| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0188/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Д.Нэргүй,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох 1834002860172 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч овогт Б.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын төвийн баруун талын гэр хороололд О.Мөнхбаатартай маргалдаж, улмаар зүүн суган тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:
мөрдөн байцаалтад хохирогч О.Мөнхбаатар мэдүүлсэн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 23 цагийн орчимд Эрдэнэбаатар, Бааска гэдэг найзтайгаа Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи хувааж уучихаад сумын төвийн баруун талын гэр хороололд байдаг Тогоо гэдэг айл руу ганцаараа очих санаатай явж байгаад Тогоогийн үүдэнд Б.Д Баатараа хоёртой тааралдаад Тогоогийнх руу оролгүй Б.Д, Баатараа бид 3 Эрдэнэ-Уул гэдэг айлынд очоод бид дөрөв Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи хувааж уугаад тэндээс гараад бид дөрөв сумын төвийн урд талын гэр хороолол руу харицгаах санаатай явж байгаад манай гэрийн урд талын гудамжны дээд талын үзүүрт Б.Д бид хоёр маргалдаж Б.Д миний гарын суга хэсэг рүү нэг удаа хутгалсан. Бид хоёр сумын төвийн баруун талын гэр хорооллын 8 дугаар гудамжны дээд талын үзүүрт явж байгаад Б.Д надад “танайх нохойгоо уядаггүй нохой мохойгоо уяж бай” гэхээр нь би “чамайг урчихсан чинь хаана байгаан” гэж хэлээд бид хоёр барилцаж автал Баатараа, Эрдэнэ-Уул хоёр салгасан тэгээд бид хоёр ахиад барилцаж автал Б.Д миний зүүн талын суга хэсэг рүү нэг удаа хутгалсан. Б.Д намайг цохиж, зодсон асуудал байхгүй бид хоёр тэр үед хоорондоо л заамдалцсан болохоос бие биенийгээ цохиж зодоогүй. Би Б.Дг цохиж зодсон асуудал огт байхгүй. Надтай Б.Д, Баатараа хоёр тааралдахдаа халамцуу байсан. Би нилээд согтсон надаас бусад нь гайгүй байсан. Бид хоёрын дунд өр, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр урд өмнө нь маргалдаж, муудалцаж зодолдож байгаагүй. Дээлийнхээ өврөөс л гаргаж ирсэн байх. Ямар ч байсан айл хунараас аваагүй өөрийнхөө биед хутгатай байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би тэр хутганы хэлбэр дүрсийг хараагүй. Б.Д намайг хотоор авч явж эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээний зардал гэж найман зуун мянган төгрөг өгсөн надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие эрүүл саруул болсон өвдөж зовиурлах зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/, .. Б.Д миний зүүн талын суга хэсэг рүү нэг удаа хутгалсан өөр цохиж зодсон асуудал байхгүй. Мөн намайг Б.Дгаас өөр хэн нэгэн хүн цохиж зодоогүй. Б.Д бид хоёр нэг нутгийн хүмүүс бид хоёрт нарийн ширийн найз нөхдийн холбоо болон хамаатан садангийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Бид хоёр урд өмнө нь маргалдаж муудалцаж, зодолдож байгаагүй. Мөн бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Надад хохирол мөнгө, төгрөг төлсөн би Б.Д эмчилгээний зардал болон унааны зардал гэж нийт 800000 /найман зуун мянга/-н төгрөг нэхэмжилсэн. Б.Д миний нэхэмжилсэн мөнгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Би Б.Дг цохиж зодоогүй ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Тухайн үедээ Б.Д намайг авч явж эмчлүүлсэн юм. Би баримт аваагүй. Би Б.Дд гомдол,санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Д миний хохирлыг барагдуулж надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
мөрдөн байцаалтад гэрч П.Эрдэнэ-Уул мэдүүлсэн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төвийн гэртээ ирчихээд орой 21 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна байна амрах гээд байж байтал Б.Д ах Баатараа хоёр Баатараагийн мотоцикль эвдэрчихлээ гээд танай хашаанд үлдээчихээд маргааш өглөө ирж авъя гээд манай гэрт 2.5 литрийн 1 сав пиво Б.Д ах, Баатараа бид гурав хувааж ууцгаагаад тэр хоёр маргааш ирж мотоциклио авна гээд гараад явцгаасан. Тэгээд ч би унтаад байж байтал шөнийн 1 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүн нүдэж хэн бэ гэтэл Баатараа байна гээд онгойлготол Б.Д ах, Баатараа, Мөнхбаатар гурав нэг 0,5 литрийн хараа барьж орж ирээд тэр архийг тэд нар уухаар болж би архи аягалаад архиа ууцгаагаад дуусахын алдад Мөнхбаатар үг хаяад Б.Д ах тэр хоёр маргалдах шинжтэй болохоор нь та хоёр гарч маргалд манайх нялх хүүхэдтэй болохоор цочоод байна гэхэд Б.Д ах за за ах нь ойлголоо одоо гарлаа гэж хэлж байсан. Тэгээд Баатараа, Мөнхбаатар, Б.Д ах бид хэд гарч би тэд нарыг дөхүүлж өгөх санаатай гарцгаагаад Мөнхбаатарыг хүргэж өгөхөөр явж байгаад тэдний гэрийнх нь урд талд очтол Мөнхбаатар, Б.Д ахыг хөгшин нохой минь чамайг ална шүү аятайхан байгаарай гэж Б.Д тэр хоёр маргалдсан. Тэгээд тэр хоёр барилцаж авахад Мөнхбаатар намайг Б.Д хутгалчихлаа гэхэд Б.Д ах мотоцилио асаагаад зугтаагаад явчихсан тэрний дараагаар Мөнхбаатар хувцасаа тайлаад харуулахад зүүн талынхан суга хэсэгт хутгалсан бололтой цус гарч байсан. Тухайн үед Баатараа бид хоёр сумын эмнэлэг дээр Мөнхбаатарыг авчирч өгч байсан юм. Тэр хоёр хоёулаа согтсон байсан. Б.Д ах ер нь морь хатгадаг юм хатгуурын хутга биедээ авч явдаг юм. Тэр хутгаараа л хатгасан байх. Ямар хутга гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор хараагүй. Баатараа, Мөнхбаатар, Б.Д бид дөрөв л байсан. Тэр хоёр нэгнийгээ цохиж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг/хх-18-19 тал/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,
-Хохирогч О.Мөнхбаатарын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-06 тал/,
-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-09 тал/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 тал/,
-Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-24-25 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №5114 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
1.О.Мөнхбаатарын биед зүүн суганы хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-26 тал/,
-Хохирогч О.Мөнхбаатарын гаргасан Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-44 тал/,
-Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-45 тал/,
-Шүүгдэгч Б.Д-гийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын төвийн баруун талын гэр хороололд О.Мөнхбаатартай маргалдаж, улмаар зүүн суган тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч О.Мөнхбаатар мэдүүлсэн: “..манай гэрийн урд талын гудамжны дээд талын үзүүрт Б.Д бид хоёр маргалдаж Б.Д миний гарын суга хэсэг рүү нэг удаа хутгалсан. Бид хоёр сумын төвийн баруун талын гэр хорооллын 8 дугаар гудамжны дээд талын үзүүрт явж байгаад Б.Д надад “танайх нохойгоо уядаггүй нохой мохойгоо уяж бай” гэхээр нь би “чамайг урчихсан чинь хаана байгаан” гэж хэлээд бид хоёр барилцаж автал Баатараа, Эрдэнэ-Уул хоёр салгасан тэгээд бид хоёр ахиад барилцаж автал Б.Д миний зүүн талын суга хэсэг рүү нэг удаа хутгалсан. Б.Д намайг цохиж, зодсон асуудал байхгүй бид хоёр тэр үед хоорондоо л заамдалцсан болохоос бие биенийгээ цохиж зодоогүй. Би Б.Дг цохиж зодсон асуудал огт байхгүй” /хх-13-14 тал/,
мөрдөн байцаалтад гэрч П.Эрдэнэ-Уул мэдүүлсэн: “...Тэгээд Баатараа, Мөнхбаатар, Б.Д ах бид хэд гарч би тэд нарыг дөхүүлж өгөх санаатай гарцгаагаад Мөнхбаатарыг хүргэж өгөхөөр явж байгаад тэдний гэрийнх нь урд талд очтол Мөнхбаатар, Б.Д ахыг хөгшин нохой минь чамайг ална шүү аятайхан байгаарай гэж Б.Д тэр хоёр маргалдсан. Тэгээд тэр хоёр барилцаж авахад Мөнхбаатар намайг Б.Д хутгалчихлаа гэхэд Б.Д ах мотоцилио асаагаад зугтаагаад явчихсан тэрний дараагаар Мөнхбаатар хувцасаа тайлаад харуулахад зүүн талынхан суга хэсэгт хутгалсан бололтой цус гарч байсан” гэх мэдүүлэг/хх-18-19 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/, Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-24-25 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №5114 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-26 тал/ зэргээр нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэстэй.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулдсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Б.Д-д холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.Д-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Д зөвшөөрсөн байна
Шүүх Б.Д-д торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Б.Д-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг /2018 оны 09 сарын 28-ны өдөр дотор төлөхөөр тогтоолоо.
Тав: Бусад зүйлийн талаар:
Хохирогч О.Мөнхбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Эрүүгийн 1834002860172 тоот хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овгийн Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 09 сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногын тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид О.Мөнхбаатарт 800000 төгрөг төлснийг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ