Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0227

 

2018 оны 4 сарын 11 өдөр 

Дугаар 221/МА2018/0227

Улаанбаатар хот

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0047 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0047 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.14, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 58 дугаар зүйлийн 58.2-т заасныг баримтлан “Ж” ХХК-ийн “№****-****-*** тоот ашиглалтын өмнөх үйл ажиллгаааны тухай гэрээг илт хууль бус болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0047 тоот шийдвэрийг нэхэмжлэгч “Ж” ХХК-аас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчиж гэрээ байгуулсан байхад түүнийг “хууль зөрчөөгүй” гэж тайлбарласан. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Гэтэл хууль зөрчиж, заавал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах ёстой гэрээг тулган шаардаж ашиглалтын тусгай зевшөөрөл эзэмшигчтэй байгуулсан нь хууль бус, хууль зөрчсөн байхад түүнийг хууль ёсны гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

2. Төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэдгийг “Гүйцэтгэх захирал нь өөрөө гэрээ байгуулаагүй ийм шалтгаан, ийм нөхцөл байдал байсан гэдэг нотлогдохгүй” байна гэж дүгнээд “холбогдох байгууллага, архивт хандан албан тоот явуулахад энэ талаар баримт гаргаж ирүүлээгүйг тэмдэглэж байна” гэж дүгнэсэн. Эрхгүй этгээд гэрээ байгуулсан бол мэдээж компаниас олгосон итгэмжлэл, эрхийн баримт байхгүй нь тодорхой, компаниас олгосон итгэмжлэл, төлөөлөх эрхийг нотлосон баримт архив, төрийн захиргааны байгууллагад байхгүй байна гэдэг нь Ц.Э гэдэг хүн төлөөлөх эрхгүй байж гэдгийг баталгаажуулж байгаа нэг хэлбэр. Мөн шүүх холбогдох нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 55.2-д заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн. Гэтэл гэрээ байгуулсан этгээд нь төлөөлөх эрхгүй этгээд байсан нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болдог, түүнээс биш зарим нэг заалт гэсэн ойлголтод орохгүй.

Иймд Нийслэл дэх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сар 24-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0047 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-д 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн Ж сумын “Хт” нэртэй газарт орших 265 гектар талбайд ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээ олгожээ. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай байгуулсан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай ****-****/*** тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулахаар заасан байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж” ХХК-тай байгуулсан нь хууль бус ... мөн тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан” гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Учир нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааг зохицуулсан дээрх гэрээгээр нарийвчилсан хайгуулын ажил, хайгуулын ажлаар тогтоогдсон алтны шороон ордын нөөцийн тайланг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах, ордын техник эдийн засгийн үндэслэлийг хянуулж, батлуулах зэрэг шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагыг хангах хугацаа олгож байгуулсан байна.

Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/ батлагдсантай холбогдуулан өмнө үйлчилж байсан хуулиар нөөц нь тогтоогдоогүй атал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нар, түүний дотор нэхэмжлэгчийн үйл ажиллагааг шинэ хуульд нийцүүлэх зорилгоор хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан байна. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д зааснаар “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг ойлгох байтал гэрээний 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ашиглалтын тусгай зөвшөөрлийг гэрээнд заасан хугацаанд зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд нөөцөө бүртгүүлэх ажлын хүрээнд ашиглах”-аар тохиролцсон байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... заавал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах ёстой гэрээг тулган шаардаж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзмшигчтэй байгуулсан нь хууль бус, хууль зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай ****-****/*** тоот гэрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж Ц.Э гэдэг хүн гарыг үсэг зурсан нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаж байх боловч гэрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тамга дарагдсан, уг гэрээг байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, банкны барьцаанд тавих зэргээр гэрээг хүлээн зөвшөөрч ирсэн нь төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаан бүхий гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 58 дугаар зүйлийн 58.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ