Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

 

 

 

   Р.Гт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: Р.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр, Б.Амаржаргал,

Хохирогч: Л.О,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга:  П.Ханбүргэд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Р.Гт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Рийн Г, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Р сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000/.

Р.Г нь Хөвсгөл аймгийн Хсумын 1 дүгээр багт байх “Ц” гэх газарт 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр О.Бтай маргалдаж, толгойн тус газарт нь сүхээр цохиж, эрүүл мэндэд нь гавлын хөндийн нэвтэрсэн шарх, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн дээд зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн,

мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Оийн толгой, гар, цээжин тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт, зүүн шуу, баруун шуу, нуруун, зулайн хуйханд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Рийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Рийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гт оногдуулсан 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гын цагдан хоригдсон 80 (ная) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Гаас сэтгэцэд учирсан хохирол 9,240,000 (есөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.От, хохирогч О.Бын сэтгэцэд учирсан хохирол 92,400,000 (ерэн хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг, эмчилгээ, замын зардал 1,835,914 (нэг сая найман зуун гучин таван мянга есөн зуун арван дөрөв) төгрөг, нийт 94,235,914 (ерэн дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга есөн зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нт олгож, хохирогч Л.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нар нь нотлох баримтгүй нэхэмжилсэн 1,242,000 (нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга) төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Р.Гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Р.Гаас 8,342,400 (найман сая гурван зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Г нь хохирогч Л.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нт нарт хохиролд 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ анхнаас нь үнэн зөвөөр хүлээн мэдүүлж ирсэн. Энэ үйлдлийн улмаас учирсан хохирлыг байгаа бололцоондоо тулгуурлан төлж ирсэн. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, уучлал гуйж ирсэн. Надад оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгөхийг хүсч, өөрөөр хэлбэл анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг харгалзан нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. Би эхнэртээ туйлын их хайртай, түүнээсээ салбал хэцүүдэх тул надаас салгаж авч явна гэдэгт итгэж өгөхгүй хүнд байдалд орсон бөгөөд ийм хэрэг хийсэндээ туйлын гэмшиж байна.

Миний бие 8 жил суугаад гарч ирээд эд нартаа тус дэм болж чадахгүй амьтан гарч ирэх тул 8 жилийн хорих ялаас цөөхөн ч гэсэн хасч 5 жил гаруй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэсэн атлаа түүнд оногдуулсан ял шийтгэлийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, гэм буруутай байдалдаа маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг, учруулсан хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан байдал, шүүгдэгчийн урд өмнө ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцож байсан байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж байгааг дахин хянуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүхээс  Р.Гыг нийт 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Б.Амаржаргал нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа. “...шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан, цаашид төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Р.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа. “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Хохирогч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчид оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Р.Г нь Хөвсгөл аймгийн Хсумын 1 дүгээр багт байх “Ц” гэх газарт 000 оны 03 дугаар сарын 06-ны өдөр О.Бтай маргалдаж, толгойн тус газарт нь сүхээр цохиж, эрүүл мэндэд нь гавлын хөндийн нэвтэрсэн шарх, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн дээд зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн,

мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Оийн толгой, гар, цээжин тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт, зүүн шуу, баруун шуу, нуруун, зулайн хуйханд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх “шүүгдэгчийн үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.Г нь хохирогч О.Бын толгойн тус газарт нь сүхээр цохиж хохирол учруулахдаа өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн болох нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар тал/, хохирогч Л.Оийн “...Тухайн үед манай хүү Б нь намайг авч Мөрөн сум явна гэж хэлснээс уурлаж бид хоёрыг зодсон юм. Түлээ хагалдаг сүхээр цохисон... ” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нын “...Дүү О.Б маань Р.Гт толгойдоо сүхээр олон удаа цохиулснаас болоод олон хоног ухаангүй сэхээнд байсан, бас тархиндаа хагалгаанд орсон. Эмч нар хэлэхдээ “дүүг маань амь насаа алдах магадлалтай шүү" гэдгийг байнга сануулж байсан. Эмч нарын эмчилгээний буянаар дүү маань ухаан орсон хэдий ч бид нарыг танихгүй, хоол ундаа өөрөө идэж ууж чадахгүй, өөрөө босож сууж чадахгүй, юм ярьж чадахгүй, гэнэт гэнэт айхтар цочиж уурладаг болчихсон, намайг хажууд нь байхаар тайван байдаг, өөр хүн харахаар цохичих гээд ч байгаа юм шиг эвгүй үйлдэл гаргадаг болсон, өөрийгөө хянах чадваргүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/, гэрч И.Бгийн “...Р.Г нь ямар нэгэн сэтгэцийн өвчтэй унаж татдаг зүйл байхгүй. Эрүүл хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/, гэрч Э.Эийн “... Р.Г нь ямар нэгэн сэтгэцийн өвчтэй, унаж татдаг зүйл байхгүй. ...ямар ч байсан эрүүл хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 000 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт  /хх-ийн 53 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 000 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 481 дугаартай дүгнэлт /хх-ийн 219-221 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба дээрх үйлдлийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Учир нь гэр бүлийн харилцаатай хүн гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийг хамааруулна.

Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед “...Манай нөхөр байгаа юм. Бид гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдраад 10 гаруй жил болж байна...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Р.Г нь хохирогч О.Бд хүнд хохирол учруулах тухайн агшинд хамтран амьдрагч Л.Оийн толгой, гар, цээжин тус газарт нь сүхний ишээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 1-р хх-н 19-21, 23 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Ан 000 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт /1-р хх-н 62/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 000 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 948 дугаартай дүгнэлт /2-р хх-н 109-111/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...8 жилийн хорих ялыг 5 жил гаруй болгож өгөх, ....шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэсэн атлаа түүнд ногдуулсан ял шийтгэлийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ...учруулсан хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан байдал, шүүгдэгчийн урд өмнө ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцож байсан байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Шүүхээс  Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт заасныг журамлан нийт 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ нь таван жилээс арван хоёр жил хүртэл байхаар зохицуулагдсан тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул гомдол гаргагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                         ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                       Н.БАЯРХҮҮ