| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/01518/И |
| Дугаар | 191/ШШ2025/05259 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05259
2025 06 10 191/ШШ2025/05259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч Ц.Амармэнд, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дугаар хороо, ..... гудамж, 1.... тоотод оршин суух, .......ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ..... дугаар хороо, с.... дугаар гудамж, ... тоотод оршин суух, .......д холбогдох
Гэм хорын хохиролд 4,392,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Мө нь хариуцагч Б.Г холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цаг 45 минут орчим Г.Мөийн эзэмшлийн хашаа байшинг Б.Га нь .... ЗАН маркийн Вонго ачааны машинаар мөргөсөн. Хариуцагч нь хашаа байшинг цөмөлж мөргөөд зугтаасан байсныг оройн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн замын цагдаад мэдэгдээд, Б.Гашөнийн 2 цагт гэрээс нь олсон, уг үйлдэлд нь шийтгэвэр гаргасан.
Хариуцагч Б.Га замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хашаа байшинг цөмөрснөөс үүдэлтэй нэхэмжлэгч Г.Мөид учирсан 4,392,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
4,392,500 төгрөг нь хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан ..... ХХК-ийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн тайлан буюу хохирлын тайлангаар нотлогдсон.
Иймд хариуцагчаас 4,392,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Ган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой Бонго машинаар нүүрс зөөж явж байгаад гудамжны халтиргаа гулгаанаас болж жолоодож явсан машин маань хойш гулгаж нэхэмжлэгч Г.Мөийн эзэмшлийн хашаа байшинг мөргөж хохирол учруулсан нь үнэн. Гэвч тухайн үед нэхэмжлэгчийн гэрт хүн байхгүй, шөнө орой болсон байсан тул би хажуу айлд нь утасны дугаараа үлдээгээд, айлын эздийг ирэхээр холбогдож өгөхийг хэлээд явсан. Гэтэл тус өдрийн шөнө нь намайг гэртээ байх үед нэхэмжлэгч нь цагдаатай хамт ирээд намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст аваачсан. Маргааш нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ахин очиход хариуцаж байсан мөрдөгч нь биднийг хохирлын үнэлгээ хийлгээд ир гээд явуулахаар нь нэхэмжлэгчийн гэрт очиход банзан хашааных нь 6,7 ширхэг банк нь хугарсан, байшин доторх гипсэн хананд нарийн цууралт үүссэн байсан.
Нэхэмжлэгчийн гэрт очиж хашаа байшинд дээрх хохирол учирсан байдлыг өөрийн нүдээр харсан. Ингээд нэхэмжлэгчид би өөрөө засаад өгөх үү гэх саналыг гаргасан боловч нэхэмжлэгч Г.Мө нь заавал хохирлын үнэлгээ гаргуулна гэсэн тул хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь ..... ХХК гэх даатгалын хохирлын үнэлгээний газарт хандан үнэлгээ тогтоолгохоор болсон. Үнэлгээ тогтоолгож байх хооронд би нэхэмжлэгчийн хашааны эвдэрсэн хэсгийг нь шинээр засч янзлан хэвийн болгож өгсөн. Ингээд үнэлгээний компани ирж, үнэлгээ гаргахад би байгаагүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээ гарч нэхэмжлэгчийн хашаа байшинд учирсан хохирлыг 4,392,500 төгрөг гэж тогтоосон байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу 500,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 370,000 төгрөгийг тус тус төлсөн.
Миний бие хохирлын үнэлгээ гарахаас өмнө болон гарсны дараа ч нэхэмжлэгчид байшинг нь засаад өгье, бүх зардлыг нь өөрөөсөө гаргаад янзлаад өгье гэж удаа дараа санал болгож, гуйсан боловч миний саналыг огт хүлээн зөвшөөрөхгүй байсаар үнэлгээний компаниар илт өндөр үнэлгээ тогтоолгож, өөрийн хөрөнгөд учирсан хохирлоос илүү гарсан хэмжээний төлбөр мөнгө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч надад хүлээн зөвшөөрсөн бол би байшинг нь хэдхэн хоногт янзлаад хэвийн болгоод өгч болох байсан. Нэмж хэлэхэд манай том хүү Г.Бат-Орших нь цахилгаан менингит гэх өвчин тусаж хүндрээд ясны сүрьеэ болж эмнэлэгт жил хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орох заалттай маш их төлбөр мөнгөний шаардлага гардаг. Миний бие тэтгэврийн хүн бөгөөд өөр орлогогүй хүнд хэцүү байгаа үед заавал үнэлгээний компаниар илт өндөр үнэлгээ гаргуулж, учирсан хохирлоос давсан өндөр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Мөн хохирлын үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн зүйл огт яриагүй, тохиролцоогүй. Г.Мөийн хашаа, байшинд учирсан хохирол нь үнэлгээний компаниас гаргасан 4,392,500 төгрөгийн хэмжээнд огт хүрэхээргүй бөгөөд хашааг нь хүртэл засаж янзалж өгсөн байхад ийм үнэлгээ гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хашаа байшинд учирсан хохирлын хэмжээ 4,392,500 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй, миний бие өөрөө байшинг нь засаад янзлаад өгье гжэ санал болгосоор байхад үнэлгээний компанид хандаж илт үндэслэлгүй, өндөр хэмжээний үнэлгээ тогтоолгосон гэж үзэж байгаа тул хашаа байшинд учирсан хохирлын төлбөрт 4,392,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Тээврийн цагдаагийн албаны үзлэг /хх-3-4/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5/, Холбогдогчоос авсан мэдүүлэг /хх-6-9/, ..... ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-13-19/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-20/, тодорхойлолт, шийтгэлийн хуудас /хх-21-22/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолт /хх-42-43/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн тодорхойлолт /хх-45-48, 52/, ...... төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-58-71/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 17 дугаар гудамж, 146А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, хөрөнгийн өмчлөгчийн талаарх тодорхойлолт /хх107-110/-ыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Мө нь хариуцагч Б.Г холбогдуулан гэм хорын хохиролд 4,392,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаа байшинг хариуцагч Б.Га нь .... ЗАН маркийн Вонго ачааны машинаар мөргөж хохирол учруулсан.
Хариуцагч Б.Га замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хашаа байшинг цөмөрч учирсан хохирлыг шаардах эрхтэй.
...... ..... ХХК-ийн үнэлгээг үндэслэн хариуцагчаас 4,392,500 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Бонго машинаар нүүрс зөөж яваад гудамжны халтиргаа гулгаанаас болж гулган нэхэмжлэгч Г.Мөийн эзэмшлийн хашаа байшинг мөргөж хохирол учруулсан нь үнэн. Нэхэмжлэгчийн гэрт очиж хашаа байшинд учирсан хохирлыг засаж өгөх санал гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч Г.Мө нь ..... ХХК гэх даатгалын хохирлын үнэлгээний газарт хандан үнэлгээ тогтоолгохоор болсон. Үнэлгээ тогтоолгож байх хооронд би нэхэмжлэгчийн хашааны эвдэрсэн хэсгийг нь шинээр засаж янзлан хэвийн болгож өгсөн ба үнэлгээний компани ирж, үнэлгээ гаргахад би байгаагүй. Улмаар үнэлгээ гарсны дараа нэхэмжлэгчийн данс руу 500,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 370,000 төгрөгийг тус тус төлсөн.
Нэхэмжлэгч нь үнэлгээний компаниар илт өндөр үнэлгээ тогтоолгож, өөрийн хөрөнгөд учирсан хохирлоос илүү хэмжээний төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн хохирлын үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн зүйл огт яриагүй, тохиролцоогүй тул хашаа байшинд учирсан хохирлын төлбөрт 4,392,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж татгалзжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хариуцагч Б.Га нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 20 минутын үед .... ЗАН улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ нэхэмжлэгч Г.Мөийн өмчлөлийн ...... дүүргийн ____ дугаар хороо, ...... гудамж, .... тоот байрлах хашаа, хувийн сууцыг мөргөж, осол гаргасан болох нь талуудын тайлбар, Тээврийн Цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.2 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 л-26 /803 дугаартай албан бичгээр хариуцагч Б.Га нь тээврийн хэрэгслийг жолоодон осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсоноос гадна тэрээр гаргасан зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-т зааснаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 100 нэгжээр торгуулах шийтгэл хүлээсэн болох нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 472693 дугаартай шийтгэх хуудсаар тогтоогджээ.
4.3 Хэргийн 21 дүгээр талд Тодорхойлолт нэртэй Баа........ миний бие 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг 20 минутад Бонго маркийн .... ЗАН дугаартай автомашиныг жолоодож зогсоох арга хэмжээ аваагүйгээс ЧД-ийн .... хороо .... гудамж, .... тоот хашаа болон байшинг мөргөж 4,392,500 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлыг хохирогчтой тохиролцож, 2023 оны 02 дугаар сард багтаан хохирлыг төлж барагдуулахаар тохиролцлоо төлөөгүй тохиолдолд шүүхээр алданги тооцож нэхэмжлэх болно гээд холбогдогч Б.Га, хохирогч Г.Мө гэсэн баримт авагдсан.
Дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч Г.Мө нь өөрийн өмч болох Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, С... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах хөрөнгөд учирсан хохирлыг ..... ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн шаардаж байна.
5. Зохигч талууд хэн аль нь хариуцагч зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, харин учирсан хохирлын хэмжээ бодит эсэх, хариуцагч засах боломжтой эсэх талаар маргаж байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэйгээр учирсан хохирол болон тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй шууд шалтгаант холбоотой байх талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг зохицуулжээ.
Хариуцагч Б.Га нь тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа нэхэмжлэгч Г.Мөийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай байх тул хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
6. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ..... ХХК-ийн үнэлгээний тайланд Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо,..... дугаар гудамж, .... тоот хаягт байрлах хувийн сууцанд учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 4,392,500 төгрөг гэж тодорхойлжээ.
Уг үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал, нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотойгоор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч ...... төв ХХК-ийн дүгнэлтэд Чингэлтэй дүүргийн .....дугаар хороо,..... дугаар гудамж, .. тоот хаягт байрлах хашаа, хувийн сууцад учирсан хохирлыг 3,438,000 төгрөгөөр тодорхойлсон байна.
2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр буюу ..... ХХК-ийн үнэлгээний тайлан гарснаас хойш 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг 3,438,000 төгрөг гэж тогтоон, хохиролд төлөгдсөн 500,000 төгрөгийг хасаж тооцон, хариуцагчаас гэм хорын хохиролд 2,938,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
..... ХХК-аас үнэлгээний тайлан гаргасан ажлын хөлсөд 307,000 төгрөгийг хариуцагчаас төлсөн баримт хэрэгт авагдсан хэдий ч төлбөрийг хохирлын хэмжээнээс хасаж тооцох үндэслэлгүй.
8. Хариуцагч талаас ..... ХХК-ийн тайлан болон ...... төв ХХК-ийн дүгнэлтэд заасан хохирлыг хэмжээг хэт их, маргаан бүхий хувийн сууцны материалаас хамааран хохирлын хэмжээ бодит байдалтай нийцэхгүй гэж татгалзах боловч хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч талаас засах, хохирлыг арилгах боломжтой байхад нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хашааг зассан талаарх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгч өөрийн өмчид учирсан хохирлыг хохирол учруулсан этгээдээс мөнгөн хэлбэрээр шаардсаныг буруутгах үндэслэлгүйн гадна хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа цаг хугацааны хувьд хашааг зассаны дараа үнэлгээний ..... ХХК дүгнэлт гаргасан талаар тайлбарлажээ.
9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.
Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгөөр хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан тул хариуцагчаас гэм хорын хохиролд 2,938,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
10.Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч С.Цэцгээ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг өмнө гаргасан тул зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн явуулсан болно.
Зохигч талуудад энэ өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэж, Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол хариуцагч талаас хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4 дэх хэсэгт зааснаар шүүх талуудаас гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
11. Нэхэмжлэгч Г.Мөоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаоос улсын тэмдэгтийн хураамжид 61,958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шинжээч ...... төв ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэхээр 150,000 төгрөгийн ажлын хөлс гарсан талаар ирүүлсэн байна.
Иймд шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, шинжээч ...... төв ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гаоос гэм хорын хохиролд 2,938,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,454,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаоос улсын тэмдэгтийн хураамжид 61,958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөид олгож, шинжээчийн хөлсөд 150,000 төгрөг гаргуулж, шинжээч ...... төв ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ
ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД
Н.НАРАНГЭРЭЛ