Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

2025         02        19                                         2025/ДШМ/18

 

 

Д.Д, Т.Л нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Д.Д,

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч: Н.Баттөмөр

Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарын давж заалдах гомдлоор Д.Д, Т.Л нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, “Б” овогт Тийн Л, 000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ахын хамт Хөвсгөл аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

2.Монгол Улсын иргэн, “Х” овогт Дийн Д, 00 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Өсумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд 000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, 000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3, 148.1, 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, 000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж байсан /регистрийн дугаар 000/.

Шүүгдэгч Тийн Л нь Д.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр Хөвсгөл аймгийн Өсумын Игэх газраас иргэн С.Бийн саарал азарга, цэнхэр гүү, хүрэн морь, хээр охин даагыг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол, Б.Мын 1 тооны хээр зүсмийн хавчиг соёолон морийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол, Б.Гын 1 тооны хонгор зүсмийн 6 настай уялганы морийг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол, Б.Бын буурал гүү хул унагатай, хээр гүү хул унагатай, бараан хээр гүү хээр унагатай, буурал байдсан гүү, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, хонгор шүдлэн үрээг хулгайлж, нийт 4,650,000 төгрөгийн хохирол, О.Лгийн бор шүдлэн үрээг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, П.Бын хээр зүсмийн 3 тооны гүү, дөрвөн шийр цагаан хээр гүү 1, хар зүсмийн 1 үрээ, хонгор зүсмийн 1 даага, хээр зүсмийн 1 даага, хар зүсмийн 1 гүү, дөрвөн шийр цагаан хар хээр 1 тооны гүүг хулгайлж нийт 6,100,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Дийн Д нь Т.Лтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр Хөвсгөл аймгийн Өсумын Игэх газраас иргэн С.Бийн саарал азарга, цэнхэр гүү, хүрэн морь, хээр охин даагыг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол, Б.Мын 1 тооны хээр зүсмийн хавчиг соёолон морийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол, Б.Гын 1 тооны хонгор зүсмийн 6 настай уялганы морийг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол, Б.Бын буурал гүү хул унагатай, хээр гүү хул унагатай, бараан хээр гүү хээр унагатай, буурал байдсан гүү, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, хонгор шүдлэн үрээг хулгайлж, нийт 4,650,000 төгрөгийн хохирол, О.Лгийн бор шүдлэн үрээг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, П.Бын хээр зүсмийн 3 тооны гүү, дөрвөн шийр цагаан хээр гүү 1, хар зүсмийн 1 үрээ, хонгор зүсмийн 1 даага, хээр зүсмийн 1 даага, хар зүсмийн 1 гүү, дөрвөн шийр цагаан хар хээр 1 тооны гүүг хулгайлж нийт 6,100,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Дийн Д, Б овогт Тийн Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Тийн Лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Дийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лид оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 7 (долоо) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 3 (гурав) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 (тав) жил 3 (гурав) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 5 (тав) жил 3 (гурав) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лид оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Өсумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Өсумаас гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 284 (хоёр зуун наян дөрөв) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Л, Д.Д тус бүр 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Бид, 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мад, 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Год, 2,325,000 (хоёр сая гурван зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Лд, 3,050,000 (гурван сая тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.Б нарт тус тус олгож, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...нийт эдлэх ялыг 5 (тав) жил 3 (гурав) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны цагаан сараар миний эхнэр Уийг Т.Л аваад өөрийн ээж болох Гт золгуулахаар очсон юм. Гэтэл ээж Гийн нөхөр Лийн хойд аав Б нь Лийн унаж очсон Ийжний түлхүүрийг нь булааж аваад Бийнд очсон. Араас нь Л Бээс ийжнийхээ түлхүүрийг авахаар Бийнд очиход Б, Б, Б нар Лийг бүлэглэж зодоод “чи Дд адуу тууж өгсөн гэж хэл, Дд адуу гаргаж өгсөн биз дээ, энэ ийжийг Д чамд авч өгсөн биз дээ” гэж зодож байгаад цагдаа дуудаад цагдаад хүчээр тэгж хэлүүлсэн. Би энэ Л гэх хүнд ийж авч өгөөгүй, Л гэх хүн айл бүхэнд мал харж өгөөд цалингаа ээжийнх нь дүү Ц гэх эгчид хураалгаж  байгаад ийжийг нь авч өгсөн юм билээ. Мөн сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй ядарсан ийм хүнийг ах, дүү нараараа нийлж дарамталж “цагдаад хүчээр тэгж хэлээрэй” гэж цагдаа дуудаж, байцаалт өгүүлж, бид хоёрыг адуу авсан хэрэгтэн болгож, Бгийн надаас авсан мэдүүлэг гээд ийм хуурамч мэдүүлэг бүрдүүлээд өмгөөлөгч Б.Г байцаалтад суусан гэсэн байгаа. Би Г өмгөөлөгчтэй хамт байцаалт өгөөгүй тул ийм хуурамч мэдүүлгээр намайг яллаж байна.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-нд Бголоор 26 тооны адууг Т.Лийг “Ш”-ны дээгүүр  шахаж өгсөн, би тэр адууг угтаж аваад Д аваачиж өгсөн гээд байгаа 11 сарын 25-нд Бголоор мал, хүн гарах ямар ч боломжгүй болсон байдаг юм. Хоёр захаар мөстэй, голоороо зайр урсаж байдаг юм. Иймд байцаагч Б, өмгөөлөгч Б.Г, хохирогч Б,  Б, Б, М, Г, Л, гэрч Б, Д нарыг шүүх хуралд суулгамаар байна. Мөн зургаан айлын 25 адуу гэж байгаа. Гэрч Д.Д 2019 оны 04 дүгээр сард би Бын гэрт очиход “манай адууг Дийн Д хулгайлчих шиг боллоо, гэхдээ содон адуунуудыг нь ялгаад орхисон байна, дандаа бараан зүсмийн адуунуудыг туугаад явсан байна” гэж байгаа 25 адуунаас содон хэдийг нь ялгаж орхихоор 25 адуунаас хэдийг нь тууж явсан байх вэ? үүнийг үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна.” гэжээ.

Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэж ял халдаасан, ял шийтгэх ёсгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Яллагдагч Д.Лийн уг гэмт хэргийн үйлдсэн гэх гэмт үйлдэлд тоолох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Гэвч Анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-р зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар “хугацааг сараар тоолоход сүүлийн сарын өдөр мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын өдөр уг хугацаа дуусна” гэж Эрүүгийн хууль буруу хэрэглэн түүнд ял халдаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-р зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан.

Гэтэл яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн хугацааг нарийн тогтоолгүй шүүхэд ирүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хугацааг шалгаж тогтоохдоо “2018 оны 11 сарын үеэр” гэж яллах дүгнэлтэд бичиж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Мын мэдүүлэг “2018 оны 10-р сарын 20-ны орчим миний морь болон тухайн айл Бын адуунууд сураггүй алга болсон талаар Баярхүү гэдэг хүнээс сонссон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 116-117-р тал/,

Хохирогч П.Бын “2018 оны 10 сарын сүүл 11 сарын эхэн үед миний 9 тооны адуунууд алдагдсан, Лийг 2018 оны эхэн үед Идотор адуунууд туугаад явж байхыг Охарсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 114-115-р тал/,

Хохирогч Б.Бын “2018 оны 11 сарын эхэн үед манай 9 тооны адуу хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 89-91-р тал/,

Гэрч П.Бийн “2018 оны 11 сарын эхэн үед миний халиун морийг Арал орчхоод ирье гээд унаад явсан.Тэгэхээр би дотроо Лийг Дтай нийлээд тэр адуунуудыг Их арлаас хулгайлаад зарчихлаа гэж бодсон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 111-112- р тал/ зэрэг баримтуудаас хууль зүйн дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдсэн өдрийг 2018 оны 10 сарын сүүл, 11 сарын эхэнд гэж үзэж прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн, гэмт хэрэг үйлдсэн өдөр, цаг хугацааг үгүйсгэж үзэхээр байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн өдөр нь өнгөрсөн байхад буюу 2023 оны 11 сарын 22-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад прокурор яллагдагчаар татсан нь буруу, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо сараар тоолох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дахь хэсэгт заагаагүй, өдрөөр тоолно гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэж, ял халдаах ёсгүй хүнд ял халдаасан тул яллагдагч Т.Лийн үйлдсэн гэх гэмт хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид ял халдаасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Д.Д, Т.Л нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр Хөвсгөл аймгийн Өсумын “Их арал” гэх газраас иргэн С.Бийн саарал азарга, цэнхэр гүү, хүрэн морь, хээр охин даагыг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол, Б.Мын хээр зүсмийн хавчиг соёолон морийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол, Б.Гын хонгор зүсмийн 6 настай уялганы морийг хулгайлж, 900,000 төгрөгийн хохирол, Б.Бын буурал гүү хул унагатай, хээр гүү хул унагатай, бараан хээр гүү хээр унагатай, буурал байдсан гүү, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, хонгор шүдлэн үрээг хулгайлж, нийт 4,650,000 төгрөгийн хохирол, О.Лгийн бор шүдлэн үрээг хулгайлж 500,00 төгрөгийн хохирол, П.Бын хээр зүсмийн 3 тооны гүү, дөрвөн шийр цагаан хээр гүү 1, хар зүсмийн 1 үрээ, хонгор зүсмийн 1 даага, хээр зүсмийн 1 даага, хар зүсмийн 1 гүү, дөрвөн шийр цагаан хар хээр 1 тооны гүүг хулгайлж нийт 6,100,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Шүүх “Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Д, Т.Л нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурорын газраас шүүгдэгч Д.Д, Т.Л нарын гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг нарийвчлан тогтоолгүйгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй гэж үзэх үндэслэл болно.

4.Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд адуу хулгайд алдагдсан цаг хугацааг нарийн тодорхойлж мэдүүлээгүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хэрэг 2018 оны 11 дүгээр сарын хэдний өдөр үйлдэгдсэн нь тогтоогдохгүй байна.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг тусгахдаа 1 дүгээр хэсгийн 1.1-ээс 1.5 дугаар заалт, 6 дугаар хэсэгт гэмт хэргийн ялын хэмжээгээр ангилан мөрдвөл зохих хөөн хэлэлцэх хугацааг тогтоож, 2, 3, 4 дүгээр хэсэгт уг хөөн хэлэлцэх хугацааг тоолоход баримтлах журмыг тусгасан байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын үеэр үйлдэгдсэн гэх цаг хугацааг нарийвчлан тогтоох нь хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 80, 81 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж “...2018 оны 11 дүгээр сарын 25-дын үеэр...” гэснийг “...2018 оны 11 дүгээр сарын үеэр...” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсан байх ба /3-р хх-н 48-51-р тал/ прокурор яллах дүгнэлтдээ: “...Д.Д, Т.Л нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр..” гэж гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг нарийвчлан тогтоогоогүй байна.

Шүүх энэ талаар дүгнэхдээ “...шүүгдэгч Д.Д, Т.Л нар нь 2018 оны 11 дүгээр сард гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн өдөр хугацаа дуусна” гэж заасан байх тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоолох журмыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” ойлгохоор заасан.

Иймд дээрх зохицуулалтаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох хууль зүйн үндэслэлгүй.

6.Шүүхийн шийдвэр нь зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй, тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх учиртай.

 Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тухайн үйл баримт тогтоогдсон эсэх талаар бүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

7.Харин шүүгдэгч Д.Дын гаргасан “...миний хийгээгүй хэрэгт ял оногдуулсанд явдалд гомдолтой байгаа...” гэх давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАЯРХҮҮ

                                    ШҮҮГЧИД                                       Б.СОСОРБАРАМ

                                                                                         Л.ЭРДЭНЭБАТ