| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 101/2020/01295/И |
| Дугаар | 210/МА2020/01978 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2020/01978
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2020/01978 |
Я ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02476 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Я ХХК-ийн хариуцагч Д.М холбогдуулан гаргасан 5 596 356 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарын бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Я ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай Хөрш-Заан хотхон, 106А байр, 52 тоот 58.68 м.кв орон сууц нь Я ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байдаг. 2019 оны 8 сард Д.М гэгч нь уг байрыг сонирхон үзнэ хэмээн түлхүүрийг нь аваад уг байранд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр амьдарсан. Дээрх орон сууцыг Д.Мөнх-Эрдэнийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан. Гэтэл хариуцагч нь шаардлага хүлээж аваагүй, хууль бусаар оршин суусаар 2020 оны 02 сарын 09-ний өдөр байрыг сулласан. Д.М 2019 оны 8 сараас 2020 оны 02 сар хүртэлх хугацаанд байрны халуун, хүйтэй ус, цахилгаан, зогсоолын, СӨХ-ны төлбөр гэх мэт гарсан бүхий л зардлыг төлөөгүй. Дээрх орон сууцнаас гарах шаардлагыг удаа дараа тавьж, бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хариуцагчийн ээж н.Бадамханд хүлээж авсан. Зах зээлийн дундаж зах ханшаар тооцоод сарын 500 000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Иймд орон сууц ашигласны төлбөрт 2019 оны 8 сард 757 549.60 төгрөг, 2019 оны 9 сард 775 203.77 төгрөг, 2019 оны 10 сард 780 093.77 төгрөг, 2019 оны 11 сард 903 529.28 төгрөг, 2019 оны 12 сард 1 009 250.48 төгрөг, 2020 оны 01 сард 971 584.28 төгрөг, 2020 оны 02 сард 396 198.48 төгрөг, нийт 5 593 356 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 5 сард иргэн Г.Лхагвасүрэнд 160 000 000 төгрөг зээлдүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон. Г.Лхагвасүрэнгийн хувьд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн тендерт шалгарч гүйцэтгэх ажлын гэрээ хийсэн талаар танилцуулж ажлаа эхлэхэд мөнгө хэрэгтэй байна. Хэрэв мөнгө зээлдүүлбэл Зайсанд байрлалтай 2 байрны нэгийг зах зээлийн үнээс хямд үнээр ав гэсэн. Түрээсийн байраа хэзээ шилжүүлж өгөх талаар асуухад намар 8 сард байрандаа орохдоо нэрээ шилжүүлж аваарай, уг байр Сайрам-Булган ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээнд бартераар авч байгаа байрнууд гэсэн. Амьдарч буй байрны түрээсийн хугацаа дуусч, Г.Лхагвасүрэнтэй хамт Зайсанд байршилтай 67 м.кв байр, Хөрш заан хотхонд байрлах 54 м.кв байрийг гараашийн хамт очиж үзсэн. Тэгээд Хөрш заан хотхоны байрыг худалдан авахаар болж нүүсэн. Тухайн үеийн байрны гэрчилгээг үзүүлэх цаашлаад нэрээ шилжүүлэхийг шаардсан хэдий ч тун удахгүй гүйцэтгэсэн ажлаа дүгнүүлж нэрээ шилжүүлж авах эрх үүснэ 10 сардаа багтааж нэрээ шилжүүлнэ гэсэн. Г.Лхагвасүрэнг хаана ямар ажил гүйцэтгэж байгааг мэдэж байсан болохоор ажил нь дуусаад байрныхаа нэрийг шилжүүлж өгөх юм байна гэж итгэсэн. Тухайн үед Я ХХК гэдэг нэр огт дурсагдаагүй бөгөөд би түлхүүрийг гардаж аваагүй ба Г.Лхагвасүрэн гэдэг хүнтэй явж үзээд түлхүүрийг нь авч орсон. Гэтэл 11, 12 сар өнгөрч байхад өнөөдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч чадахгүйгээр барахгүй худалдаж авсан гэж ойлгож байсан байрнаасаа хөөгдөж байна. Гэтэл Я ХХК түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй харилцан тохиролцсон зүйлгүй, түрээсийн гэрээ байгуулаагүй байж мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тус орон сууцанд амьдарсан учраас хэрэглээний зардал 756 018 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан Ган овогт Доржжигжидийн Мөнх-Эрдэнэ/рд:ИУ85120714/-ээс 777 849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 815 507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 777 879 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23 218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулгаас харахад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу хариуцагчийн тухайн орон сууцыг ашигласан хугацааны олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон нэхэмжилснийг хангахгүй орхисон үндэслэл нь талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, эрх зүйн харилцаанд орсноо нотлоогүй гэжээ. Энэхүү дүгнэлт нь хуулийн болон бодит үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхих шүүхийн шийдвэрийн үндэслэл байх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Я ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Хөрш-Заан хотхоны 106А байрны, 52 тоот, 58.68 м.кв орон сууцыг 2019 оны 08 сараас 2020 оны 02 сарыг хүртэл хугацаанд иргэн Н.Мөнх-Эрдэнэ нь хууль бусаар эзэмшсэн тул хууль бусаар амьдарсан хугацааны төлбөр, халуун, хүйтэн ус, цахилгаан, машины зогсоолын төлбөр, СӨХ-ийн төлбөр зэргийг нэхэмжилсэн. Хариуцагч Д.М хууль ёсны өмчлөгч болох Я ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцанд амьдарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Хэрэв иргэн Н.Мөнх-Эрдэнэ тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй бол нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг бусдад түрээслүүлэн орлого олох боломжтой байсан. Гэтэл хариуцагч тайлбартаа Г.Лхагвасүрэнгээс тухайн орон сууцыг шилжүүлэн авсан..., гэжээ. Хариуцагчийн тухайн хөрөнгийг Ядам Од ХХК-ийн өмчлөлийнх гэж мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд бусдын хөрөнгийг дураараа ашиглаж болно гэсэн үг биш юм. Хариуцагчийн үзэж байгаа шиг түрээсийн гэрээ л байгуулаагүй бол бусдын өмчийг үнэгүй ашиглаж болдог, өмчлөгчийг нь мэдээгүй гэх үндэслэлээр мөн хууль бусаар хөрөнгө ашиглах нь үндэслэлгүй байтал шүүхээс тухайн үйлдлийг зөвтгөж дүгнэсэн.
Ш.Лхагвасүрэн гэх хүн энэ орон сууцанд ямар ч хамааралгүй бөгөөд захиран зарцуулах эрхгүй гэдэг нь тодорхой байна. Нөгөөтээгүүр хариуцагч нь тухайн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ш.Лхагвасүрэнгээс авсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан гэрч Ш.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр зээлийн барьцаанд байсан 2 экскаватор техникийг Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн гэжээ. Ийнхүү 2019 оны 10 дугаар сард шилжүүлэн авч, өр төлбөрөө хоорондоо шийдсэн гэж ярьж байгаа атлаа орон сууцыг 2020 оны 02 сар хүртэл ашигласан. Шүүх ямар учраас бусдын хууль бусаар оршин суусан хугацаан дах төлбөрийг хохиролд гаргуулан авахыг шүүхээс хангаагүй нь ойлгомжгүй байна. Шүүх хариуцагч Д.Мөнх-Эрдэнийг тухайн орон сууцанд 7 сарын турш хууль ёсны дагуу амьдарч, амьдарсан хугацааныхаа зах зээлд нийцэх түрээс, хөлс төлөхгүй байгааг зөвтгөсөн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч Д.М холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш-Заан хотхоны 106А байр, 52 тоот 58.68 м.кв талбайтай орон сууцыг эзэмшсэн хугацааны түрээсийн төлбөрт 3 150 000 төгрөг, орон сууцны төлбөрт 400 018.43 төгрөг, СӨХ-ны төлбөрт 193 900 төгрөг, цахилгааны төлбөрт 169 437 төгрөг, зогсоолын түрээсийн төлбөрт 1 526 000 төгрөг, зогсоол ашиглалтын төлбөрт 160 000 төгрөг, нийт 5 593 356 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д.М нэхэмжлэгч Я ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106а байрны 52 тоот, 58.68 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцанд 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарч, мөн орон сууцны зоорийн давхрын 31 тоот, 22.57 м.кв талбайтай авто зогсоолыг 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 17-18/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг ашигласантай холбоотойгоор учирсан хохиролд 5 593 356 төгрөг гаргуулах гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ... иргэн Г.Лхагвасүрэнд 160 000 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээд болох Г.Лхагвасүрэнгээс зээлийн үнийн дүнд авахаар тохиролцож, орон сууцыг эзэмшилдээ авсан учир түрээсийн төлбөр төлөхгүй, харин хэрэглээний зардал 756 018 төгрөг төлөхөд татгалзахгүй... гэсэн агуулгаар тайлбарлажээ.
Хэргийн 61-63 дугаар талд авагдсан гэрч Г.Лхагвасүрэнгийн ... Д.Мэс 160 000 000 төгрөг зээлж авсан, Сайханбулган ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажилласны ажлын хөлсөнд орж ирэх уг компанийн өмчлөлийн орон сууцнуудыг Д.М үзүүлсэн, тэрээр Хөрш заан хотхоны 2 өрөө байрыг зээлийн үнийн дүнд тооцож авахаар болсон, тухайн үед ажлын явц дуусаагүй байсан болохоор нэр дээр нь дараа шилжүүлэхээр тохиролцоод Д.М уг байранд нүүж орсон гэх мэдүүлэг, хариуцагчийн ... 2019 оны 12 сард гэрийн хаалганд бичиг үлдээсэн байсан, энэ хугацааг хүртэл би тухай орон сууцыг иргэн Г.Лхагвасүрэнгээс худалдан авсан гэж ойлгож байсан гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Д.Мөнх-Эрдэнийг 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106а байрны 52 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Я ХХК-ийн өмчлөлийн орон сууц болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй, шударга эзэмшигч байсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших эрхгүй шударга эзэмшигч уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд орон сууцыг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Хариуцагч Д.М уг орон сууцыг шударга бусаар буюу хууль бус болохоо мэдсээр байж эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул орон сууцыг түрээсэлсэн төлбөр буюу олох байсан орлогыг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхгүй. Бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд эрх бүхий этгээдийн олох байсан орлогыг нөхөн төлөх үүргийг зөвхөн шударга бус эзэмшигч хүлээхийг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан.
Анхан шатны шүүх орон сууцны эзэмшилтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн нь буруу. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь тухайн орон сууцыг ашиглах замаар захиран зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад уг заалтыг хэрэглэх боломжгүй. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүй ашиглах, холих зэрэг хэлбэрээр захиран зарцуулсны улмаас өмчлөгчийн хөрөнгийг биет байдлаар буцаах боломжгүй болж хохирсон тохиолдолд хэрэглэгдэх зүйл заалт болно. Хариуцагчийн нэхэмжлэгчийн эд хөрөнийг буюу орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгасан нөхцөл байдлыг ашиглах замаар захиран зарцуулсан гэж үзэхгүй.
Хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарсан хугацааны ус, дулааны төлбөрт 301 300 төгрөг, цахилгааны төлбөрт 122 656 төгрөг, СӨХ-ны төлбөрт 193 900 төгрөг, зогсоолын ашиглалтын төлбөрт 160 000 төгрөг, нийт 777 849 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь хэрэгт авагдсан Хөрш заан СӨХ-ны нэхэмжлэх, ус дулаан, цахилгаан төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон. /хх 9-11, 37-48/
Иймд уг төлбөрийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн өмнөөс гаргасан зардлаа буцаан гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Шүүх энэ шаардлагатай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой заах ёстой. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хохирлыг шаардаж байгаа тохиолдолд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг буюу түрээсийн төлбөр шаардах эрхгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02476 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мэс 777 849 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я ХХК-д олгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 815 507 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ