Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00449

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00449

 

Р.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03342 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Ганзоригийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Чимэддуламд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Ганзориг, хариуцагч Т.Чимэддулам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 10 жилийн сурагч байхдаа танилцаж, оюутан болоод нэг охинтой болсон. Охин маань одоо 14 настай Г.Оюунзул гэдэг. Гэрлэлтээ 2003 онд батлуулсан боловч 8, 9 жилийн өмнөөс хамт амьдрахаа больсон. Би гэр бүлтэй мөн 2 хүүхэдтэй. Хамтран амьдрах боломжгүй учраас гэрлэлтийг минь цуцалж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид хоёр 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Р.Ганзориг нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: нэхэмжлэгч Сарлагт овогт Рэгзэнгийн Ганзориг, хариуцагч Батчонос овогт Тогоочийн Чимэддулам нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Чимэддуламаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. ИХШХШТХ-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д "гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах, хүүхдийн асрамж тогтоолгох тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэж болохыг заасан байдаг. Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгч нь ганцхан гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасан хэмээн үзэж тэдний дундаас төрсөн 14 настай охин Г.Оюунзулын асрамж болон тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан нь хүүхдийн эрх ашгийг хохироосон. Хэдийгээр шүүх гэрлэлтийг цуцалснаар гэрлэлтийн харилцааг дуусгавар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч үүнтэй холбоотойгоор өөр эрх зүйн харилцаа шинээр үүсэж буй байдалд дүгнэлт өгөөгүй. Тухайлбал, гэрлэлт дуусгавар болсонтой зэрэгцээд хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцаа шинээр үүсэж байдаг. Хариуцагчийн хувьд гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбогдуулан охин Г.Оюунзулыг өөрийн асрамжинд үлдээж, эцэг З.Ганзоригоос нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтээ шүүхэд гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүй ИХШХШТХ-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг зөрчсөн. Мөн шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн. Түүнчлэн 14.7-д заасан ажиллагааг хийгээгүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсны улмаас охин Г.Оюунзулын хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хохироосон. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн сөрөг нэхэмжлэлийг шүүгчид хүлээлгэн өгөгдөөгүй гэх шалтгаанаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй хүлээн авахаас татгалзаж байгаа нь хуулийн заалтыг, мөн ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасан хэргийн оролцогчийн эрхийг тус тус зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Ганзориг нь хариуцагч Т.Чимэддуламд холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн боловч хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 29 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шүүгчид хүлээлгэн өгөөгүй, хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт гэрлэлт цуцлах үед ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Чимэддулам нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө буюу 2017 оны 12 сарын 08-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан, энэ тухайгаа мөн оны 12 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо шүүгчид мэдэгдсэн байхад энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасан сөрөг нэхэмжлэл гаргах хариуцагчийн эрхийг болон мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвмаагийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ