| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0007/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П нарт холбогдох эрүүгийн 1734000510227 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2018 оны 01 сарын 02-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, "Төгс бау" барилгын компанид пасадчин ажилтай, Улаанбаатар .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.П /Регистрийн дугаар: Ж..17/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутагт хатуу хучилттай замын 152 дахь км-ийн шонгийн орчим 20-69 ДОА улсын дугаартай, тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг зөрчин, зам тээврийн осол гаргасны улмаас, явган зорчигч Ө.Тамирааг мөргөж, улмаар эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: "....Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 д5хь хэсэгт зааснаар яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна....
Миний бие Говь-Алтай аймаг орж өөрийн эхнэр О.Үүрцайхыг Говь-Алтай аймагт үлдээчихээд Говь-Алтай аймгаас 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 13 цагийн орчимд буцаад найз Золжаргал болон Золжаргалын хадам талын хамаатан нь гэсэн 2 хүн бага насны 2 хүүхэдтэйгээ хамт явж байсан. тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өглөөний 07 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт машинаас буугаад харахад засмал замын Улаанбаатар талаасаа 152 дахь км-ийн заалтын шон байсан\ засмал зам дээр шороо хэсэгрүүгээ шахаад нэг тээврийн хэрэгсэл зогсчихсон зорчигч нар нь засмал замын 2 талд гарчихсан бие засаж байсан тэгээд би тухайн тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөх явцад засмал замын зүүн гар талаас бага насны эмэгтэй хүүхэд зам дээгүүр гүйгээд гараад ирсэн ба би тээврийн хэрэгслийнхээ тоормозыг гишгэсэн боловч зогсоож амжаагүй мөргөчихсөн. Би алсаас ирж явахдаа тухайн хүүхдийг харахад замын хажуу талд хөвөө хэсэгт зогсож байсан боловч машин ойртоод ирэх мөчид машины урдуур хурдтай гүйгээд ороод ирсэн. Тухайн үед би яаж чадалгүй машинаараа тухайн хүүхдийг мөргөсөн. Би өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Би Тамираа гэх охин болон Тамираагийн ар гэрт нь тухайн үедээ эмчилгээний зардал гэж 1.756.000 төгрөг өгсөн. Өөрөөр бол хохирол гэж юм өгөөгүй. Би 80км\цаг хурдтай явж байсан боловч тухайн хүүхдийг мөргөх үед машины хажуугаар зөрж байсан болохоор хурдаа хасаад ойролцоогоор 40 орчим км\цаг хурдтай явж байсан байх гэж бодож байна. Гадна замын үзэгдэх орчин бол хэвийн өглөө бол үүр цайгаад гэгээ ороод нар гарчихсан байсан. Тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. мөн намайг жолоо барьж явахад хамт явсан зорчигч нараас ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд саад болохуйц үйлдэл хөдөлгөөн хийгээгүй. Тухайн үед миний унаж явсан 20-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай найз Гончигын Батмөнхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Зам тээврийн ослоос болж тээврийн хэрэгслийн копуд нь хонхойсон. Би найзынхаа машиныг гуйж авч яваад жирэмсэн эхнэрээ Говь -Алтай аймагт гэрт нь хүргэж өгөөд хадмалчихаад буцаад явж байсан. би найз Г.Батмөнхийн машиныг нь янзлуулж өгөөд ямар нэгэн хохиролгүй болгосон. Манай найз одоо Улаанбаатар хотод байгаа болно." гэх мэдүүлэг /хх-ийн 71-73-р хуудас/.
Насанд хүрээгүй хохирогч Ө.Тамираагийн мөрдөн байцаалтад өгсөн "...бид нар замын хажууд зогсоод бууж бие зассан юм. Бие засчихаад машин руугаа явж байтал жижиг машин сигнаалдсан юм, би тэгээд цочсон юм, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, миний ууц шалбарсан...баруун хөмсөгний дээд хэсэг оёо тавиулсан, толгой маш их өвдөж байгаа..." гэх мэдүүлэг /хх-н 32-35-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өрнөхбуянгийн "...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цагийн үед манай эхнэр С.Жаргалтуяа надруу утсаар яриад охин Ө.Тамирааг Төв аймгийн Лүн сумын нутагт засмал зам дээр машинд дайруулчихлаа, одоо Лүн сумын эмнэлэг дээр байна гэж хэлсэн...охины толгой өвдөөд нуруу нугасруугаа хөшиж өвддөг болохоор бид 2 эмчилгээ хийлгэхээр өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн, өнөөдрийн байдлаар 4.000.000 төгрөг гарсан бөгөөд осол болсны дараа 1.756.000 төгрөг авсан, үлдсэн мөнгөнийхөө оронд соната-5 маркийн тээврийн хэрэгсэл авсан болохоор надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг
Гэрч Д.Тогтохбаярын "...Жаргалтуяа, Тамираа хоёр замын нөгөө талдаа гарч бие зассан юм. Тамираа зам дээр явж байхад нэг жижиг тэрэг ирээд сигналдсан юм. Тамираа зогсчихсон юм, тэгтэл шууд мөргөөд машин нь яваад байсан хүүхэд шидэгдээд замын хажуу талын хөвөөн дээр унасан юм...гэх мэдүүлэг /хх-н 36-39-р хууас/
Гэрч Г.Жаргалтуяагийн "2017 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн орчим Төв аймгийн, Лүн сумаас 20-иод км зайд бид нар зогсоод бие зассан юм. Манай машин баруун талруугаа шахаад зогссон байсан, би охинтойгоо зам хөндлөн гарч бие зассан. Намайг бие засаж байхад манай охин түрүүлээд зам гараад машин дээр очиж байхад жижиг машин урд хэсгээрээ мөргөөд дээшээ шидэгдээд замын баруун талруу шидэгдсэн, тэгээд би гүйгээд очтол ухаангүй байсан, тухайн үед нүүр, битүү шархтай, баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан, баруун хөлний чигчий хуруу хөхрөлттэй хоёр өвдөг, гарын хуруунууд нь хөхөрч шалбарсан..."гэх мэдүүлэг, /хх-н 40-43-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г.Батмөнхийн "...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр санагдаж байна. Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт засмал зам дээр хүүхэд мөргөчихлөө гэж хэлж байсан...миний машины копуд нь урд хэсгээрээ хонхойсон мөн урд салхины шил нь зуурсан байсныг найз Б.П салхиын шилийг шинээр солиулж өгсөн, мөн компутыг засварт оруулж янзлуулж, намайг хохиролгүй болгосон...Пүрэвсүрэн нь ослын улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан" гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №8155 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: "Ө.Тамираагийн биед тархины эсийн аксоны тархмал гэмтэл: тархины баруун, зүүн тал бөмбөлгийн цагаан бодис болон эвэрлэг бие дэх олон тооны цэгчилсэн цус харвалт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд, зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, ооч, зүүн гарын сарвуу ба 2, 3, 4, 5-Р ХУРУУ» нурууны зулгаралтууд, баруун тавхайн цус хуралт, баруун хөлийн 5-р хурууны шарх, зулгаралт, зүүн тавхайн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх тархины эсийн аксоны тархмал гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...", шинжээч эмч Б.Ундармаа гэжээ.
Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: "Тоёота приус маркийн 20-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн үзэж үзэв..." гэх шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүх хорих ялыг тэнсэж хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч шүүгдэгчээс хохиролд 1 759 400 төгрөг баримтааар нэхэмжилсэн ба шүүгдэгч 1 756 000 төгрөгийг хохирогчид төлсөн тул хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.П-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвсүрэнг тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа харъяа аймаг дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
6.Энэ хэрэгт Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Пүрэвсүрэнгийн №953274 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэчимэгт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.П урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ