| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0177/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох 1834002610165 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1962 оны 52 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч механик мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б овогт Б.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт байх гэртээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Сарантуяагийн толгойн тус газарт гутлын өсгийгөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь: “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:
мөрдөн байцаалтад хохирогч Д.Сарантуяа мэдүүлсэн: “2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тараад ажлынхантайгаа гудамжинд дэлгүүрээс архи аваад хуваагаад уугаад сууж байтал нөхөр Б.С согтуу ирээд намайг аваад гэр лүү явсан. Гэрт ороод цайны цагаараа ч ирэхгүй чи ер нь яасан хаашай юм бэ гээд л уурлаад бид 2 маргалдаж намайг эмэгтэй хүний өсгийтэй гутлаар толгойн тус газар цохихоор нь би гарч зугатаагаад Ганбаяр эмчийнд орсон. Тэнд оёдол тавиулаад хэвтэж байхад Ганбаяр эмч эгч рүү маань залгаад тэгээд тэд нар хотоос ирж намайг сумын эмнэлэг рүү авч ирж цагдаад хандсан. Би тухайн үед согтуу байсан болохоор л уурлаад гэр орондоо ирэхгүй гэж уурласан юм шиг байна лээ. Урьд өмнө маргалдаж байгаагүй толгой руу нэг удаа гутлаар цохисон. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Эмчлүүлэгчийн дэвтэр нээлгээгүй. Гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Р.Ганбаяр мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад гэрийн гадна Д.Сарантуяа ирж дуудсан гараад очтол толгой хэсэгтээ шархтай яасан юу болов гэтэл нөхөр Б.С нь араас гутал шидсэн оноод хагалчихлаа гэхээр нь өрөө рүүгээ оруулж хэвтүүлээд цус тогтоох тариа хийгээд 5 оёдол тавьж оёсон тэгээд Б.С рүү залгаад ирж эхнэрээ ав гэсэн чинь би очиж чадахгүй гэхээр эгч Оюун руу нь залгаад болсон явдалын талаар хэлсэн тэгээд хотоос дүү нар луу нь хэлчихлээ одоо гараад очих байх гэхээр төвөөс түргэн дуудаж өгч явуулсан. Урьд нь ирж байгаагүй. Толгой ар орой хэсэгт хуйх язарсан шархтай нийт 5 оёдол тавьсан. ” гэх мэдүүлэг/хх-24-25 тал/,
шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Таван толгойд ажиллаад ирсэн манай найзууд над руу залгаад уулзахаар болоод Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт машин дотор гурвуулаа 2 шил ерөөл нэртэй 0,75 граммын архи хувааж уугаад манай найзууд Улаанбаатар хот руу явсан би гэртээ буугаад гэр рүүгээ ороод буцаж гараад эхнэрийнхээ ажил буюу Чацаргана үржүүлгийн компани дээр очиход ажилчид нь нээлтийн ажиллагаа гээд архи ууж байсан. Тэнд байж байгаад эхнэр бид хоёр гэр рүүгээ явсан бид хоёр гэрт очоод эхнэр гэрээсээ гараад явах гэж байхад нь би эмэгтэй хүний өсгийтэй гутлаар толгой руу нь нэг удаа цохисон эхнэр гэрээсээ гараад гүйсэн тэгтэл эмнэлэгт очоод оёдол тавиулсан байсан. Би тэр талаар санахгүй байна. Би их согтсон байсан. Манай эхнэр надад гомдол саналгүй гэсэн намайг уучилсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож ухаарсан, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/,
-2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны №229 тоот шинжээчийн дүгнэлтэд /хх-15 тал/,
1.Д.Сарантуяагийн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ /хх-15 тал/,
-аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-20-23 тал/,
-Батсүмбэр эрүүл мэндийн төвийн дуудлагын бүртгэлээс хуулбарлан авсан баримт /хх-31 тал/,
-гэрэл зургийн үзүүлэлт /хх-32 тал/,
-шүүгдэгч Б.Сгийн ял шалгах хуудсыг шалгахад “Төв аймгийн сум дундын шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан” лавлагаа /хх-33 тал/,
-Шүүгдэгч Б.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шүүх нотлох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт байх гэртээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Сарантуяагийн толгойн тус газарт гутлын өсгийгөөр цохиж эүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Д.Сарантуяагийн: “..Гэрт ороод цайны цагаараа ч ирэхгүй чи ер нь яасан хаашай юм бэ гээд л уурлаад бид 2 маргалдаж намайг эмэгтэй хүний өсгийтэй гутлаар толгойн тус газар цохихоор нь би гарч зугатаагаад Ганбаяр эмчийнд орсон” гэх мэдүүлэг /хх-8-9 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Р.Ганбаярын: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад гэрийн гадна Д.Сарантуяа ирж дуудсан гараад очтол толгой хэсэгтээ шархтай яасан юу болов гэтэл нөхөр Б.С нь араас гутал шидсэн оноод хагалчихлаа гэхээр нь өрөө рүүгээ оруулж хэвтүүлээд цус тогтоох тариа хийгээд 5 оёдол тавьж оёсон” гэх мэдүүлэг/хх-24-25 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны №229 тоот шинжээчийн дүгнэлт /хх-15 тал/, Батсүмбэр эрүүл мэндийн төвийн дуудлагын бүртгэлээс хуулбарлан авсан баримт /хх-31 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С-г Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.С-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.С нь хүлээн зөвшөөрсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна
Шүүх Б.С-д торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан мөн Прокурорын санал болгосон торгох ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ .
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг /2018 оны 09 сарын 25-ны өдөр дотор төлөхөөр тогтоолоо.
Хохирогч Д.Сарантуяа нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ.” гэж заасан байх тул хохирогч Д.Сарантуяа нь шүүгдэгч Б.Сгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байсан байна.
Тав: Бусад зүйлийн талаар:
Хохирогч Д.Сарантуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Эрүүгийн 1834002610165 тоот хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Б.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 09 сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногын тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ