Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

Н.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/,

Хохирогч: Д.******* /цахимаар/,

Хохирогч Д.*******, Ш.******* нарын өмгөөлөгч: Э.Жамц /цахимаар/,

Шүүгдэгч: Н.Энх-Амгалан /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Энх-Амгаланд холбогдох 2429000240105 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Энх-Амгалан нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 20 минутад Улаанбаатар хотоос Цагаанхад чиглэл буюу нүүрс тээврийн 13 дахь километрт Lexus HS250h маркийн ******* УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 13.1, 13.2. а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Д.*******, Ш.******* нарын эрүүл мэндэд хүнд, Ж.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Н.Энх-Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Н.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Энх-Амгалангийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энх-Амгаланд оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энх-Амгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Н.Энх-Амгаланд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энх-Амгалангаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, эмчилгээний зардалд нийт 91,124,323 /ерэн нэгэн сая нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, эмчилгээний зардалд нийт 77,852,311 /далан долоон сая найман зуун тавин хоёр мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******д тус тус олгож, хохирогч Д.*******ийн иргэний нэхэмжлэлээс 831,112 /найман зуун гучин нэгэн мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож ,

Хохирогч Ж.******* нь сэтгэцэд учирсан хор уршиг, эрүүл мэндэд учирсан хохирлын болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Энх-Амгалангаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, хохирогч Ш.*******, Д.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Энх-Амгалангаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж,

Иргэний хариуцагч Б.******* нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Энх-Амгалангаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Энх-Амгалангийн В, С1, С1Е, С, СЕ, D1, D ангиллын 172697 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Шүүгдэгч Н.Энх-Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Н.Энх-Амгалан нь хохирогч Ш.*******д 900,000 /есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Д.*******д 2,000,000 /хоёр сая/ төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          Хохирогч Ш.*******ын зүгээс хавтаст хэрэгт хохирол төлбөрт 6 352 311 төгрөгний баримт гаргаж өгсөн гэх боловч уг баримтуудын нийт дүн 4 317 724 төгрөг болж байгаа ба үүнээс 900 000 төгрөгийг хохирогч Ш.*******д нөхөн төлсөн. Гэтэл шүүхээс хохирлын баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж, тооцож үзэлгүй, зөвхөн хохирогчийн хэлсэн дүнгээр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хохирогч Д.******* нь хохирол төлбөрт нийт 5 664 235 төгрөгний баримт гаргаж өгсөн гэх боловч тухайн баримтуудын нийт дүнг нэмж үзэхэд 4 467 800 төгрөг болж байгаа ба үүнээс 2 000 000 төгрөг нөхөн төлснийг шүүхээс хасч тооцоогүйг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэдийгээр шүүгдэгч талаас мөрдөгчийн хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгиин зэрэглэл тогтоосон шийдвэртэй маргаагүй ч шүүхээс тогтоосон төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг яргачлал”-ын 3.8-д “Шүүх нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл, байдал, учруулсан гэмт хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл шүүх нь дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн харгалзан үзэлгүй зөвхөн хохирогчид учирсан гэм хор, эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруу зэргийг үндэслэж, хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол төлбөрийн хэмжээг тодорхойлсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлииг тогтоож, дүгнэлт гаргах журам, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал зэргийн гол шаардлага нь хохирогч нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон байхыг шаарддаг.27.

Сэтгэцийн эмгэг гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тодорхойлсон байдаг. Гэтэл зөвхөн хохирогчийн бие, эрүүл мэндэд учирсан хохирлоор сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг тооцож, улмаар сэтгэцэд хор уршиг учирсан буюу сэтгэцийн эмгэгтэй болсон эсэхийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолголгүйгээр зөвхөн мөрдөгчийн тогтоосон зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120, 130 дахин нэмэгдүүлж гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэл тогтоосон мөрдөгчийн шийдвэрийг хохирогч Д.******* нь хүлээн зөвшөөрөхгүй, дахиж тогтоолгоё гэхэд нь мөрдөгч шүүх шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилохгүйгээр өөрөө тавдугаар зэрэглэл болгон өөрчилсөн нь Шүүх шинжилгээний тухай хууль /40.1-р зүйл/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /27.1-1-р зүйл/, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” /2.1, 2.4-р зүйл/ зэргийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хохирол төлбөрийг зөв тооцож, нөхөн төлсөн төлбөрийг хохирлоос хасуулах, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг хууль, журамд нийцүүлэн шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь хохирлын зэрэглэл болон нөхөн төлбөрийн хэмжээг бодитой тогтоох ач холбогдолтой.

Тиймээс анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийдвэр чинь хараат бусаар шүүх өөрийнхөө дотоод илтгэлээр нотлох баримтад үндэслэж гаргасан шийдвэр. Түүнийг гаргаад ирэнгүүт нь би хүлээн зөвшөөрөхгүй гээд шинжилгээний байгууллагаар шинжээч томилох ёстой гээд байх шиг байна. Энэ журмаар тухайлсан таван төрлийн хэрэг дээр хүснэгтээрээ гаргаад үүнийгээ шинжээчийн дүгнэлтийн адил үндэслэлтэй гээд тодорхой заасан. Тухайн үедээ маргахгүй байснаа шүүх дотоод итгэлээрээ нотлох баримтыг үнэлээд шийдсэний дараа өндөр тогтоосон гээд байх юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ өмгөөлөгчийг гайхаад байна. Буруутай хүнийг энэ хүний зөв, ийм байна гээд байх юм. Прокурор нь ч гэсэн Н.Энх-Амгаланг тэнсэнгээр гаргаад өгөөч гэх шиг. Ийм үйлдлүүдийг би ойлгохгүй байна. Сэтгэл санааны хохирол гэдгээсээ болоод би элий балай болчхоогүй байна. Хөлөө тойруулаад явна гэдэг чинь сэтгэл санаагаараа унаад хохирч байна гэж би ойлгоод байна. Гэтэл заавал мангар, тэнэг болчихвол сэтгэл санааны хохирол гээд тайлбарлаад байх юм.

Миний машин хорин хэдэн саяар үнэлэгдээд, тухайн үнэ нь нэмэгдэж байгаа болохоос 130 хувь нэмэгдсэн зүйл биш. Аз жаргалгүй, амьдралгүй, ямар ч сэтгэл санааны юугүй болчхоод байна. Тэгээд байхад эрүүл байж яагаад мөнгө нэхээд байгаа юм. 130,000,000 төгрөг нэхээд байна гэх юм. Тэр 70,000,000 төгрөгийн чинь 20,000,000 төгрөг нь машины бодит хохирол. Миний бодит хохирлыг гаргаад өгчих. Миний машины хохирол 20,000,000 төгрөгийг гаргаад өгчих. Миний хөл, гар өнгөрч, хамаагүй. Энэ хүнд би маш их гомдолтой байна гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Э.Жамц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын тайлбартай санал нэг байна. Шүүхийн зүгээс Н.Энх-Амгаланд 2,000,000 төгрөг төлсөн гэдгийг тусад нь шийдчихсэн. Тэгэхээр үүнийг хасаж тооцоогүй байна гэдэг нь үндэслэлгүй. Шүүх баримтаар нотлогдоогүй зардлыг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үндэслэлтэй.

Н.Энхтөр өмгөөлөгч энэ хэрэг дээр анхнаасаа явсан юм шиг харагддаг.  Хохирогчдын нөхцөл байдлыг та өөрөө мэдэж баймаар юм. Нэг нь эмнэлгийн орноос салахаа байсан. Байнгын архи, дарс ууна. Өвчингөө мэдрэхгүй гэж тэгдэг юм шиг байна. Нөгөөдөх нь нэг хөлгүй болох дээрээ тулаад өнөө маргаашгүй тайруулах болсон. Ийм нөхцөл байдал байхад яаж энэ хүмүүст сэтгэцийн хохирол учраагүй гэж үзээд байгаа юм бэ? Д.*******ын хувьд хамаг эд хөрөнгөө зараад дуусчихсан. Зарах юм байхгүй гэж надад хэлж байна. Эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гээд Н.Энх-Амгалан руу нэг залгасан чинь утсаа аваагүй. Сүүлдээ утсаа тастаж алга болсон гээд ярьж байна.

Ш.*******ын хувьд эхнэр нь эмнэлэгт сувилагчаар ажиллагдаг. Тэр хүний хувьд байнгын цалингийн зээл авч байна гэсэн. Ар гэрт нь мөнгө төгрөг байхгүй байна. Эмчилгээний эм тарианд ихэнх мөнгө төгрөгөө өгөөд дуусаж байна. Энэ сэтгэцийн хохирол тогтоох журам, хүснэгтийг яаж тайлбарлаад байгаа юм бэ? би ойлгохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Н.Энх-Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгчийн гаргасан гомдолтой санал нэг байна. Д.*******оос намайг ямар ч сэтгэлгүй, ингэсэн, тэгсэн гэж яриад байна. Би энэ дээр эргэлзээд байна. Өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Хэргийг анхан шат руу буцааж, анхан шатнаас нь мөрдөгчийн гаргасан дөрөвдүгээр зэрэг гэснийг шүүх шинжилгээний байгууллагаар гаргаагүй, шууд мөрдөгч хувиараа тавдугаар зэрэг болгосон. Үүнтэй санал нийлэхгүй байна. Энэ хүмүүс дээр би гэм буруугаа үнэхээр ухаарч байна. Хохирол, гомдлыг би цаашдаа төлж барагдуулна гэж бодож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхээс хохирлын асуудлыг нотлох баримт гэж үндэслэж шийдээгүй. Хохирлыг бодитой тооцоогүй. Хохирогч нарт өгсөн мөнгөн төлбөрийг хохирлоос нь хасдаггүй. Шууд нэхэмжилсэн үнийн дүнгээр нь гаргуулсан. Үүнээс гадна хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг бодитоор тооцоогүй. Хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөгчийн шийдвэрээр тогтоохгүй. Заавал шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох хууль, журамтай. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг нь гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясгалангүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдалд нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар нь муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болчихсон байхыг ойлгоно гэж заасан байдаг. Тэгэхээр хохирогч нарт сэтгэцийн эмгэг учирсан уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахиад хэлэлцүүлж хохирогч нарын сэтгэцэд учирсан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөлөөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Н.Энх-Амгалангийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 20 минутад Улаанбаатар хотоос Цагаанхад чиглэл буюу нүүрс тээврийн 13 дахь километрт Lexus HS250h маркийн ******* УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 13.2. “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн ослыг гаргаж Д.*******, Ш.******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ж.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Н.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Энх-Амгалангийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1  жил 5 сарын хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь “хохирол төлбөрийг зөв тооцох, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг хуульд нийцүүлэн шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчлан тогтоожээ.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Сэтгэцийн эмгэг гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “сэтгэцийн эрүүл мэнд” гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг гэж тус тус тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн заалтууд болон нэр томъёоны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд мөрдөгч нь хохирогч нарт сэтгэцийн эмгэг учирсан эсэхийг тогтоох боломжгүй байхад өөрийн үзэмжээр хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шүүх нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүх шинжилгээний тухай 2022 оны хуульд мэргэшсэн шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор заасан заалтыг зөрчсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж чадаагүй, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байхад гэмт хэргийн хор уршигийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангасугай.

3. Шүүгдэгч Н.Энх-Амгаланд холбогдох 2429000240105 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                                    Л.УГТАХБАЯР

                                                                                                                              Х.ГЭРЭЛМАА