2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/05348

 

 

 

 

 

 

 

 

2025 06 12 191/ШШ2025/05348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, .... дүгээр хороо, ....... 5, өөрийн байранд байрлах, ......банк ХК /РД:......./-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .........ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ......банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Суыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Л.Су нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ......банктай ЗГ-R000657432 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 1,010,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 5 сарын хугацаатай зээлэн авч, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгөөр, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгөөр 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 13,110,000 төгрөгийг зээлэн авсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/00486 дугаар захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, 8 дугаар байр, 2 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул Л.Суыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/00486 дугаар захирамж /хх-4-5/

2.2 Дижитал зээлийн гэрээ, Хүү тооцооллын хүснэгт /хх-6, 8-14,16/

2.3 Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-15/

2.4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-17-18/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/21844 дугаар захирамжаар Л.Суын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ......банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Суыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

......банк ХК, Л.Су нарын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус байгуулагдсан Дижитал зээлийн гэрээ хэрэгт авагдсан ба Л.Су нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ......банк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

......банк ХК нь Л.Суын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д...... нь........тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/00486 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ......банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Суыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ......банк ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ......банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .........ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Суыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ......банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Суыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........нарт мэдэгдэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ