| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 135/2024/00292/И |
| Дугаар | 191/ШШ2025/09350 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/09350
2025 10 31 191/ШШ2025/09350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, өөрийн байр хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 гудамж, 76тоот хаягт оршин суугч ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* /цахимаар/,
хариуцагч М.*******,
хариуцагчийн өмгөөлөгч Г.******* /ҮД: 1596/,
гэрч Г., Ө., Э.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
******* ******* ХХК нь Иргэн М.*******той 2022 оны 08 сарын 20-ны өдөр дугаартай Баянхонгор аймгийн суманд байрлах банкны барилгын суурь цутгалт, тоосго хана өрлөг, шугам бохир, шал цутгах, гадна фасад, хашаа тохижилт, дотор сан нойлын өрөө тохижуулах, дээврийн ажил, цахилгаан монтаж, дотор заслын ажлыг тус тус хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу эхний ээлжийн ажлын хөлсийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлж, нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас банкны барилгын ажлыг манай компани өөрөө болон бусдаар хийж гүйцэтгүүлсэн. Иргэний хуулийн 204.1, 204.2, 232.6, 343.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөгийн хамт 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагчид шилжүүлсэн 7,536,500 төгрөг, түүний алданги 3,768,250 төгрөг, нийт 11,304,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ******* ******* ХХK нь хариуцагч М.*******той 2022 оны 08 сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан дээр талуудын хэн аль нь маргахгүй байгаа. Мөн гэрээний эх хувийг шүүхэд өгсөн. Уг гэрээний дагуу хариуцагч 2022 оны 08 сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 60 хоногийн хугацаанд тодорхой ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Баянхонгор аймгийн суманд банкны барилгын ажлын хийж гүйцэтгэх ажлыг хэдэн хэсэгт хуваасан, ажлыг хийж гүйцэтгэх тус бүрд санхүүжилт авна гэж тохиролцсон. Хариуцагч ажлыг хийж гүйцэтгэсэн боловч анх гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй. Нэхэмжлэгч талын зүгээс үзлэг хийлгэж бэхжүүлсэн нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. Уг нотлох баримтаар гэрээгээр тохиролцсон ажлаа яаралтай хийж гүйцэтгэх талаар сануулж, банканд ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өгөхгүй бол гэрээний хариуцлага хүлээх гээд байгаа учир ажлаа яаралтай хийж гүйцэтгэх талаар удаа дараа фейсбүүк мессенжер чатаар шаардлага тавьж байсан. Тухайн үед хариуцагч талаас ажлаа гүйцэтгэж байгаа, гүйцэтгэхэд зарим хүндрэл бэрхшээлүүд учирч байна гэж хэлж байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасны дагуу хугацаанд нь үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчид ажлаа хийж гүйцэтгэх талаар удаа дараа сануулж байсан ч жилийн хугацаа өнгөрсөн. Хариуцагчийн ажил чанарын шаардлага хангаагүйгээс барилгын ажлыг дахиад хийх ёстой болсон. Хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 3 этгээдтэй гэрээ байгуулж, хийж гүйцэтгэх ажлын жагсаалт гаргаад төлбөр олгосон баримтууд байгаа. 2023 оны 05 сарын 29-ний өдөр дугаартай гэрээг н.тэй, 2023 оны 06 сарын 26-ны өдөр дугаартай гэрээг н.тай байгуулсан. 2023 оны 09 сарын 13-ны өдөр н.тэй барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Хариуцагчтай байгуулсан 2022 оны 08 сарын 18-ны өдрийн дугаартай гэрээнд заасан ажлуудыг 2023 онд 3 хүнтэй гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлсэн. Шүүхэд гаргаж өгсөн компанийн дансны хуулгаар ажил гүйцэтгэсэн 3 этгээдэд шилжүүлсэн гүйлгээний баримтуудыг нотолж байгаа. Хариуцагч талаас уг барилгын ажлыг 97 хувийн гүйцэтгэлтэй барьсан гэж хэлдэг ч ажлыг 97 хувь гүйцэтгээгүй гэдгийг талуудын хооронд харилцаж байсан чатаас харж болно. Хариуцагч гэрээнд заасан хугацаа хожимдуулснаас болоод хана цуурсан, шат нь далий болсон талаар зургийг хэргийн материалд гаргаж өгсөн. Барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй байж байгаад өвлийн хүйтэнд хагарах, дахиж ашиглах боломжгүй болсон нөхцөлүүд үүссэн учраас үүнд гүйцэтгэлийн хувь тооцох боломжгүй. Урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах зүйтэй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 6.2-д хариуцлагын асуудлын талаар тодорхойлсон. Үүнд гүйцэтгэгч гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги төлбөр шаардсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөгийг хариуцагч М.*******оос гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
М.******* миний бие ******* ХХК-тай Баянхонгор аймгийн сумын банкны барилгын ажлыг гүйцэтгэхээр 2022 оны 08 сарын 18-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, ажлын хөлсөнд 65,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Миний бие гэрээний 3.3.1-д заасан суурь цутгалт, тоосгон хана өрлөгийн ажил, 3.3.2-т заасан шугам, бохир шал цутгах ажил, 3.3.5-т заасан дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 3.3.4-т заасан ажлаас дотор сангийн ажлыг хийж, нойлын тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй. Гэрээний 3.3.1 дэх ажил 15,000,000 төгрөгөөр, 3.3.2 дахь ажил буюу бохир шугам, шал цутгах ажлыг 3,000,000 төгрөгөөр, 3.3.5 дахь хэсэгт заасан дээврийн ажил 5,000,000 төгрөгөөр, 3.3.4 дэх ажил дотор сангийн ажил, нойлын тохижуулалтын ажил ороод 4,000,000 төгрөгөөр тохиролцсон. Дээрх ажлын хөлс 15,000,000 + 3,000,000 + 5,000,000 + 2,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч ******* ХХК нэхэмжлэлд дурьдагдаагүй ажлын хөлсийг өгөөгүйгээс болж маргаан эхэлсэн. Ажлыг хурдан хугацаанд гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэхэд бараа материалаа авч өгдөггүй, цаг хугацааг хойш нь татдаг зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан бидний хооронд маргаан үүсч ажил гүйцэтэх гэрээ цааш үргэлжлээгүй гэрээ цуцлагдсан. Миний бие гэрээний 3.3.1-д заасан ажлыг 100 хувь, 3.3.2-т заасан ажлыг 100 хувь, 3.3.4-т заасан ажлыг 50 хувь, 3.3.5-д заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн ба цаашид ажиллах нөхцлөөр нэхэмжлэгч тал хангаагүй учир хийсэн ажлын тооцоогоор миний бие мөнгө нэхэмжилж авах ёстой байтал надаас төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас барилгын ажил чанаргүй хийсэн учраас 3 этгээдээр барилгыг нурааж дахин бариулсан тул гэрээгээ цуцлаад алдангийг шаардсан гэж тайлбарладаг. Талуудын хооронд гэрээний 3.1-д зааснаар 2 сарын хугацаанд 65,000,000 төгрөг өгч байж уг ажил дуусах ёстой байсан. Хариуцагч талыг хугацаа хожимдуулсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын дансны хуулгыг харахад 2022 оны 11 сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний дагуу өгөх ёстой мөнгөнөөс 10,936,500 төгрөг өгсөн байна. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсноос хойш хугацаанд хамаарч байгаа, гэрээний хугацаанд 8,990,000 төгрөг л өгсөн. Барилгын ажил хэрхэн явагдсан талаар зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн, нийт 25,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгээгүй мэтээр тайлбарлаж,төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн барьсан барилгын ажил чанар муу, доголдолтой байсан бол энэ талаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Мэргэжлийн хяналтын болон Барилга хөгжлийн төв зэрэг эрх бүхий байгууллагаас хариуцагчийн хийсэн ажлыг дахин ашиглах шаардлагагүй болсон гэсэн дүгнэлт огт гараагүй. Нэхэмжлэгч н., н., н. гэх 3 хүнтэй гэрээ байгуулаад барилгын ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд хариуцагчийн хийсэн ажлыг шаардлага хангахгүйгээс гэрээний хугацаа алдсан гэж хэлсэн. Эдгээр хүмүүсээр ажил хийлгэсэн бол барилгын ажлын төсөв зардал, барилгыг буулгасан бол нураалт, хог хаягдал зэрэг бодитой байх ёстой. Гэтэл энэ талаар баримт байхгүй. Тухайн сум, орон нутгийн хүмүүстэй би холбоотой байдаг учраас асуухад миний хийж байсан барилгын ажил дээр үргэлжлүүлээд гүйцээж дуусгасан гэсэн. Миний хувьд хийсэн ажлын хөлсийг авсан. нэхэмжлэгч талаас санхүүжилт дутуу өгсөнөөс шалтгаалж барилгын ажил зогссон. Гэрээ дуусгавар болсноос хойш сарын дараа санхүүжилтээ зогсоосон нь баримтаар тогтоогдож байгаа тул хугацаа хожимдуулах гэдэг асуудалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-2/, 2022.08.18-ны Баянхонгор аймгийн сумын ажил гүйцэтгэх гэрээ /1хх-3-6/, итгэмжлэл /1хх-7, 41/, ******* ******* ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-8/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 2хх-9/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх-10/, 2023.05.29-ний Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /2хх-11-14/, 2023.06.26-ны Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 2хх-15-18/, 2023.09.13-ны Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /2хх-19-22/, банкны дугаартай дансны хуулга /2хх-23-52/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-27/, 2024.04.22-ны өдрийн хариу тайлбар /1хх-34/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх-58/, Голомт банкны 4305131323 дугаартай дансны хуулга /2хх-135-168/, банкны дугаартай дансны хуулга /2хх-169-182/,
3.3. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2024.07.01-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-69-250, 2хх-1-8/, 2025.03.21-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-188-251/, гэрч нарын мэдүүлэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.*******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь гэрээний дагуу нийт 25,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч тал болох ******* ******* ХХК ажлын хөлс болон ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг хугацаанд нь авч өгөхгүй хугацаа алдах нөхцөл байдлыг бий болгосноос гэрээт ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. ******* ******* ХХК болон М.******* нарын хооронд 2022 оны 08 сарын 18-ны өдөр дугаартай Баянхонгор аймгийн сумын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээгээр талууд дараах үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ. Үүнд:
- гүйцэтгэгч М.******* нь Баянхонгор аймгийн суманд байрлах банкны барилгын суурь цутгалт, тоосго хана өрлөг, шугам бохир, шал цутгах, гадна фасад, хашаа тохижилт, дотор сан нойлын өрөө тохижуулах, дээврийн ажил, цахилгаан монтаж, дотор заслын ажлыг 2022 оны 08 сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх,
- захиалагч ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 65,000,000 төгрөг төлөх, үүнээс барилгын суурь цутгалт, тоосго хана өрлөгийн ажлыг гүйцэтгэхэд 15,000,000 төгрөгийг, шугам бохир, шал цутгах ажлыг гүйцэтгэхэд 3,000,000 төгрөгийг, гадна фасад, хашаа тохижилтын ажлыг гүйцэтгэхэд 13,000,000 төгрөгийг, дотор сан, нойлын өрөө тохижуулах ажлыг гүйцэтгэхэд 4,000,000 төгрөгийг, дээврийн ажлыг гүйцэтгэхэд 5,000,000 төгрөг, гадна фасад, хашаа тохижилтын ажлыг гүйцэтгэхэд 5,000,000 төгрөгийг, цахилгаан монтажийн ажлыг гүйцэтгэхэд 4,000,000 төгрөгийг, дотор заслын ажлыг гүйцэтгэхэд 7,000,000 төгрөгийг, бүх ажлыг хүлээж авч дуусгасан акт үйлдсэний дараа 9,000,000 төгрөгийг олгох. /1хх-ийн 3-6/
5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч М.******* нар нь дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 210/МА2025/00802 дугаартай магадлалд 1 дэх хавтаст хэргийн 3-6 дугаар талд нотлох баримтаар авагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагад нийцээгүй буюу хуулбар хувь гэж дүгнэсэн байх боловч нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь тэдний хооронд байгуулсан гэрээ эх хувиар хэрэгт авагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
6. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээнэ.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний үүрэгт 19,536,500 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлын зарим хэсэг болох барилгын суурь цутгалт тэгш биш доголдолтой хийгдсэний улмаас ашиглах боломжгүй болсон тул дахин шинээр хийлгэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж, уг үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.
Зохигчийн хооронд гэрээг цуцлах, татгалзах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хариуцагч гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг бүрэн дуусгаагүй, гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байна.
8. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч нь 2022 оны 08 сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар барилгын ажлыг эхлүүлж 2022 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл тодорхой хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн боловч гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэн дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон ажлын доголдлын талаар, мөн нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 19,536,500 төгрөгийг шилжүүлсэн гэж, хариуцагч нь 16,536,500 төгрөгийг хүлээн авсан гэж гэрээт ажлын хөлсний талаар буюу нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргасан.
9. Зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т барилгын ажлыг батлагдсан графикийн дагуу үе шаттайгаар хийж гүйцэтгэх, 3.2-т ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаар санхүүжүүлэхээр заасан байх боловч талууд барилгын ажлыг гүйцэтгэх график байгуулаагүй, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж баримт үйлдэж байгаагүй байх ба талуудын хэн аль нь энэ талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй.
10. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 3.3.1-д заасан суурь цутгалт, тоосгон хана өрлөгийн 15,000,000 төгрөгийн ажил, гэрээний 3.3.2-т заасан шугам, бохир шал цутгах 3,000,000 төгрөгийн ажил, гэрээний 3.3.5-т заасан дээврийн 5,000,000 төгрөгийн ажил, гэрээний 3.3.4-т заасан ажлын 50 хувь буюу дотор сангийн 2,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч тал гэрээт ажлыг өөр хүмүүсээр хийлгэнэ гэсэн тул ажлыг цааш үргэлжлүүлэн гүйцэтгээгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
11. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой хийгдсэн байсан тул гэрээт ажлыг гүйцэтгүүлэхээр бусад этгээдтэй гэрээ байгуулж ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэх тайлбарыг гаргаж, нэр бүхий 3 иргэнтэй байгуулсан гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.
******* ******* ХХК-ийн захирал Г. нь Баянхонгор аймгийн суманд байрлах банкны тооцооны төвийн барилгын ажилтай холбогдох дор дурдсан гэрээг байгуулсан байна. Үүнд:
- иргэн П.тэй 2023 оны 05 сарын 29-ний өдөр дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгын дээврийн ажлыг 4,500,000 төгрөгөөр 2023 оны 06 сарын 02-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрийг дуустал 1 сарын хугацаатай хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. /2хх-ийн 11-14/
- иргэн Э.Алтантулгатай 2023 оны 06 сарын 26-ны өдөр дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгын тоосго хана өрлөг, шал талбай цутгах, гадна фасад хашаа тохижилт, бусад бүх ажлыг 57,500,000 төгрөгөөр 2023 оны 06 сарын 28-ны өдрөөс 10 сарын 30-ны өдрийг дуустал 4 сарын хугацаатай хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. /2хх-ийн 15-18/
- иргэн Н.тэй 2023 оны 09 сарын 13-ны өдөр дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгын сангийн ажлыг 3,000,000 төгрөгөөр 2023 оны 09 сарын 14-ний өдрөөс 28-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаатай хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. /2хх-ийн 19-22/
12. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар эс зөвшөөрч маргаж байх боловч тодорхой баримтаар үгүйсгэж няцаагаагүй, мөн хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой хийгдсэнийг тогтоосон баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй ба ажлын доголдлын талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
13. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэн П., Э.Алтантулга, Н. нартай тус тус гэрээт ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч эдгээр иргэдтэй гэрээ байгуулан, ажлын хөлсийг тохиролцсон асуудал нь хариуцагч М.*******ын хийсэн ажил доголдолтой байсныг тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.
Тодруулбал, ******* ******* ХХК болон М.******* нарын хооронд 2022 оны 08 сарын 18-ны өдөр байгуулсан дугаартай Баянхонгор аймгийн сумын ажил гүйцэтгэх гэрээнд гэрээт ажлын нийт төлбөрийг 65,000,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд хариуцагч нь гэрээгээр тохирсон бүх ажлыг хийж гүйцэтгээгүй талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
14. 2022 оны 08 сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсны дараа хариуцагч гэрээнд заасан барилгын ажлыг эхлүүлж 2022 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл тодорхой хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн, гэрээт ажлын явцын талаар ******* ******* ХХК-ийн захирал Г.тэй тухай бүрд нь мэдээлэл солилцож, холбогдох зураг, мэдээллийг хүргүүлж байсан нь тэдний хооронд харилцсан чатуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 69-250, 2хх-ийн 1-8, 2хх-ийн 188-251/
Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 3.3.1-д заасан суурь цутгалт, тоосгон хана өрлөгийн 15,000,000 төгрөгийн ажил, гэрээний 3.3.2-т заасан шугам, бохир шал цутгах 3,000,000 төгрөгийн ажил, гэрээний 3.3.5-т заасан дээврийн 5,000,000 төгрөгийн ажил, гэрээний 3.3.4-т заасан ажлын 50 хувь буюу дотор сангийн 2,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, нийт 25,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх боловч тодорхой баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул хариуцагч М.*******ын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг түүний тайлбарт дурдсанаар тодорхойлох үндэслэлтэй, нэхэмжлэгч нь уг ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээх бөгөөд ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэгчээс гэрээт ажлын хөлсөнд 16,536,500 төгөргийг шилжүүлэн авсан боловч 25,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргаж маргасан боловч нэхэмжлэгчээс ажлын хөлсний төлбөр шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
15. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй үндэслэлээр алданги 9,768,250 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 6.2-т Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй нөхцөлд хожимдуулсан хоног тутамд хугацаандаа биелэгдээгүй үе шатны ажлын дүнгийн 0,5 хувиар захиалагч талд алданги төлнө гэж заажээ
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч талаас гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг хугацаанд нь авч өгөхгүй хугацаа алдах нөхцөл байдлыг бий болгосноос гэрээт ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй, гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй асуудалд нэхэмжлэгч талаас санхүүжилтийг хугацаа хоцруулсан шилжүүлж байсан үйл баримт банкны дансны мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын хооронд харилцаж байсан үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигч анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй байх боловч хугацаа хэтрэхэд дээр дурдсанаар нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхой үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
16. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч М.*******-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
17. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөг, 196,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.*******-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөг, 196,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/12390 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР