2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/07057

 

2025 09   10

192/ШШ2025/07057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

Хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардал болон бусад зардалд 11,631,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Бүрэндүүрэнгийн Нармандах нь хариуцагч Дашчирэвийн Ганхүүтэй 2007 оноос хойш 12 жил амьдрах хугацаандаа 2 хүүхэдтэй болоод 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэмж тогтоолгон, ипотекийн зээлтэй байрыг өөрийн эзэмшилд авч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Энэ хугацаанд хүүхдийн тэтгэмж цаг хугацаанд нь өгдөггүй байсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 3,494,800 төгрөгийн тэтгэмж өгөөгүй байна. Миний том хүү болох Ганхүүгийн ******* /РД: *******/ нь 2023 онд Техник технологийн Политехник коллежид элсэн ороод нийт 3,455,770 төгрөгийн сургалтын төлбөртэйгээр одоо 2 курст суралцаж байна. Бага хүү болох Ганхүүгийн ******* /РД: *******/ нь 2023 оноос шатрын уралдаан тэмцээнд амжилттай оролцож "Төгс нүүдэл" шатар сургалтанд нийт 3,600,000 төгрөгийн сургалтын төлбөртэйгөөр одоог хүртэл суралцаж байна. Мөн бага хүү 2024 оны 06 дугаар сараас "Тояа" хүүхэд хөгжлийн академид нийт 1,100,000 төгрөгийн сургалтын төлбөртэйгөөр одоог хүртэл суралцаж байна. Нэхэмжлэгч ******* миний бие Хариуцагч *******д удаа дараа хүүхдүүд төлбөртэй сургууль, сургалтанд явж байна би өрх толгойлсон эмэгтэй байрны зээл төлөх, 2 хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд хүндрэлтэй байгааг мэдэгдсэн боловч надад хамаагүй гээд авч хэлэлцэхгүй хэрүүл хийж хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа. Иймд хоёр хүүхдийн сургалтын төлбөр болох 8,155,770 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэмж болох 3,494,800 төгрөгийг өгөхгүй байгаа. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны унаа, эмчилгээ болон сургалтын төлбөрт 3,475,330 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж, нийт 11,631,100 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлийн талаар: Миний бие ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн *******ын хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан нь үнэн болно. Шүүхийн дагуу Приус загварын авто машины Буянт ухаа хорооллын 49 м.кв 2 өрөө байрыг хүлээлгэн өгч одоог хүртэл айлын гал тогоог түрээслэн амьдарч байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ногдол болох 7,800,000 төгрөгийг өгөөгүй, ипотекийн байрны зээлд сард төлөх 350,000 төгрөгийг зарим сардаа төлөлт хийхгүй миний данснаас авдаг нь үнэн болно. Шүүхийн шийдвэрийн дагуу 2 хүүхэдтэй уулзах гэхээр цагдаад чамайг өгнө гэж утсаар ярих болгонд дарамталдаг. Миний бие хүүхэдтэйгээ нууцаар байнга уулзаж хувцас хунар авч өгдөг нь үнэн болно. Миний бие гэрлэлт цуцлуулсны дараа хүүхдийн тэтгэмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс болох 3405152155 тоот дансанд 2020 оноос 2024 оны 08 дугаар сар хүртэл 470,100 төгрөгийг сар бүр төлсөн. 2024 оны 03 дугаар сарын тогтоолоор цалингийн доод хэмжээ хүүхдийн тэтгэмж нэмэгдсэнтэй холбогдуулан сарын төлөлт 681,300 төгрөг болж өөрчлөгдсөн. Миний бие үүнийг мэдээгүйн улмаас 10 дугаар сараас эхлэн 681,300 төгрөгийг сар болгон төлж байсан. 03-08 дугаар саруудын зөрүү болох 1,056,000 төгрөгийн мөнгийг өгөөгүй. Миний том хүү болох Г.*******ы Техник технологийн Политехникийн коллежийн 1 дүгээр курсын сургалтын төлбөр болох 800,000 төгрөгийн 50 хувь болох 400,000 төгрөгийг *******тай утсаар ярьж зөвшилцөн том хүү Г.*******ы данс 5530170074 тоот данс руу шилжүүлсэн. Одоо 2 дугаар курсын 800,000 төгрөгийн сургалтын төлбөрөөс 50 хувь болох 400,000 төгрөгийг төлөхөд миний бие татгалзах зүйлгүй. Миний бага хүү Г.Лувсанванчигийн Тояа хүүхэд хөгжлийн академийн сургалтын төлбөр болох 1,100,000 төгрөгийн 50 хувь болох 550,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. *******ын нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 979 дугаар Техник технологийн Политехник коллеж-ийн тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн баримт, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279/24 дугаар Тояа хүүхэд хөгжлийн академийн тодорхойлолт, сургалтын үйлчилгээний төлбөрийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1122690041 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, 812 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, зургийн үзүүлэлт, 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25/06-1 дугаар Төгснүүдэл ХХК-ийн тодорхойлолт, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн баримт, эмчилгээний төлбөрийн баримт, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Тояа хүүхэд хөгжлийн академийн төлбөрийн баримт, унааны төлбөрийн баримт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

4. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулж, бүрдүүлж өгсөн. Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/5009 дугаар Шүүхийн тусгай архивын албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00189 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, тэдний дундаас төрсөн хүүхдүүд болох хүү Г.*******ы коллежийн төлбөрт 3,455,770 төгрөг, хүү Г.*******ийн шатрын сургалтын төлбөрт 5,630,000 төгрөг, хөгжлийн академийн сургалтын зардалд 1,940,000 төгрөг, унааны зардалд 377,030 төгрөг, шүдний эмчилгээний төлбөрт 228,300 төгрөг, нийт 11,631,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, бидний дундаас төрсөн том хүү Г.******* 2023 оноос Техник Технологийн Политехник коллежид элсэн суралцах болсон, мөн бага хүү Г.******* нь шатар болон хөгжимд авьяастай тул нэмэлт сургалтад хамруулах хэрэгцээ бий болсон. Хариуцагч бид гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой хүүхдийн тэтгэмжийг бүрэн гүйцэд төлөхгүй, эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул дээрх зардлыг бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа, хүүхдийн тэтгэлгээ төлж байгаа, төлбөрийн чадвар муутай тул эцгийн хувьд дээрх зардлын 50 хувь буюу 5,815,550 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлээ цуцлуулжээ. Гэрлэлтийг шүүх цуцлахдаа гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүд болох Г.*******, Г.******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, сар бүр эцэг *******гээс тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00189 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 54-60 дугаар тал/

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр харилцан тохиролцож гаргасан зардал буюу гэрээний үүрэг биш хуулиар хүлээсэн тэжээн тэжээн тэтгэгчийн үүрэг буюу эцгийн үүргийг шаардсан гэж үзэхээр байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. гэж заажээ. Тэжээн тэтгэгчээс нэмэлт зардал гаргах өөр зохицуулалт хуульд байхгүй байна.

7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сургуульд орсон, өвчилсөн тохиолдолд тэжээн тэтгэгчээс нэмэлт зардал гаргуулж болохоор зохицуулсан байх боловч энэ нь онцгой нөхцөл байдал тохиолдсон үед хамаарахаар заажээ. Монгол Улсын хувьд суурь боловсрол буюу ерөнхий боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй олгодог тул энэ төрлийн боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг нийт иргэдэд хүргэж байгаа тэгш боломж гэж үзнэ.

7.1 Дээрхээс бусад хэрэгцээ шаардлага /коллеж, их дээд сургууль, болон бусад албан бус сургалтад хамрагдах/-ыг хуульд заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэхгүй бөгөөд үүнийг нэмэлт хэрэгцээ гэж үзнэ. Иймд хүүхдийн коллежийн төлбөр, албан бус боловсрол олгох курс, дамжаа /шатрын дугуйлан, хөгжлийн академи гэх мэт/-ны төлбөрийг хариуцагчаас албадан гаргуулах үндэслэлгүй байна.

7.2 Түүнчлэн, хүүхдэд үзүүлэх зарим төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцахаар Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.2-т заажээ. Мөн амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасан байна. Иймд хувийн эмнэлэгт эмчлүүлсэн зардлыг мөн хариуцагчаас албадан гаргуулах боломжгүй байна.

8. Хариуцагч *******гийн хувьд тэрээр нэхэмжилсэн зардлын 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн бол тэр хэмжээнд шүүх шийдвэрлэх үүрэгтэй тул энэ үндэслэлээр хариуцагч *******гээс 5,815,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 215,998 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан *******гээс 5,815,550 төгрөгийг гаргуулан *******ад олгож, нэхэмжлэлээс 5,815,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******гээс 107,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР