалингийн тооцооны хүснэгт, Монгол улс батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024.06.19-ний өдрийн №06/1695 тоот албан бичиг, №581689 дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч Х.Мягмар, Б.Сосорбарам нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Х.Мягмарын №309247 дугаартай болон гэрч Б.Сосорбарамын №084400 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус шүүхийн 2025.01.27-ны өдрийн 191/ШШ2025/00644 дүгээр шийдвэрийн хуулбар, *******гийн *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Шадварын Мишиг, Гэрэлийн ******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Х.*******г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт /хх 1-54, 88-89, 99/,
2б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.06.30-ны өдрийн 318/АБ2025/00485 дугаар албан тоот, гэрч Б.Сосорбарам, Х.Мягмар нарын гэрчийн мэдүүлэг /хх 64-70/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь №126664 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр болон №309273 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт овог буруу бичигдсэн болохыг тогтоож, уг дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд,
1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *******" ХХК-д замчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Тэрээр хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт овог буруу бичигдсэн, дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаарх баримт нь холбогдох архивт хадгалагдаагүй, тушаалд овог буруу бичигдсэн зэргээс дээр дурдсан хугацаа нь ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрсэн гэж тодорхойлсон.
3. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох шаардлагын тухайд:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т: Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.4-т: эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж заасан.
5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5а. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд овог, Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр хэсэгт Цөгрөг Зуутраг овогт *******гийн *******, хүйс хэсэгт Эрэгтэй, төрсөн он, сар, өдөр хэсэгт 1965.10.25, бүртгэсэн газар хэсэгт: Увс, Ховд, бүртгэсэн он, сар, өдөр хэсэгт 1966.02.07, эцгийн хэсэгт бүртгэл хийгдээгүй, эхийн хэсэгт овог Хөх толгой, Эцэг/эх/-ийн нэр хэсэгт Гэрэл, өөрийн нэр хэсэгт ******* гэх бүртгэл хийгдсэн,
2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон иргэний үнэмлэхэд Овог Цөгрөг Зуутраг, Эцэг/эх/-ийн нэр *******, Нэр ******* гэж дурдсан,
Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр, Цөгрөг Зуутраг овогт *******гийн *******ыг 1965 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. / хх 3, 53-54, 88/
5б. Батлан Хамгаалах яамны Батлан Хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/1695 тоот ...*******гийн ******* ...1985.06.10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан...1988.08.25-ны өдөр 581689 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэх хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа болон 581689 тоот цэргийн батлахын хуулбар /хх 41-45/ зэрэг баримт авагдсан.
6. Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгчид Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон 126664 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон 309273 тоот нийгмийн даатгалын дэвтэрт түүний эцэг /эх/-ийн нэр болох *******-г Мишиг гэж буруу бичигдсэн гэж үзэх үндэслэлтэй.
6а. Иймд дээр дурдсан баримтуудад нэхэмжлэгч Цөгрөг Зуутраг овогт *******гийн *******ын эцгийн нэр *******-г Мишиг гэж буруу бичигдсэн болохыг тогтоож, эдгээр баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн, ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагын тухайд:
7. Нэхэмжлэгч М.*******ын, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд,
1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *******" ХХК-д замчнаар ажиллаж байсан байдал дараах баримтаар тогтоогдож байна гэж үзэв.
7а.Нэхэмжлэгч М.*******т 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон №126664 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн овог ...Мишиг, нэр ...*******, уг хөдөлмөрийн дэвтрийн ажлын мэдээ хэсгийн 1-т ...1983.09.01-ний өдөр Увс ХАА-н ТМС-н захирлын 269 тоот тушаалаар Увс аймгийн зам барилгын замчнаар...,
1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон №309273 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн Даатгуулагчийн овог ...Мишиг, /хх 6/
Авто замын ерөнхий газрын харьяа Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №269 дүгээр Ажилд авах тухай тушаалын 1-т ...Мишиг овогтой *******ыг 1986 оны 8-р сарын 16-ны өдрөөс замчинаар ажиллуулсугай... гэх,
Мөн даргын 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №169 дүгээр Ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын 1-т ...1989 оны 5-р сарын 26-ны өдрөөс 1989 оны 6-р сарын 04-нийг хүртэл хугацаанд оройн сургуулийн шалгалтад бэлтгэх ...М.*******... нарыг замчины ажлаас түр чөлөөлсүгэй гэх,
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн, Мишигийн *******т Зам барилга ашиглалтын трест, ******* ХК-д ажиллаж байсан үеийн гэх 1988 оны 9,10 сар, 1989 оны 4-10, 12 сар, 1990 оны 4-6, 8-10 сар, 1991 оны 2-3 сар, 1992 оны 2-4, 8 сар, 1993 оны 6 сар, 1994 оны 7, 9 сар, 1997 оны 11 сард 01 сараас 1997 оны 12 сарыг дуусталх хугацааны цалин хөлс олгосон талаарх 2024.06.04-ний өдрийн 242 тоот лавлагаа,
Мөн архивын тасгийн 159 тоот Увс аймгийн Авто зам ХК-ийн 1995,1996 оны цалингийн баримт архивт шилжиж ирээгүй,
Харин Зам барилга ашиглалтын трестийн даргын 1988 оны №269, 1989 оны №169, 1990 оны №151, 1988 оны №9, №10, 1989 оны №5-10, №12, 1990 оны №4-6, №8-10, 1991 оны №2-3, 1992 оны №2-4, №8, 1993 оны №6, 1994 оны №7, №9, 1997 оны №11 дүгээр сарын цалин гарсан гэх тодорхойлолт, түүнд хавсаргасан цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримт болно. /хх 11-12, 14-40/
7б. Түүнийг дээрх газарт ажиллаж байсан талаар Б.Сосорбарам ...*******тай 1988 оноос 1997 он хүртэл Зам барилга трест тартал хамт ажилласан. Тухайн үед Мишигийн ******* гэдэг байсан. Ер нь тэдний аав Мишиг гуай автобусны жолооч хийж байсан байх...
Х.Мягмар ...Зам барилга ашиглалтын трестэд *******тай 1988 оноос 1998 он хүртэл хамт ажиллаж байсан. ******* гээд ээж нь байсан.. гэж тус тус мэдүүлсэн. /хх 64-70/
7в. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд дээр дурдсан Д.*******ыг ажилд томилсон, ажлаас түр чөлөөлсөн, түүнд цалин хөлс олгож байсан баримтад түүний овог болох *******-г Мишиг гэж буруу бичигдсэн, тэрээр нэхэмжлэлд дурдсан хугацаанд дээрх газарт ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
8. Иймд нэхэмжлэгч Д.*******ыг, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд,
1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *******" ХХК-д замчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан ******* овогт *******гийн *******т Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон 126664 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон 309273 тоот нийгмийн даатгалын дэвтэрт түүний эцэг /эх/-ийн нэр болох *******-г Мишиг гэж буруу бичигдсэн болохыг тогтоож, уг дэврийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ыг 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд,
1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *******" ХХК-д замчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ