Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/278

 

 

 

 

 

 

  2025            02             26                                        2025/ДШМ/278

 

Р.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1083 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2409009701260 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн  Р.М, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д захиргаа хүний нөөцийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../,

Шүүгдэгч Р.М нь үргэлжилсэн үйлдлээр 2023 онд иргэн М.Төөр итгэмжлэл хийлгэн эд хөрөнгийн эрхийг нь авч, түүнийг төлөөлж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгч “М с” ХХК- иас нэхэмжлэлийг Богд банкны 8099997413 тоот данс руу шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гарган өгч, улмаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 9,300,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,638,013 төгрөг буюу нийт 27,888,013 төгрөгийг өөрийн Богд банкны 8099997413 тоот дансаар тус тус шилжүүлэн авч, хохирогч М.Төд өгөх ёстой байтал бусдын эд хөрөнгийг завшиж, үүнээс 15,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөр болох 12,388,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Р.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Мг “Үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Мгаас 12,388,000 төгрөг гаргуулан хохирогч М.Төд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.М гаргасан давж заалдах гомдолдоо: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1083 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний бие Р.М нь үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завших хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, хохирогч М.Төд 12,388,000 төгрөгийг олгож, 3,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн М.Төд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан тул гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсныг харгалзан анхан шатны шүүхийн тогтоолыг хянан шийдвэрлэж цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Р.Мгийн үйлдсэн хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Р.М нь үргэлжилсэн үйлдлээр 2023 онд иргэн М.Төөр итгэмжлэл хийлгэн эд хөрөнгийн эрхийг нь авч, түүнийг төлөөлж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгч “М с” ХХК- аас нэхэмжлэлийг Богд банкны 8099997413 тоот данс руу шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гарган өгч, улмаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 9,300,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,638,013 төгрөг буюу нийт 27,888,013 төгрөгийг өөрийн Богд банкны 8099997413 тоот дансаар тус тус шилжүүлэн авч, хохирогч М.Төд өгөх ёстой байтал 15,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөр болох 12,388,000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Тийн “...Иргэний шүүхээс шийдвэр гарч миний бие 2022 оны 05 дугаар сард “М с” ХХК-иас 27,000,000 орчим төгрөг авахаар болсон байсан. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгууллагаас мөнгөө авах болох үед хэрхэн яаж авахаа мэдэхгүй байж байтал “У" ХХК-ийн бизнесийн уулзалтаар уулзаж байх үедээ манай том хүү Анарын ангийн охины ээж Р.М гэх эмэгтэйтэй таарахад би энэ байгууллагын хуульчаар ажиллаж байгаа гэхээр би Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газарт мөнгөний асуудалтай болчихлоо, ямар аргаар хурдан авах вэ гэхэд наадах чинь надад асуудал биш, манай ээж насаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилласан хүн, таньдаг хүн байхгүй бол явахгүй дээ гэж хэлэхээр би юм дуугаралгүй гараад явсан. Удалгүй 2-3 хоногийн дараа Р.Мтай уулзаад “Шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг ажлынхаа хажуугаар хөөцөлдөөд авч өгч чадах уу” гэхэд чадна гээд 3,000,000 төгрөгөөр тохироод нотариат дээр очоод 3 сарын хугацаатай гэрээ хийж “М с” ХХК-ийн мөнгө нь миний Богд банкны данс руу орж ирэхээр би таны Хаан банкны 5011403376 тоот данс руу мөнгөнүүдийг хийнэ гээд надаас тухайн үед ажлын хөлсний урьдчилгаа 1,500,000 төгрөг авсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Р.Мгийн Богд банкны 8099997413 тоот данснаас миний Хаан банкны 5011403376 тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 8,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод Нямдаваа гэх гүйцэтгэгчтэй уулзахад наад хэрэг чинь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хаагдсан. “М с” ХХК бүх мөнгийг төлж дуусгасан. “М с” ХХК нь Р.Мгийн Богд банкны 8099997413 тоот данс руу төлбөр 100 хувь хийж дуусгавар болгосон байсан. Би Р.М дээр очоод “би сая шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж уулзлаа, төлбөр мөнгөө өгөөд дууссан байна шүү дээ, чи яагаад одоо болтол надад миний мөнгийг өгөхгүй байгаа юм бэ” гэхэд “миний бүх банкны дансыг банк царцаасан байна” гэсэн. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Р.Мгийн Богд банкны 8099997413 тоот данснаас миний Хаан банкны 5011403376 тоот данс руу 1,500,000 төгрөг өнөөдөр шилжүүлэхээр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод “М с” ХХК-ийн Р.Мд өгсөн мөнгөний хуулгыг үзэхэд надад өгөх мөнгөнөөс удаа дараа мөнгө завшиж авсан байсныг баримт дээрээс мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан. Би одоо нийт 13,388,000 төгрөг нэхэмжилж байгаа. ...” /хх 69/ гэсэн мэдүүлэг,

хохирогч М.Т нь иргэн Р.Мтай хийсэн “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” /хх 10-11/, хохирогч М.Тийн Хаан банкны 5011403376 тоот дансны хуулга /хх 20- 66/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас М.Тийн Богд банк 8099997413 тоот дансаар мөнгө шилжүүлэх баримтууд /хх 12-17/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгч “М с” ХХК-аас нэхэмжлэлийг Богд банкны 8099997413 тоот данс руу шилжүүлж өгнө үү” гэх Р.Мгийн хүсэлт /хх 18/, М.Тийн эзэмшлийн Богд банк 8099997413 тоот дансны хуулгаар “2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4,650,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 9,300,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,638,013 төгрөг, нийт 27,888,013 төгрөг шилжүүлж авсан баримт /хх 89-93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Р.Мгийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Р.Мг “Үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Р.Мд оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон шийдвэрийнхээ үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан шаардлага хангахгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс Р.Мд оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосон өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Мгаас “...Иргэн М.Төд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан тул гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсныг харгалзан намайг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж тус тус заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Р.М нь “М с” ХХК-иас М.Төд гаргуулахаар заасан 27,888,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд түргэн шуурхай гаргуулж өгнө гэж түүнийг төлөөлөх итгэмжлэл хийлгэн эд хөрөнгийн эрхийг нь авч, өөрийн Богд банкны 8099997413 тоот данс руу шилжүүлэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, улмаар 27,888,013 төгрөгийг өөрийн дансаар тус тус шилжүүлэн авсан, уг мөнгөнөөс хохирогч М.Төд 15,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч, үлдэгдэл 12,388,000 төгрөгийг өгөлгүй, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Мгийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнийг цагаатгах боломжгүй.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан явдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогддог хэдий ч цагаатгах үндэслэл биш юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1083 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1083 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ... гэснийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ...” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                         М.АЛДАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ