Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад У.Золчимэг ,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 1734001030053 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19-р хороо Дээд салхит 36-486 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б.Э,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Морин дөтлүүр" гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1,26 метр куб хэрэглээний нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэн байгаль экологит 578340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Надад сонсгож буй зүйл ангийг сонсож танилцлаа. Би тус зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн орой 17 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт 15 км зайд байрладаг дөтлүүр" гэх газарт очин мод бэлтгэсэн. Би ой модонд очоод 8 ширхэг нойтон нарс унагаагаад түүнийгээ 36 хэсэг болгож нэг модыг 1 метр 40 см хэмжээтэй тайраад уг бэлтгэсэн модоо өөрийн найз н.Батхуягын мазда бонго маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж 21 цагийн үед сумын төв ортол машины хойд хэсгийн доод эд анги нь эвдэрээд явахгүй байхаар нь өөрийн танил Ууганбаатарын хашаанд очтол эзэнгүй байхаар нь буулгаад цэнхэр бүтээлгээр хучаад явсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед бэлтгэсэн модоо Ууганбаатарын хашаанаас очиж аваад сумын төвд байдаг хөрөө раман дээр очиж бэлтгэсэн модоо банз болгон зүсүүлсэн. Би уг модыг өөрөө тайрч бэлтгэсэн надтай өөр хүн хамт байгаагүй. 8 ш» нойтон нарс мод унагаагаад түүнийгээ 36 хэсэг болгож тайрсан. Надад мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаагүй. Манай сумын танил ах байгаа юм. Машин эвдэрчихээд Ууганаа ахын хашаатай ойрхон явж байсан болохоор уг моднуудаа Ууганаа ахын хашаанд оруулж буулгасан юм. Би Ууганбаатар ахад хашаанд нь мод буулгасан талаар нь хэлээгүй. Төв аймгийн Жаргалант суманд Батхуягт байгаа. Ойрхон ажилд гарчихаад ирье гээд аваад явсан. Хууль бусаар нойтон мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч  байна. Хохирол төлбөрөө ойрын хугацаанд төлж барагдуулна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,  

Иргэний нэхэмжлэгч С.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  “.... 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг 6-2 тоотод оршин суух хаягтай иргэн Б.Ууганбаатарын хашаанд 36 ширхэг буюу 1.26 м/күб нойтон нарс мод хучиж хураасан байсныг манай байгаль орчины улсын байцаагч Д.Өлзийсайхан илрүүлээд маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө очиж үзлэг хийж хурааж авахаар Д.Өлзийсайхан, Б.Ууганбаяр нарын хамт Б.Ууганбаатарын хашаанд очтол хучаад хураасан байсан гэх нойтон нарс мод байхгүй байсан. Б.Ууганбаатарын гэрт нь хүн байхгүй байсан. Б.Эын хууль бусаар бэлтгэсэн гэх 1.26 м/күб нойтон нарс мод нь ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тушаалын нэгдүгээр хавсаргалт, ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн үнэлгээний нэгдүгээр мужийг үндэслэн тооцоход 578340 /таван зуун далан найман мянга гурван зуун дөчин төгрөг/ болж байна ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэхэд 1 735 020 /нэг сая долоон зуун гучин таван мянга хорин төгрөг/-ийн үнэлгээ гарсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Д.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  “.. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суудаг Базаргүрийн Ууганбаатарын хашаанд нойтон мод хучаастай байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад Б.Ууганбаатар хашаанд байшингийн зүүн талд 36 ширхэг нойтон нарс мод цэнхэр хучилгаар хучаастай байсан. Тухайн үед Б.Ууганбаатарын гэрт хүн байгаагүй бөгөөд хажуу талын айлаас нь Ууганбаатарын   хамаатан гэх эмэгтэй хүнийг дуудан гаргаж ирээд асуухад Ууганбаатарын гэр бүл хүүхдээ аваад конкурс өгөхөөр явсан эзэнгүй байгаа гэж хэлсэн. Уг модны талаар тэр эмэгтэйгээс асуухад би хэний мод хэзээ авч ирснийг мэдэхгүй байна гэсэн. Тэр эмэгтэйгээр хучлагыг нь сөхүүлж хэмжилт хийхэд 636 ширхэг буюу 1,26м3 нойтон нарс мод байсан. Уг модыг хөдөлгөж болохгүй гэдгийг тэр эмэгтэй хэлээд гэрэл зургаар баримтжуулаад явсан боловч маргааш өглөө нь 2 байгаль хамгаалагчийн хамтаар очиход уг моднуудыг аччихсан байсан” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би эхнэр хүүхдийн хамтаар Төв аймаг орж хүүхдийнхээ конкурсыг өгүүлээд эзэнгүй байх хойгуур Гоожоо гэж дуудаг залуу мод авч ирж буулгаад аймгаас ирэхэд аваад явчихсан байсан. Нэг нутгийн таньдаг залуу тэрнээс өөр холбоо байхгүй. Ямар учраас мод буулгасанг мэдэхгүй. Овог, нэрийг нь мэдэхгүй. Гоожоо 88207100 гэсэн дугаартай Улаанбаатар хотод амьдардаг хааяа Жаргалант ордог. Хотоос манай гэрийг харахаар нэг таньдаг эмэгтэй ирчихсэн байсан. Хэдэн ширхэг ямар мод байсныг би мэдэхгүй. Тухайн модыг бэлтгэхэд би оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Гэрч Г.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 07 сарын эхээр хэдэнд гэдгийг нь би сайн санахгүй байна. Манай найз Б.Э над руу залгаад машинаа найздаа түр өгөөч, төмс зөөгөөд өгье гэхээр нь би аав, ээжид хэлье, чи очоод миний машиныг авчих гэж хэлсэн. Тэгээд Б.Э манай гэрээс очоод миний 45-22 УНО улсын дугаартай цагаан өнгийн Кио-Бонго маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Б.Э машиныг буцааж өгөхдөө яасан нь мэдэгдэхгүй моторыг нь цохиулаад авч ирээд хашаанд тавьсан байсан. Хулгайн мод тээвэрлэсэн талаар мэдээгүй, надад модонд явна гэж хэлээгүй. Миний машин эвдэрчихээр нь би хүнд сэлбэг болгоод зарчихсан. Одоо надад уг тээврийн хэрэгсэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-2017 оны 08 сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-12 тал/,

- Эд мөрийн баримтаар улаан өнгийн бариултай, хар өнгийн банктай, улбар шар өнгийн тагтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөө хурааж авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13-15 тал/,

- Төв аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 19.04-349.01 дугаартай “Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн хохиролын үнэлгээ тооцох тухай” акт /хх-30-31 тал/,

 -Төв аймаг Жаргалант сумын Ойн нөөцийн санд 2017 оны 08 сарын 23-ны өдөр Б.Эаас 1735000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 31-р хуудсын ар тал/ /хх-31 тал/,

           -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 44  тал/,

            -2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-49 тал/,

-Төв аймгийн Авто тээврийн газрын 2017 оны 11 сарын 09-ны өдрийн 262 дугаартай лавлагаа / хх-43 тал/,

-Төв аймгийн мэргэжилийн хяналтын газар, байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-132 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-134 тал/,

-Төв аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19-04-349/01 дугаар дүгнэлт /хх-136 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-139 тал/,

-Эд хөрөнгийн үнэлгээ /хх-140-141 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Морин дөтлүүр" гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1,26 метр куб хэрэглээний нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэн байгаль экологит 578340 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Нямдоржийн: “.... 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг 6-2 тоотод оршин суух хаягтай иргэн Б.Ууганбаатарын хашаанд 36 ширхэг буюу 1.26 м/күб нойтон нарс мод хучиж хураасан байсныг манай байгаль орчины улсын байцаагч Д.Өлзийсайхан илрүүлээд маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө очиж үзлэг хийж хурааж авахаар Д.Өлзийсайхан, Б.Ууганбаяр нарын хамт Б.Ууганбаатарын хашаанд очтол хучаад хураасан байсан гэх нойтон нарс мод байхгүй байсан. Б.Эын хууль бусаар бэлтгэсэн гэх 1.26 м/күб нойтон нарс мод нь ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тушаалын нэгдүгээр хавсаргалт, ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн үнэлгээний нэгдүгээр мужийг үндэслэн тооцоход 5 783 40 /таван зуун далан найман мянга гурван зуун дөчин төгрөг/ болж байна ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэхэд 1 735 020 /нэг сая долоон зуун гучин таван мянга хорин төгрөг/-ийн үнэлгээ гарсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Д.Өлзийсайханы:  “....Б.Ууганбаатар хашаанд байшингийн зүүн талд 36 ширхэг нойтон нарс мод цэнхэр хучилгаар хучаастай байсан.  ...хэмжилт хийхэд 636 ширхэг буюу 1,26м3 нойтон нарс мод байсан” гэх мэдүүлэг /хх-22 тал/, гэрч Б.Ууганбаатарын: “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би эхнэр хүүхдийн хамтаар Төв аймаг орж хүүхдийнхээ конкурсыг өгүүлээд эзэнгүй байх хойгуур Гоожоо гэж дуудаг залуу мод авч ирж буулгаад аймгаас ирэхэд аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/, гэрч Г.Батхуягийн: “2017 оны 07 сарын эхээр хэдэнд гэдгийг нь би сайн санахгүй байна. Манай найз Б.Э над руу залгаад машинаа найздаа түр өгөөч, төмс зөөгөөд өгье гэхээр нь би аав, ээжид хэлье, чи очоод миний машиныг авчих гэж хэлсэн. Тэгээд Б.Э манай гэрээс очоод миний 45-22 УНО улсын дугаартай цагаан өнгийн Кио-Бонго маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Б.Э машиныг буцааж өгөхдөө яасан нь мэдэгдэхгүй моторыг нь цохиулаад авч ирээд хашаанд тавьсан байсан. Хулгайн мод тээвэрлэсэн талаар мэдээгүй, надад модонд явна гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/, 2017 оны 08 сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-12 тал/, Эд мөрийн баримтаар улаан өнгийн бариултай, хар өнгийн банктай, улбар шар өнгийн тагтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөө хурааж авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13-15 тал/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 19.04-349.01 дугаартай “Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн хохиролын үнэлгээ тооцох тухай” акт /хх-30-31 тал/, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-49 тал/, Төв аймгийн мэргэжилийн хяналтын газар, байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-132 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

         Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, тодруулсан байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх Б.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нойтон мод тайрч байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулж нийтийн эрх ашигт ноцтой хохирол учирсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд 1735100 төгрөгийн хохирлыг төлсөн байх бөгөөд иргэний нэхэмжлэгч С.Нямдорж гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгчид гаргуулах гэм хорын төлбөргүй байна.

 

Харин шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хөрөө, гэмт хэргийн улмаас олсон орлого болох дараах эд зүйлүүдийг улсын орлого болгох нь зүйтэй байна. Үүнд:

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн бариултай, хар өнгийн банктай, улбар шар өнгийн тагтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг,

 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэн хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Хадат 2 дугаар гудамж 05 тоот хашааны үнэ болох 3074355 /гурван сая далан дөрвөн мянга гурван зуун тавин таван төгрөг/-ийг,

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар прокурорын тогтоолооор биүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 45-22 УНО улсын дугаартай Хьюндай бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 95000 /ерөн таван мянган төгрөг/-ийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, /14 хоногийг х 8 цаг =112 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэнэ/ түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч биечлэн эдлэх ялыг 608 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 1734001030053 дугаартай хэрэгт баримт бичиг хураагдаж ирээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харчин овогт Бадралын Б.Э-ыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ыг  720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр ялыг өдөрт дөрвөн цагаас доошгүй хугацаагаар хийлгэсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, /14 хоногийг х 8 цаг =112 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэнэ/ түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 608 /зургаан зуун найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэн хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Хадат 2 дугаар гудамж 05 тоот хашааны үнэ болох 3074355 /гурван сая далан дөрвөн мянга гурван зуун тавин таван төгрөг/-ийг,

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар прокурорын тогтоолооор биүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 45-22 УНО улсын дугаартай Хьюндай бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 95000 /ерөн таван мянган төгрөг/-ийг,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн бариултай, хар өнгийн банктай, улбар шар өнгийн тагтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7.Ялтан Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1735100 /нэг сая долоон зуун гучин таван мянга нэг зуу/-н төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шийтгэх тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ тогтоол гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10. Анхан шатны шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ц.ОТГОНЖАРГАЛ