2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/07888

 

 

2025 10   02

 

192/ШШ2025/07888

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа хаягт байрлах Иргэний нисэхийн Ерөнхий газар-т холбогдох,

 

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга С.Мөнхнасангийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *******д холбогдох сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/244 дугаартай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар-т холбогдуулан тус газрын дарга С.Мөнхнасангийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *******д холбогдох сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/244 дугаартай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан миний бие 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд өвчтэй байсан. Энэ нь ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлж байсан эмнэлгийн магадалгаагаар нотлогдож байгаа. Ажилтан ******* миний бие өвчтэй байхад ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нь ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэсэн хууль бус үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэсэн ажилтны үндсэн үүрэг нь өвчтэй байсан хамаарахгүй гэж үзэж байна. Энэ талаар дээр дурдсан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын тушаах хэсгийн 1-т дотоод аудитын албаны дарга ******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хуанлийн 131 хоног хөдөлмөрийн чадвар алдсан байна гэж ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан ажилтан ******* намайг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хуанлийн 131 хоног хөдөлмөрийн чадвар түр алдаж, өвчтэй байсан гэж үзсэн атлаа энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэсэн үндсэн үүргээ биелүүлээгүй гэж албан тушаал буруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтан надад сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй тохироогүй, ойлгомжгүй, тодорхойгүй байна. Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлээ тодорхой заасан тушаал, шийдвэр гарах ёстой. Гэтэл ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/244 дугаартай тушаал гаргахдаа ажилтан ******* надад сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаж, тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан ******* намайг ажил тасалсан, ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэж үзсэн эсэх, эсвэл миний эмнэлгийн байгууллагаас авсан эмнэлгийн хуудсыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч баталгаажуулаагүй нь ажилтан надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон эсэх зэргийг дээр дурдсан тушаалдаа огт тодорхой бичээгүй байна. Иймд ажилтан ******* миний бие яг ямар үндэслэлээр албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаа учраа өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна. Ийнхүү ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нь ажилтан ******* надад сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ холбогдох нотлох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн тохиолдолд бид тэдгээртэй танилцаж, түүнд холбогдуулан дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гаргах боломжтой байна. Дотоод хэм хэмжээний акт зөрчсөн, дотоод журам зөрчсөн гэх үндэслэл дурдсан байдаг. Хөдөлмөрийн магадлалтай холбоотой эмнэлгээр тогтоолгоогүй, тогтоолгох үүрэгтэй гэсэн дотоод журмын үндэслэл заасан байдаг. Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр хамгааллын яам, Засгийн газрын тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээний актыг дотоод хэм хэмжээний акт зөрчсөн. Захиргааны хэм хэмжээний актаас давсан заалтыг тавьсан. Дотоод хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг хангаж өгч чадахгүй, захиргааны хэм хэмжээний актыг зөрчих байдалд орсон байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хэм хэмжээнд нийцээгүй дотоод хэм хэмжээний актыг дагаж мөрдөхгүй гэж заасан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний нисэхийн ерөнхий газар ажилтан намайг хууль бусаар ажлаас халсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/244 дугаартай тушаал гаргаж ажилтан ******* намайг ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэсэн хууль бус үндэслэлээр буруутгаж, албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын дээр дурдсан хууль бус тушаал, шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул ажилтан ******* миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд тус тус хандан гомдол гаргасан боловч ажил олгогчтой харилцан тохиролцож чадаагүй гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Ингээд ажилтан миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Ийнхүү бидний хооронд үүссэн хууль бус үндэслэлээр албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэсэнтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/299 дугаартай хууль бус тушаал дахин гаргаж, ажилтан ******* намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ. Гэтэл ажилтан ******* миний бие ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байх тул дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаал дээр ажиллах боломжгүй юм. Тухайн албан тушаал дээр бидний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, уг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Иймд ажилтан ******* миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасны дагуу тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дахин тодруулан гаргаж байна. Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасангийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааныхаа цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан. Мөн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гарсан. Намайг ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал буюу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ахлах аудиторын эрх үүсэх ёстой байсан. Анхнаасаа хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандана гэж хэлсэн. Намайг байхгүй хугацаанд миний амралтыг бодож өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/244 дугаартай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж урьд эрхэлж ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан. гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилтан *******гийн 2022 оны ээлжийн амралтыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл олгосон боловч ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажлын нийт 13 өдөр ажил тасалж, ажилдаа ирээгүй нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 4.9.5-д заасан ажилтан ажлын 3 өдөр дараалан ажил тасалж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны Б/299 дугаар тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0044 дугаар итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0122 дугаар итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 12012208310146 дугаар Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, *******гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/173 дугаар итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар Зам, тээврийн хөгжлийн сайдын Ч.Мөнхтуяаг сэлгэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дугаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаар Эрүүл мэндийн газрын Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 174 дугаар ээлжийн амралт олгох хуудсын хуулбар, ээлжийн амралтын мөнгөн дүнгийн тооцоолол, 2211-0101-0008 дугаар төлбөрийн хүсэлт, ХХБ-ны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, *******гийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны листийн жагсаалтын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/149 дугаар итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/145 дугаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай тушаалын хуулбарыг хавсралтын хамт.

 

5. Шүүхээс дараах баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын *******тэй байгуулсан хөдөлмөр, эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/05 дугаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Иргэний нисэхийн Ерөнхий газрын дотоод журмын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/270 дугаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/21 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 03/811 дугаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын Журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, эмнэлгийн хуудас олгох хянах журмын хуулбар, 174 дугаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын ажилтанд ээлжийн амралт олгох хуудсын хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/211 дугаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 478 дугаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, *******гийн хөдөлмөрийн чадвар түр алдсан талаарх эмнэлгийн хуудасны хуулбар гүйлгээний жагсаалт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар-т холбогдуулан тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дугаартай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

1.1 Дээрх шаардлагуудыг нэхэмжлэгч тус тусад нь гаргасныг шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2023/04790 дугаар захирамжаар нэгтгэсэн байх ба нэхэмжлэгч нь дээрх байдлаар шаардлагаа тодорхойлсон болох нь нэхэмжлэгчээс хожим шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ... хариуцагч байгууллагад дотоод аудитын албаны даргын албан тушаалд ажиллаж байгаад урт хугацаанд ээлжийн амралт эдлээгүйн улмаас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл өвчилсөн. Энэ хугацаанд нэг төрлийн өвчнөөр бус өөр өөр төрлийн өвчнөөр өвчилсөн тул өвчтэй байсан нийт хугацаанд эмнэлгийн хуудас бичигдсэн боловч 131 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын байгууллагаас өвчний хуудсыг баталгаажуулж тэтгэмж олгоогүй. Гэтэл хариуцагч байгууллага намайг хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж үндэслэлгүйгээр миний албан тушаалыг бууруулах шийдвэр гаргасан. Улмаар энэ шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байх хугацаанд намайг сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халах шийдвэр гаргасан... гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч ******* өвчтэй байсан талаар эмнэлгийн хуудас олгогдсон боловч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д зааснаар хариуцагч нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоолгох үүргээ биелүүлээгүй тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй ажлаа тасалж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан ... гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч ******* хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газартай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/21 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус газрын Дотоод аудитын албаны даргын албан тушаалд ажиллаж байгаад даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй, энэ хугацаанд эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаарх эмнэлгийн магадалгаа болон хуудас олгогдсон талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг үнэн зөв гэж үзэх үндэслэл болдог.

6. Зохигчид ажил олгогчийн баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д: Ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон акт гаргуулах гэж заасан үүргээ ажилтан ******* биелүүлсэн эсэх талаар маргасан байна. Дотоод журмын энэ зохицуулалтыг ажилтан зөрчсөн гэж ажил олгогчийн зүгээс үзсэн бол ажилтны зүгээс дотоод журмын энэ заалтыг хууль зөрчсөн гэж маргажээ.

7. Ажил олгогч болох Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/05 дугаар тушаалын хавсралтаар байгууллагын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн дотоод журам батлагдсан байх ба энэ журамтай ажилтан буюу нэхэмжлэгч ******* танилцсан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д: Ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон акт гаргуулах үүрэгтэй гэж заажээ.

8. Хөдөлмөрийн дотоод журмын дээрх зохицуулалтыг ажил олгогчийн төлөөлөгч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс: ажилтан 90 буюу түүнээс дээш хоног өвчтэй байсан бол аль ч тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандаж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоолгох үүрэгтэй гэж үзнэ хэмээн тайлбарласан.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.2.1-д хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулаагүй байх, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх нийтлэг шаардлагыг хангасан байх ёстой хэмээн хуульчилжээ.

10. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаартай тушаалд тодорхой төрлийн өвчний тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохоор заасан байхад ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д ажилтан 90 буюу түүнээс дээш хоног өвчилсөн бол аль ч тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг заавал тогтоолгосон байхыг ажилтанд үүрэг болгосон нь дээрх хууль тогтоомжид нийцээгүй байна.

11. Түүнчлэн, нийгмийн даатгалын харилцаанд хэрэглэгддэг баримт бичиг, түүний бүрдэл /эмнэлгийн хуудасны баталгаажилт/-ийг үндэслэн ажил олгогчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/244 дугаартай тушаал гаргаж ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хэмээн түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

12. Өөрөөр хэлбэл, ажилтан өвчтэй байсан эсэхийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан баримт бичгийн бүрдлийг үндэслэл болгох биш Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1-д: Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, нас барах, төрөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах тохиолдолд магадалгаа олгоно. гэж заасны дагуу энэ хуульд заасан баримтыг үндэслэл болгон тогтоох нь зүйтэй юм.

13. Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан ажил олгогчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дугаартай тушаал үндэслэлгүй байна. Ажил олгогчийн энэ шийдвэр үндэслэлгүй тул түүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай Хөдөлмөр, эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэрийг мөн үндэслэлгүй гэж үзнэ. Иймд ажилтан буюу нэхэмжлэгч *******г Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

14. Ажил олгогчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай тушаал гарснаас хойш хэргийг шүүх шийдвэрлэх хүртэл хугацаанд ажилтан ******* нь 739 ажлын өдөр хөдөлмөр эрхлээгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож үзвэл 130,080 төгрөг болж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 96,129,120 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

15. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газар-т даалгах нь зүйтэй гэж үзэв.

16. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаартай тушаалыг гардаж авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах байгууллага болон шүүхэд хандсан, маргаан таслах байгууллагын шийдвэрийг авснаас хойш мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-д заасан хугацаанд шүүхэд хандсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй нь зөв байна.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг талуудад хариуцуулдаг тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас тэмдэгтийн хураамжид 638,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан *******г Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 96,129,120 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан *******д олгож, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 638,595 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР